Технологи сонирхогчдын хувьд жилийн хамгийн сэтгэл догдлуулам өдрүүд эхэллээ. Хаврын эдгээр өдрүүдэд технологийн гигант компаниуд хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээгээ хийж, технологийн шинэчлэлт, дэвшлүүдээ танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ долоо хоногт гэхэд Computex, Build, I/O гэсэн гурван нүсэр арга хэмжээ болов. Эдгээрээс Google-ийн I/O дээр танилцуулсан бүх зүйлсийг тоймлон хүргэж байна.
Энэ жилийн гол дүр мэдээж хиймэл оюун. Уг салбарын чухал тоглогчдын нэг Google хүчирхэг загвар бүтээхээс гадна бодит бүтээгдэхүүн болгож хэрэглэгч бидний гарт авчрах дээр ихээхэн анхаарал хандуулжээ.
Google AI Mode
Google-ийн хайлтын систем “AI mode” гэсэн шинэ функцтэй боллоо. Энэхүү функцийн ажиллах зарчим ChatGPT, Gemini-тэй ижилхэн. Google сүүлийн хорь гаруй жил хайлтын системийн 90 орчим хувийг эзэгнэж ирсэн ч сүүлийн үед байр суурь нь ганхаж эхлээд буй. Үүний шалтгаан нь мэдээж хиймэл оюун. Хэрэглэгчид хайлтын систем дээрх вебсайтын жагсаалтын оронд хиймэл оюунт чатботуудыг илүүд үзэх болоод байгаа. Google ч зах зээлээ алдахаас сэргийлж хиймэл оюунд суурилсан хайлтын систем бүтээхийг зорьж буй. Үүний илрэл болсон AI mode өнөөдрөөс эхлэн АНУ-д нээлттэй болсон юм.
I/O арга хэмжээний үеэр ирээдүйн хайлтын системийн туршлагыг мэдрэхийг хүсвэл “AI mode-г ашиглаарай” гэж санал болгов.
Deep Think
Deep Think
Тэртээ 80 гаруй жилийн өмнө компьютерын шинжлэх ухааны эцэг Алан Тюрингийн алдарт “Машин сэтгэж чадах уу?” гэх асуултын хариулт нэгэнт олдож, хүний бүтээсэн хиймэл оюун хэдийн тунгаан бодох чадварыг эзэмшээд байгаа билээ.
Google Gemini 2.5 Pro загвартаа reasoning буюу “бодох” чадварыг Deep Think нэрээр нэвтрүүлсэн юм. Одоогийн байдлаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч ажиллах зарчмын хувьд ChatGPT-ийн o1, o3 загваруудтай ижил болов уу гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл судалгаанд суурилсан дэлгэрэнгүй хариултыг боловсруулахдаа олон сурвалжуудыг нэгтгэж тэндээсээ дүгнэлт хийх замаар ажилладаг байх юм. Одоогоор уг нэмэлтийг зөвхөн “итгэл даасан” цөөн хэдэн хүн л ашиглах эрхтэй байгаа аж.
Project Astra /Xreal/
Project Astra /Xreal/
Google-ийн хамгийн амбицтай байгаа төслүүдийн нэг бол Project Astra юм. Тус компани ухаалаг утасны камер, микрофоныг ашиглан бодит хиймэл оюунт туслахыг бүтээхийг зорьж буй. Project Astra төслийн хүрээнд хөгжүүлэгдэх бүтээгдэхүүн хүрээлэн буй орчныг таних, тэнд нь юу болж байгааг тайлбарлах чадвартай. Энэ жилийн I/O дээр үзүүлсэн Gemini-тай хамт дугуй засч буй залуугийн бичлэг яг л “Төмөр хүн” киноны Тони Старк, Jarvis хоёрын хослолыг санагдуулж байлаа. Marvel-ийн кино хүртэл бодит болоод эхэллээ.
Google Beam
Google Beam
Google төхөөрөмжийн салбарт бусад технологийн гигантууд шигээ хараахан амжилт олоогүй ч үргэлж шинийг туршсаар ирсэн. Энэ удаа тэд Google Beam гэж нэрлэсэн олон камерын тусламжтайгаар гурван хэмжээст дүрс бичлэг үүсгэх чадвартай төхөөрөмж бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь зургаан камераас ирэх дүрсийг хиймэл оюуны тусламжтайгаар нэгтгэж илүү бодит дүрслэлийг бий болгох юм. Хувь хэрэглэгчдэд биш албан байгууллагуудад зориулан хөгжүүлсэн уг төхөөрөмж Google Meet, Zoom-тэй хослон ажиллана. Google-ийн зүгээс энэ жилдээ багтаан зах зээлд нэвтрүүлнэ гэж амлав.
