Салбар бүрд сайн хийгээд саар тал бий. Тэр дундаа малын махыг үйлдвэрийн аргаар боловсруулж, гарал үүсэл нь тодорхой, чанарын шаардлага хангасан, найдвартай бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд санал болгож буй нь шууд утгаараа хүн ардын шим тэжээлтэй хүнсний хэрэгцээг хангах, малчдын амжиргаанд хувь нэмэр оруулах зэрэг эерэг нөлөөтэй бол дам утгаараа хүнс боловсруулалт, тээвэр логистик, биотехнологи зэрэг дагалдах салбарууд ч хөгжлийн замд хөтлөгдөн ордог нь хамгийн чухал үр ашиг билээ. Гэвч ...
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь үлэмж хэмжээний эрчим хүч зарцуулж, шат дамжлага бүрдээ нүүрсхүчллийн хий ихээр ялгаруулахын сацуу задралын явцдаа байгальд сөрөг нөлөө үзүүлэх мах, өөхний хаягдал бий болгож байдаг нь нууц биш. Гэхдээ ...
2030 он хүртэл тогтвортой хөгжлийг тогтоон барьж, экологийн ухамсарт нийгмийг бүтээхээр эргэлт буцалтгүй тэмүүлж буй энэ цаг үед тогтвортой хөгжлийн уялдаа холбооноос мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар ч мөн үлдэж хоцорсонгүй. Тодруулбал, дотоодын мах, махан бүтээгдэхүүний ууган үйлдвэрүүдийн нэг болох Хүнс групп бүх шатны үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилтыг ханган ажиллахаар зэхэж буйгаа зарласан нь дотоод дахь салбартаа мөс хагалж буй явдал билээ. Үүнийхээ хүрээнд тэдний хэрэгжүүлж эхэлсэн ажил, цаашдын төлөвлөгөө, зорилго зорилтын талаар энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.
Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ, боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангадаг байх нь тогтвортой хөгжил юм.

Бид улс орны болон хүнс үйлдвэрлэлийн салбарын суурь зарчим, үр өгөөж, язгуур эрх ашигтай нийцүүлэн тогтвортой хөгжлийн 17 зорилтоос энэ жил дараах дөрвөн зорилтыг бодлогын түвшинд болон өдөр тутмын үйл ажиллагаатайгаа уялдуулан ажиллахыг зорьж байна:
Зорилт 2: Өлсгөлөнг зогсоох
Эрүүл амьдралын хэв маягт нийцэхүйц органик хүнсний хэрэглээг дэмжихийн тулд хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлтүүдээс татгалзаж, монгол хэрэглэгчдийн зан төлөвт тохирохуйц уламжлалт түүхий эдийг түлхүү ашиглан бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх тал дээр анхаарч байна. Ташрамд дурдахад, монгол хөрсөнд ургасан органик хүнсний ногоогоор тэжээгдэж буй малыг төхөөрөхөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад хяналт тавьж ажиллах “О cycle” төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний зорилго нь хог хаягдалгүй, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийг дэмжиж, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдан ажиллахад оршино.
Түүхий эдээс гарах хог хаягдлын менежментээс гадна бүтээгдэхүүний савлагаандаа ч мөн тогтвортой хөгжлийн зорилтыг шингээхийг зорьж байна. Үүний нэг жишээ нь сав баглаа боодлын моно технологи. Моно технологийн савлагаа нь дахин боловсруулахад хамгийн хялбар шийдэлтэйгээс гадна хог хаягдал, нүүрстөрөгчийн ул мөр, үйлдвэрийн зардлыг урт хугацаанд бууруулдаг.


Зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих
Хүнс үйлдвэрлэлийн шат дамжлага нь нарийн мэргэжил шаарддаггүйн дээр хүний нөөцийн хэрэгцээ шаардлага өндөр байдаг тул үйлдвэрлэлийн салбарын дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэшилд суурилсан ажлын байраар хангадаг. Тэр дундаа хүнсний технологийн коллеж, ХААИС, орон нутгийн МСҮТ-үүдтэй хамтран мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд “Хүнс боловсрол” төслийнхөө хүрээнд Төв аймгийн Хүнс, технологийн политехник коллежтой хамтран манай салбарт ажиллах сонирхолтой 25 сурагчийг 2.5 жилийн хугацаанд мэргэшил олгох ангид элсүүлэн амжилттай төгсгөөд байна. Цаашлаад ажлын орчин нөхцөл дэх аливаа хүндрэл бэрхшээлгүй, тогтвортой ажлын байраар хангаж, карьерын өсөлтийг үе шаттайгаар бий болгох тал дээр голлон анхаарна.

