“Роботуудаас өмнөх робот-Автомашин” гэх үг бий. A цэгээс B цэг хооронд зорчиход зориулагдсан,  дөрвөн дугуй, суух тавцангаас өөр зүйлгүй болхи тэргээс эхэлсэн энэхүү аялал орчин цагт жинхэнэ утгаараа робот болон хувьсаж буйг биеэрээ мэдэрч, танилцсанаа та бүхэнтэй энэхүү нийтлэлээр дамжуулан хуваалцаж байна.

Тодруулбал өнгөрөгч гуравдугаар сард Хятадын Цахиурын хөндий гэж нэрлэгддэг Шэньжэнь хотноо BYD группийн Ази, Номхон далайн бүс нутгийн дилерүүдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уг уулзалтад BYD-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч MSM Автомотив-ын мэргэжилтнүүдтэй миний бие хамт оролцох завшаан тохиож, дэлхийн топ автомашины брэндийн хөгжлийг  дэргэдээс нь мэдрэх боломж олдсон юм.

BYD-ийн үүсгэн байгуулагч Ван инженерийн түүхээс

Одоогоос 30 жилийн өмнө, химийн инженер мэргэжилтэй Ван Чуанфу Шэнжень хотод томоохон үйлдвэрийн нэг хэсгийг түрээслэн авч, 20 ажилтантайгаар батарейны жижиг цех нээсэн юм. Тухайн үед Японд үйлдвэрлэгдсэн батарей дэлхийн хамгийн шилдэгт тооцоогддог байсан аж. Арлын улсад үйдвэрлэсэн батарейтай өрсөлдөх түүний шийдэл нь тун сонирхолтой. Тэд бүрэн автоматжсан үйлдвэрийн эсрэг хүн болон тоног төхөөрөмж хосолсон үйлдвэрлэлийн дамжлагыг сөргүүлжээ.


Тухайн үеийн Хятадын ажиллах хүчний зардал харьцангуй бага байсан нь тэдэнд давуу тал болж, удалгүй Японыхтой эн тэнцэхүйц чанартай хэр нь хоёр дахин хямд үнэтэй батарейг үйлдвэрлэж чадсан байна. Ийнхүү 2000 он гэхэд дэлхийн хамгийн том батарей нийлүүлэгч компанийн нэг нь BYD болсон байлаа. Тухайн үед бидний сайн мэдэх Nokia, Motorola, Samsung брэндийн утасны батарейг BYD хийдэг байж. Одоо ч хийсээр буй.


BYD-ийн анхны үйлдвэр болон үүсгэн байгуулагч Ван Чуанфу -ийн ажлын үнэмлэх

Автомашины батарей аккумлятороос хальсан нь

XXI зууны эхний жилүүдэд батарейгаар ажилладаг автомашин бүтээх төслүүд бүтэлгүйтлээр дүүрэн байв. Харин утасны батарей үйлдвэрлэгч BYD 2002 онд жижиг автомашины үйлдвэр худалдан авч, энэ салбарын шинэ тоглогч болохоор сэтгэл шулууджээ. Гэвч эхний жилүүд тийм ч амар байсангүй. Учир нь “Хятад автомашин” гэх ойлголт дэлхийд итгэл төрүүлэхүйц брэндийн нэр хүндийг хараахан олж авч чадаагүй байсан юм.

Харин 2008 онд автомашины салбарын хувь заяаг эргүүлэх хоёр загвар танилцуулагдлаа. Хоёрдугаар сард Tesla анхны бүрэн цахилгаан Roadster загвараа танилцуулж Хойд Америк, Европ тивийг донсолгох нь тэр. Үүнээс 10 сарын дараа Ази тивд BYD дэлхийн анхны цэнэглэдэг цахилгаан автомашиныг /plug in hybrid/ бүтээж чаджээ.

Хамгийн сонирхолтой нь, энэ загвар танилцуулагдахаас ердөө гуравхан сарын өмнө дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулагч Уоррен Баффет-ын удирддаг Berkshire Hathaway компани BYD-ийн 10 хувийн хувьцааг 230 сая доллараар худалдан авчээ. Энэ үйл явдал нь BYD брэндийг дэлхий даяар таниулах онцгой хөшүүрэг болсон юм.


