Өдөр бүр олон цагийг компьютерын ард өнгөрүүлдэг дизайнер, контент бүтээгч, оффисын ажилтнуудын хувьд ажлаа илүү үр бүтээмжтэй, хурдан хийхэд нэмэлт дэлгэц чухал үүрэгтэй байдаг билээ. Ялангуяа Mac болон MacBook хэрэглэгчдийн хувьд төхөөрөмжийнхөө дүрслэлийн чанар, өнгөний нарийвчлалыг бүрэн ашиглахад тохирох дэлгэц сонгох нь чухал.
Тэгвэл BenQ компаниас Mac болон MacBook хэрэглэгчдэдээ зориулан өдөр тутмын ажлыг нь илүү хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх MA Series-ийн зургаан загвараа наймдугаар сарын 20-нд Монголын зах зээлд танилцууллаа. Эдгээр нь 4K болон 5K нягтралтай, Nano Matte болон Nano Gloss дэлгэцийн сонголттой, 120Гц сэргээх хурд болон Thunderbolt 4 холболт зэрэг үзүүлэлтээрээ онцлог юм.
ШИНЭЭР ТАНИЛЦУУЛАГДСАН 6 ЗАГВАР + ТАНД АЛЬ НЬ ТОХИРОХ ВЭ?

MA270U, MA320U
Эдгээр загвар нь 4K нягтралтай, Nano Matte дэлгэцтэй бөгөөд өдөр тутмын ажил болон бүтээлч хэрэглээнд тохиромжтой. Түүнчлэн USB-C-ээр дамжуулан 90Вт хүртэл цэнэглэх боломжтой.
MA270UP, MA320UP
Харин энэхүү загварууд нь 4K нягтралтай, Nano Gloss дэлгэцийн гадаргуутай. Өнгө, дүрсийг илүү тод, гялалзсан дүрслэл сонирхдог хэрэглэгчдэд тохирно.
MA270S
5K нягтрал, 218 ppi болон 99% P3 өнгөний хамрах хүрээтэй учраас дизайн, гэрэл зураг болон өнгө, дүрсний нарийвчлал шаарддаг визуал контенттой ажилладаг мэргэжлийн хэрэглэгчдэд илүү тохиромжтой.
MA320UG
Харин видео болон мультимедиа контент бүтээдэг хэрэглэгчдэд MA320UG загвар тохирно. Тус загвар нь 4K нягтрал, 120Гц сэргээх хурд болон 98% P3 өнгөний хамрах хүрээг хослуулсан гэдгээрээ онцлог.

"Сүүлийн жилүүдэд Монголд Mac болон Macbook хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Эдгээр хэрэглэгчид маань Macbook-ээ нэмэлт дэлгэцтэй холбон ажиллах нь их. Гэвч MacBook-ийг нэмэлт дэлгэцтэйгээ холбоход адаптер хэрэг болох, өнгөний ялгаа гарах, дэлгэцийн гэрэлтүүлгийг тусад нь тохируулах зэрэг асуудал тулгардаг. Харин BenQ-ийн шинээр танилцуулж буй MA Series нь MacBook-тэй шууд холбогдон ажилладаг тул дээрх асуудлыг бүрэн шийдсэн хэмээн хэлж болно.
Түүнчлэн загварын хувьд MacBook-тэй зохицох минимал, цэвэрхэн хийцтэй. Нэг Type-C буюу Thunderbolt кабелиар дэлгэцээ MacBook-тэй холбоод цэнэглэх, мэдээлэл дамжуулах болон дэлгэцээ ашиглах боломжтой тул олон кабель ашиглах шаардлагагүй."
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

1. Нэг кабелиар холбогдоно
MA270U болон MA320U нь 4K UHD нягтралтай бөгөөд Mac төхөөрөмжийн дүрслэлтэй нийцүүлэхээр тохируулсан Mac-tuned Color Matching технологийг ашигладаг. Мөн USB-C холболтоор 90Вт хүртэлх Power Delivery дэмждэг тул MacBook-ийг нэг кабелиар дэлгэцтэй холбож, цэнэглэх боломжтой.
Ингэснээр олон кабель ашиглах шаардлагагүй болж, ажлын ширээгээ илүү цэгцтэй байлгахад туслах юм. Ялангуяа MacBook-ээ гэр болон оффист ээлжлэн ашигладаг хэрэглэгчдийн хувьд нэг кабелиар дэлгэцдээ холбоод, нэмэлт холболт хийхгүйгээр ажлаа үргэлжлүүлэх боломжийг олгож буй.
2. Mac-аасаа дэлгэцээ удирдана
MA Series нь хэрэглээг илүү хялбар, ойлгомжтой болгох Display Pilot 2 программтай. Ингэснээр Mac-аасаа дэлгэцийн гэрэлтүүлэг, дууны түвшин зэрэг тохиргоог шууд өөрчлөх боломжтой. Мөн мониторын тохиргоог дэлгэц дээрх физик товчлуураар хийхээс гадна Mac-ийн ажлын орчноос шууд удирдах боломж бүрдэж байгаа юм.

