Өнөө үед хиймэл оюун тодорхой салбарын л хэрэгсэл, шинжлэх ухааны төсөл байхаа нэгэнт больсноор тогтохгүй бидний ажил амьдралын эд эс бүхэнд нэвтрэн орж ирж байна.
2022 онд анх ChatGPT олон нийтэд хүрснээр “хиймэл оюуны дайн” бүрэн утгаараа эхэлсэн гэж үзэж болно. Microsoft-той нийлж зах зээлд хүч түрэн орж ирсэн энэ нүүдэл Google, Meta, Apple зэрэг топ тоглогчдод гэнэтийн бэлэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэр цагаас хойш нөхцөл байдал, өрсөлдөөн улам ширүүсэж, бараг өдөр бүр шинэ мэдээ, шинэ модель, шинэ хэрэгслүүдийн тухай мэдээ гарсаар байна.
Технологийн ертөнцийн дэвжээн дээрх лидерүүдийн хурд, гигантуудын ноёрхол, Хятадын битүү морьд, стартапуудын сэргэлт зэрэг олон фронтоор хиймэл оюуны өрсөлдөөн ширүүхэн үргэлжилсээр буй бөгөөд тэдний хэн нь аль чиглэлд давамгайлж, ямар шинэ санаа, бүтээгдэхүүн гаргасан талаар бид уг нийтлэлээрээ багцлан танилцуулъя.
Нэг: Лидерүүд
OpenAI: AI агент ба IMO-ийн алт
Хиймэл оюуны ажиллах чадвар чатботоос хальж компьютерын мауз, кэйбордыг удирдаж чаддаг болж байна. Үүнийг нь AI Agent буюу хиймэл оюуны агент гэж тодорхойлж байна. Хэдхэн хоногийн өмнө ChatGPT-ийг бүтээгч OpenAI өөрсдийн агентын горимоо хэрэглэгчдэд нээлттэй болголоо. Хэрэглэгчид тус горимыг идэвхжүүлснээр ChatGPT-ийг ашиглан интернэт дээрээс хүссэн үйлдлүүдээ хийлгүүлж болох юм.
Жишээ нь, ChatGPT-гээс ойрын өдрүүдэд болох арга хэмжээний талаар асуухад дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэгтгэж харуулахаас гадна тасалбарыг нь хүртэл захиалж чадна. Үүнээс гадна онлайн худалдаа хийх, мөн хүссэн мэдээллийнхээ дагуу слайд, танилцуулга бэлдүүлэх боломжтой.
Үүнээс гадна, ChatGPT Олон улсын математикийн олимпиадаас (IMO) алтан медаль хүртэх түвшинд ирж дахин нэг удаа дэлхий нийтийг алмайрууллаа. OpenAI-ийн “боддог” хиймэл оюуны загвар ямар ч хүний туслалцаагүйгээр IMO-ийн зургаан бодлогын тавыг нь бодож чаджээ. Сонирхуулахад ганцхан жилийн өмнө тус олимпиадын бодлогыг хиймэл оюунаар бодуулах 10 сая долларын шагналын сантай уралдаан зарлагдаж байсан билээ.
Одоо харин дэлхий нийт OpenAI-аас GPT 5 загварыг хүлээж байна. Тэд өдгөө 300 тэрбум долларын үнэлгээнд хүрч, хамгийн өндөр үнэлгээтэй хоёрдох стартап болж SpaceX-ийн араас бичигдэж байна.

Код бичилтийн мастер Anthropic Claude 4.0
OpenAI-ийн хуучин инженерүүдийн үүсгэн байгуулсан Anthropic стартап ChatGPT-гийн дараахан тодорсон тод одуудын нэг билээ. Тэдний танилцуулсан хамгийн сүүлийн Claude 4.0 загвар нь код бичих чадвараараа тэргүүлж байна. Тус загварын код бичих чадвар нь 72,7 хувийн гүйцэтгэл үзүүлжээ.
Код бичих чадвараас гадна уг загварыг хиймэл оюуны агентын системийг ажлуулах “шинэ стандарт” гэж үзэж буй нь огт санамсаргүй хэрэг биш. Учир нь контекстийн урт нь нэг сая токен болон шинэчлэгдэж Дайн ба энх романтай тэнцэхүйц хэмжээнд иржээ.