Уоррен Баффет болон Ван Чуанфу хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа

BYD-ийн батарейгаар ажилладаг автомашин бүтээх амбиц БНХАУ-ын Засгийн газрын байгальд ээлтэй, хямд үнэтэй, дотоодод хүртээмжтэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх стратегитэй нийцэж байлаа. Тэр ч утгаараа анхны томоохон худалдан авагч нарын нэг нь Засгийн газар нь байв. Шэньжэнь хот 2010 онд BYD-ын цахилгаан машинаар таксины паркаа бүрэн шинэчлэсэн нь технологийн хот болон цэцэглэж буйн тод илрэл нь байлаа. Тус хотын гудмаар алхаж явахад ихэнх тээврийн хэрэгсэл нь цахилгаан учраас ямар ч чимээгүй, яндангийн утаа үнэртэхгүй байсан нь атаархал төрүүлж байсныг нуух юун.

Өдгөө BYD брэнд үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэгч групп болж, таван брэндийн 100 гаруй загвартай болжээ. Өнгөрсөн онд гэхэд л 4,3 сая автомашин борлуулж, орлого нь анх удаа 100 тэрбум долларыг даваад байна.

BYD группийн түүхээс цухас дурдахад ийм байна. Одоо харин туршилтын жолоодлого хийсэн 20 гаруй загваруудаас гурвыг нь онцлон танилцуулъя.

Газар уснаа явагч Yangwang U8


Та нисдэг автомашин гэж сонсноос хөвдөг автомашин гэж дуулж байсан уу?

BYD группийн тансаг зэрэглэлийн брэнд болох Yangwang-ын U8 загвар усанд 30 минут хүртэл хөвж, 3 км/цагийн хурдтайгаар урагшлах чадвартай. Бидэнд энэхүү загварын усанд хөвөх технологийг турших боломж олдсон юм. Усанд орох үед яг л завинд сууж байгаа мэт мэдрэгдэх бөгөөд дусал ус ч нэвтрэхгүй байгаа нь битүүмжлэл ямар сайтай гэдгийг илтгэж байв. U8 загвар 1,4 метр хүртэлх гүн усанд хөвөх чадвартай.

Гэхдээ энэ горимыг өдөр тутмын хэрэглээнд биш, зөвхөн үер усны аюул, гамшгийн үед ашиглах зориулалттай гэж BYD-ийн инженерүүд анхааруулсан. Хөвөх горимыг ашигласны дараа автомашин заавал засвар, үзлэгт орох шаардлагатай аж. Энэхүү технологи нь SUV загваруудад зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангах шинэ стандартыг тогтоогоод байна.

Зах зээлийн өрсөлдөөний хувьд Mercedes-Benz G-Class, Land Rover Defender-тэй харьцуулагдаж буй. Гэхдээ бусад бартаат замын SUV загваруудаас илүү өндөр хүчин чадалтай, байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй гэдгээрээ ялгарч буй.

Жишээлбэл, Mercedes-Benz G 63 AMG нь 585 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй, 0-100 км/ц хурдыг 4.5 секундэд авдаг бол U8 нь 1200 морины хүчтэй цахилгаан хүчний системээр 3.6 секундэд л энэ хурданд хүрэх чадалтай.



U8 загвар өнгөрсөн онд Женевийн авто үзэсгэлэн дээр анх удаа танилцуулагдсан бөгөөд дизайныг нь Lamborghini, Audi, Alfa Romeo зэрэг брэндүүдэд ажиллаж байсан нэрт дизайнер Wolfgang Egger ерөнхийлөн боловсруулжээ​.

Танк лугаа адил эргэх Denza Z9 GT

BYD группийн өөр нэгэн тансаг зэрэглэлийн брэнд бол Denza. Тэд 2010 онд Mercedes Benz-тэй хамтран дараагийн брэндээ эхлүүлж байсан нь Denza юм. Уг брэндийн загваруудад BYD-ын цахилгаан автомашины технологи, Mercedes Benz-ийн дизайны философи шингэсэн байдгаараа онцлог. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн BYD групп Denza брэндийг 100 хувь эзэмшиж эхлээд буй.



Denza болон Yangwang брэндийн загварууд танк шиг нэг дороо 360 градус эргэж чаддаг нь автомашины маневрлах чадварт цоо шинэ дэвшлийг бий болгоод байна. Энэ нь зөвхөн хүмүүсийн анхаарлыг татаж гоё харагдах гэхээс илүүтэйгээр зогсоолд орох, богино зайнд эргэх үйлдлийг илүү хялбар болгож буй.

