“Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс CNN-д өгсөн нэгэн ярилцлагадаа “Шинэ технологи төрөх бүрд айдас, түгшүүр болон шинэ боломжууд зэрэгцэн ирдэг нь түүхнээ ил” хэмээсэн байдаг. Өнөөдөр бидний өмнө нэгэнт хиймэл оюун (AI) хэмээх технологийн хувьсгалын шинэ эрин ирээд буй. Энэ зөвхөн инженер, програмистуудын асуудал бус, дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, цаашлаад эдийн засаг, нийгэм, хууль эрх зүй гээд бидний өдөр тутмын амьдралаас эхлээд ямар ирээдүйд аж төрөхөд маань хүртэл асар том өөрчлөлт авчрах хүн төрөлхтний өмнөх түүхэн “сорилт” болоод байна.
Бидний амьдарч буй огцом хувьсалтай энэ цаг үед дэлхийн улс орнууд, тэр дундаа хөгжингүй орнууд, болон манай хөрш орнууд энэ шинэ технологийг хэрхэн зохицуулж, хянаж, ашиглах бодлого баримталж байгаа талаар энэхүү нийтлэлээрээ хүргэхийг зорилоо. Хиймэл оюуныг хязгаарлах уу, хөгжүүлэх үү? Дэлхий ертөнц энэ асуултад ямар хариулт өгч байна вэ?
Учир нь тун удахгүй манай улс шинэ эриний үүд хаалга болоод буй хиймэл оюуны үндэсний стратегиа батлах гэж буй.
Учир нь тун удахгүй манай улс шинэ эриний үүд хаалга болоод буй хиймэл оюуны үндэсний стратегиа батлах гэж буй.

СОНИРХОЛТОЙ БАРИМТ
Түүхийн хуудсыг сөхвөл өмнөх зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт эрдэмтэн, түүхч Базарын Ширэндэв гуай технологийг эзэмшсэн улс ирэх зуунд хүчирхэгжинэ хэмээн онцолж, тэрхүү ирээдүйг угтаж Monel компанийн нэрийг өгч байв. Гэвч тухайн үед Зөвлөлтийн хоригоос үүдэн энэ санаачилга амжилтад хүрч чадалгүй зогссон байдаг (мөн МУ-ын ардчилсан хувьсгалын дараа БНГУ-ын санхүүжилтээр хиймэл оюун хөгжүүлэх төсөл хэрэгжиж байсан ч тодорхойгүй шалтгаанаар зогссон байдаг).

Цаг хугацааны товьёг
1950 он: “Хиймэл оюун” гэх энэ ойлголт хамгийн анх 1950 онд Английн математикч, компьютерын шинжлэх ухаанч Алан Тюрингийн “Computer Machinery and Intelligence” (Компьютерын машин ба оюун) нийтлэл, машины оюуныг шалгах “The Imitation Game” (Дуураймал тоглоом) хэмээх туршилтын хамт олон нийтэд хүрч байжээ.
1950-иад он: 1952 онд Америкийн компьютерын шинжлэх ухаанч Артур Самуэл анхны бие даан өрөг сурсан даамыг бүтээсэн бол гурван жилийн дараа 1955 онд Америкийн мэдээлэл зүйч, “Lisp” хэлийн зохиогч Жон МакКарти Дартмутын их сургуульд “Хиймэл оюун” сэдэвт семинар зохион байгуулж, уг нэр томьёог анх удаа албан ёсоор ашиглан, улмаар өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
1980 - Өнөө үе: Цааш хиймэл оюуны технологи 1957-1979 онуудын хооронд улам өргөжин хөгжиж, 1980-1987 онуудад тэсрэлт хийсэн байдаг. Тухайн үед дэлхийн Засгийн газрууд тус технологийн хөгжүүлэлтэд сая сая долларын хөрөнгө оруулалт зарж эхэлсэн ч уг огцом өсөлт төд удалгүй буюу тодруулбал 1987-1993 онуудад хамгийн доод үедээ буун, улмаар санхүүжилтээ алдаж байжээ. Харин 1997 онд компьютер анх удаагаа шатрын мастерыг ялснаас хойш уг салбар буцан сэргэж, түүнээс хойш тасралтгүй хөгжсөөр өдгөө бидний дунд эчнээ “тренд” болоод байна.