Try it on
Try it on
Google виртуал байдлаар хүссэн загварын хувцсаа сонгох туршлагыг нэг шат ахиуллаа. Тодруулбал, та өөрийн бүтэн гарсан зургаа оруулаад хүссэн загварын хувцсаа зохиж байгаа эсэхийг нь мэдэх боломжтой. Мөн тухайн зургаа хадгалах, бусадтай хуваалцаж болно. Хувцас үрчийх, материал сунахыг нь хүртэл тооцоолох чадвартай гэж хэлсэн нь улам ч ихээр сонирхолтой татлаа. Try it on хэмээн нэрийдсэн уг функц АНУ-д өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрчээ.
Imagen 4
Google-ийн зураг үүсгэх чадвартай Imagen хиймэл оюуны хурд 10 дахин нэмэгджээ. Шинээр танилцуулагдсан Imagen 4 хувилбар даавууны бүтэц, усны дусал, амьтны үс гэх мэт нарийвчлалыг хүртэл тооцоолдог болсон байна. Imagen 4 хувилбарыг өнөөдрөөс эхлэн Gemini аппаас ашиглаж болно.
Veo 3
Видео бичлэг бүтээх чадвартай Veo 3 хиймэл оюун орчны чимээ, шуум, дүрүүдийн яриаг үүсгэдэг болжээ. Нэг ёсондоо цогц дүрс бичлэгийг ганцхан хиймэл оюуны загвар гүйцэтгэдэг боллоо. Мөн бичлэгийн чанарын хувьд өмнөхөө илүү сайжирсан байна. Гэхдээ уг хиймэл оюуныг ашиглахын тулд одоогоор сар бүр 250 доллар төлөх шаардлагатай.
AI-аар кино бүтээх апп
Google дүрс бичлэг, дуу, зураг бүтээх хиймэл оюуныг ашиглан контент засварладаг хийдэг Flow нэртэй аппаа танилцууллаа. Уг апп дээр текстээс бичлэг үүсгэх Veo 2, 3 болон текстээс зураг бүтээх Imagen 3 хиймэл оюунууд ажиллах юм. Мөн өөрсдийн дүрс, зургаа оруулан заавар (prompt) бичиж хүссэн байдлаараа контентоо баяжуулах боломжтой. Камер, микрофонгүй байсан ч контент бүтээж болдог үе жинхэнэ утгаараа ирлээ.
Gemini Ultra
Google супер бүтээгдэхүүнүүдээ ашиглах эрхээ сарын 250 долларын үнээр зарахаар боллоо. Уг үйлчилгээг авснаар дүрс бичлэг үүсгэх чадвартай Veo 3, засвар хийх зориулалттай Flow апп, Gemini 2.5 pro загварын тунгаан бодох чадвартай Deep Think нэмэлтийг ашиглах юм.
Project Mariner
Нийтлэлийнхээ төгсгөлд хамгийн чухал гэж бодсон танилцуулгыг нь онцолж байна. Хиймэл оюуны давлагаа үүсгэгч /generative/ хэв маягаас хальж бодит үйлдэл хийх чадвартай ажилтны /agentic/ систем рүү шилжиж байгаа. Энэхүү шилжилтэд Google ч нэгдэж, Project Mariner нэртэй үйлчилгээгээ танилцууллаа. Project Mariner бол нэгэн зэрэг арван үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай вебд суурилсан хиймэл оюуны агент. Жишээ нь уг агентыг ашиглан тоглолтын тасалбар худалдан авах, хүнсний бүтээгдэхүүн цахимаар захиалах зэрэг үйлдлүүдийг веб сайт тус бүр лүү нь нэвтрэхгүйгээр хийх боломжтой.
Үүнээс үзвэл цаашид бидний сурах ёстой чадваруудын нэг бол хийхийг хүссэн зүйлээ маш сайн илэрхийлэх буюу prompt бичиж сурах болж байна.
Google-ийн жилийн хамгийн том арга хэмжээний онцлох зүйлс ийм байлаа. Дэлхий нийтийн хиймэл оюуны давалгаанд нэгдэх хөдөлгөөний эрч улам нэмэгдэж байна. Уг давлагааны хамгийн урд нь яваа хөлөг онгоцнуудын нэг яахын аргагүй Google. Давлагааны өндөр улам л нэмэгдсээр байна. Харин хэрэглэгч бидний хувьд шинэ соргог байж, дасан зохицохоос өөр аргагүй билээ.