Цар тахлын үүсгэсэн нөхцөл байдал өнөөгийн бизнесийн орчинд албан байгууллагууд дижитал шилжилтийг зайлшгүй эхлүүлэхээс өөр аргагүй болсныг сануулав. Технологийн дэвшил энэхүү өөрчлөлтийг гэрлийн хурдаар авчирсантай адил нийгмийн нөхцөл байдал ч өөрчлөлтийн явцыг хүчээр түргэвчлүүлсэн нь энэ.

Гэвч дижитал шилжилтэд танай хамт олон бэлэн байсан уу?

Энэ бол яг одоо бизнесийг удирдах ажилтнууд, менежерүүдийн хамгийн толгой гашилгасан асуулт болоод байна. Үүнээс өмнө бид ийм цаг ирнэ гэдгийг мэдэж, шаардлагатай шинэчлэл, хөрөнгө оруулалтуудыг хийж, бэлтгэж байсан. Дижитал шилжилтэд байгууллагын дэд бүтцийг, хүний нөөцийг бэлдэх явц удаан боловч тасралтгүй үргэлжилж байсан. Гэвч бизнесийн байгууллагууд нэг зүйлийг хамгаас сайн ойлгож, санал нэгдэв...

Тэр нь юу юм бол? Хариултыг нь хамтдаа хайцгаая.

Дижитал шилжилтийн хамгийн том асуудал ЮУ ВЭ?

Эх сурвалж: Capgemini

Дижитал шилжилт, технологи дамжуулалтын чиглэлээр дагнасан хамгийн алдартай зөвлөх компаниудын нэг Capgemini-ийн судалгааны тайлангийн үр дүн тун сонирхолтой дүр зургийг илтгэв. Дэлхий даяар 300 гаруй байгууллагын менежер, удирдах албан тушаалтан дунд явуулсан санал асуулгын дүнд тэд байгууллагад дижитал шилжилт хийхэд тулгарч буй хамгийн том асуудал бол соёлын ялгаатай байдал байсан хэмээн хариулжээ.

Байгууллагын соёл бол урт хугацаанд бүрэлдэн тогтдог зүйл. Олон төвөгтэй нөхцөлүүд, өөр өөр хүчин зүйлс, ялгаатай шинжүүдийн нийлбэрээр байгууллагын үйл ажиллагаа тодорхойлогдож, өдөр тутмын үйл явц, алхам бүрд нэвт шингэдэг. Байгууллагын соёл өөрөө тухайн компанийн онцлог, илэрхийлэл нь болдог. Тиймээс ч дижитал шилжилтийг хийх үед байгууллагын соёлыг ч дагаж өөрчлөх, дижитал хэлбэр лүү шилжүүлэх нь юунаас ч илүү чухал ажээ.

Өнөөдөр байгууллагуудын хамгийн эхэнд анхаарал хандуулж, голлон төвлөрч байгаа элемент бол технологи, дэд бүтцийн асуудал. Гэхдээ үүнийг байгууллагын соёлтой уялдуулан зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд батлан харуулав. Зайнаас ажиллах хэрэгслүүд, програм хангамж-апп, дэд бүтэц бол дижитал шилжилтийн зөвхөн нэг хэсэг юм. Хэчнээн шилдэг апп, технологи байгаад түүнийг ажиллуулах, хэрэглэх ажилтнууд бүрэн бэлтгэгдээгүй бол нөөц үргүй үрэгдэж, зардал эсрэгээрээ нэмэгдэнэ. Тиймээс байгууллагууд дижитал соёлыг хэвшүүлж бэхжүүлэхэд анхаарлаа хандуулах нь нэн чухал болжээ.

Дижитал шилжилт хаанаас эхэлдэг вэ? Стратеги, технологи, тоон өгөгдлөөс өмнө соёлыг хэвшүүлснээр эхэлнэ.

Unread

Дижитал соёл гэж юу вэ?

Ихэнх байгууллагууд шинэ зүйлийг эрсдэлтэйд тооцож, уламжлалт арга барилдаа "хэт үнэнч" байх хандлагатай байдаг. Гэвч технологийн хурд өдрөөс өдөрт нэмэгдэж, өрсөлдөөн ширүүссээр байгаа энэ үед байгууллагын удирдлага компанийн алсын харааг зөв тодорхойлж, зөв чиглүүлэх нь юунаас ч илүү чухал болоод байна.

