Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 58 дахь дугаарын А8-А9 нүүрэнд анхлан байршсан ба уншигч таны гарт ийнхүү цахимаар хүрч байна. 

Монголчууд бид цөөхүүлээ ч интернэт сүлжээ, ухаалаг утасны хэрэглээ өндөр, нэмээд угийн олон зүйлийг сонирхож үздэг, шинэ эгэлд дасан зохицохдоо гарамгай билээ. Энэ онцлог маань биднийг технологийн элдэв дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжид хөтөлдөг. Гэхдээ зарим талаар аливаа инновацыг зүгээр л сонирхож үзэх төдийхнөөр хязгаарлагдах гээд байдаг сул талтай. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшлийн сонирхогч, хэрэглэгч л байж чаддагаас голлох тоглогч болж, тоглоомын дүрэмд нөлөөлж чаддаггүй нь нууц биш. 

Жишээ нь, бид хиймэл оюуныг өдөр тутамдаа ашиглаж, зураг хөргөө элдэв янзаар үүсгэж, шалгалт шүүлгэндээ туслуулж байгаа ч хиймэл оюун хөгжүүлэх, цаашлаад улсаараа энэ давлагаанаас ямар ашиг хүртэх вэ гэдэг дээр баримжаагүй хэвээр. Өөр нэг жишээ гэвэл мэдээж Крипто. Ковидын дараагаас борооны дараах мөөг мэт олон койн бий болж, хэдэн тэрбум төгрөгийг хөөсрүүлэн босгосон ч эцэстээ ихэнх нь хагараад дууссан. Хэрэглэгч бидний хувьд ч криптовалютыг богино хугацаанд ашиг хийх хэрэгсэл төдийхнөөр харсан нь үнэн. 

Гэтэл дэлхий дахин энэ технологийг ашиглан дараагийн шатандаа гарч байна. Крипто салбарыг зөвөөр ойлгоход туслах үүднээс энэ оны онцлох 25 үйл явдлыг товчлон хүргэе.

1. Таазаа сэтэлсэн Биткойн

Өнгөрсөн оны 12-р сард Bitcoin-ий ханш хүсэн хүлээсэн 100,000 доллар хэмээх өндөр босгыг давав. Хүршгүй мэт таазаа сэтэлсэн энэ түүхэн үйл явдалд 2024 оны хавар тохиосон Bitcoin-ий дөрөв дэх удаагийн хагасрал, өвөл нь тохиосон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.

Зургийг: Knowledge at Wharton - University of Pennsylvania

2. Европын Холбоо нэг талдаа гарав

2025 онд Европын Холбоо MiCA (Markets in Crypto-Assets Regulation) хуулиа бүрэн хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хууль нь тус холбооны бүх оронд крипто зах зээлийг нэг стандарттай болгосон билээ.

Зургийг: Paperjam

3. Трампын койн пуужиндав

Ерөнхийлөгчийн албаа албан ёсоор хүлээж авахаас гурван хоногийн өмнө Трамп $TRUMP нэртэй, Солана блокчэйнд суурилсан койн гаргав. Нийт тэрбум ширхэгтэй уг койны 80 хувийг Трамптай холбоотой байгууллагууд эзэмшиж, 20 хувийг нь олон нийтэд нээлттэй ICO байдлаар түгээсэн юм. Эхний өдрөө л үнэ нь хэд дахин нугарч, зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум долларыг давсан уг койны өнөөдрийн ханш 7.8 доллар байна.

Зургийг: MarketWatch

4. АНУ цахим валют гаргахгүй

Трампын албаа аваад хэдхэн хоногийн дараа 14178 тоот захирамжаараа АНУ-ын Төв банкыг цахим мөнгө гаргахыг хориглосон. Нэг талаас харвал энэ нь криптогийн хөгжлийг хориглож байгаа мэт харагдах ч үнэн хэрэгтээ энэ салбарыг төртэй хутгахгүй, технологи инновацын шийдлүүд төрөөс хамааралгүй өөрсдийн жамаар хөгжихийг дэмжиж буй үйлдэл юм.

Зургийг: Harvard Law School - Harvard University

5. Эрх чөлөөний койн бүтэлгүйтэв

Трампын койны дараахан Аргентины Ерөнхийлөгч Хавьер Майлей “эрх чөлөөний төлөөх” $LIBRA койныг дэмжсэн пост оруулав. Ингээд тус койны ханш хэдхэн минутын дотор 0.000001 доллароос 5.20 хүртэл ниссэн ч хэдхэн цагийн дараа огцом унасан билээ. Энэхүү үйл явдал криптогийн өндөр савлагаа, эрсдэлтэй талыг эргэн сануулсан юм.

