“Төрийн банк” ХК байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ногоон хөгжил, дундаж давхаргыг бойжуулах, дэмжихэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тогтвортой, хүртээмжтэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөгжил, дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк болох алсын хараатай билээ.
Тус банк 2022 онд байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогоо олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох баримт бичигт нийцүүлэн баталжээ. Үүнийхээ хүрээнд байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд баримтлах зарчим болон хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон байна. Тэр дундаа байгаль орчны чиглэлд санхүүжилтийн хөшүүргийг ашиглан хүлэмжийн хийн ялгарал болон уур амьсгалын сөрөг үр нөлөөнөөс үүсэх эрсдэлийг багасгах зорилтыг хэрэгжүүлэн ажиллана хэмээн тодорхойлжээ. Уг үйл ажиллагаагаа бодит үйл хэрэг болгохын тулд өнгөрөгч онд тогтвортой хөгжлийн хороо, түүний дэргэдэх тогтвортой хөгжлийн алба болон тогтвортой хөгжлийн ажлын хэсгээр засаглалаа бэхжүүлснийг онцлууштай.
Бид энэ удаа тогтвортой санхүүжилтийн найман зарчим байдагтай уялдуулан Төрийн банкны өнгөрөгч оны тогтвортой хөгжлийн тайлангаас онцлох найман ажлыг танилцуулахаар бэлтгэлээ.
Тус банк тайлант жилдээ НҮБ-ын Даян дэлхийн гэрээ, нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн түншлэл зэрэг гадаад, дотоодын хэд хэдэн хамтын ажиллагааг амжилттай өрнүүлжээ. Тэдгээрээс онцолбол, АНУ-ын “Cargill Financial Services International” байгууллагаас хоёр удаагийн хэлцлээр ХАА-г дэмжих зориулалттай 70.0 сая ам.долларын эх үүсвэр, Нидерландын “Frontclear” байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, 31 сая ам.доллартай тэнцэх хэмжээний 105.9 тэрбум төгрөгийн репо эх үүсвэрийг тус тус татан төвлөрүүлжээ.
Дотоод хамтын ажиллагаанаас онцлоход, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Тэрбум мод сан”-д нийт 2,678.2 сая төгрөг төвлөрүүлж, сургууль, цэцэрлэгийн гаднах ногоон байгууламжийг тохижуулах, орон даяар нийт арван бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх зэрэг нийт үйл ажиллагаа бүхий 81 төсөлд хөрөнгө оруулсан байна.
"Тогтвортой" гэх тодотголд ажлын байрыг мөн орхигдуулсангүй. Тайлант онд жендерийн эрх тэгш байдал, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн таатай нөхцөл, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, карьер хөгжлийг нь дэмжих зэрэг чиглэлд ажил хийж, үр дүнд хүрчээ. Тухайлбал:
- Шинэ ажилтныг байгууллагын соёл, ажлын орчинд хурдан дасан зохицуулж, дадлагажуулах зорилготой “Дасан зохицох 30-60-90” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
- Хүний нөөцийн гаралтыг өмнөх оноос долоон хувиар бууруулав.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан, өрх толгойлсон болон амьдрах орчин хүнд таван ажилтанд орон сууцны зээлийн эрх олгож, хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцанд хамруулав.
- Тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж 200 ажилтанд орон сууцны зээлд хамрагдах эрх олгов.
- Нэгжийн ажилтнуудад чиглэсэн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэв. Нийт 168 удаагийн сургалтад 8,745 ажилтныг хамруулснаас 68.3 хувь нь цахимаар хамрагджээ.
- СЭЗИС, ХААИС, ИЗОУИС, Отгонтэнгэр их сургуультай хамтран ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 84 оюутныг цалинтай дадлагажуулж, “Ажлын байрны батламж” урилга гардуулав.
Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC27001:2022 стандарт, Гялсбанк 3.0 зэрэг үр дүнтэй ажлуудаас тус банкны харилцагч нарт хүртээл нь шууд байдлаар хүрэх ажлуудыг онцлон дурдъя.
- Гялсбанк 3.0 шинэчлэлтэй холбогдуулан харилцагчид хаанаас ч, хэзээ ч тав хүрэхгүй минутын дотор тоон гарын үсгийн тусламжтайгаар зээл авах боломжтой боллоо.
- Харилцагчид цахим хадгаламжаа ашиглан арилжаа хийх боломжтой.
- Төрийн банкны 15 жилийн ойн хүрээнд бүтсэн, босоо загварт, график дүрслэл бүхий картуудыг ашиглах боломжтой.
- Өнгөрөгч онд үйл ажиллагаанд нь нэвтэрсэн зээлийн нэгдсэн программын тусламжтайгаар таны зээл судлагдах хугацаа болон цаасны хэрэглээ харьцангуй буурсан.
- Мэдээж аппаас гадна вебсайт шинэчлэгдсэн тул орон сууцны зээл, хаус хадгаламж, малчны зээл, ПОС-ын хүсэлттэй холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой.
- Киоск 2.0 төхөөрөмжөөс дансны хуулга авах, мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх, автомат хуримтлалын үйлчилгээнд бүртгүүлэх, дансны тодорхойлолт авах, ПОС төхөөрөмжтэй холбогдох, захиалгат шилжүүлэг, хувийн дугаар авах боломжтой.
