Германы зохион бүтээгч Иоханнес Гутенберг ном хэвлэлийн технологийг бүтээж, анхны хэвлэмэл номыг гаргасан нь магад хүн төрөлхтний хамгийн чухал нээлтүүдийн нэг биз ээ. Өдгөө бидэнд зөвхөн цаасан хэвлэлд баригдахгүйгээр дижитал, аудио хэлбэрээр унших өргөн боломжууд нээгджээ. АНУ-д гэхэд жилд 108 тэрбум ам.долларыг зөвхөн ном уншихад зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тэдгээрээс бид өнөөдөр цахим номын зах зээлд тэргүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлох болно. 

Цахим ном уншигч 

Дэлхий дахинд хамгийн анхны электрон ном уншигч төхрөөмжийг 1990-ээд оноос Японы "Sony" компани хөгжүүлж эхэлсэн түүхтэй. Хамгийн анхны CD-Rom-тай ном уншигчийг 550 ам.доллароор худалдаанд гаргаж байжээ. Судлаачдын үзэж буйгаар, цаашид цахим ном уншигч төхөөрөмжүүдийн үнэ буурч, илүү хямд, ашиглахад хялбар бүтээгдэхүүн зах зээлд голлох чиг хандлагатай байна. Бүтээлээ дижитал хэлбэрт оруулах сонирхолтой зохиолч, хэвлэлийн газрууд олширч, зах зээлийн энэхүү хандлагыг ажсан таблет үйлдвэрлэгчид цахим ном уншигчийн зах зээлд нэвтрэхэд улам ихээр тэмүүлэх болов.

Нүдэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй, авсаархан, хөнгөн, нэг дороос олон зуун ном унших боломжууд нь цахим ном уншигчийг худалдан авах гол шалтгаан болдог. Өдгөө ихэнх цахим ном уншигч төхөөрөмж bluetooth, wifi, 3G-тэй холбогдох боломжтойгоос гадна толь бичгийн сан үүсгэх, хайлт хийх зэрэг үндсэн үйлдлүүдтэй. Цахим номын зах зээлд доорх онцолж буй компаниудаас гадна Onyx Boox, Sony, Icarus, Bookeen, PocketBook зэрэг олон тоглогч хүчтэй өрсөлдөж буй. Бид зах зээлд тэргүүлж буй хамгийн сүүлийн үеийн цахим ном уншигч төхөөрөмжүүдийг харьцуулахдаа дээрх түгээмэл шийдлүүдээс бусад онцлох үйлчилгээг багтааж, манай улсад түгээмэл хэрэглэж буй цахим ном уншигч төхөөрөмжүүдийг сонголоо.

Kindle 

"Amazon" компани электрон бэхний технологийг (e-ink) хөгжүүлж, 2007 оноос "Kindle"-ийн анхны загварыг зах зээлд гаргасан билээ. Гэвч энэ бүхний сэдэл нь 2004 оноос эхтэй юм. Тухайн үед "Apple" компани дижитал технологи хөгжүүлэлтээрээ зах зээлийг эзэлж байсан тул өрсөлдөгчөөсөө хоцрохгүйн тулд "Amazon" компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос бараа бүтээгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулахад анхаарч, цахим ном уншигчийг бүтээсэн нь өнөөгийн "Kindle" билээ.

Өдгөө тус компани дөрвөн төрлийн 15 загварын цахим ном уншигчийг худалдаанд гаргаад байна. Анхны загварыг 399 ам.долларын үнэтэй худалдаанд гаргахад таван цагийн дотор дууссан түүхтэй. Тухайн үед худалдаж авч чадаагүй иргэд бүтэн таван сар хүлээх хэрэг гарсан гэдэг.

Одоогоор "Kindle with front light", "Kindle Paperwhite", "Kindle Kids Edition" болон "Kindle Oasis" хэмээх дөрвөн үндсэн төрлөөс сонголт хийх боломжтой. Бусад ном уншигчтай харьцуулахад үнэгүй ном унших боломж ихтэй. Сүүлийн загварууд нь ус, тоосны хамгаалалт, нүдэнд сөрөг нөлөөгүй дэлгэцийн LED гэрэл, сар гаруй цэнэгээ барих боломжтойгоос гадна нимгэн их бие, том дэлгэцтэй, хуудас гүйлгэх хурд нь сайн болоод буй.