MIT-ийн тодорхойлсноор дижитал соёл нь дараах долоон элементээс бүрддэг гэнэ. Хоорондоо хамааралтай, нэг нь нөгөөдөө нөлөөлөхүйц эдгээр шинжүүдэд анхааран төлөвлөлт хийснээр байгууллагыг дижитал шилжилтэд бэлтгэх үйл явц эхлэх юм.

Эх сурвалж: MIT

1. Инновац

Эрсдэл дагуулсан шинэ санаа, санаачилгад нээлттэй байх, ийм нөхцөлд хүргэх урьдач нөхцөлийг бүрдүүлэх. Инновацлаг байгууллагууд шинэ санааг хөхиүлэн дэмжиж, ажилчид түүнийг туршиж, бүтээгдэхүүн-үйлчилгээндээ үнэ цэн нэмэхээс татгалздаггүй.

2. Датанд суурилсан шийдвэр гаргалт

Илүү үр ашиг, үр дүнг эрхэмлэн бизнесийн шийдвэр гаргалтад тоон өгөгдөл, датаг ашиглах. Хар яриа, хоосон туршлага, зөн мэдрэмжинд найддаг цаг өнгөрсөн. Бүх зүйл холбогдсон, утга учиртай уялдаа үүссэн энэ үед тоон өгөгдлийг шүтдэг байгууллага хожно.

3. Хамтын ажиллагаа

Ажилтан хоорондын болон хэлтэс, газар хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах нөхцөлийг бий болгох. Зэрэгцэж суугаад гараасаа ажил гаргах бол тэдний үүрэг. Харин өөр мэдлэг, өөр чадвар, өөр өнгийг хослуулан, шинэ холбоос-шинэ хамтралыг бий болгох боломж олгох нь асуудлыг хайрцагны гаднаас харж, илүү цараатай шийдэл боловсруулахад тусална.

4. Нээлттэй соёл

Гадаад хамтын ажиллагаанд нээлттэй хандаж, бусад байгууллагуудтай төрөл бүрийн түншлэлийг үүсгэхийг эрмэлзэх. Таны бизнес асар олон оролцогч талын хамтын ажиллагаа-харилцан ойлголцлын үр дүнд оршин тогтнодог. Тэдэнтэй илүү нээлттэй, шинэлэг байдлаар түншилж, аль аль талын өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал.

5. Дижитал төвтэй сэтгэлгээ

Аливаа шийдэл боловсруулахдаа дижитал хэрэгсэл, платформуудыг түлхүү ашиглах. Уламжлалт хэв маягаас шууд татгалзаж, зайлсхийх аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эхлээд дижитал шийдлийг эрэлхийлж, гарц гаргалгааны хайгуул хийдэг байх нь багийг илүү хөгжүүлнэ.

6. Хурдтай, уян хатан арга барил

Үүссэн нөхцөл, шаардлагатай уялдан хурдтай бөгөөд уян хатан шийдвэр гаргах, дасан зохицох. Agile төслийн менежмент бол орчин цагийн хамгийн үр дүнтэй удирдлагын хэрэгсэл болоод байна. Нөхцөл байдалд хурдан дүн шинжилгээ хийж, хурдтай мэдээлэл солилцож, уян хатан шийдвэр гаргах нь дижитал байгууллагын гол илэрхийлэл мөн.

7. Хэрэглэгч төвтэй бодлого

Хэрэглэгчдэд хүрэхдээ дижитал платформуудыг ашиглаж, тэдний туршлагыг хамгийн сайнаар тодорхойлох. Таны харилцагч танд хэзээ хэзээнээс илүү ойрхон ирээд байна. Тэднийг илүү ойлгож, өөрсдийгөө илүү ойлгуулж, илүү утга учиртай-урт хугацааны харилцаа үүсгэх боломж одоо л үүслээ.

