Хиймэл оюун ухааны давлагаа улам хүчээ авч, хэрэглээний технологийн шинэ төрлүүд бий болж эхэлсэн 2024 оныг Unread-ийн зүгээс эдгээр 15 технологиор тодорхойлж байна. Таны хорхойг хүргэж байгаа төхөөрөмж аль нь вэ?
ухаалаг утас: iPhone 16
Энэ оны өндөр хүлээлт үүсгэсэн гар утас бол яахын аргагүй iPhone 16 загварууд билээ. Энэ удаа iPhone 15-ийн зөвхөн Pro хувилбаруудад байсан “Action button” буюу хүссэн апп болон үйлдлээ тохируулж болох товч iPhone 16-ийн энгийн хувилбаруудад өвлөгдөн ирээд зогсохгүй хэт өргөн (Ultrawide) камерын нийт пикселийн хэмжээ өмнөх загвараас дөрөв дахин их болсон юм.

Нугардаг утас: huawei Mate XT
Нугардаг утасны гайхамшиг энэ онд тохиож, Huawei компаниас гурав нугардаг утсыг танилцуулав. Mate XT нэртэй уг утас нь ердөө 7 цагийн дотор 1.3 сая ширхэг урьдчилсан захиалга авсан нь эрэлт хэр өндөр байгааг харуулаад амжсан. Huawei компани дэлхийд анх удаа гадагш нугардаг утас бүтээсний сацуу Apple-аас урьтаж ийм олон тооны захиалга авч чадсан юм.

оффис лаптоп: ThinkBook Transparent display
Уран зөгнөлт киноноос л үзэж болох нэвт харагдах шидтэй, тунгалаг төхөөрөмжүүд бидний амьдралд нэвтэрсээр. Тэдний нэг нь Lenovo-ийн тунгалаг дэлгэцтэй зөөврийн компьютер бөгөөд 17.3 инчийн MicroLED дэлгэц нь 55 хувь хүртэл нэвт харагдах үзүүлэлттэй гэдгээрээ олны анхаарлыг ихэд татаж байна.

тоглоомын лаптоп: MSI Titan 18 HX 2024
Тоглоомчдод зориулсан хамгийн хүчирхэг зөөврийн компьютер бол гарцаагүй энэ оны MSI Titan 18 HX. 18 инч дэлгэцтэй, Intel-ийн 14-р үеийн i9 HX процессор, Cherry MX товчны технологи, RTX 4090 GPU, 128-192GB-ийн шуурхай санах ой, 4K 120Hz mini LED дэлгэцтэй уг компьютерын эхлэх нь үнэ нь 4,999 ам.доллар.

суурин компьютер: Mac mini M4
Энэ оны 10-р сард танилцуулагдсан Mac mini өмнөх загвараасаа хоёр дахин жижиг болжээ. M4 болон M4 Pro чипийн сонголт, 16GB-64GB шуурхай санах ой нь M1 чиптэй хувилбараасаа хамгийн багадаа 2 дахин хурдан аж. Мөн энэ хувилбар хоёр USB-C, лан, чихэвч, HDMI болон гурван Thunderbolt USB-C оролттой бөгөөд эхлэх үнэ нь 599 ам.доллар.

ухаалаг шил: ray-ban
Meta-гийн Ray-Ban-тай хамтарсан ухаалаг шил энэ жил олон төрлийн шинэчлэлүүд танилцуулав. Шинэ загвар нь сануулга тааруулах, хоцрогдолгүй орчуулга хийх зэрэг функцүүдтэй болоод зогсохгүй энэ төрлийн бүтээгдэхүүний доторх технологийг олон нийтэд илүү таниулах зорилгоор тунгалаг биетэй тусгай хувилбартай болсон юм.

ухаалаг бөгж: oura
Энэ онд ухаалаг бөгжний зах зээлд тэргүүлэгч Oura дөрөвдүгээр үеийн шинэ бөгжнүүдээ танилцуулсан юм. 349 ам.долларын үнэтэй Oura Ring 4 нь 12 размер, 6 өнгийн сонголттой бөгөөд илүү нарийвчлалтай өгөгдөл цуглуулах мэдрэгчээр тоноглогджээ. Мөн 8 өдрийн турш батарейгаа барих чадвартай болсон нь зах зээлд тэргүүлэх үзүүлэлт билээ.