3. Илүү тод дүрслэл, илүү олон боломж
Нээлтийн үеэр танилцуулсан загваруудаас MA270S нь 27 инчийн 5K буюу 5120 × 2880 нягтрал, 218 ppi пикселийн нягтралтай гэдгээрээ онцлог. Энэ нь Mac хэрэглэгчдийн сайн мэдэх өндөр нарийвчлалын 5K дэлгэцийн ангилалд багтах бөгөөд зураг, дизайн, видео зэрэг нарийн деталь шаарддаг ажилд чиглэжээ. Мөн 99% P3 өнгөний хамрах хүрээ, 2000:1 контрастын харьцаатай тул өнгө, дүрсийг илүү нарийн, тод харуулна.
MA270S-ийн хамгийн гол давуу тал нь зөвхөн Apple-ийн төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй, Mac болон Windows төхөөрөмжтэй хамт ашиглах боломжтой гэнэ. Тэрчлэн Thunderbolt 4 болон Smart KVM-ийн тусламжтайгаар олон төхөөрөмжийг нэг дэлгэцэд холбож, ажиллахад илүү хялбар болох юм.
4. 4K ба 120Гц: MA320UG видео бүтээгчдэд
Цувралын өөр нэг онцлох загвар болох MA320UG нь 4K нягтралыг 120Гц сэргээх хурдтай хослуулжээ. Энэ нь хөдөлгөөнт дүрс болон видео контентыг илүү жигд харуулахад чиглэсэн бөгөөд видео бүтээгчид болон мультимедиа чиглэлээр ажилладаг хэрэглэгчдэд тохиромжтой.
Тус загвар нь 98% P3 өнгөний хамрах хүрээ, 2000:1 контрастын харьцаатай. MA270S-ийн нэгэн адил Thunderbolt 4 холболт болон Smart KVM-ийг дэмжих бөгөөд өндөр хурдны холболт, цэнэглэлт, daisy-chain зохион байгуулалт болон олон төхөөрөмжийн хооронд шилжих боломжийг санал болгоно.
ДЭЛГЭЦИЙН ГАДАРГУУ MATTE VS GLOSSY

Нээлтийн үеэр танилцуулсан MA Series-ийн загваруудыг дэлгэцийн гадаргуугаар нь Nano Matte болон Nano Gloss гэсэн хоёр үндсэн сонголтод хувааж болно. MA270U болон MA320U нь Nano Matte дэлгэцтэй бөгөөд 4K UHD нягтрал санал болгоно. Matte гадаргуу нь гаднаас тусах гэрлийг бага ойлгодог учраас цонхны хажууд сууж ажилласан ч дэлгэц гялбах нь бага. Тиймээс гэрэл ихтэй орчинд ажилладаг хүмүүст илүү тохиромжтой. Мөн дэлгэцэд хүрэхэд хурууны хээ гарахгүй, илүү цэвэрхэн байна.
Харин MA270UP болон MA320UP нь Nano Gloss дэлгэцтэй. Gloss дэлгэц нь өнгийг илүү тод, дүрслэл сайтай гаргах давуу талтай.
МОНГОЛД ХЭЗЭЭНЭЭС ХУДАЛДААЛАГДАХ ВЭ?

Нээлтийн үеэр танилцуулсан MA Series-ийн эхний хоёр загвар болох MA270U болон MA320U нь Монголд аль хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд PC Mall-ийн дэлгүүрүүд болон цахим худалдааны сувгаар авах боломжтой.
Харин MA270UP болон MA320UP Nano Gloss загварууд 2026 оны 10-р сард, 5K нягтралтай MA270S болон 120Гц сэргээх хурдтай MA320UG загварууд оны сүүлээр Монголын зах зээлд худалдаанд гарахаар төлөвлөгджээ.



Хэрэв та дэлгэц авахаар төлөвлөж байгаа бол энэ удаагийн танилцуулгад багтсан MA Series-ийн загваруудыг сонирхоод үзээрэй. MacBook-ийн дэлгэцийг томруулж, өдөр тутмын ажлаа илүү тухтай хийх энгийн сонголтоос эхлээд зураг, дизайн, видео зэрэг мэргэжлийн ажилд зориулсан өндөр үзүүлэлттэй загвар хүртэл хэрэглээ бүрд тохирох сонголт тус цувралд багтжээ.
Сэтгэгдэл бичих

