Хэдхэн өдрийн өмнө Samsung анхны виртуал бодит байдлын (VR) төхөөрөмжөө танилцууллаа. Тэд Google, Qualcomm-той хамтран Project Moohan нэрийн дор хөгжүүлж байсан төслийнхөө анхны бүтээгдэхүүнийг Galaxy XR нэрээр зах зээлд нэвтрүүлж буй нь энэ юм. 1,799 доллароор зарагдах уг төхөөрөмжийг Samsung-ийн бусад арга хэмжээтэй харьцуулахад даруухан танилцуулсан нь содон байлаа.

Виртуал бодит байдлын төхөөрөмж бүтээх өрсөлдөөнд Мета шинийг эрэлхийлэгч хэмээн шагшигдаж байгаа бол Apple олон сая шүтэн бишрэгчийнхээ сэтгэлийг гонсойлгосоор байгаа нь нууц биш. Харин Galaxy XR төхөөрөмжийн хувьд ажил, амьдралын салшгүй нэг хэсэг болгох урт аяллын эхлэл гэдгийг санууштай.

Ингээд АНУ болон Өмнөд Солонгосын зах зээлд зарагдаж эхлээд буй энэхүү төхөөрөмжөөс технологийн хорхойтнууд бидэнд ямар бэлэг барьж буйг хамтдаа харцгаая.


ҮЙЛДЛИЙН СИСТЕМ

Энэхүү төхөөрөмжийн үйлдлийн системийг Google компани Android XR нэрийн дор хөгжүүлж буй. Өнгөрсөн онд эхний демогоо танилцуулж байсан Android XR-ын гол ялгарал нь тус компанийн Gemini хиймэл оюуны загварт суурилсан функцүүд юм. Galaxy XR-ыг зүүгээд “Hey Gemini” гэж дуудахад л хиймэл оюун нь идэвхжинэ. Уг хиймэл оюун газрын зургаас хайлт хийх, YouTube-ийн санг ашиглан дэлгэрэнгүй тайлбарлах, 2D зургийг 3D рүү хөрвүүлэх гэх мэт олон үйлдлийг хийх хүчин чадалтай. Танилцуулгын үеэр эдгээр функцын демог үзүүлсэн бөгөөд асуудалгүй ажиллаж байв.



Эдгээрээс хамгийн сонирхолтой нь хиймэл оюунд суурилсан интернэт хайлт хийх шинэ арга. Энэ бол Circle to Search буюу “дугуйлаад хай” функцыг нэвтрүүлсэн явдал байв. Үүнийг хэрхэн ашиглах вэ гэдгийг товч тайлбарлая. Та гартаа байгаа зүйлээ юу гэдгийг нь мэдэхгүй байна гэж бодъё л доо. Тэгвэл та гараараа тухайн зүйлийг дугуйлж зурахад л Gemini автоматаар идэвхжиж, интернэтээс холбоотой мэдээллүүдийг нь хайх болно. Үүнийг Galaxy XR-ын камерт өртөж буй бүх объект дээр ашиглах боломжтой. Хиймэл оюун хайлт хийх ойлголтыг улам л баяжуулсаар байна.

Энэ мэт хиймэл оюунд суурилсан функцүүдээс гадна зарим аппыг Android XR үйлдлийн системд зориулан шинэчилжээ.

Google apps: Мэдээж Google-ийн хөгжүүлж буй систем учир тэдний өөрсдийнх нь аппууд юун түрүүнд интеграц хийх нь ойлгомжтой. Google Maps-ийг XR-тай хослуулан хүрэх газраа заалгуулах, хүссэн газрынхаа бодит орчныг харах боломжтой болжээ. Мөн YouTube-ийн бичлэг үзэж байхдаа Gemini-г давхар ашиглан тухайн зүйлийн талаар илүү их мэдээлэл нэг дор авах боломжтой. Үүнээс гадна Google-ийн бусад аппыг ашиглаж болно.

Netflix:
Galaxy XR хаана ч кино театрт байгаа мэт мэдрэмжийг өгч чадна гэнэ. Энэ хүрээнд эхний ээлжид Netflix-ийг Android XR үйлдлийн систем дээрээс ашиглах боломжтой болгожээ.

NBA: Энэ бол спорт сонирхогчдын хувьд маш сайн мэдээ. NBA-ын тоглолтыг дэргэдээс нь үзэж буй мэт мэдрэмж өгөхөөс гадна Gemini давхар тайлбар хийх боломжтой. Дараагийн жилүүдэд бусад лиг ч нэмэгдэх магадлалтай байгаа аж.