Зургийг: NFT Evening

6. Пакистанчууд пуужинд суухыг хүсэв

2025 оны 1-р сард Пакистаны Крипто Зөвлөл байгуулагдаж, улсын хэмжээнд блокчэйн ба дижитал хөрөнгийн бодлого боловсруулах, зөвлөх үүрэгтэй байгууллага болов. Өдгөө тус зөвлөл нь криптовалютын зохицуулалт, бирж болон дижитал хэтэвчний үйлчилгээ эрхлэгчдэд олгох тусгай зөвшөөрөл, мөн блокчэйн суурьтай шилжүүлэг, токенжуулсан алт ба эрчим хүчний төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Зургийг: Followin

7. Хойд солонгосчууд хакердав уу?

2025 оны 2-р сарын 27-нд ByBit крипто бирж хакердуулж, ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө алдав. АНУ-ын FBI-ийн мөрдөн шалгалтаар энэхүү халдлагыг Хойд Солонгосын хакеруудтай холбож буй.

Зургийг: DL News

8. Биткойны хамгийн том худалдан авагч АНУ болов

Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ-ын Стратегийн Биткойн Нөөц” байгуулах тухай захирамжид гарын үсэг зурлаа. Энэ шийдвэрээр төрийн байгууллагуудын хураагдсан крипто хөрөнгийг нэгтгэн, улсын хэмжээнд бие даасан дижитал нөөц бий болгох юм. Өдгөө 198,000 BTC-той АНУ хамгийн их биткойнтой улсын жагсаалтыг тэргүүлж байна.

Зургийг: Forbes

9. ETH-ийн ээлж ирэв

2025 оны 4-р сард Ethereum (ETH)-ийн ханш 4,000 долларын босгыг давж, 2021 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ өсөлтийн гол шалтгаан нь EIP-4844 буюу “Proto-Danksharding” нэртэй, гүйлгээний хурдыг нэмэгдүүлж, шимтгэлийг эрс бууруулсан сүлжээний шинэчлэл юм. Мөн BlackRock-ийн iShares Ethereum Trust (ETHA) ETF албан ёсоор батлагдаж, институцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь ч нөлөөлөв.

Зургийг: IQ.wiki

10. Казакстан крипто давлагаанд нэгдэв

2025 оны 5-р сард Казахстан Улс үндэсний хэмжээний “Alem” крипто сангаа Binance-тай хамтран байгууллаа. Ийнхүү тэд Төв Азийн бүс нутагтаа криптогоор цахиур хагалахад нэг алхам ойртов.

Зургийг: Pintu

Зургийг: Binance

11. маскын дэмжсэн марзан койн

Трамп Ерөнхийлөгч болсны дараа түүний ойрын хүн болох Элон Маск АНУ-ын “Department of Government Efficiency (DOGE)” нэрийн дор төрийн үр ашгийг нэмэгдүүлэх олон санаачилгыг хэрэгжүүлэв. Үүнтэй холбогдуулан ижил нэрт Dogecoin-ий ханш өсөж, мийм буюу марзан койнуудад сэргэлт авчирлаа.

Зургийг: CoinCentral

12. Бодит хөрөнгийг токенжуулж эхэллээ

Вьетнам токенжуулсэн хөрөнгийн туршилтын хөтөлбөрөө эхлүүлж, бодит хөрөнгөд суурилсан дижитал токен гаргах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Одоогоор зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа ч 2025 онд энэ төрлийн хөрөнгө оруулалтын нийт дүн 220 тэрбум долларт хүрчээ.

Зургийг: Bitcoin.com News

13. Стэйблкойнууд улам стэйбл болов

2025 оны 7-р сарын 18-нд Трампын гарын үсэг зурсан “GENIUS Act” нь АНУ-ын анхны стэйблкойн (stablecoin)-той холбоотой хууль бөгөөд крипто зах зээлийн итгэлцэл, ил тод байдлыг хуульчилсан түүхэн үйл явдал болсон юм. Хуульд зааснаар стэйблкойн бүр бүрэн баталгаат нөөцтэй, аудитад хамрагддаг байх шаардлагатай бөгөөд эрхлэн гаргагч байгууллагууд нь тусгай зөвшөөрөл авч, Сангийн яам болон хяналтын байгууллагуудад тайлагнах үүрэгтэй.

