Олон нийтийн сүлжээнд үе үе бүгдийг хамарсан тренд үүсдэг жамтай. Энэ удаагийн тренд нь OpenAI GPT‑4o загварынхаа зураг бүтээх чадамжийг сайжруулсантай холбогдов. Өмнө нь хиймэл оюунаар бүтээсэн зургуудад текст, геометр байгуулалт, бодит харьцаа зэрэг алдаа гардаг байсан бол энэ удаагийн сайжруулалт эдгээр алдааг бүрэн засаж чадсан юм.
Энэ бол гарцаагүй технологийн дэвшил. Үүнтэй маргах, шүүмжлэх зүйл үгүй. Харин уг загвараар хэрэглэгчид хүссэн зургаа Японы алдарт Ghibli студийн хүүхэлдэйн кинонуудын стилиэр бүтээлгэх болсон нь тодорхой хэдэн асуудлыг дагуулж буй.
Мэдээж ганц зураг үүсгэлээ гээд дэлхий сүйрчихгүй. Гэхдээ амьдралд улам бүр нэвтэрсээр буй хиймэл оюуны хэрэглээ маань хэр зэрэг хариуцлагатай, ёс зүйтэй байгаа талаар бид үргэлж боддог байх хэрэгтэй. Тэгж байж л бид хүссэн ирээдүйгээ бүтээж чадна шүү дээ. Хэн ч технологид байгаа бүхнээ тавиад туучихыг хүсэхгүй нь лав.
Ингээд хиймэл оюунаар Ghibli зураг бүтээхгүй байх гурван шалтгааныг танилцуулъя.
1/ Хэрвээ та оюуны өмчийг дээдэлдэг бол
Хиймэл оюун хөгжүүлэгчдийг үргэлж дагадаг шүүмжлэл бол оюуны өмчийн асуудал. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуныг сургахын тулд ашигласан өгөгдлийг анхлан бүтээсэн хүнээс нь зөвшөөрөл авсан эсэх асуудал. Ийм маргаанууд дэлхий даяар өрнөж, эхнээсээ шүүх дээр ч очоод эхэлсэн. Жишээлбэл:
The New York Times VS OpenAI/Microsoft: Энэ чиглэлд хамгийн хүчтэй шүгэл үлээсэн компани бол The New York Times. Тэд өнгөрсөн жил OpenAI өөрсдийнх олон мянган нийтлэлийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгч, олон тэрбум доллар нэхэмжлээд буй. Тэдэнтэй хүч хавсрах редакцууд байгаа ч нөгөө талд Associated Press, Vox Media тэргүүтэй компаниуд хэдийн OpenAI-тай мэдээлэл хуваалцах тохироо хийгээд байгаа юм.
UMG VS Anthropic: UMG тэргүүтэй дууны компаниуд 2023 онд Beyoncé, Rolling Stones, Beach Boys зэрэг хамтлаг, дуучдын 500 орчим дууны үгийг Claude хиймэл оюуны загварыг сургахад ашигласан хэмээн шүүхэд өгч байв. Тэд одоогоор эхний шатандаа ялагдаад байгаа.
Мөн өнгөрсөн онд Radiohead-ийн Том Йорк, жүжигчин Жулианна Мур, Нобелийн шагналт зохиолч Казуо Ишигуро зэрэг 10,500 гаруй уран бүтээлч ChatGPT зэрэг хиймэл оюуны загварыг хөгжүүлэхдээ уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашиглаж буйг буруушаасан нээлттэй захидлыг гаргаж байв.
Тэгвэл өдгөө өрнөж буй трендийн гол холбогдогч болох Studio Ghibli өөрсдийн нэрийн хуудас болсон стилиэ хиймэл оюуны загварт ашиглуулахыг зөвшөөрсөн болов уу? Одоогоор баттай хариулт байхгүй ч OpenAI-ийн түүхээс харахад зөвшөөрөл аваагүй гэдэг нь бараг л ойлгомжтой.
Сонирхуулахад, одоогоор тус стилиэр зураг бүтээх боломж тодорхойгүй хугацаанд хаагдаад байгаа бөгөөд үүндээ ChatGPT “Оюуны өмчтэй холбоотой асуудлаар Studio Ghibli тэргүүтэй тодорхой уран бүтээлчдийн стилиэр зураг бүтээх боломжгүй байна.” гэсэн хариуг өгч буй.
Таны бүх насаа зориулсан бүтээлийг танд мэдэгдэхгүйгээр олон сая удаа хуулбарлаж, санхүүгийн ашиг олоод байвал ямар санагдах вэ?
2/ Хэрвээ та уран бүтээлийг хүндэлдэг бол
Жибли зургууд дээр олон нийтийг хоёр хуваагдахад хүргэж буй хамгийн том шалтгаан бол Studio Ghibli-гийн үүсгэн байгуулагч Хаяо Миязакигийн хиймэл оюунтай холбоотой үзэл баримтлал. Тэрээр 2016 оны нэгэн нэвтрүүлгийн үеэр технологийн дэвшилтэй холбоотой сэтгэгдлээ хэлж байв.
