Жил тутам болдог, хэрэглээний технологийн шилдэг арга хэмжээ CES энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөлөө. Нийт 4500 гаруй үзэсгэлэн, 300 орчим хурал явагдаж, 140 мянга гаруй хүн оролцсон CES 2025-аас манай редакц уламжлал ёсоор 6 технологийг онцолж байна. 


Хиймэл оюун ухаан: RTX 50 серийн GPU

Энэ цагийг эзэгнэж байгаа хиймэл оюун ухааныг тэтгэх шинэ график картууд мэндлэв. Зах зээлийн үнэлгээ нь өдгөө дэлхийд хоёрт бичигдэж буй NVIDIA компани Blackwell технологио ашигласан шинэ GPU танилцуулсан нь GeForce RTX 5090 ($1,999), RTX 5080 ($999), 5070 Ti ($749), 5070 ($549) нар юм. Дээд тал нь 92 тэрбум дамжуулагчтай, секундэд 3,352 их наяд хиймэл оюун ухааны тооцоолол хийх чадамжтай (TOPS), 1.8TB/s санах ойн багтаамж зэргээрээ RTX 50 серийн картууд салбартаа шинэ стандарт тогтоов.

Үүний сацуу тэдний танилцуулсан Cosmos World Foundation Models платформ олны анхаарлыг татав. Энэ бол роботуудыг бодит мэт орчинд сургах боломж бүрдүүлсэн нээлттэй платформ юм. Товчхондоо, хөгжүүлэгчид бүтээсэн роботын системээ уг орчинд сургаж, зардал болон цаг хугацааг хэмнэх боломжтой болж байна. Хиймэл оюун ухаантай роботууд нэмэгдэхийн зэрэгцээ түүнийг сургах бодит ертөнцийн өгөгдлийн хэрэгцээ ихсэж буй энэ үед энэхүү платформ нь роботын хөгжлийг нэг шат ахиулсан чухал үйл явдал боллоо.


Мөн DLSS 4 нэртэй хиймэл оюун ухаан дээр суурилсан ихэсгэгч (upscaling) технологийн ачаар видео тоглоомын нэг дүрслэл (frame) бүрд нэмэлтээр гурван дүрслэл автоматаар үүсгэх боломжтой болов. Ингэснээр тоглоомууд илүү олон дүрслэлтэй болж, fps буюу нэг секундэд үзэгдэх зураглал нэмэгдэн улам бүр бодит болох давуу талтай.


Зөөврийн компьютер: ThinkBook Plus Gen 6

Гар утсанд хэдийн нэвтрээд байгаа нугардаг, эвхэгддэг дэлгэцийн технологи зөөврийн компьютерт нэмэгдлээ. Тодруулбал, 2019 онд үзүүлэнгийн хувилбараа танилцуулж байсан эвхэгддэг дэлгэц Lenovo-гийн ThinkBook Plus Gen 6 компьютероор дамжин хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болжээ.


Нэг товч дараад л үндсэн 14 инчийн дэлгэцийг 16.7 инч болгон томруулах боломжтой. Windows 11 үйлдлийн систем нь энэхүү нэмэлт зайг хоёрдогч дэлгэц хэмээн тооцож олон төрлөөр “тохижуулах” боломж бүрдүүлж буй. Уг компьютерын үнэ нь 3,499 доллар бөгөөд энэ оны эхний улирлаас эхлэн борлуулагдана.


Гар утас: TCL 60 XE

Төрөл бүрийн дэлгэцийн хэрэглээ үлэмж нэмэгдэж буй энэ үед E Ink технологи моодонд оров бололтой. Энэ бол цахим ном уншигчдад нийтлэг байдаг, олон өнгөгүй, бэх мэт харагдах, нүдэнд хамгийн ээлтэй дэлгэцийн технологи билээ. Цахилгаан автомашины хянах самбараас эхлээд зургийн жааз хүртэл энэ технологийг ашигласан байв. Эдгээрийн дундаас TCL-ийн 60 XE гар утсыг онцолж байна.