Өрнө дахин ба АНУ-т
АНУ
Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ нь “Хиймэл оюун”-ы салбар дахь хамгийн хүчтэй хөзрийг гартаа атгаж буй улсуудын нэг яахын аргагүй мөн. Тиймдээ ч дэлхий дахин тус улсын дараагийн алхмыг тэвчээртэй хүлээдэг жамтай. Саяхан л гэхэд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан Дональд Трамп 2025 онд АНУ-д хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Stargate” төсөлд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаагаа зарласан.
Түүнчлэн OpenAI-ийн гол санхүүжүүлэгчийн хувьд Microsoft компани хиймэл оюунд зориулсан дата төвүүд барихад 80 тэрбум ам.доллар зарцуулахаа ч мэдэгдээд байна. Харин Amazon сүүлийн хоёр сарын дотор тус бүр 10 тэрбум ам.долларын хоёр томоохон мэдээллийн төвийн төслийг эхлүүлээд буй.
McKinsey-ийн тайланд 2030 он гэхэд дэлхийн дата төвийн хүчин чадлын эрэлт гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаан зэрэгцээ АНУ эл өсөлтийн гол төв нь байна гэж таамаглаж байна.
Герман
Европын хамгийн хүчирхэг эдийн засгийн нэг Герман улс хиймэл оюуныг аж үйлдвэр, эрүүл мэнд, батлан хамгаалах салбартаа нэвтрүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаагаа зарлаж байв.
Анх тус улс 2018 онд хиймэл оюунд прагматик хэр нь болгоомжтой хандах талаараа онцлоод, хиймэл оюуны үндэсний стратегиа боловсруулж байсан юм. Харин 2020 оноос эхлэн тус стратегийн зорилгоо шинэчлэн тогтоож, технологийн хариуцлагатай хөгжлийг дэмжих, олон нийтийн өргөн хэрэглээг хөгжүүлэх замаар Герман улсыг Европын хиймэл оюуны төв болгох тухай нэмж тусгажээ.
Түүнчлэн Германы засгийн газар стратегийн түвшиндээ 2025 он гэхэд хиймэл оюуны салбарт 5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Бизнесийн хувьд BMW, Siemens, Bosch зэрэг томоохон компаниуд хиймэл оюуныг үйлдвэрлэлийн автоматжуулалт, робот техник, ухаалаг тээвэр зэргээр үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж байна. Харин Европын Холбоо тус технологийн аюулгүй байдал, ёс зүйн асуудлаар хориг зохицуулалт гаргах гэж буй нь Германд хүчтэй нөлөөлөх магадлалтай.
Итали
Итали улс хиймэл оюуны хууль, эрх зүйн зохицуулалтад анхаарч буй Европын гол улсуудын нэг. Өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сард тус улсын Хувийн мэдээлэл хамгаалах газар (Garante per la protezione dei dati personali) OpenAI-ийн хөгжүүлж буй ChatGPT-ийг хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбогдох зөрчлийн дагуу 15 сая еврогийн торгууль ногдуулаад буй.
Тус торгуулийн үндэслэл нь ChatGPT-гийн 13 наснаас доош насны хүүхдийг зохисгүй контент руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, насанд хүрсэн эсэхийг баталгаажуулах тохиргоо, хэрэглэгчдийн мэдээллийг хууль ёсны дагуу хамгаалах эрх зүйн хангамж зэрэг нь бүгд хангалтгүй гэж үзсэнд оршжээ.

Иймд Италийн засгийн газар Герман улстай харьцуулахад уг технологитой илүү болгоомжтой харьцаж буйн дээр хиймэл оюуныг бизнес, эрүүл мэнд, боловсролын салбарт ашиглахдаа ёс зүйн зарчим баримтлахыг чухалчилж байна.