Тус бичлэгт хэсэг хөгжүүлэгчид хиймэл оюун ашиглан зомбины хүн бус хөдөлгөөнийг бий болгосноо танилцуулж буй нь гардаг. Үүнийг үзсэн Хаяо Миязаки “Ийм бие зарсхийм технологийг би ажилдаа ашиглахгүй” гэж хатуухан хэлдэг. Дараа нь Studio Ghibli-гийн өөр нэг ажилтан хөгжүүлэгчдээс ямар зорилготой байгааг нь асуухад тэд “Хүн шиг зурж чаддаг машин бүтээх” хэмээн хариулдаг билээ. Үүний дараа Хаяо Миязаки “Хүн төрөлхтөн төгсгөлдөө ойртож буй бололтой. Хүмүүс бид өөрсдөдөө итгэх итгэлээ алдаж байна” гэж харамссан хэлж буй хэсэг бий.
Хүн төрөлхтөн төгсгөлдөө ойртож буй бололтой. Хүмүүс бид өөрсдөдөө итгэх итгэлээ алдаж байна.
Хаяо Миязаки
Алдарт уран бүтээлчийн энэхүү үг олон нийтийг ихээхэн хувааж буй. Мэдээж технологийн дэвшил бүр тухайн салбарын тоглоомын дүрмийг эвдэж, урд хожид байгаагүй арга барилыг нэвтрүүлдэг. Гэхдээ үүнд хил хязгаар гэж байх хэрэгтэй юу?
Studio Ghibli-гийн хувьд бүх хүүхэлдэйн киногоо гараар бүтээж, олон жилийг зарцуулдаг. Жишээ нь, "The Wind Rises" хүүхэлдэйн кинонд гардаг 4-хэн секундийн хэсгийг нэг уран бүтээлч 15 сарын турш зуржээ. Өнөөдөр бол технологийн ачаар магадгүй 13 секунд л зарцуулах байх. Гэхдээ бид өөрсдийн оюун ухаан, шаргуу хөдөлмөр, зүрх сэтгэлээ шингээн хийдэг уран бүтээлээ заавал машинуудаар хийлгэх хэрэгтэй юу?
Уран бүтээлд сүнс хэрэгтэй. Тэр сүнсийг машин биш хүн л өгч чадна.
3/ Хэрвээ та байгаль орчинд анхаардаг бол
Хамгийн сүүлийн шалтгаан нь байгаль орчинтой холбогдоно. Харамсалтай нь, хиймэл оюуны байгаль орчны нөлөө, тэр дундаа хэр их цахилгаан болон ус хэрэглэж байгааг бид одоо хүртэл тодорхой мэдэхгүй хэвээр л байна. Бидэнд байгаа хамгийн судалгаатай таамгийг The Washington Post Калифорнийн их сургуультай хамтран гаргажээ. Тэд GPT-4 загвараар 100 үгтэй цахим шуудан бичүүлэхэд дунджаар 1 сав (500 мл) ус зарцуулж, 14 гэрлийн чийдэнг 1 цагийн турш асааж чадах эрчим хүчийг ашигладаг хэмээн тооцсон байдаг. Энэ тухай Хиймэл оюун ухаан хэр их эрчим хүч "иддэг" вэ? нийтлэлээс үргэлжлүүлэн уншаарай.
Хиймэл оюун хэмээх технологи шинэ учир энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах стандартууд ч бүрэн гүйцэд биежээгүй байна. Мэдээж улс орнууд энэ чиглэлийн дүрэм журмыг боловсруулж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд тэргүүлэх технологийн компаниуд хиймэл оюуныхаа бодит үнэн төрхийг нээлттэй танилцуулахаас аргагүй болох юм. Жишээ нь, ирэх жилээс бүрэн хэрэгжих Европын холбооны “AI Act” баримт бичигт өндөр түвшний хиймэл оюуны загваруудыг цахилгаан зарцуулалт, усны хэрэглээ зэргээ нээлттэй тайлагнахыг шаардаж буй.
Мөн дэлхий дахинаа олон төрлийн стандарт нэвтрүүлдэг ISO буюу International Organization for Standardization байгууллагаас “Тогтвортой хиймэл оюун” гэсэн ангилал бий болгож байна. Энэ стандартыг хангахын тулд хөгжүүлэгчид тухайн хиймэл оюуныг сургахад ашигласан компьютеруудийн эд ангиас эхлээд тэдгээрийн тээвэр, түүхийн эдийн хэрэглээ зэрэг бүхнээ тайлагнах хэрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, бид тун удахгүй хиймэл оюуны байгаль орчны нөлөөг бодитоор мэдэх юм. Одоогийн таамгуудаас үзвэл энэ тоо эх дэлхийн биднийг тийм ч их баярлуулахгүй л болов уу.
Эцэст нь, уншигч таныг технологийн ухамсартай хэрэглээнд уриалж байна. Өнөөдөр гэмгүй мэт харагдах жижиг үйлдэл та бидний хүсээгүй ирээдүйн суурь болох вий.