Ногоон хөгжлийг дэмжих зохион байгуулалтынхаа хүрээнд эрчим хүч, ус, цаас зэрэг нөөцийг зохистой ашиглах, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилготой “Ногоон оффисын заавар”-ыг баталжээ. Үүнийхээ хүрээнд “Ногоон оффис зохистой дадал” аяныг хэрэгжүүлж, “Автомашингүй өдөр”-ийг сар бүр өрнүүлэхээр төлөвлөж байна. Түлш хэмнэлтийн тухайд, худалдан авсан 10 цахилгаан автомашины тусламжтайгаар бензин, дизелийн хэрэглээгээ бууруулсан бөгөөд хэрэв ажилтан өөрөө хүсвэл зайнаас ажиллаж, түлшний урсгал зардал гарахаас татгалзаж ч болох юм. Нөгөөтээгүүр төв оффист эрчим хүчний хэмнэлтийн горимт гэрэлтүүлэг, усны төхөөрөмжийг суурилуулаад зогсохгүй 250 кг хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн нь онцлох үзүүлэлт болж байна.
2022 оноос эхлэн үйл ажиллагаанаасаа үүсэж буй хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж эхэлсэн ба 2024 оны тооцооллоор худалдан авалт болон ажилтнуудын зорчих хөдөлгөөн, хөрөнгө оруулалт буюу зээл санхүүжилт зэрэгт нийт 116,783.6 тонн хүлэмжийн хий ялгаруулж байна гэсэн тооцоо гарчээ. Улмаар цахим үйлчилгээ, цахилгаан автомашин, ажилтнуудын тээврийн хэрэгсэл, зайнаас ажиллах боломж, хөдөлгөөний мэдрэгчтэй төхөөрөмж гэсэн таван чиглэлд арга хэмжээ авснаар хүлэмжийн хийн ялгарлыг 877.87 тонноор бууруулжээ.
Ногоон шийдэл, тогтвортой хөгжлийг дотооддоо хэрэгжүүлэх нь зайлшгүй ч олон нийтэд уриалах, үлгэрлэх нь түүнээс дутуугүй чухал үйлс билээ. Тэгвэл долоо дахь жилдээ хэрэгжиж буй “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяны хүрээнд орон даяарх голын сав газар орчмын 7,000 га талбайг цэвэрлэж, 800 тонн гаруй хог хаягдлыг цуглуулан хаяжээ. Мөн 15 жилийн ойн арга хэмжээгээ угтсан “15 сайн ажил” хөтөлбөрийн хүрээнд түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор төв оффис, салбар нэгжийн гадна талбайн 15 байршилд дугуйн зогсоол байршуулсан байна. Энэ мэтээр олон нийтэд үлгэрлэхээс гадна “Модыг Мод(a) болгоё - Ажилтан бүр нэг мод” аяныг хоёр удаа зохион байгуулж, 34 нэр төрлийн, 5,594 ширхэг мод тарьж, 12,484 ширхэг Эко карт борлуулж, 42.4 сая төгрөгийг ховор амьтдыг хамгаалах “Хүрээлэн төсөл”-д төвлөрүүлжээ.
Ногоон эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд тус банкны анхны ногоон бонд болох “Ногоон ирээдүй” бондыг дотоодын биржийн бус зах зээлд гаргав. Ташрамд дурдахад, өнгөрөгч сард олон улсын зах зээлд ногоон бонд гарган санхүүжилтийн эх үүсвэр татжээ. Түүнээс гадна өнгөрөгч оны хоёрдугаар сард S&P Global байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, Төрийн банкны тогтвортой санхүүжилтийн хүрээ нь олон улсын ногоон бонд, нийгмийн бонд, тогтвортой хөгжилтэй уялдсан бондын зарчим болон ногоон зээл, нийгмийн зээлийн зарчмуудтай нийцсэн, сул тал илрээгүй гэсэн дүгнэлт авчээ. Харилцагч нартаа чиглэсэн, эко тээврийн хэрэгслийн зээл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл тэргүүтэй долоон төрлийн зээлийн үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд малчны ногоон зээл, оюуны хөрөнгө оруулалтын зээл, ахуйн хэрэглээний цахим ногоон зээлийг үйлчилгээндээ шинээр нэвтрүүлжээ. Үүний үр дүнд өнгөрсөн оноос ногоон зээлийн багц 108.6 хувиар, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багц 92.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Япон Улсын Засгийн газар, Монгол Улсын Сангийн яамны хамтарсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах Jica төслийн хүрээнд сүүлийн 18 жилийн хугацаанд 94 төсөлд 45.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн жилийн 9-13 хувийн хүүгийн татаастай “Байгальд ээлтэй хүүгийн хөнгөлөлттэй төсөл”-ийг БОУАӨЯ-тай хамтран хэрэгжүүлж, 2020 оноос хойш 357 зээлдэгчид 5.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин тусгай хамгаалалттай бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Завхан, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт “Орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн зээлийг дамжуулах зээлдүүлэх” төслийг хэрэгжүүлж, харин бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх зорилготой зээлийг Германы KFW байгууллагын санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Архангай, Хөвсгөл аймгийн харилцагчдад санал болгож, 796 зээлдэгчид долоон тэрбум төгрөгийн зээл олгожээ.