Мөн сонирхуулахад, тус стартапын CEO Дарио Амодей хиймэл оюуны тусламжтайгаар 2026 онд нэг хүний юникорн стартап төрөх магадлалтай гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг татав. OpenAI-ийн гол өрсөлдөгч гэгддэг тэдний гол хөрөнгө оруулагч нь Amazon билээ.
Perplexity: AI-д суурилсан хайлтын систем
ChatGPT-ийг анх гарсан даруйд хүмүүс хайлтын гигант Google-тэй харьцуулж эхэлсэн билээ. Тэгвэл жинхэнэ утгаар нь хиймэл оюунд суурилсан хайлтын системийг эринийг эхлүүлэгч нь Perplexity стартап юм.
Тэд хамгийн сүүлд Comet нэртэй хиймэл оюунд суурилсан веб хөтчөө танилцуулаад байна. Уг веб хөтчийн баруун хэсэгт AI туслах байх ба хэрэглэгчийн бүх төрлийн асуултад хариулдаг байх юм. Мөн урт бичвэрийг товчлохоос гадна видео бичлэг дээрх ярианы агуулгыг хураангуйлах чадвартай. Үүнээс гадна мэйл бичих, календарь хөтлөх, ажлаа төлөвлөх зэрэг ажлуудыг илүү хялбар болгожээ.
Microsoft, Nvidia, Softbank, Jeff Bezos зэрэг технологийн салбарын нөлөө бүхий тоглогчдоос хөрөнгө оруулалт татаж чадсан тэд хамгийн сүүлд 18 тэрбум долларын үнэлгээтэйгээр 100 сая долларын хөрөнгө оруулалт татаад байна.
Хоёр: Гигантууд
Google Gemini
Одоогийн хиймэл оюуны тренд OpenAI-аас биш Google-ээс эхлэлтэй. Тус компанийн хиймэл оюуны судалгааны баг 2017 онд “Attention is All you need” нэртэй шинжлэх ухааны өгүүллэг нийтэлж женеретив хиймэл оюуны загварыг сургах үндсэн аргачлалыг тунхаглаж байсан түүхтэй.
Харин одоо тэд Gemini нэрийн дор хамгийн хүчирхэг хиймэл оюуны загваруудаа хөгжүүлж байгаа билээ. Тус компани тавдугаар сард болсон I/O арга хэмжээн дээрээ 100 технологийн шинэчлэлт танилцуулсны ихэнх нь Gemini-тай холбоотой байв. Gemini-ийн хамгийн сүүлийн онцлох шинэчлэлтүүдээс дурдвал:
- Gemini 2.5 Pro-хамгийн сүүлийн хүчирхэг загвар нь бөгөөд ChatGPT-гийн гол өрсөлдөгч.
- Samsung-ийн долоодугаар үеийн нугардаг дэлгэцтэй утаснуудад Gemini 2.5 Pro загвар анхлан нэвтрэхээр боллоо. Мөн Watch 8 анхны Gemini-г ашиглах боломжтой ухаалаг цаг болов. Ингэснээр AI хэрэглэгчдэд улам ойртлоо.
- VEO 3: Текстээс видео бичлэг үүсгэх чадвартай загвар. Яг одоо интернэтэд тренд болж буй ихэнх AI бичлэгүүд үүнийг ашиглан бүтээж байгаа.
- Project Astra: Камерын тусламжтайгаар хүрээлэн буй орчныг таних, тэнд нь юу болж байгааг тайлбарлах чадвартай.
- Deep Think: Gemini 2.5 Pro загварт reasoning буюу “бодох” чадварыг уг нэрээр нэвтрүүлээд байна.
- AI mode: Хиймэл оюунд суурилсан хайлтын систем.
Сонирхолтой нь, Google-ийн хиймэл оюуны судалгааны Deep Mind баг ч мөн адил IMO-ийн бодлогуудыг хиймэл оюун ашиглан бодсон гэдэг шуум байна. Үүнээс үзэхэд OpenAI, Google хоёр нэгнийхээ том мэдэгдлийн дараа нөгөөх нь хариу барьдаг зүй тогтол үргэлжилсээр буй гэлтэй.