Хоёр хөршийн маань хувьд
БНХАУ
Урд хөрш маань дэлхийн хүчирхэг гүрэн болох ил тод бодлогынхоо хүрээнд хиймэл оюуныг орхилгүй 2030 он гэхэд тус технологийн дэлхийн тэргүүлэгч улс болох зорилт тавиад буй. Тиймдээ ч Хятад улс хиймэл оюуны ухаалаг үйлдвэрлэл, эрүүл мэнд, автоматжуулалт зэрэг салбарт хамгийн өргөн хүрээтэй хөрөнгө оруулалт хийж байна. Тодруулбал, ирэх зургаан жилд тус улсын засгийн газар хиймэл оюуны хөгжүүлэлтэд 10 их наяд юань буюу 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа аж. Энэ нь АНУ, Европын Холбооны нийт хөрөнгө оруулалтаас давсан үзүүлэлт юм.
2023 оны байдлаар тус улс дэлхийн хиймэл оюуны патентын 60 гаруй хувийг бүртгүүлсэн бөгөөд Baidu, Alibaba, Tencent зэрэг компаниуд нь жилийн 100 тэрбум юаниас дээш хэмжээний хөрөнгө оруулалтаар хиймэл оюуны судалгааг тэргүүлж байна. Мөн Хятадын хиймэл оюуны салбарын ЖДҮ болон стартап компаниудын тоо 4500-д хүрсэн нь дэлхийд хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэгдэх болов.
Гэвч Хятадын хиймэл оюуны технологиуд засгийн газрын хяналт, мэдээлэл цуглуулах салбарт өргөнөөр ашиглагдаж байна гэж сэжиглэгддэг нь нууц биш. Саяхан нэвтрээд буй DeepSeek AI-ийг ChatGPT-тэй хүчтэй өрсөлдөнө хэмээн шуугиж байсан ч цахимд тархсан бичлэгүүдэд тус хиймэл оюун түүх болон улс төрийн тухай асуултуудад бодит түүхээс өөрөөр хариулах эсвэл хариулж болохгүй зэргээр хаацайлж буй нь түүний цаана БНХАУ-ын Засгийн газрын хараа хяналт байж магадгүй хэмээх хардлагыг төрүүлээд байгаа билээ. Энэ хардлага тус улсын хиймэл оюуны технологийн хөгжилд нэлээд том саад учруулж болзошгүй.
ОХУ
Манай хойд хөрш хиймэл оюуныг гол төлөв батлан хамгаалахын салбартаа түшиглэн хөгжүүлж байна. Тус улс нь автоматжуулсан дрон, робот техник, тагнуулын AI систем дээр анхаарлаа хандуулж байгаа бөгөөд хууль тогтоомжийн тухайд хиймэл оюуны хөгжүүлэлтийн тусгай бодлоготой. Тодруулбал, 2030 он хүртэл өгөгдлийн сан, их боловсруулагч моделууд (large generative models), хиймэл оюун (AI model), хүчирхэг хиймэл оюун (Strong AI) зэрэг дэвшилтэт технологид суурилан олон улстай хамтран ажиллахаа тус улсын ерөнхийлөгч В.Путин 124 тоот зарлигтаа тусгажээ.
Мөн ОХУ-ын төрийн байгууллагууд хиймэл оюуныг шинжилгээ, хяналт, өгөгдлийн дүн шинжилгээ хийхэд өргөнөөр ашиглах эрх зүйн орчин бүрдэж байгаа талаар тус улсын ерөнхийлөгч дээрх зарлигтаа онцлон тусгаж, 2030 он хүртэлх Үндэсний хиймэл оюуны стратегиа шинэчлээд байна.
Түүнчлэн, ОХУ нь 2024 оны байдлаар хиймэл оюуны салбарт 1.5 их наяд рубль (ойролцоогоор 16.5 тэрбум ам.доллар) зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 1.2%-тай тэнцэж байна. Москва, Санкт-Петербург зэрэг технологийн төв хотуудад 1000 гаруй хиймэл оюунд түшиглэсэн гарааны бизнес идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд засгийн газраас хиймэл оюунд суурилсан үйлдвэрлэл, хяналтын систем, кибер аюулгүй байдлын технологи хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Мөн 2025 оны эцэс гэхэд төрийн байгууллагуудын 80% нь хиймэл оюунд суурилсан автоматжуулсан шийдэл нэвтрүүлсэн байх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Азид
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгос хиймэл оюуныг аж үйлдвэр, технологийн салбартаа стратегийн гол хөдөлгөгч хүч гэж үзэн, засгийн газрын түвшинд өргөн хүрээтэй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтууд гаргаад байна.
