2016 онд Apple компани шинэ утсаа танилцуулах үеэрээ хэний ч санаанд ороогүй өөрчлөлтөөрөө олныг алмайруулсан нь дөчөөд жилийн настай чихэвчийг оролтгүй болгосон явдал байсан байлаа. Тийнхүү Airpods хэмээх утасгүй чихэвчээ худалдаанд гаргасан нь технологийн орчинд нэгэн шинэ өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм. Өдгөө утас болон чихэвч үйлдвэрлэгч ихэнх компани өөр өөрсдийн гэсэн давуу талтай earbuds буюу утасгүй чихэвч гаргах болсон нь хэрэглэгч бидэнд өргөн сонголтыг бий болгож байна. Өндөр үнэтэй чанарлаг чихэвчээс эхлээд хямд үнэтэй нь ч бий. Өнөөдөр бид зах зээл дээр борлуулагдаж буй 20 гаруй чихэвчээс нэр хүнд, хэрэглээг нь шалгуур болгон 6 чихэвчийг онцоллоо.

Samsung Galaxy Buds+

Buds+ -ийн чихэвч тус бүр нэг жижиг спикер, 2 вүүфэрээр тоноглогдсон AKG тохируулгатай тул дууны чанарын хувьд дажгүй үнэлгээ өгнө. Чих рүү орох резинэн үзүүр, чихэн доторх тогтоогч нь орчны дууг тусгаарлахаар бүтээгджээ. Гялгар пластик материалаар хийгдсэн нь хэдий зэрэглэл өндөр санагдахгүй ч үзэмжтэй. Чихэвч тус бүрийн мэдрэгчээр дуугаа зогсоох, дараагийн болон өмнөх дуугаа чихэвчиндээ хүрэх төдийд солих, апп дотроосоо зарим функцыг нь өөрчлөх боломжтой зэрэг нь тун хялбар.

IPx2 ус болон хөлсний хамгаалалттай учир шиврээ бороо, хөлснөөс бүрэн хамгаалагджээ. Микрофон хэрэглэж болохуйц боловч утсаа чихэндээ бариад ярихыг арай л гүйцэхгүй. Чихэвчүүд нь 11 цаг, гэрэндээ цэнэглэвэл нийт 22 цаг сонсох боломжтойгоос гадна хурдан цэнэглэх горимоор 3 минут гэрэндээ цэнэглээд 1 цаг хэрэглэх боломжтой нь тун догь. Энэ бүхнийг 149$-оор санал болгож буй нь Airpods Pro зэрэг өндөр үнэтэй чихэвчтэй харьцуулахад боломжийн үнэ юм.

Apple Airpods Pro

Airpods Pro нь гаднаасаа гоёмсог харагдах ба чимээ тусгаарлагч, чихэнд таарсан эсэхийг шалгах зэрэг нэмэлтүүдтэй. Noise Cancelling нь Noise Cancelling, Off, Transparency mode гэх 3 сонголттой. Transparency нь чихэвчээ авалгүйгээр орчны дууг сонсох боломжийг олгох бол Noise Cancelling-ийг асаавал орчны чимээнээс тусгаарлаж төвлөрөх боломж олгоно. Чихэвч нь Noise Cancelling бүтэн асаалттай байхад 4 цаг, унтраастай үед 5 цаг ажиллах нь тийм их биш боловч гэрэндээ цэнэглээд явбал 24 цаг хүртэл ашиглах боломжтой байдаг.

Чихэвчний доод хэсэгт даралт мэдрэгч нь удирдлагын үүрэг гүйцэтгэдэг. Нэг удаа чанга базвал дуу тоглуулах/зогсоох, 2 удаа базвал дараагийн дуу, удаан базвал Siri-д дуудах зэргээр удирдана. IPx4 рейтингтэй тул хөлс нэвчих, бага зэргийн усанд гэмтэх вий гэсэн айдасгүй. H1 чипээр тоноглогдсон тул Apple-ийн бүтээгдэхүүнүүдтэй хурдан бөгөөд хялбар холбогдоно. Үнийн хувьд 249$ байдаг нь зах зээлдээ премиум ангилалд хамаарагдана гэсэн үг.