Дижитал шилжилт бол зөвхөн технологийн тухай ойлголт биш. Энэ бол хүмүүсээ бэлтгэх, сэтгэлгээг өөрчлөх, ур чадварыг бэлдэх үйл явц.

Unread

хэрхэн дижитал соёлыг бэхжүүлЭХ ВЭ?

Хойд Каролинагийн Их Сургуулийн судалгаагаар гүйцэтгэх захирлууд, бизнесийн удирдлагууд дижитал шилжилтийг 2019 оны хамгийн гол санаа зовоож буй асуудал хэмээн тодорхойлжээ. 2018 онд дижитал шилжилт дөнгөж 10-р байрт жагсаж байсан юм. Гэтэл Forbes-ийн мэдээлснээр бизнесүүдийн 70 хувь нь шилжилт хийхдээ тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байгаа гэнэ. Энэ бол дэлхий даяар 1.3 триллион доллар цахим шилжилтэд зарцуулагдсан ч 900 тэрбум нь үргүй цацагдсан гэсэн үг.

Энэ тооны ард байгууллагын соёлыг бэлдэх гэсэн хамгийн том шалтгаан тодорч буй. Дижитал шилжилт бол зөвхөн технологи биш гэдгийг, соёлын элементүүдийг нэгтгэн бэхжүүлэх нь ач холбогдлоороо эн тэргүүнд эрэмбэлэгдэнэ гэдгийг ойлгосон бизнесүүд амжилтад хүрч байгааг судалгаанууд харуулсаар байна.

Монголд дижитал шилжилтийн тэргүүн эгнээнд алхаж буй Мобиком Корпорцийн туршлагаас бид хэд хэдэн зүйлийг суралцаж болно.

Хамгийн эхэнд тэд дижитал соёлыг бэхжүүлж, дижитал төвтэй сэтгэлгээг байгууллагадаа хэвшүүлж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй болжээ. Agile аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр шийдвэр гаргах үйл явц илүү хурдан бөгөөд шуурхай болж ирэв. Google-ээс эхлэлтэй гэгддэг алдарт Sprint техникээр тухайн ажил дээр оноогдсон баг маш богино хугацаанд илүү төвлөрөн ажилласнаар Mobicom-ийн үндсэн апп-ийг шинэчлэн тун удахгүй гаргахаар бэлтгэж байгаа нь үүний үр дүн юм. Бүтээгдэхүүн үйлчилгээндээ тоон гарын үсгийн технологийг санал болгож буй нь, маркетинг борлуулалтын шийдвэр гаргалтдаа Power BI ашиглаж байгааг нь ч онцлууштай.

Үүнээс гадна Office 365-ийг ашиглан баримт бичгийг баталгаажуулж, батлах үйл явцыг цахим хэлбэр лүү шилжүүлсэн нь тун ч үлгэр жишээ шинэчлэл болжээ. Одоо албан бичиг, гэрээ, акт зэрэг зайлшгүй "үйлдвэрлэгддэг" бичиг баримт хаана "гацаж" байгаа, ямар шат дээр яваа зэргийг шууд хянах боломжтой болсноос гадна холбогдох албан тушаалтнууд шууд засвараа хийх буюу санал сэтгэгдлээ хуваалцах болсон нь үр өгөөжийг улам нэмжээ.

Хэрэглэгчийг хамгийн анх үйлчилгээг сонирхож эхэлсэн цагаас нь таньж, хэрэглэх зан төлөвийг нь илүү ойлгож, хэрэгцээтэй-тохирсон үйлчилгээг санал болгох нь уг бизнесийн гол зорилго. Тэгвэл сошиал платформууд, лавлах утас, чатбот зэрэг хэрэглэгчидтэй холбогдож байгаа бүх сувгуудыг нэгтгэж, тухайн хэрэглэгчийн түүхийг үүсгэн бүх мэдээллийг нэг урсгал дээр цуглуулсан нь илүү үр дүнтэй шийдвэр гаргахад дөхөм болж байна. Энэ бол цахим соёлыг байгууллагадаа хэвшүүлж, үүнтэй зэрэгцэн технологийн дэд бүтцийг үүсгэн, үр дүнд нь дижитал шилжилтийг үр дүнд нэвтрүүлж байгаагийн илрэл юм.