Galaxy XR-ыг худалдан авсан тохиолдолд доорх үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах эрх дагалдана.

  • Google AI Pro 12 сар ашиглах эрх (сарын 20$)
  • YouTube Premium-ийн нэг жилийн эрх (нийт 140$)
  • YouTube TV (нийт 83$-ийн үнэтэй, гэхдээ эхний гурван сар үнэгүй ашиглаж болдог)
  • 2025-2026 оны NBA бүтэн улирлыг үзэх League Pass эрх
  • NFL PRO ERA, Adobe-ийн Pulsar төсөл, Asteroid болон Calm платформын про хэрэглэгчийн эрх

Энэ бол зах зээл дээр зарагдаж буй бусад VR төхөөрөмжөөс ялгарах өөр нэг онцлог юм. Гэвч энэ нь хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болж чадах уу гэдэг нь тун сонирхолтой.


ДИЗАЙН

Дизайны хувьд Apple Vision Pro-той төстэй харагдана. Гэхдээ гадна хэсгийг металлаар хийхээс татгалзсан нь илүү хөнгөж болжээ. Galaxy XR-ын жин Vision Pro-оос даруй 200-250 граммаар хөнгөн аж. Мөн тус бүр нь 200 долларын үнэтэй хайрцаг болон удирдлагыг санал болгож буй.

Samsung танилцуулга дээрээ уг төхөөрөмжийг хэрэглэхэд тухтай байх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг тусгайлан онцолж байв. Энэ нь тэдэнд зах зээлд том давуу талыг авчрах магадлалтай. Учир нь Apple Vision Pro гарсан цагаасаа хойш удаан хугацаанд ашиглахад тохиромжгүй, толгойг хүнд жингээр дарж буй мэт мэдрэмж өгдөг гэх мэтээр шүүмжлүүлсээр ирсэн билээ. Мөн төхөөрөмжийг зүүхэд харьцангуй хялбар байдлаар шийдсэн нь эхний хэрэглэгчдээс сайн үнэлгээ авахад нөлөөлжээ.

Төхөөрөмжийн жин:
- Galaxy XR 545 грамм
- Apple Vision Pro 750-800 грамм
- Мeta Quest 515Батарейны жин:
- Galaxy XR 302 грамм
- Apple Vision Pro 353 грамм


ҮЗҮҮЛЭЛТ

  • Санах ой: 16 GB
  • Багтаамж: 256 GB
  • Дэлгэц: 27 сая пиксел бүхий Micro-OLED
  • Процессор: Snapdragon® XR2+ Gen 2
  • Камер: 6,5 MP (хэрэглээнээс хамаарч өөрчлөгдөх боломжтой)
  • Мэдрэгч: өндөр нягтрал бүхий 2 камер, зургаан хүрээлэн буй орчныг таних камер, дөрвөн нүдний хөдөлгөөн дагах камер, таван Inertial Measurement Units, нэг гүний мэдрэгч, нэг гэрэл анивчиж буй эсэхийг шалгах мэдрэгч
  • Цэнэг: 2 цаг 30 минут


ӨРСӨЛДӨӨН

Өнгөрсөн долоо хоногт 3,500 долларын үнээр зарагддаг Apple Vision Pro хүчин чадлаа нэмэгдүүлж, M5 чиптэй болон шинэчлэгдсэн. Өмнө нь М2 чиптэй байсан ба ийнхүү хоёр жилийн дараа шинэчлэгдсэн боловч бусад үзүүлэлтийн хувьд өөчрлөлт байсангүй. Apple 2027 онд илүү хөнгөн хувилбараа танилцуулах магадлалтай байгааг энэ ташрамд дурдууштай.Харин энэ зах зээлийн 71 хувийг Мета эзэмшиж буй бөгөөд тус сошиал медиа гигант Ray-Ban болон Oakley брэндтэй хамтран ухаалаг шилийг хэрэглэгчдийн хүссэн хэлбэрээр зах зээлд нийлүүлж байгаа. Тэдний хамгийн хүчирхэг үзүүлэлттэй VR төхөөрөмж нь Samsung-ийнхаас гурав дахин хямд буюу 500 долларын үнэтэй.

Samsung-ийн тухайд технологийн шинэ инновацыг зоригтойгоор экосистемдээ нэвтрүүлдгээрээ алдартай. Сүүлийн жишээнүүд гэхэд л, нугардаг дэлгэцтэй гар утас, ухаалаг бөгж, хиймэл оюунд суурилсан функцүүдийг нэрлэж болох юм. Гэвч тэд виртуал бодит байдлын зах зээлд хожуу хөл тавьж байгааг санууштай.