Ихэнх үзүүлэлтээрээ бусдаас ялгарах зүйлгүй уг ухаалаг утасны ганц товчийг дарахад л дэлгэц нь тэр чигтээ өөрчлөгдөж, яг л Kindle шиг хар цагаан болж хувирна. Ингэснээр нүдэнд таатай байгаад зогсохгүй батарейн зарцуулалт үлэмж багасаж, нэг цэнэглэлтээрээ 7 өдөр ашиглах боломжтой болно. Нүүрний 50MP, арын 32MP камертай, 256GB багтаамжтай, 8GB шуурхай санах ойтой уг утас ердөө 200 долларын үнэтэй.


Ухаалаг туслах: SwitchBot K20+ Pro 

Хүмүүсийн хамгийн түрүүнд роботуудад өгөх хүсэлтэй ажил бол яах аргагүй гэр цэвэрлэх. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд робот тоос сорогчийн эрэлт нэмэгдэж, үүнийг дагаад тус салбарт олон дэвшил гарав. Энэ удаа олны анхаарлыг татсан робот бол олон үйлдэлт SwitchBot K20+ Pro. Зөвхөн тоос сорохоос гадна дээр нь камер байршуулж, харуул мэтээр ашиглах эсвэл агаар цэвэршүүлэгчээ байршуулаад бүх өрөөнийхөө агаарыг шүүх зэрэг олон төрлийн боломжтой.


Мөн гэр ахуйн олон зүйлсийг таньж, шалнаас түүн байх ёстой газарт нь хүргэдэг, робот гартай Roborock Z70-ийг дурдах хэрэгтэй. Робот тоос сорогчдын өмнө тулгардаг томоохон бэрхшээл болох шат давах учрыг олсон Dreame X50 Ultra Complete-ийг ч мөн онцлон дурдъя.


Цахилгаан автомашин: The Honda Zero

Өнгөрсөн жилийн CES-ийн тэргүүн манлайд заларч байсан The Honda Zero загварууд улам бодит болон эргэж ирлээ. The Honda 0 Saloon, Honda 0 SUV гэсэн хоёр хувилбартай уг цахилгаан автомашины загвар нь товчхондоо Honda-гийн төсөөлж буй ирээдүй юм. Тус бүр нь нэг цэнэглэлтээр 500 орчим км зай туулах чадалтай бөгөөд тэднийг 2026 оноос борлуулж эхлэхээр төлөвлөөд буй.


Хажуугийн толь болон арын цонхгүй гэдгээс эхлээд хагас дугуй хэлбэртэй жолоо, жолоочгүй явах горим зэргээр олон шинэ санаачилгууд нь албаны байгууллагуудаас зөвшөөрөл авах хүндхэн даваатай тулах нь ойлгомжтой. Хэдий тийм ч энэ бол үнэхээр л ирээдүйг ойртуулж буй автомашин гарцаагүй мөн.


Тоглоомын төхөөрөмж: Lenovo Legion Go S

Lenovo Legion GO-ийн дараагийн загвар 32GB шуурхай санах ой, 1TB SSD багтаамж, 8 инчийн 120Hz дэлгэцтэй танилцуулагдав. Мөн хамгийн том давуу тал нь SteamOS үйлдлийн систем. Энэ бол видео тоглоомын салбарын тэргүүлэгч Valve-ийн Steam Deck төхөөрөмжийн ард орших хүчирхэг бөгөөд хамгийн тухтай үйлдлийн систем юм. Lenovo-гийн шилдэг төхөөрөмж, Steam-ийн шилдэг системтэй нэгдсэн хоршлыг бид тун удахгүй харна гэсэн үг. Одоогоор Lenovo Legion Go S-ийн Windows 11 үйлдлийн системтэй хувилбар нь 729 доллароор худалдаалагдаж байна.

Дараа жилийн CES-ээр уулзацгаая