Denza Z9 GT-ын хувьд хэдийн автомашин сонирхогчдын сайн мэдэх Mercedes Benz S Class, Porsche-ийн Panamera-тай зах зээл дээр шууд өрсөлдөхүйц хүчирхэг үзүүлэлтүүдийг багтаасан спорт загвар юм. Дизайны хувьд уламжлалт седан (sedan), суудлын спорт хэтчбэк (shooting brake буюу орчин үед estate гэж нэрлэх болсон) хэв магийг хослуулсан, намхан суудал, урт кузовтой. Урд хэсэг нь илүү минималист харагдах бөгөөд гурван нүдтэй LED их гэрэлтэй. Арын хэсэгтээ мөн адил LED их гэрэлтэй бөгөөд хурд авах болон тоормослоход автоматаар өргөгдөж, буух халхавч суурилуулжээ.

Дотор салоны хувьд жолоочийн урд дижитал самбар, голд нь 15.6 инчийн дэлгэц, зорчигийн урд хэсэгт ч мөн нэмэлт дэлгэцээр суурилуулжээ. Бүх толь нь камер, дэлгэцээр тоноглогдсон учир эргэн тойрноо цаг уурын ямар ч нөхцөлд тод харах боломжтой аж. Өнгөний хувьд мөнгөлөг саарал, цагаан, хөх саарал, хар гэсэн 4 өнгөний сонголттой.



бартаат замын аварга загас byd shark 6 


Пикап (pickup) буюу хөнгөн ачааны автомашины зах зээл BYD группийн хувьд шинэ сорилт. Тэд өнгөрсөн жил анх удаа Shark нэрээр анхны пикап загвараа Хятадад биш Мексикийн зах зээл дээр танилцуулсан юм. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш. Хойд Америк тив пикап автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд л АНУ-д 2,9 сая, Мексикт 160 мянган ширхэг пикап зарагджээ.

Бартаат замын автомашинуудад тавигдах гол шаардлага нь хүчин чадлаас гадна орчноо хэр сайн харж байна вэ? гэдэг нь чухал байдаг. Shark 6 загварыг унаж байх үед камерын тусламжтайгаар автомашиныхаа доор юу байгааг хүртэл харах боломжтой гэдэг нь ихэд анхаарал татсан юм. Хэрвээ та өндөр хашлага, чулуу давлаа гэж бодоход хэн нэгнээс хараад өгөөч гэж гуйхгүйгээр дэлгэцээ хараад ямар ч асуудалгүй давчих боломжтой.


Shark 6 жолоодлогын үед камерын харагдах байдал

Хүчин чадлын хувьд 1,5 литрийн турбо, 170 кваттын цахилгаан хөдөлгүүртэй. Нийтдээ 429 морины хүчийг гаргах чадалтай. Энэ нь Ford Ranger Raptor-өөс ч өндөр үзүүлэлт юм. Нэг цэнэглэлтээр 800 км замыг туулах хүчин чадалтай. Эхний 100 км/цаг хүртэлх хурдыг 5,7 секундэд авч чадна.

Мөн өнгөрсөн онд Shark загвар нь Австрали Улсад борлуулалтаараа тэргүүлжээ.

Ташрамд дурдахад , уг загварыг МSM Автомотив Монгол Улсад оруулж ирэхээр өвлийн тест амжилттай хийж дуусаад энэ зунаас худалдаанд гаргах гэж байгааг дуулгахад таатай байна.

Бидний туршиж үзсэн бүх загваруудад хоёр, гуравдугаар түвшний автомат жолоодлогын систем байсныг дурдах зүйтэй байх. Автомат жолоодлогын системийг 0-5 хүртэлх түвшинд ангилдаг. Хоёр болон гуравдугаар түвшинд эгнээ солих, хурд тааруулах, зогсоолд тавих зэрэг үйлдлүүдийг автоматоор гүйцэтгэх чадвартай юм.

BYD Ази, Номхон далайн чуулга уулзалт 2025

Ази тивийн 20 гаруй орны мянга гаруй дилер, 700 компанийн төлөөлөл энэ хавар BYD группийн дилерүүдийн чуулга уулзалтад оролцохоор ийнхүү нэгэн дор цуглалаа. Энэхүү арга хэмжээ нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сингапур, Непал, Малайз, Индонез зэрэг олон улсын зах зээлд BYD хэдийнээ топ 3 автомашины брэндийн нэг болоод буйг харуулсан чухал үйл явдал байв.

