2005 он.

Хэн нэгэн танд 20 жилийн дараа “гар утас” гэх нэртэй халаасанд багтах жижиг төхөөрөмжөөрөө дэлхийн хаашаа ч хамаагүй дуудлага хийж, мөнгө шилжүүлээд зогсохгүй такси дуудаж, хоол захиалдаг болно гэж хэлсэн бол та итгэх үү? Тэр байтугай энэхүү төхөөрөмжтэй дотно найзалж, өдөрт олон цагийн хамтдаа өнгөрүүлнэ, өглөө босохдоо, өдөр хооллохдоо, орой унтахдаа ч хамт байна гэж хэлсэн бол яаж хүлээж авах байсан бэ? Гудамжинд яваа хүн бүр ийм төхөөрөмж ашиглаж, өөр хоорондоо үүгээр л дамжуулан харилцана гэвэл танд хачин жигтэй сонсогдох биз ээ.

Үүний зэрэгцээ интернэт гэх зүйлийн тусламжтай хүний бүтээж чадах зүйлсийн хязгаар үлэмж тэлж, эдийн засаг, улс төр, урлаг соёл, боловсрол, эрүүл мэнд гэх зэрэг салбар бүр хувьсан өөрчлөгдөнө гэдгийг сонсоод танд ямар сэтгэгдэл төрөх бол? Магадгүй та айж сандарна. Эсвэл уран зөгнөлт кино шиг ийм ирээдүй сайхан ч санагдаж болох.

Үнэндээ бидэнд ямар санагдахаас, хамгийн гол нь бэлэн эсэхээс үл хамааран ийм ирээдүй биеллээ олж, өдгөө бидний хувьд шинэ эгэл (new normal) болжээ. Хүн төрөлхтний ихэнх нь энэ нүсэр өөрчлөлтийн өмнөх амьдрал ямар байсныг ч санахгүй бас мэдэхгүй болтлоо хувьсан өөрчлөгдсөн байна.

1930 онд хүмүүс ирээдүйн ийн төсөөлж байв

Ирээдүйг тольдох нь

Одоо харин санаанд буумгүй, үнэмшилгүй мэт сонсогдож болох ч 20 жилийн дараах амьдрал хэрхэн өөрчлөгдөж, ямар шинэ эгэл та биднийг угтаж буйг үндэслэлийн хамтаар сонирхуулъя. Мэдээж энэ хувьсгалын гол хөдөлгөгч нь өнөө л хиймэл оюун.

AGI буюу хүнээс ялгагдах зүйлгүй хиймэл оюун бий болох хугацааг Америкийн нэрт эрдэмтэн Рэй Курцвейл 2029 он хэмээн таамагладаг. Хиймэл оюунтай холбоотой энэхүү таамгаа тэрээр тэртээ 2005 онд хэвлэгдсэн “The Singularity Is Near” бүтээлдээ дурдаж байсан бөгөөд түүний олон таамаглал бодит биеллээ олсоор буй. Тэрээр өнгөрсөн онд The Observer сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “2045 он гэхэд хүн төрөлхтөн кибер оюун ухаантай нэгдэж, одоогийн оюун ухаанаа 1 сая дахин тэлнэ” хэмээн дурдаж байв.


Түүний "1000 доллароор хэр хэмжээний тооцоолох хүч авч болох вэ?" хэмээх таамаг нь хиймэл оюуны авчрах ирээдүйг төсөөлөх нэгэн арга зам болдог. 2023 онд 1000 доллароор нэг хүний тархитай тэмцэх хэмжээний тооцоолох хүчин чадлыг худалдан авч болох бол 2050 онд бүх хүний тархийг нийлүүлсэнтэй тэнцэх чадамжийг авч болох гэнэ.

Ингээд хиймэл оюун тэргүүтэй технологиуд 20 жилийн дараа бидний өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилж болохыг хамтдаа олж мэдье.

Tesla: Удахгүй худалдаанд гарах загварууд

2045 онд Жолоо барих шаардлагагүй 

Таамаг: Хотын гудмаар жолоочгүй автомашинууд сүлжилдэнэ. Эдгээр автомашинууд нь хиймэл оюуны ачаар бүх нөхцөлд бие даан шийдвэр гаргаж чадахаас гадна бусад автомашин болон дэд бүтцүүдтэй “ойлголцож” чадах тул хамгийн найдвартай жолоочид тооцогдоно. Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хөдөлгүүр, замын түгжрэлийг бууруулах нэгдсэн систем зэрэг нь таны амьдралыг илүү тав тухтай болгоно.

