Байгаль орчин, нийгмийн асуудлууд хурцаар тавигдаж буй энэ үед аливаа санхүүгийн шийдвэр бүрийн цаана ямар үнэт зүйл оршиж байна вэ гэдэг нь байгууллагын нэр хүндийг тодорхойлдог шинэ хэмжүүр болжээ. Иймд банк санхүүгийн байгууллагууд “бид ногоон, тогтвортой, нийгэмд ээлтэй төслүүдийг дэмждэг” гэж хэлэхээс илүүтэй “бид үүнийг ямар шалгуураар, ямар хариуцлагатайгаар хийж байна вэ” гэдгээ нотлох шаардлагатай болсон. Тэндээс л тогтвортой санхүүжилтийн хүрээ болон хөндлөнгийн үнэлгээ хэмээх ойлголтууд төрөн гарсан юм. Энэ удаагийн нийтлэлдээ бид эдгээр ойлголтуудыг ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлахыг хичээлээ.  


эхлэхийн өмнө

Энэ нийтлэлд тогтвортой санхүүжилтийн хүрээ (Sustainable finance framework), хөндлөнгийн үнэлгээ (Second party opinion) гэх ойлголтууд олон давтагдана. Иймээс юун түрүүнд эдгээр нэршлийн утга санааг ойлгох хэрэгтэй.

Тухайлбал, Төрийн банкыг та бүхэн тогтвортой хөгжил гэх газарт хүрэхээр яваа автомашин гэж төсөөлөөрэй. Энэ тохиолдолд тухайн автомашины тогтвортой санхүүжилтийн хүрээ нь яг л жолооний дүрэм шиг үйлчилнэ. Аян замд сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бизнес зэрэг тааралдвал ногоон гэрэл асна, харин байгальд хор хөнөөлтэй, нийгэмд эрсдэлтэй санаачилгууд гарч ирвэл улаан гэрэл асна. Мөн замд хөндлөнгийн үнэлгээ гэх замын цагдаа дохиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, автомашины эд анги бүрэн бүтэн эсэхийг шалгаад, хэвийн гэж үзсэн тохиолдолд үргэлжлүүлэн замын хөдөлгөөнд оролцуулна. Энэ мэт дүрмүүдийг баримталснаар Төрийн банк гэх автомашин тогтвортой хөгжлийн хурдны зам руу осол гэмтэлгүй, итгэлтэй давхина гэсэн үг.



Дээрх өгүүлбэрт хөндлөнгийн үнэлгээний тухай цухас дурдсаныг анзаарсан уу? Үүнийг одоо задлан тайлбарлая.



Өөрөөр хэлбэл, өнөө Төрийн банк гэдэг автомашиныг замын хөдөлгөөний дүрэм зөрчилгүй, аюул осол гаргалгүй яваад ирсэн гэдгийг хэн нотлох юм? Замын цагдаа нотолно шүү дээ.



Замын цагдаад шалгуулаагүй бол муу гэсэн үг үү? 


Яг ч тийм биш. Гэхдээ ялангуяа холын замд гарахад замын цагдаад бичиг баримтаа шалгуулж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоодох эрхийн асуудалгүй гэдгээ баталгаажуулаад “Та замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоод, аян замдаа сайн яваарай” гэдэг үгийг сонсмогц өөрт ч, зорчигчдод ч итгэл төрж, санаа амар аяллаа үргэлжлүүлдэг шүү дээ. Яг л үүнтэй ижил.

Аливаа байгууллага хөндлөнгийн үнэлгээ хийлгээгүй бол шууд “муу” гэж дүгнэх нь өрөөсгөл ч хөндлөнгийн үнэлгээ нь бараг л стандарт гэж ойлгож болохуйц чухал ач холбогдолтой. Учир нь тогтвортой санхүүжилтийн хүрээ нь тухайн банкыг тогтвортой хөгжлийн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, өөрийн санхүүжилтийн бодлогод тусгах зорилготой гэдгийг л илтгэх болохоос биш үүнийхээ хүрээнд хийж буй ажлуудын чанар, хэрэгжилт, олон улсын жишигт нийцсэн эсэхийг баталж чадахгүй учраас олон улсын хөрөнгө оруулагч, донор байгууллагуудад greenwashing (ногоон болгож харагдуулах, хуурамч ногоон имиж) гэж харагдах эрсдэлтэй.