Зорилт 8: Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих
- Өнөөдрийн байдлаар нарны панел бүхий технологийг оффисын эрчим хүчний хэрэглээндээ нэвтрүүлээд байна.
- Саарал усыг 97-98 хувь боловсруулах чадамж бүхий АНУ-ын Clear Pro технологийг нядалгааны үйлдвэртээ нэвтрүүлж, туршилтын үйл явц амжилттай үргэлжилж байна.
- Бусад автомашинтай харьцуулахад 2-3 дахин бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цахилгаан автомашиныг түгээлтийн журмаар ашиглахаар мөн л туршилтын үе шатандаа явж байна. Туршилтын үр дүнгээс хамаарч Европын сэргээн босголтын банктай хамтран түгээлтийн сектортоо цахилгаан автомашин нэвтрүүлнэ.
- Манайх 300 гаруй ажилтантай бөгөөд тав тухтай, таатай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад тогтвортой ажлын байрыг бий болгох зорилгоор боловсруулах үйлдвэрлэл болон менежментийн багийг тусад нь оффислуулж байна. Улмаар бид харилцаа холбоо, хурал уулзалтыг дижиталаар шийдэх боломжтой болсон тул цаасны хэрэглээ буурч, цаг хугацаа хэмнэхээс гадна тээврийн урсгалаас үүдэх нүүрсхүчлийн хийн ялгаралтаас сэргийлж чадаж байна. Хүн ардын хүнсний аюулгүй байдлын энхийн манаанд зогсож буйн хувьд юун түрүүнд хүнс үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд өөрсдөө эрүүл байх ёстой. Тэгж гэмээнэ эрүүл, шим тэжээлтэй хүнсийг тэр хэвээр нь хэрэглэгчдийн гарт хүргэнэ шүү дээ. Үүний тулд манайх оффисын болон үйлдвэрийн ажилтнуудын өдрийн хоолонд онцгой ач холбогдөл өгч, эрүүл ахуйн шаардлага хангасан, шингэц сайтай, шим тэжээлтэй хоол хүнсээр хангахын тулд өндөр зэрэглэлийн, мэргэжлийн тогооч нартай хамтран ажиллаж байна.
- Хүнс үйлдвэрлэлийн салбарын анхаарах ёстой чухал зүйлсийн нэг бол хүнсний аюулгүй байдлын стандарт. Бид хэдийнээ чанарын удирдлагын ISO 9001:2015, хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018 стандартуудыг тус тус ханган ажилладаг бөгөөд цаашлаад FSSC 22000 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ стандарт нь хүнсний гинжин хэлхээний бүх шатанд (үйлдвэрлэл, түүхий эд, савлагаа, логистик, түгээлт) хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготой.


Зорилт 11: Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
Тогтвортой хөгжил талаасаа авч үзвэл, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хамгийн том асуудал бол хог хаягдал. Нэн түрүүнд үүнийг тодорхой хэмжээнд шийдэхийн тулд үйлдвэрээс гарч буй өөхний хаягдлыг органик саван үйлдвэрлэгчдэд нийлүүлж, хог хаягдалгүй үйлдвэрлэл бий болгох эхний алхмаа хийж байна.
Бидний амьдарч буй хот суурин аюулгүй, уян хатан байх гол нөхцөлүүдийн нэг бол эрчим хүчний хангамжийн эрсдэлгүй байдал. Иймд бид экспортын чиг баримжаатай, технологийн инновацийг шингээсэн, ОУ-ын чанарын стандартын жишигт нийсэн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэр нь боловсруулсан махан бүтээгдэхүүний ариутгалыг бүрэн хэмжээнд хийхээс гадна нийт эрчим хүчнийхээ 80 хувийг нарны панель буюу сэргээгдэх эрчим хүчээс авч, ногоон гэрчилгээтэй (бусад тоног төхөөрөмжөөс дөрөв дахин бага эрчим хүч шаардагдана) тоног төхөөрөмж ашиглана гэдгээрээ онцлог.


Хүнс групп үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа хойш герман тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн голлох шат дамжлагууд дээрээ хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, боловсруулах үйлдвэртээ ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч Multivac, Handtmann, Seydelmann, Eberhardt компанийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа бол эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл ахуйн шаардлага хангасан Poly-clip савлагааны технологийг нэвтрүүлж байна.
Дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй хамтын эрх ашгийг бий болгож, стандартыг сахиж, экспортын нэг цонхны бодлогыг баримтлах нь зүйтэй болов уу. Улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн нэгдсэн зорилгынхоо төлөө нэгдэн ажиллаж байж том зургаараа вальютын урсгал бий болж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар нь манай оронд сүүлийн хэдэн жил үсрэнгүй хөгжиж байна, илүү ч хөгжих потенциалтай салбар. Гол нь хөгжлийнхөө замд тогтвортой хөгжлийн зорилттой нийцэж ажиллахаа умартаж болохгүй. Ийнхүү Хүнс групп дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа тогтвортой хөгжлийн зорилтыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бусад үйлдвэр ч бас тогтвортой хөгжлийн зорилтуудаас өөрсдийн хэрэгжүүлэх боломжтой тодорхой хэдийг нь бага гэлтгүй үйл ажилагаандаа хэрэгжүүлж эхлээрэй хэмээн уриалж байна.

Сэтгэгдэл бичих