Ихэнх загвар нь 8GB болон 32GB багтаамжтай тул 5-20 мянга хүртэл ном багтана. Энэ оны загвараас эхлэн номоо ангилж төрөлжүүлэх боломжтой болсон билээ. Мөн сүүлийн жилүүдэд аудио ном сонсогчдын тоо өсөж буй учраас "Audible"-ээс татсан номыг шууд сонсох боломжтой болоод байна. Гэхдээ чихэвчний оролт байхгүй учраас зөвхөн утасгүй чихэвтэй тохиолдолд ашиглах боломжтой юм.

Kindle Oasis (249$)

Онцлох давуу тал:

  • 8 болон 32GB багтаамжтай
  • 6 долоо хоногийн турш цэнэгээ барина
  • Бусад загвараас хүчин чадлын хувьд илүү
  • Хуудас солих товчлууртай, илүү хурдан
  • Дэлгэцийн нягтрал өндөр
  • Шөнө буюу харанхуйд ном унших горимтой
  • Ус, тоосны хамгаалалттай
  • Номоо ангилж, төрөлжүүлэх боломжтой
  • "Audible"-аас аудио ном сонсож болно

Сул тал:

  • Бусад загвараасаа үнэтэй
  • Цэнэглэгч дагалддаггүй
  • EPUB өргөтгөл уншихгүй

Бусад загварууд

Kindle

Rakuten Kobo

Цахим, аудио номын худалдаа, үйлчилгээ эрхэлдэг тус компани нь 2009 оноос үүлэн технологид суурилсан цахим номын үйлчилгээг хүргэж эхэлсэн. Цахим номын зах зээлд "Kindle"-ийн хүчтэй өрсөлдөгч болж буй, Канадын Торонто хотод төвтэй "Rakuten Kobo" нь 2010 оноос электрон бэхний технологитой цахим ном уншигчийг худалдаанд гаргасан юм. Одоогоор "Kobo Nia", "Libra", "Clara", "Forma", "Aura" гэх таван төрлийн долоон загвар бүхий цахим номыг худалдаанд гаргаад байна. Ихэнх загваруудынх нь фонт 10 гаруй төрөл, 50 гаруй хэмжээний сонголттой учир олон төрлийн өргөтгөл унших боломжтойгоороо давуу. Түүнчлэн тэд өөрсдийн дотоод систем, программ хангамжийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч, цахим гэмт хэргээс сэргийлэх баг ажиллуулдагаараа онцлог.

Kobo Forma (249$)

Онцлох давуу тал:

  • "Overdrive" апп дээрээс ном зээлж унших боломжтой
  • Өргөн дэлгэцтэй
  • Тоос, усны хамгаалалттай
  • MOBI, EPUB, PDF өргөтгөл чөлөөтэй уншдаг

Сул тал:

  • Нарны шууд тусгалд уншихад тохиромжгүй
  • Халаасанд багтахгүй
  • Аудио ном уншдаггүй

Бусад загварууд

Rakuten Kobo

Barnes & Noble

Дэлхийн номын худалдааны зах зээлд тэргүүлдэг тус компани 1886 оноос хойш өнөөг тасралтгүй үйл ажиллаггаа явуулж, 627 салбарыг АНУ-ын өнцөг булан бүрд байгуулаад буй. "Amazon" компани онлайн худалдааны номын зах зээлд тэргүүлдэг бол "Barnes & Noble" ном, сонин, сэтгүүлийн биет худалдаагаараа дэлхийд тэргүүлдэг. Тус компани андройд системд тулгууран 2009 онд "Nook" хэмээх цахим ном уншигчийг худалдаанд гаргасан нь анхны загвар байв. Одоогоор гурван төрлийн зургаан загварын цахим ном уншигчийг худалдаанд гаргаад байна. "Microsoft" компани 2012 онд тус компанид 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан билээ. Онцлоход, тус компани 2016 оноос "Samsung" компанитай хамтран "Samsung Electronics", "Samsung Galaxy" зэрэг таблетыг гаргах болсон.

Nook Glowlight Plus (199$)

Онцлох давуу тал:

  • Том дэлгэцтэй
  • Усны хамгаалалттай
  • 8GB багтаамжтай, 3000 хүртэлх ном татна
  • Нарны шууд тусгалд унших бол дэлгэцийн гэрлийг тохируулж болно
  • Шөнийн горимтой
  • B&N Podcast сонсох боломжтой

Сул тал:

  • Прогамм хөгжүүлэлт сул
  • SD картгүй
  • Бусад аудио номыг татах боломжгүй
  • MOBI өргөтгөл уншихгүй

Бусад загварууд

Nook