Чуулганы үеэр группийн үүсгэн байгуулагч Ван Чуанфу хоёр цагийн турш илтгэл тавьж, өөрсдийн алсын хараа, эрхэм зорилгоо хуваалцсан юм.

“Бид зөвхөн автомашин үйлдвэрлэгч компани биш. Бид бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том тэмцэгч. Бидний хийж буй зүйлсийг ирээдүйд хүүхэд, залуучууд маань хараад баярлах болно.”

Мөн чуулганы үеэр BYD хоёр шинэ технологийг танилцуулсан нь олны анхаарлыг татсан билээ.

1. Super E Platform

BYD-ийн хөгжүүлж буй Super E Platform нь ердөө таван минутын цэнэглэлтээр 400 км хүртэлх зайг туулах боломжтой цахилгаан автомашины супер цэнэглэгч юм. Энэхүү систем нь 1,000 кВт хүртэл цэнэглэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Tesla-ийн хамгийн хурдан V4 супер цэнэглэгчээс хоёр дахин хурдтай гэсэн үг.



2. Автомашины дрон

Нөгөөдөх нь DJI-тай хамтран бүтээж буй автомашины дроны технологи.. Тэд автомашиныг явж байх үед автоматоор дагаж бичлэг хийх чадвартай дроныг сарын өмнө танилцуулаад байгаа. Жолооч идэвхжүүлэх ганцхан товч дарахад дээврийн бүхээг нээгдэж, дрон өөрөө машиныг тойрон бичлэг хийх юм. Тэгэхээр нэг ёсондоо BYD-ийн зарим загварыг худалдан авахад дрон дагалдаж ирдэг болох нь ээ.



BYD сүүлийн жилүүдэд дээр дурдсанчлан автомашины салбарын тоглоомын дүрмийг өөрчлөх технологиуд нэвтрүүлсээр байна. Энэ нь тэдний 110 мянган инженерийнх нь хичээл зүтгэл гэдгийг Ван Чуанфу илтгэлдээ онцолсон юм.

BYD групп энэ оны эхний хоёр долоо хоногт гэхэд л 538 ширхэг патент авчээ. Энэ нь өнгөрсөн оныхоосоо хоёр дахин өссөн дүн бөгөөд нэг өдөрт дунджаар 40-50 патент шинээр авч байгаа гэсэн үг юм.



Эндээс BYD группийн 30 жилийн замналын нууц харагдаж буй. Химийн инженер мэргэжилтэй Ван Чуанфу анхнаасаа судалгаа, хөгжүүлэлтэд гол анхаарлаа хандуулж хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг хямд үнээр зах зээлд нийлүүлэхийг зорьсоор ирж. Түүний мөрөөдөл компанийн нэр шигээ (Build Your Dream) бодит болж, хамгийн том цахилгаан автомашины эзэнт гүрнийг сүндэрлүүлж чаджээ.

BYD x MSM Автомотив

Харин манай улсад BYD хамгийн их борлуулалттай цахилгаан автомашины брэнд болоод байна. 2020 оноос хойш MSM Автомотив албан ёсны эрхтэйгээр шинэ технологиор цэнэглэгдсэн цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй машинуудыг борлуулж байгаа билээ.

Товчхондоо цахилгаан автомашин бол ухаалаг автомашин. Үйлдлийн систем болон засвар оношилгоог зөвхөн компьютерт уншуулж хийдэг болсоноор уламжлалт шаталтат хөдөлгүүртэй бензин, дизел машинуудаас ялгаатай. Яг л ухаалаг утас шиг software автомашины үзүүлэлтийг удирддаг болсон гэсэн үг. Зарим тохиолдолд автомашинаа сольж шинэчлэхгүйгээр, ганцхан програмын шинэчлэлт хийгээд л хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжтой.

Уншигч та хэрэв цахилгаан автомашин сонирхож байгаа бол албан ёсны дилерээс худалдан авахыг санал болгож байна. Энэ нь зөвхөн тухайн брэндийн экспортод зориулсан загварыг авах боломжийг олгохоос гадна баталгаат засвар, үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэгслийг авах баталгаа болох юм.


BYD групптэй танилцсан MSM автомотив болон Tenger TV-ийн багийнхан: Зүүн талаас: Б.Баярманлай, Matthew Metz, С.Төмөр, Б.Ганцацрал.