Зургийг: CCN.com

14. Блокчэйн ба хөрөнгийн бирж

2025 оны 7-р сарын 21-нд хагас сая ETH эзэмшдэг Ether Machine компани Nasdaq бирж дээр IPO хийж, Ethereum (ETH) хөрөнгийг балансдаа багтаасан анхны олон нийтэд нээлттэй компани боллоо.

Зургийг: Reuters

15. XRP-ийн эрх чөлөө!

2025 оны 8-р сард АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) болон Ripple Labs компанийн хооронд олон жил үргэлжилсэн хэрэг эцэслэн шийдэгдлээ. Шүүхийн шийдвэрээр Ripple компани 125 сая долларын торгууль төлөхөөр болсон ч XRP-г нийтийн бирж дээр арилжаалагдахыг зөвшөөрсөн байна.

Зургийг: CCN.com

16. Илүү их татварын орлого

2025 оны 7-р сарын 30-наас Индонез Улс крипто арилжаа болон олборлолтод ногдуулах татварыг нэмэгдүүлэв.

Зургийг: Digital Watch Observatory

17. Тайландад тавтай морил!

Тайланд TouristDigiPay нэртэй системийг нэвтрүүлж, гадаад жуулчдад криптогоо Тайландын бат болгон хөрвүүлэх боломж бүрдүүлэв.

Зургийг: KhaoSod English

18. Солонгосын блокчэйн долоо хоног

9-р сард Сөүл хотод болсон “Korea Blockchain Week 2025” арга хэмжээнд 40 мянга гаруй мэргэжилтэн, хөрөнгө оруулагч оролцож, токенжуулалт ба стэйблкойны ирээдүйг хэлэлцэв. Энэ оны 12-р сард манай улсад ч гэсэн крипто долоо хоног болох товтой байна.

Зургийг: Sui in Seoul

19. Киргизстан усаар крипто олборлож байна

2025 онд Киргизстан Улс илүүдэл Усан цахилгаан эрчим хүчээ ашиглан Биткойн олборлох төрийн хөтөлбөрөө батлав.

Зургийг: Crypto News

20. Мөнгөний урсгал Биткойн өөд

Нийтдээ 10 их наяд долларыг удирддаг BlackRock хөрөнгийн менежментийн компаниас гаргасан iShares Bitcoin Trust (IBIT) АНУ-ын анхны, хамгийн том биткойн ETF болж, институцийн хөрөнгө оруулалтын урсгалыг крипто зах зээл рүү татсаар байна. Одоогийн байдлаар зөвхөн IBIT-ийн нийт хөрөнгө л гэхэд 85 тэрбум доллар болжээ.

Зургийг: Bloomberg.com

21. Зар: Газрын тос биткойноор зарна

2025 оны 9-р сард Саудын Араб анх удаа нэг сая баррель түүхий тосыг биткойноор борлуулав. Зарим шинжээчид энэ үйл явдлыг олон арваны турш үргэлжилсэн газрын тос ба америк долларын харилцаанд “сэв суулгасан” гэж үзсэн юм.

Зургийг: Forbes

22. Хятадын оффшор койн!

Энэ оны 9-р сарын 29-нд БНХАУ AxCNH нэртэй, юаньд суурилсан оффшор стэйблкойноо Казахстан Улсад нэвтрүүллээ. Энэ нь Хятадын дижитал юаний нөлөөг гадаад зах зээлд тэлэх, хил дамнасан төлбөр тооцоог юаньд суурилан дижитал хэлбэрээр гүйцэтгэх зорилготой ба AxCNH нь хэдийн хоёр улсын экспорт-импортын тооцоонд ашиглагдаж эхэлжээ.

Зургийг: Bitget

23. Олон улсын гүйлгээг криптогоор хийнэ

Хил дамнасан төлбөрийн сүлжээ болох Swift блокчэйн технологид суурилсан шинэ системээ зарлав. Ингэснээр хэрэглэгчид олон улсын төлбөрийг банкаар дамжуулалгүй, 24/7 шууд шилжүүлэх боломжтой болох юм.

Зургийг: CoinDesk

24. Крипто картын эрин

2025 оны 10-р сарын 1-нд Трампын дэмжлэгтэй World Liberty Financial компани дэлхийн анхны крипто дебит картаа танилцууллаа. Ингэснээр хэрэглэгчид карт уншуулахдаа койноо ашиглах боломжтой.

Зургийг: Bloomberg.com

25. Биткойн бүр дээшлэв

2025 оны 10-р сарын 5-нд Биткойн (Bitcoin) үнэ түүхэндээ анх удаа 125,689 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчиллээ.

Зургийг: Decrypt