2019 онд Солонгосын засгийн газар “AI National Strategy” буюу Хиймэл оюуны үндэсний стратегийг зарлаж, 2030 он гэхэд тус улсыг дэлхийн AI салбарын тэргүүлэгчдийн нэг болгох зорилт тавьсан. Энэхүү стратеги нь суурь судалгаа, үйлдвэрлэлийн инновац, боловсролын шинэчлэл гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрчээ.
Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгос нь хиймэл оюуны ёс зүй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Европын Холбоотой шиг хатуу зохицуулалттай орнуудын нэг. 2024 оны эхээр тус улсын Мэдээлэл, Харилцаа холбооны яам AI-ийн хариуцлагатай хэрэглээг зохицуулах шинэ хууль баталж, ChatGPT болон бусад хиймэл оюуны загваруудын зохицуулалтыг чангатгах бодлого баримтлах болсон.
Бизнесийн түвшинд Samsung, LG, Naver зэрэг компаниуд хиймэл оюуны ухаалаг төхөөрөмж, автоматжуулалт, дата анализ, цахим худалдаа зэрэг салбарт эрчимтэй хөгжүүлж байгаа бөгөөд 2025 онд Өмнөд Солонгосын AI-ийн зах зээл 110 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Казакстан
Төв Азийн бүс нутагт хиймэл оюуныг бодлогын түвшинд хамгийн идэвхтэй хөгжүүлж буй улс бол Казахстан. Тус улсын засгийн газар 2024 оны нэгдүгээр сард “2024-2029 оны Хиймэл Оюуны Хөгжлийн Концепц”-ийг баталж, уг технологийг улс орны эдийн засгийн тэргүүлэх салбаруудтай уялдуулах бодлого боловсруулжээ.
Хиймэл оюуны хөгжүүлэлтийн хүрээнд Казахстан өгөгдлийн төвүүдийн дэд бүтцийг өргөтгөх, AI технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгаанд хөрөнгө оруулах гэсэн гурван үндсэн чиглэлд анхаарч байна. Тус улс 2025 он гэхэд 5000 AI инженер бэлтгэх зорилт тавьж, их, дээд сургуулиудад хиймэл оюуны тусгай хөтөлбөрүүд нэвтрүүлээд байна.

Мөн Казахстан дижитал эдийн засаг болон хиймэл оюуныг санхүүгийн технологи (FinTech), төвлөрсөн бус санхүү (DeFi) салбарт хослуулан хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Тус улсын дижитал эдийн засгийн томоохон тоглогчид болох Astana Hub, Kaspi.kz, Halyk Bank зэрэг байгууллагууд хиймэл оюуыг автоматжуулсан санхүүгийн үйлчилгээнд ашиглах туршилтууд эхлүүлээд байгаа аж.
Веатнам
Вьетнам хиймэл оюуныг мөн л эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч гэж үзэж, бүс нутгийн голлох хөгжүүлэгч улс болох зорилго тавьсан. Тус улсын Засгийн газар 2030 он хүртэл хэрэгжих “Хиймэл Оюуны Судалгаа, Хөгжүүлэлт, Хэрэглээний Үндэсний Стратеги”-ийг баталж, энэ чиглэлд бодлогоо төвлөрүүлж байна.
Хиймэл оюуны хөгжүүлэлт нь тус улсын технологийн салбарт томоохон өөрчлөлт авчирч байгаа бөгөөд NVIDIA, Google зэрэг олон улсын компаниудтай хамтран AI судалгааны байгууллага, өгөгдлийн төв байгуулах төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн тус улс 7,000 хиймэл оюуны мэргэжилтэн бэлтгэх, 500 гарааны бизнес бий болгох зорилттой.

Хиймэл оюуныг төрийн бодлого, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөнөөр нэвтрүүлэхээс гадна, Вьетнамын компаниуд автоматжуулалт, дата анализ, ухаалаг системүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Тус улсын эрх баригчид хиймэл оюуны зохицуулалт, ёс зүйн асуудлыг Европын загвараар хөгжүүлэх бодлоготой байгаа бөгөөд олон улсын судалгааны хамтын ажиллагаанд ч идэвхтэй оролцож байна.
