Хиймэл оюуныг ажил амьдралдаа ашигласнаар ямар үр дүн гарах тухай та олон газраас уншсан биз ээ. Тэгвэл зоосны нөгөө тал буюу энэ хөгжлөөс хойш суувал, тавхан жилийн дотор буюу 2030 он гэхэд бидэнд юу тохиолдохыг товч өгүүлье.

Үүнээс цааш тохиолдож болох эрсдэлийг тооцох ч боломжгүй тийм л хурдацтай хөгжиж байна даа. 

Сонирхуулахад, энэ долоо хоногт Монгол Улс Их өгөгдөл, Хиймэл оюуны Үндэсний стратегиа танилцуулна. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


Бялуунаас хүртэж чадахгүй

Макро зах зээлийн оновчтой таамгуудаараа алдартай IDC-ийн тооцоолсноор хиймэл оюун 2030 он хүртэл дэлхийн нийт эдийн засагт нийтдээ 19.9 их наяд доллар нэмэх гэнэ. Өөрөөр хэлбэл, тавхан жилийн дотор дэлхийд хоёрт бичигдэх чинээлэг гүрний дайтай эдийн засгийг бий болгох юм.


2030 он гэхэд дэлхийн нийт эдийн засгийн 3 хувийг бүрдүүлж байх магадлалтай энэ том бялууг тэгвэл ямар орнууд хуваан идэх вэ? Ямар орнууд энэ чиглэлд хамгийн их хөрөнгө оруулалт хийж, ирж буй давлагаанд бэлдэж байгаа вэ?


Хиймэл оюунтай холбоотой технологи хөгжүүлэлтдээ албан ёсоор хөрөнгө татсан гарааны бизнесүүдийн тоогоор нь харвал дээрх дүр зураг үзэгдэнэ. Америк, Хятад, Англи, Израйл, Энэтхэг, Япон, Франц гээд “нөгөө л хэд”. Дэлхийн эдийн засгийг хэдийн тэргүүлж буй гүрнүүд л энэ чиглэлд хамгийн их хөрөнгө оруулж буй.

Жишээ нь, саяхан үүрэгт ажлаа хүлээн авсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп OpenAI, SoftBank, Oracle компаниудтай хамтран 500 тэрбум долларыг "Stargate" нэрийн дор хиймэл оюуны дэд бүтэц тэр дундаа дата төвүүдэд хөрөнгө оруулахаа зарласан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд багадаа л 100,000 ажлын байр шинээр бий болох тооцоотой. Товчхондоо, тэд бялуунаас хамгийн ихээр хүртэнэ гэсэн үг.

Тэгш бус байдал даамжирна

Үргэлжлүүлэн өөр нэгэн тайланг харцгаая. Олон Улсын Валютын Сангаас улс орнууд хиймэл оюуны давлагаанд хэр бэлэн байгааг дүгнэхэд дараах үр дүн гарсан байна.


Хиймэл оюуны давлагаанд бэлэн байдлаараа тэргүүлсэн улсууд (Сингапур, Дани, АНУ…) дэлхийн хамгийн чинээлэг орнууд байгаа нь санаандгүй давхцал биш. Өмнө нь дурдсанчлан эдгээр орнуудын хиймэл оюуны салбартаа оруулж буй хөрөнгө оруулалтаас эхлээд үндэсний бодлого, өдөр тутмын хэрэглээ нь хөгжингүй орнуудаас хэдэн арав заримдаа зуу дахин их. Өөрөөр хэлбэл, тэд одоогийн хурдтай хөгжлөө хиймэл оюуны хүчээр хэд дахин нугалж, өрсөлдөөнд илүү манлайлж байна.


Үүнээс үүдэн улс орны хэмжээнд хөгжилтэй, хөгжилгүйн ялгаа улам даамжирч, санхүү, технологи зэрэг тэргүүлэх салбаруудын өрсөлдөөн улам харьцангуй болох бол нөгөө талд иргэдийн хувьд баян, ядуугийн ялгаа ч гэсэн улам их болохыг судлаачид сануулж буй.

Ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэнэ

"Goldman Sachs" ойрын жилүүдэд хиймэл оюун нийт ажлын байрны 20 орчим хувь буюу 300 сая ажлын байрыг устгах эсвэл орлоно гэж тооцжээ. Харин нөгөө талд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас хиймэл оюун 2030 гэхэд 100 сая орчим ажлын байр шинээр бий болгох тооцоог гаргасан юм. Өөрөөр хэлбэл, ажил гэх ойлголт өөрчлөгдөж, шинэ төрлийн ажилчдын хэрэгцээ шаардлага тулгарна.

Ийм хувьсал ч цаг ямагт тохиож байдаг. Жишээ нь, хэдэн арван жилийн өмнө оршин байгаагүй програм хөгжүүлэгч гэдэг мэргэжлээр өдгөө дэлхий дахинаа 30 орчим сая хүн ажиллаж байна.


"Goldman Sachs"-ийн дээрх тооноос дүгнэвэл, хүний нөөцөө чадавхжуулж, энэ шилжилтийг амжилттай давахгүй бол ажилгүйдлийн түвшин даруй 20 хувиар нэмэгдэх эрсдэл бидний өмнө ирээд байна. Үйлдвэрлэл багатай, буурай орнуудад энэ тоо бүр ч өндөр байж мэдэх юм.

Технологийн хамааралтай болно

Бид ойрын хэдэн жилийн хугацаанд хиймэл оюуны давлагаанд нэгдэж чадахгүй бол үүсэж болох өөр нэгэн эрсдэл бол технологийн хамаарал. Хэдий бид өнөө цагт интернэтэд холбогдсон ч үндэсний гэх тодотголтой технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо маань хэд билээ? Бидний хамгийн их цагаа өнгөрүүлж буй цахим орчиндоо ч бид өөрсдийн мэдээллээ өөрсдөө хадгалж чадахгүй байна гэдэг өгөгдөл шинэ цагийн алт болж буй энэ үед маш харамсалтай мэдээ.

Энэ байдал үргэлжилсээр байвал бид технологийн хувьд улам хараат болж, бусад улсуудын бүтээсэн, тэдний эзэмшдэг технологийн үйлчлүүлэгчид л болох юм. Технологийн хувьд хөгжил буурай орнууд уг аюулыг олж харан хэдийн арга хэмжээ аваад эхэлжээ. Жишээ нь, өнгөрсөн зун Бразил улс гадаадын технологийн компаниудын хараат байдлаас гарах, өөрсдийн супер компьютертой болж, Португал хэлний хиймэл оюуны загвараа бий болгохоор 4.5 тэрбум долларыг шат дараатай гаргахаар болсон.

Америк, Тайван, Хятадын чипийн дайн - Investors.com - Dave Cutler

Зөвхөн хиймэл оюунаар ч зогсохгүй технологийн хараат бус байдлын төлөөх дайн сүүлийн жилүүдэд газар авсаар байна. Бидний хэрэглэж буй төхөөрөмж бүрийн тархи гэж хэлж болох чипийн төлөөх дайнд АНУ, Хятад тэргүүтэй гүрнүүд өрсөлдөж, дэлхий дээрх хэдхэн аварга чип үйлдвэрлэгчдээс бие даахад анхаарах болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Huawei хиймэл оюунд зориулсан чипээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлснээ зарласан. Чип байхгүй бол хөгжил байхгүй гэж хэлэхэд ч буруудахгүй цаг үе иржээ.

Хөгжилд хойрго хандсан улс гүрэн хэзээ нэгэн цагт горыг нь амсдагийг бид түүхээс олон харж болно. Хиймэл оюуны хөгжил нь зөвхөн нэг салбарыг бус бидний мэдэх хорвоо ертөнцийг тэр чигт нь өөрчлөх тул бидэнд хоцрох эрх үгүй билээ.