OpenAI саяхан хиймэл оюун ашиглан код бичих платформ хөгжүүлэгч Windsurf-ийг 3 тэрбум доллароор худалдан авах гэж байсан ч Google дундаар нь орж хэлэлцээ бүтэлгүйтээд буй. Google тус стартаптай 2,4 тэрбум долларын лицензийн гэрээ байгуулж CEO-г нь багтаа элсүүлжээ.
Эцэст нь хэлэхэд, Google уур амьсгалын өөрчлөлт, уургийн бүтцийг таамаглах, шинэ эм бүтээх, жолоочгүй машин зэрэг бусад том салбарт хиймэл оюуны шандсыг сорьж буй.
Meta: М.Цукербергийн “Мөрөөдлийн баг”
Цахиурын хөндийд хиймэл оюуны судлаачид мэргэжлийн топ лигүүдийн супер од тамирчны хэмжээнд үнэлэгдэх боллоо. Тэдний цалин, бонус хэдхэн жилийн дотор хэдэн зуун сая долларыг давах болсон нь технологийн гигантууд асар том өөрчлөлт тун дөхсөнийг мэдэрч эхэлсэн үү гэлтэй.
Сошиал медиа гигант Meta сүүлийн саруудад санаачилгыг гартаа авч өрсөлдөгч нарынхаа топ судлаачдыг агнаж эхлэв. Хамгийн түрүүнд Scale AI стартапад 14,3 тэрбум долларын хөрөнгө оруулж CEO Александр Вангийг нь багтаа нэгтгэж, супер баг бүрдүүлэх амбицаа ил болгов. Тэд “Meta Superintelligence Unit” нэртэй нэгжийн дор хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтээ нэгтгэхээр болсон юм.
Тус багийн 11 гишүүнийг зарласан бөгөөд үүний найм нь OpenAI-ийнх байсан нь бүр ч олон хүний анхаарлыг татав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө OpenAI-ийн CEO Сэм Алтман, “Meta-гаас манай зарим судлаачдад 100 сая долларын санал ирсэн. Гэхдээ хэн нь ч зөвшөөрөөгүй” гэж байсан юм.
Эдгээрээс гадна, Github-ийн CEO асан Н.Фридманыг нэгтгэж чадсан нь супер баг бүрдсэнийг тунхаглах хангалттай шалтгаан боллоо.
Meta-гийн Цахиурын хөндийн топ талентуудыг агнах ажил үүгээр ч дууссангүй. Хэдхэн хоногийн өмнө Apple-ийн хоёр экспертийг 200 сая доллароор багтаа нэгтгэв.
М.Цукербергийн уг түрэмгий ажилд авах тактик хөрөнгө оруулагчдад ч итгэл төрүүлж Meta-гийн хувьцааны ханш нь рекорд эвдэж, зах зээлийн үнэлгээ нь 1,87 их наяд долларт хүрэв.
Тус компани топ талентуудыг урвуулахаас гадна, дэд бүтцэд ч анхаарлаа хандуулж байгаа. Тэд энэ жил дата төв, AI дэд бүтэц байгуулахад 65 тэрбум доллар зарцуулахаа зарласан билээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө тус компани метаверс бүтээх амбицаа зарлаж нэрээ Facebook-ээс Meta болгон өөрчилж байсан билээ. Гэвч виртуал ертөнц бодит болохоос өмнө технологийн дараагийн тренд дэлхийг хэрээд байна. Meta ч мөн өмнөхтэйгөө ижил өрсөлдөгч нараасаа өрсөж түрүүлж том алхам хийлээ.
Microsoft: Copilot-той Windows ба Office-ийн хувьсгал
Microsoft нь OpenAI-ийн хамгийн том стратегийн түнш хэвээр байгаа ч тэдний хамтралд хагарал үүсэж эхэлсэн талаарх мэдээллүүд цацагдаж эхлээд буй.