ухаалаг камер: blink
Blink компани хяналтын камерын шинэ загваруудаа танилцуулсан билээ. Тэдгээрээс хамгийн онцлууштай нь Blink Outdoor 4 бөгөөд 1080p нягтаршил, шөнийн цагаар бичих боломж, хөдөлгөөн мэдрэгч, хоёр талын яриа бичих зэрэг олон давуу талыг өөртөө агуулж буй. Мөн AA төрлийн хоёр батарейгаар ажиллаж, хоёр жилийн турш цэнэгээ барих юм.

ухаалаг гэрийн төхөөрөмж: Roborock Qrevo S
Гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх робот тоос сорогч төрөл бүрээрээ зах зээлд худалдаалагдах болсон. Харин манай редакцын зүгээс Qrevo S загварыг онцолж байна. Нэг цэнэглэлтээр 180 минут хүртэл ажиллах боломжтой уг робот тоос сорохоос гадна чийгтэй цэвэрлэгээ хийх боломжтой. Мөн гар утасны аппаар цэвэрлэгээний хуваарь, горимыг нь тохируулж болно.

ai хэрэгсэл: sora
Энэ оны 2-р сард ChatGPT-г бүтээгчид текстээс видео бүтээдэг Sora-г албан ёсоор танилцуулсан билээ. Sora-аар бүтээсэн бичлэгүүд тэр даруй технологи болон энтертайнмент ертөнцийг донсолгов. Учир нь Sora-гийн жишээ бичлэгүүд Midjourney, Runway зэрэг ижил төстэй хиймэл оюун хөгжүүлэгчдээс илүү бодит, хавьгүй чанартай байсан юм.

шинэ бүтээгдэхүүн: ai pin
Энэхүү бүтээгдэхүүн нь энгэрийн төхөөрөмж болон тогтоогч батарей гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Уг төхөөрөмжийг гарын хөдөлгөөн, дуу хоолойгоороо удирдах бөгөөд бичил проекторын тусламжтайгаар бүх үйлдлийг нь алган дээрээ харж болно. Гар утсыг орлохуйц энэхүү төхөөрөмж 699 ам.долларын үнэтэй.

шинэ ai: rabbit r1
Rabbit R1 хэмжээний хувьд дундаж ухаалаг утасны хагастай дүйцэх бөгөөд 200 ам.долларын үнэтэй. Тод өнгө, ретро загварын хоршил болсон энэхүү төхөөрөмж нь хүн төрөлхтний ухаалаг туслахтай харьцах туршлагыг тэр чигт нь өөрчлөх зорилготой гэнэ. Мөн та гар утастайгаа холбоод хүссэн аппуудаа зайнаас удирдах боломжтой.

консол: PlayStation 5 Pro
Энэ намар танилцуулагдсан The PlayStation 5 Pro нь дөрвөн жилийн өмнөх энгийн загвараасаа 45 хувь хурдан GPU, хоёр дахин хурдан гэрлийн туяа үүсгэх (ray tracing) чадал, зураглалын чанарыг нэмэгдүүлэх PSSR технологиор илүү. Мөн 8К, 120fps хүртэлх дүрслэл дэмжинэ.

чихэвч: nothing ear
Дууны чанар, дизайн, ашиглахад хялбар байдлаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаад буй уг чихэвчийг нэг цэнэглэлтээр 9.5 цаг, хайрцагтайгаар нь нийт 42.5 цаг хүртэл ашиглах боломжтой. Мөн хоёр төхөөрөмжтэй зэрэг холбогдож, тэдгээрийн хооронд хялбар шилжих боломжтой нь уг чихэвчийг худалдан авах том шалтгаан.

vr төхөөрөмж: apple vision pro
Apple-ийн хувьд 2015 онд Apple Watch ухаалаг цагийг гаргаснаас хойших хамгийн эхний шинэ бүтээгдэхүүн нь Vision Pro. Spatial computing буюу орон зайн тооцоолуур хэмээх технологид суурилсан уг толгойн төхөөрөмж нь Apple-ийн хөгжүүлсэн visionOS дээр ажиллах бөгөөд M2 чип, тусгайлан хөгжүүлсэн R1 процессороор тоноглогджээ.


Сэтгэгдэл бичих