Скандинавт
Норвег
Норвег улс хиймэл оюуныг байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, аюулгүй байдал зэрэг салбарт түлхүү ашиглах стратеги баримталж байгаагаараа бусад улсуудаас ялгаатай. 2018 онд тус улсын Засгийн газар “Үндэсний Хиймэл Оюуны Стратеги”-аа баталж, AI-ийг хариуцлагатай хөгжүүлэх, ёс зүй, аюулгүй байдлыг чухалчлах бодлого баримталж эхэлсэн байдаг.
Норвег хиймэл оюуныг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ой модны хяналт, загас агнуурын менежмент зэрэгт дүн шинжилгээ хийх, AI-д суурилсан ухаалаг эрчим хүчний сүлжээ (smart grid) хөгжүүлж, салхин болон нарны цахилгаан станцуудын үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн тус улс батлан хамгаалах салбартаа хиймэл оюун ашиглах бодлого баримталж, НАТО-гийн хүрээнд “AI-driven” (хиймэл оюунд түшиглэсэн) аюулгүй байдлын судалгаанд идэвхтэй оролцож буй.
Арабын ертөнцөд
Катар
Катар улс хиймэл оюуныг эдийн засгийн шинэ боломж болон улс орны хөгжлийн гол хөдөлгүүр гэж үзэж, стратегийн түвшинд өргөн хүрээнд хөгжүүлж байна. 2019 онд тус улсын Засгийн газар “Үндэсний Хиймэл Оюуны Стратеги”-аа баталж, эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн технологи (FinTech) зэрэг салбарт AI-ийг түлхүү ашиглахаар төлөвлөжээ.
AI хөгжүүлэлтийн хүрээнд Катар улс AI дата төвүүд байгуулах зорилгоор NVIDIA зэрэг технологийн компаниудтай хамтран ажиллаж байна. Мөн түүнчлэн ухаалаг хотын (smart city) төслүүдэд хиймэл оюуныг ашиглан замын хөдөлгөөн, нийтийн үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлт зэргийг улам илүү оновчтой болгох зорилготой байгаан зэрэгцээ, Катарын Төв Банк AI-ийг санхүүгийн салбарт аюулгүй, хариуцлагатай нэвтрүүлэх тусгай удирдамж гаргаад буй.
2024 оны байдлаар Катар хиймэл оюуны хөгжүүлэлтэд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаж, Арабын бүс нутагтаа AI судалгаа, хөгжүүлэлтийн тэргүүлэх төв болох зорилго тавиад байна.
Африк тивд
Зааны ясан эрэг (Côte d’Ivoire)
Африк тивийн хиймэл оюуны хөгжлийг тэргүүлэх зорилготой улс орнуудын нэг нь Зааны ясан эрэг юм. Тус улсын Засгийн газар дижитал шилжилт, боловсрол, “AI-driven” бизнесүүдийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж. 2023 онд тус улсын Засгийн газар “Үндэсний Дижитал Стратеги 2025”-ыг баталж, хиймэл оюуныг боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн технологи зэрэг салбарт өргөнөөр нэвтрүүлэхээ зарласан.
Тус стратегийн хүрээнд боловсролын байгууллагуудад хиймэл оюун болон код бичих сургалтууд нэмэгдэж, “AI-driven” гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор Африк дахь хиймэл оюун хөгжүүлэгч компаниудад тусгай хөрөнгө оруулалтын сан байгуулсан. Мөн түүнчлэн AI ашиглан засгийн газрын үйлчилгээг автоматжуулах, өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байна.
Хиймэл оюун бидний амьдралыг өөрчлөх нь гарцаагүй ч, түүнийг хэрхэн ашиглах, хянах нь хүн бүрийн, улс орон бүрийн сонголт. Хиймэл оюун нь хязгааргүй боломжийг нээж байгаа ч, үүнийг даган гарах эрсдэл, зохицуулалтын асуудал улс орон бүрт өөр өөрөөр тулгарч байгаа нь анхаарал татахуйц. Бид ч гэсэн бодолтой л байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