Тэдний гол AI бүтээгдэхүүн бол Copilot. Уг бүтээгдэхүүн GPT-ийн хамгийн сүүлийн загвараар үргэлж шинэчлэгдэж байдаг. Copilot систем Windows, Office, Teams, Github зэрэг бүх үйлчилгээтэй нэгдсэн нь хэрэглэгчдэд хиймэл оюуны цар хүрээг улам тэлэхэд хүргэсэн билээ.
Copilot хамгийн сүүлд дэлгэцэн дээрх бүх үйлдлүүдийг ойлгож, хэрэглэгчийн хийж байгаа зүйлд шууд зөвлөгөө өгдөг болж шинэчлэгдлээ. Өөрөөр хэлбэл, жишээ нь тоглоом тоглож байх үед үеүдээ яаж давахыг чинь AI зааж өгдөг болно гэсэн үг.
Хэдхэн хоногийн өмнө Сан Франциско хотын захирагч Даниел Луриe захиргааны 30 мянган ажилтанд Copilot-ийг ажилдаа ашиглах шийдвэр гаргаснаа зарлав. Тэд хотын 311 үйлчилгээнд ашиглах аж.
Тус компани хөгжүүлэгчдэд зориулсан Builds арга хэмжээн дээрээ веб хуудас болгон төсөр өртгөөр хиймэл оюуны агентыг нэвтрүүлэхэд анхаарна гэдгээ зарлаад байна.
xAI: Бенчмаркийг бут ниргэв
Хэдхэн хоногийн өмнө Grok 4 загвар танилцуулагдаж бенчмаркийн үзүүлэлтээр өрсөлдөгч нараа ардаа орхив. И.Маскийн үүсгэн байгуулсан xAI стартап тус загварыг хөгжүүлж буй. Уг загварыг И.Маск “Академик асуултуудад Ph.D түвшний мэргэжилтнүүд илүү хариулж чадна” гэж тодорхойлсон нь санамсаргүй хэрэг биш.
Учир нь алдартай бенчмарк үзүүлэлтүүд дээр ChatGPT, Claude, Gemini-ийн хамгийн сүүлийн загваруудаас илүү гарч чаджээ. Хамгийн хүчирхэг хувилбар нь болох Grok 4 Heavy нь ерөнхий асуулт хариултуудад 88,9 хувь, дунд сургуулийн математикийн шалгалтад 100 хувь, урт код бичихэд 79,4 хувийн гүйцэтгэл үзүүлсэн байна.
Adobe: Бүтээлч салбарт AI
Бүтээлч салбарын хамгийн том экосистемийн эзэн Adobe хиймэл оюуныг программууддаа нэг нэгээр нэмсээр байгаа билээ. Хиймэл оюуны тусламжтайгаар Photoshop зураг засварлах, Premiere Pro бичлэг эвлүүлгийн (video editing) чадвараа ахиулсаар буй.
Хамгийн сүүлийн шинэчлэлтээр промпт бичээд л хүссэн дууны эффектээ өөрөө үүсгэх, өөрийн аватар бүтээж контентдоо ашиглах боломжтой болгожээ. Мөн хөдөлгөөнтэй бичлэгийн чанарыг сайжруулах, зураг хөдөлгөх зэрэг функцүүд нэмэгдсэн байна.
Гурав: Хятадын битүү морьд
Kimi
Хятадын технологийн тоглогчид хиймэл оюунд ч мөн адил хямд үнийг давуу талаа болгон өрсөлдөж байна. Өнгөрсөн баасан гарагт Alibaba-гийн хөрөнгө оруулалттай Moonshot стартап Kimi K2 загвараа танилцууллаа. Kimi K2 нь нээлттэй эхийн загвар бөгөөд код бичих чадвар нь GPT 4.1, Claude Opus 4-тэй ижил түвшинд иржээ. Гол давуу тал нь AI ашиглан код бичих чадварыг илүү хямд болгож буйд байгаа юм. Оролтын нэг сая токен 15 цент бол гаралтынх нь 2,5 доллар аж.
