Хиймэл оюунаар имэйл бичүүлэх, зураг үүсгэх, мэдээллээ хураангуйлуулахад бид хэдийн дасжээ. Харин байгууллагын өдөр тутмын ажлыг түүнд хариуцуулж, бүтээмжээ нэмэгдүүлэх тухайд асуултууд арай өөр болно. Ямар ажлаас эхлэх вэ? Өгөгдлөө хэрхэн бэлдэх вэ? Технологид зарцуулсан хөрөнгө оруулалт хэзээ, ямар үр дүн авчрах вэ?
9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо болсон Tech Symposium Mongolia 2026 арга хэмжээн дээр эдгээр асуултад салбарынхан хариуллаа. Dell Technologies болон Монгол дахь албан ёсны түншүүд Ай Ти Зон, Саммит Компьютер Технологи компаниудын хамтран зохион байгуулсан уулзалт бизнесийн хэрэгцээ, өгөгдөл, дэд бүтэц, хүний нөөц зэрэг олон асуудлыг нэг дор хэлэлцсэнээрээ онцгой байв.
Арга хэмжээний өмнө бид хиймэл оюуны эринд бизнесээ бэлдэх тухай хөндсөн бол энэ удаа танилцуулсан шийдлүүд болон Dell Technologies-ийн гурван удирдлагатай хийсэн ярилцлагаас онцлох санаануудыг хүргэж байна.

АРГА ХЭМЖЭЭН ДЭЭР ЮУ ЯРИГДАВ?
Хиймэл оюуныг нэвтрүүлэх ажлыг хэн удирдах ёстой вэ? Мэдээллийн технологийн баг гэсэн хариулт хамгийн түрүүнд санаанд орж магадгүй. Гэвч Dell Technologies-ийн Ази, Номхон далай, Япон бүсийн хиймэл оюун ба дижитал шилжилт хариуцсан захирал Ажаз Мюнсифийн тайлбарласнаар эхний шийдвэрүүд дээд удирдлагын түвшинд гарах учиртай.
Учир нь байгууллага эхлээд ямар асуудлаа шийдэх, ямар үйл ажиллагаагаа сайжруулахаа тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа ажилтнуудын оролцоо, ажлын дараалал, технологийн сонголт яригдана. AI ашиглах эрхтэй болохоос эхлээд түүнийг ажилдаа үр дүнтэй хэрэглэх хүртэл хүн, процесс, технологийг хамтад нь бэлдэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлэв.

Дараагийн том сэдэв нь өгөгдөл. Байгууллагад мэдээлэл их байх нь хэрэгтэй үедээ олж, ашиглаж чадна гэсэн баталгаа биш. Ажаз Мюнсифийн хэлснээр өгөгдлийн утга, нөхцөл буюу контекст маш чухал. Тухайн мэдээлэл юуг илэрхийлж, ямар ажилд хамаарахыг ойлгохгүй бол хиймэл оюуны хэрэглээ ч хязгаарлагдана.
Энэ яриа Монголын боломжтой холбогдон үргэлжилсэн юм. Dell Technologies-ийн хөгжиж буй зах зээл хариуцсан гүйцэтгэх захирал Мак Чин Ва өгөгдлийг Монголд хадгалж, хянах чадавхыг онцлов. Түүний үзэж буйгаар дотоодын хиймэл оюуны чадавхыг хөгжүүлэх нь төрийн үйлчилгээ, иргэдийн амьдралыг сайжруулах боломжтой бөгөөд үүнд технологийн компани, түншүүд, төрийн хамтын ажиллагаа шаардлагатай.

Харин дата төвийн шийдэл хариуцсан бүсийн борлуулалтын захирал Филип Вү Монголын боломжийг дэд бүтэц болон боловсон хүчин гэсэн хоёр талаас харж байлаа. Хүйтэн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийн зэрэгцээ залуусын технологи, хэлний мэдлэгийг тэр давуу тал хэмээн үнэлсэн юм. Гэхдээ бүс нутгийн төв болохын тулд сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн цаг уурын нөхцөлийг давуу талаа болгон улсын хэмжээнд төлөвлөх шаардлагатайг мөн сануулав.

ЯМАР ШИЙДЛҮҮД ТАНИЛЦУУЛАГДАВ?
Түүнчлэн Dell Technologies өөрийн байгууллагадаа хиймэл оюуныг нэвтрүүлсэн “Customer Zero” туршлагаа хуваалцсан байна. Мак Чин Вагийн тайлбарласнаар тэд эхлээд бизнесийнхээ хамгийн чухал асуудлуудыг тодорхойлж, дараа нь тэдгээрт шаардлагатай технологийн дэд бүтцээ сонгожээ. Байгууллагын хувьд энэ дараалал нь бүтээгдэхүүн сонгохоос өмнө зорилгоо тодорхой болгох ёстойг харуулж байна.

Хиймэл оюуны шинэ давалгаа болох agentic AI ч ярианы нэг гол сэдэв байлаа. Хиймэл оюун асуултад хариулахаас гадна тодорхой ажлын даалгаврыг гүйцэтгэж, үйлдэл хийх чиглэл рүү хөгжиж байгаа. Бүтээмж нэмэгдүүлэх, хэрэглэгчид илүү сайн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүнээ хурдан гаргах зэрэг бизнесийн зорилго энд гол хэмжүүр болно.
Хэрэглээ өсөхийн хэрээр зардал ч мөн адил нэмэгдэнэ. Иймд байгууллага хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхдээ хэрэглээ болон өртгөө хамтад нь тооцох шаардлагатай гэсэн үг. Дэд бүтцийн тухайд Филип Вү шингэнээр шууд хөргөх боломжтой технологийг онцлов. Түүний дурдсанаар өндөр нягтралтай AI дэд бүтцэд нэг серверийн шүүгээний (rack) цахилгааны хэрэгцээ 100 киловаттыг давж байна. Ийм ачааллын үед системийн дулааныг шингэнээр хөргөх нь хамгийн үр ашигтайд тооцогдож байна. Тиймээс Монголын сэрүүн уур амьсгал хиймэл оюуны эринд том давуу болох боломжтой юм.

Ийнхүү энэ жилийн Tech Symposium Mongolia дээр хиймэл оюуны бизнес дэх хэрэглээ, дэд бүтцийг хэрхэн бэлдэх асуудлууд хамгийн халуухан сэдэв байлаа. Хиймэл оюун дэлхийн эдийн засгийг өөрчилж байна. Үүнд бизнесүүд, байгууллагууд, улс орнууд цаг алдалгүй бэлтгэлээ базааж байна. Ажаз Мюнсифийн хэлснээр "Дэлхий дахинд юу болох бол гээд хүлээгээд суух нь хамгийн буруу сонголт" аж.