Beats Powerbeats Pro

Powerbeats Pro-г гаднаас нь харахад гадуур зүүгээд явахад зориулагдаагүй гэмээр сүртэй загвартай. Ямар ч дасгал хөдөлгөөний үеэр чихнээс унахааргүй earhook, 9 цаг тасралтгүй сонсож болох цэнэг, хөлс усны хамгаалалт зэргээс харахад тамирчдыг онилжээ.

Beats-ийн логоны цаана нуугдсан товчоор дуугаа тоглуулах, зогсоохоос гадна чанга сулыг удирдах нэмэлт товч ч бий. Энэ бүхнийг Apple-ийн H1 чиптэй хослуулснаар түргэн, найдвартай bluetooth холболт, Audio Sharing агуулсан тун боломжийн чихэвч бий болжээ. Үнийн хувьд Airpods Pro-той адил буюу 249$ долларын үнэтэй.

Yobybo Note 20

Одоо байгаа утасгүй чихэвчүүд дундаас хамгийн нимгэн буюу 13 мм зузаантай тул халааслаад явахад байгаа үгүй нь мэдэгдэхгүй шахуу дизайнтай ба хар, цагаан, маш өвөрмөц ногоон, улбар өнгийн сонголттойн дээр шинэлэг эргономик дизайнтай, хүн хүний толгойн хэлбэр, онцлогт тааруулж "чангалах" байдлаар эргүүлж чихэндээ зүүдэг тул тогтолт сайтай. Bluetooth 5.0 холболтоор холбогдох бөгөөд орчны чимээг тусгаарлана. Басс дуугаралт маш сайн байсныг нь онцлууштай. Тэгээд элдэв пажигнах, гацах, дүрснээс хоцрох гэх мэт асуудал огт мэдрэгдэхгүй. Мөн дуудлага хүлээн авах боломжтой бөгөөд бүх утасгүй чихэвчнүүдэд байдаг нэг товшиход дуудлага авдаг, хоёр товшиход тасалдаг үйлдлүүд нь ямар нэгэн алдаа мадаггүй ажиллана. Монголд албан ёсны эрхтэйгээр 149,000 төгрөгөөр худалдаалагдаж буй

Google Pixel Buds

Pixel Buds-ийн хамгийн том давуу тал нь Google-ийнх гэдэгтээ оршино. Ямар ч товч дарахгүйгээр "Ok Google" гэж хэлэхэд л хүчирхэг Google Assistant ажиллах нь тун таатай. Туслах ашигласнаар дуу хоолойгоороо утсаа удирдахаас гадна шууд орчуулга, бусад Google-ийн холбогдолтой төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой гэсэн үг. Unread-ийн оффист бид Google Home Mini, Chromecast-тай зурагтаа ашиглан дуу кино, Youtube үздэг юм.

Үүнээс гадна 12мм-ийн динамик спикер, пассив дуу тусгаарлагч, 5 цаг хүртэл гэрэнд нь цэнэглээд 24 цаг хүртэл ашиглах боломжтой зэрэг нь ч тун дажгүй. Чихэвчний гадна талд байрлах мэдрэгчийг ашиглан дуугаа удирдах зэрэг стандарт нэмэлтүүд ч бий.

Microsoft Surface Earbuds

Microsoft компани "earbuds"-ийн өрсөлдөөнд харьцангуй сүүл мушгин орж ирсэн. Гэвч 2019 оны 7-р сард зарлагдсан ч саяхан л худалдаанд гарч буй уг чихэвч зах зээл дээр тийм ч сайн өрсөлдөгч байж чадсангүй гэж экспертүүд үзэж буй.

Том хэмжээ, чихэвчний swipe хийж удирдах, чихнээс гадагш гардаг дизайн зэрэг нь уламжлалт бус, өвөрмөц хэрэглээг санал болгодог. Пассив дуу тусгаарлагч, 13.6 мм-ийн спикер, IPx4 ус, хөлсний хамгаалалт, 8 цаг сонсох цэнэг зэргээр тоноглогдсон. Хамгий давуу тал нь магадгүй Microsoft Office-той хоршин ажиллаж, PowerPoint-оо удирдах зэрэг нь байж мэднэ. 200$-оор гарсан нь тийм ч хямд үнэ биш ч Microsoft-ийн хувьд анхны оролдлого тул дараагийн загвар нь илүү сайжирна хэмээн хүлээе.