DeepSeek
2025 он эхлэхэд Цахиурын хөндийг DeepSeek чамгүй сандаргаад амжсан билээ. Тэд ChatGPT-тэй эн зэрэгцэх хиймэл оюуны загвар ердөө 6 сая долларын зардлаар сургаж чадсанаас гадна “open source” байсан юм. Тэдний хамгийн сүүлийн R1 загвар нь тунгаан бодох чадвартайгаас гадна хэрэглэгчид ашиглах үнэ төлбөргүй гэдгээрээ маш том давуу талтай.
Manus, QwQ
DeepSeek-ийн давлагааны дараахан ерөнхий мулти агентын системийн нэвтрүүлсэн бүтээгдэхүүнтэйгээр Manus AI стартап олон нийтэд танигдав. Тэд одоогийн байдлаар хамгийн сайн ажиллагаатай агентын системүүдийн нэгийг бүтээгээд байгаа юм. Уг системийг бүрэн ашиглахын тулд сарын 499 доллар төлөх шаардлагатай.
Мөн Хятадын технологийн гигантуудын нэг Alibaba компани QwQ нэрийн дор өөрсдийн хиймэл оюуны загваруудаа хөгжүүлж буй. Тэдний Apple-тай хамтарч магадгүй гэсэн мэдээлэл нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байна.
Дөрөв: Стартапууд
Cursor, Windsurf
Хэдхэн жилийн дараа хиймэл оюун кодын ихэнхийг нь бичдэг болох аж. Одоо ихэнх том компаниудын нийт кодын 20-30 хувийг AI бичиж буй. Энэ салбарын шинэхэн одууд бол Cursor болон Winsurf юм. Уг платформуудын тусламжтайгаар хөгжүүлэгчид илүү хурдан код бичихээс гадна, код мэдэхгүй хүн ч програм, апп хийх боломжтой болж байна. Үүнийг технологийн салбарын Vibe coding гэж нэрийдэж буй.
Runway
AI-аар бүтээсэн зураг, бичлэг яг одоо сошиал орчинд жинхэнэ тренд болж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлдэг маш олон стартапуудаас Runaway-ийг онцолж байна. Тэд Hollywood-ийн томоохон студиүдтэй гэрээ байгуулж, AI ашигласан кино бүтээх төслүүдийг санхүүжүүлэхээр болжээ. Нэг ёсондоо сошиал контент биш кино урлагт хүч үзэхээр зэхэж буй. Тус стартап саяхан дүр бүтээх, бодит орчин бүрдүүлэх, Gen 4 загвараа танилцуулаад байна.
Hugging Face
Тус стартап саяхан анхны Reachy Mini нэртэй робот бүтээгдэхүүнээ танилцуулаад байна. Гэрийн бүх гишүүдийн үнэнч нөхөр байхаар хөгжүүлэгдсэн уг робот код бичих, шинэ зүйл сурах, хоол хийх гээд маш олон зүйл дээр сайн хамтрагч байж чадах гэнэ. Тус робот энэ зунаас эхлэн худалдаанд гарах бөгөөд 449 доллароос эхлэн борлуулагдах аж.
Mistral AI
AI-ийн давалгаанд Европын цөөхөн хэдэн тоглогчдын нэг сонсогдож буйн нэг нь тэд. Тус стартап нээлттэй эхний Voxtral нэртэй загвараа танилцуулаад байна. Энэ нь 30-40 минут хүртэлх аудиог текст рүү хөрвүүлэх чадвартай. Мөн API-ийг нь ашиглан команд өгөх, аудио контент хийх, агуулгыг нь хураангуйлах зэрэгт ашиглах боломжтой гэнэ.
Inflection AI, Scale AI, Character AI
Inflection AI, Scale AI, Character AI зэрэг бусад стартапууд нь аль хэдийн Microsoft, Google зэрэг аварга компаниудаас хөрөнгө оруулалт татаж чадсан байна.
Тодруулбал, Inflection AI хувийн хиймэл оюунт туслахын чиглэлээр, Scale AI дата боловсруулалт, хиймэл оюуны загваруудыг сургах чиглэлээр, харин Character AI “чатлах” боломжтой, тоглоом, энтертайнмент салбарт хиймэл оюунт дүр бүтээх талбарт хөл тавьжээ.

Сэтгэгдэл бичих