Үндэслэл:

- Америкийн тэргүүлэх тинк танкуудын нэг “Brookings Institution”-ээс 2040 гэхэд 4 автомашины тутмын 1 нь жолоочгүй автомашин байна хэмээн таамаглав
- Өнгөрсөн жилийн байдлаар автомат жолоодлогын горимтой 54 сая автомашиныг дэлхий дахинаа хэрэглэж байжээ
- Honda, Hyundai, Nissan, Renault, GM, Ford, Tesla гээд дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчид бүгд жолоочгүй автомашины технологид хөрөнгө оруулж байна

Бодлын хүчээрээ бүхнийг хийнэ

IEEE Spectrum: BCI-ийн зураглал

Таамаг: Тархиндаа суулгасан чипийн тусламжтай (BCI) та бусад төхөөрөмж болон системүүдтэй зөвхөн бодлоороо харьцаж, тэднийг удирдана. Өөрөөр хэлбэл, та өнөөдрийнх шиг утасны дэлгэц дээрээ эсвэл компьютерын гар дээрээ товших шаардлагагүй, бодоход л хангалттай. Цаашлаад шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг шиг хүссэн мэдээллээ тархиндаа суулгаж, бас тархинаасаа илгээж ч болох юм. Товчхондоо таны тархи шууд интернэттэй холбогдоно. Цахим шуудан илгээж, дүрст дуудлага ч хийх шаардлага байхгүй. Тархинаас тархины хооронд асар өндөр хурдаар мэдээлэл дамжуулна.

Үндэслэл

- 2023 оны бүрэн саажилттай хүн Neuralink-ийн хөгжүүлсэн тархины чипийн тусламжтай бодлоороо шатар тоглож, энэ салбарт цахиур хагалав
- Morgan Stanley-гээс BCI-ийн зах зээл зөвхөн АНУ-д гэхэд 400 тэрбум доллароор хэмжигдэнэ хэмээн таамаглав
- Pew Research-ийн судалгаагаар Америкчуудын 70 орчим хувь нь саажилт, өтлөлттэй холбоотой эрүүл мэндийн нөхцлүүдэд тархины чип ашиглахыг дэмжив

НҮБ: Хүн дүрст робот 2017 оны хурын үеэр

Технологитой “дотно” харилцана

Таамаг: Ганцаардал, сэтгэл гутралыг хиймэл оюун суурьтай чатбот, гэрийн тэжээвэр роботууд шийднэ. Виртуал бодит байдал (VR) тэргүүтэй технологиуд улам боловсронгуй болж бодит орчинд багш, найз, амраг гээд хүн хоорондын бүх л хэрэгцээг хангана. Таны хүүхдийг хүртэл хиймэл оюун ухаан хүмүүжүүлж, роботууд асарна.

Үндэслэл

- The Coach Foundation-ийн судалгаанд оролцогчдын 63 хувь нь (эрэгтэйчүүдийн 71 хувь, эмэгтэйчүүдийн 51 хувь) хиймэл оюунтай болзоход татгалзахгүй зүйл гэжээ
- Мөн тус судалгаанд өөрийн хүслээр “тохиржуулж, тааруулж” болох нь хиймэл оюун суурьтай хамтрагчийн хамгийн том давуу тал хэмээн онцолсон байна
- Tinder тэргүүтэй дэлхийн хамгийн том болзооны платформуудыг эзэмшигч Match Group 2025 оноос үйлчилгээнүүддээ хиймэл оюуныг нэвтрүүлэхээ зарлав

Samsung: 2025 онд худалдаанд гаргах VR төхөөрөмж

Виртуал ертөнцөд амьдарна

Таамаг: Бодит ертөнцөөс дайжих хүмүүсийн тоо ихсэж, төрөл бүрийн виртуал ертөнц бий болно. Ингэснээр виртуал ертөнцөд сурах, харилцах, ажиллах цаашлаад амьдрал чиг хандлага газар авна. Ихэнх хүмүүс гэртээ VR эсвэл AR төхөөрөмжтэй болсноор гэрээсээ гарах шаардлагагүй, нийгмийн бүх л харилцаанд орно.

Үндэслэл:

- Statista Market Insights-аас 2029 он гэхэд VR, AR хэрэглэгчдийн тоо 3.9 тэрбумд хүрэхийг таамаглав
- IDC-ээс виртуал бодит байдлын төхөөрөмжийн борлуулалт жил бүр 32 хувиар өсч, 2026 он гэхэд л жилд 35 сая ширхэг зарагдана гэв
- GenZ үеийнхний 46 хувь нь ирээдүйд виртуал ертөнц буюу метаверсэд ажиллана гэж боддог

Энэ мэтээр ирээдүйн талаар бичиж болох таамаг асар олон. Сансар судлалаас эхлээд ямар үр дүнд хүрэх нь үл мэдэгдэх олон салбар бий. Хүний нас уртсах уу? Бид цахим хувилбарт бүр мөсөн шилжих үү? Технологийн дайн дэгдэх үү? Өөр нэгэн гаргийг эзлэх үү? Эдгээр асуултын хариултыг хамтдаа олж мэдэх л үлдлээ. Хамгийн тодорхой зүйл нь энэ бүгдийг хиймэл оюун л түүчээлнэ. Иймд бид бэлэн байх хэрэгтэй ахин дахин сануулъя.

Хэрэв та энэ сэдвээр үргэлжлүүлэн уншихыг хүсвэл Kaspersky-ийн дэлхийн шилдэг эрдэмтэдтэй хамтран хөгжүүлж буй 2050.earth вебээр зочлон шинжлэх ухаанд суурилсан ирээдүйн таамгуудтай танилцаарай.


Хэдхэн хоногийн дараа Монгол Улс Их өгөгдөл, Хиймэл оюуны Үндэсний стратегиа танилцуулна. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.