Биднийг унтаж байх хооронд дэлхийг өөрчлөх технологи танилцуулагдсан нь GPT-5 байлаа. ChatGPT-г бүтээгч OpenAI хамгийн сүүлийн хиймэл оюуны загвараа танилцуулсан нь энэ юм. Компанийн CEO, үүсгэн байгуулагчдын нэг Сэм Алтман танилцуулгынхаа үеэр “Ph.D түвшний AI” гэж хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг соронз мэт татаж байна.

Бид технологийн салбарын хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтнийг хайж байна. 21.unread.today вебээр өөрийгөө болон бусдыг нэр дэвшүүлээрэй.


5 дугаар үеийн GPT

Бидний сайн мэдэх ChatGPT анх 2022 оны 12 дугаар сард GPT-3.5 загварт суурилан танилцуулагдсан билээ. Уг загвар дэлхий нийтэд том цочрол өгсөн ч хэрэглээний хувьд тийм ч сайн байгаагүй. Үүнээс дөрөвхөн сарын дараа GPT-4 загвараа танилцуулж жинхэнэ утгаараа хиймэл оюуны давлагаа дэлхийг тэр чигт нь живүүлсэн юм. ChatGPT 4 дүгээр үе дээрээ ярих, сонсох, хүүрнэх, бичих, зөвлөх, тунгаан бодох, код бичих чадваруудыг эзэмшиж чадсан. Харин өнөөдрөөс ийнхүү 5 дугаар үе рүүгээ нэвтэрснээр цоо шинэ боломжууд биднийг хүлээж байна. Таны гарт бүх салбарын Ph.D түвшний мэдлэгийг OpenAI атгуулж байна.


Нэгдмэл систем

Өчигдөр та ChatGPT рүү нэвтэрсэн бол GPT-4o, o3, o4 mini, GPT 4.1 гэх мэт олон сонголтууд гарч ирэх байсан. Энэ бүгд бол тодорхой даалгаварт тусгайлан зориулагдсан хиймэл оюуны загварууд юм. Өөрөөр хэлбэл зарим нь хурдан хариулт өгдөг бол нөгөө хэд нь жоохон удаан бодож байгаад чанартай хариулт өгөх жишээний. Алийг нь ямар үед ашиглах вэ гэж бодохоор үнэхээр толгой эргэмээр.

Харин яг одоо ChatGPT рүү орвол GPT 5 гэсэн ганцхан хувилбар гарч ирэх болно. OpenAI өмнөх бүх загваруудаа алга болж нэг загварт бүх чадваруудыг нэгтгэсэн нь энэ юм. Ийнхүү хэрэглэгч бидний хувьд хэрэглэхэд илүү хялбар боллоо. Хамгийн гайхалтай нь GPT-5 бүх хэрэглэгчдэд үнэгүй. Гэхдээ үнэгүй хэрэглэж буй хэрэглэгчид өдрийн хязгаартай байна.

GPT-5-ийн ид шид

Харилцан яриа: Бүтэн өдрийн турш дотнын найзтайгаа ярьж буй мэт чатлахад ямар ч асуудал гарахгүй. Гэхдээ контекстийн уртынх нь талаар мэдээлэл өгсөнгүй.

Супер хурд: GPT-5-ийн асуултад хариулах хурд эрч сайжирчээ. Өмнө нь асуулт асуучхаад утсан дээрх чатаа шалгаж амждаг байсан бол одоо утсаа нээж амжаагүй байхад л асуултын хариултыг гаргаж өгч байна.

Шилдэг код бичигч: Хиймэл оюуны загваруудын гол бай код бичих билээ. GPT-5 хоёрхон минутад 400 мөр кодыг бичиж байгаа нь танилцуулга дээрээс харагдаж байлаа. Гэхдээ салбарын экспертүүд хамгийн шилдэг код бичих чадвартай загвар Antropic-ийн Claude Opus 4.1 гэдэг байр сууриа хадгалсаар байна.

Симуляц: Хэдхэн промпт бичихэд л шинжлэх ухааны туршилтын симуляц үүсгэх чадвартай болжээ. Их сургуулийн оюутан, эрдэмтдийн цаг завыг хэмнэх гайхалтай хэрэгсэл болох шинжтэй.

Минимал промпт: Хүссэн үр дүнгээ маш оновчтой илэрхийлсэн хэрэглэгч хамгийн сайн хариултыг хиймэл оюунаас авч чадна. Энэ ойлголтыг OpenAI эвдэж энгийн промптууд бичих замаар хамгийн оновчтой хариултыг бидэнд харуулдаг болжээ.

Бурах нь багасав: Хиймэл оюуны hallucination буюу хий үзэгдэл гэж байдаг. Мэргэжлийн энэ хэллэг хэрэглэгч бидэнд буруу мэдээлэл өгч буйгаар илэрдэг. GPT-5 загварын “бодох” горимыг ашиглаж байгаа тохиолдолд 4,8%-д нь буруу мэдээлэл өгч байгаа нь тогтоогджээ. Өмнөх o3 22%, GPT-4o 20,6% байсан юм.

Ph.D түвшний мэдлэг: GPT-5 загварыг Ph.D түвшнийг мэдлэгтэй AI гэж байгаа нь маркетингийн хий хоосон гарчиг биш. Маш олон мэргэжлийн шалгуур үзүүлэлт дээр 80-аас дээш оноо авсан нь ингэж дүгнэхэд хүргэж байна. Харьцуулан тайлбарлавал GPT-3 дунд ангийн, GPT-4 их сургуулийн, GPT-5 мэргэжлийн экспертийн мэдлэгтэй гэсэн үг.


Бичих чадвар

Бичихүйн чадварын хувьд илүү гүнзгий агуулгатай, хэмнэл өрнөлтэйгөөр санаагаа илэрхийлж чаддаг болжээ. Өмнөх загваруудын модон бичвэрт төгсгөл тавих алхмуудын эхлэл GPT-5 гэж бодож байна.

Би “Дашдоржийн Нацагдоржийн Од шүлгийн хэв маягаар роботын тухай шүлэг бич” гэдэг даалгавар өгч үзлээ. Надад 4 бадаг бүхий 16 мөрт үүсгэж өгснөөс
“...Хүйтэн гангийн дотроос,
Хүмүүнлэгийн дулаан хайна.” гэсэн хоёр мөрт ихэд сонирхол татав.


Эрүүл Мэнд

Олон хэрэглэгчид хэдийн ChatGPT-ээс эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө аваад дадчихсан байгаа нь ажиглагдсан. GPT-5 энэ чиглэлийн асуултад хариулж чадах хамгийн сайн загвар гэж OpenAI тодорхойлжээ. Үүнийг нь Healthbench буюу мэргэжлийн эмч нарын тогтоосон шалгуур үзүүлэлт дээр хамгийн өндөр 46,2% оноог авчээ. Healthbench-г 60 орны 262 эмчтэй хамтран 5000 гаруй бодит кэйс дээр тулгуурлан боловсруулжээ.


Шалгуур үзүүлэлт

Хиймэл оюуны шандсыг сорих benchmark буюу шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. GPT-5 математик, код бичих, олимпиадын бодлогууд бодох дээр хамгийн өндөр оноонуудыг цуглуулжээ.

AIME буюу АНУ-ын ахлах сургуулийн математикийн олимпиадын бодлого 94,6%. Хэрвээ нэмэлт хэрэгсэл ашигласан тохиолдолд 100%.


SWE-bench Verified буюу програм хангамжийн бодит ажил дээр шалгах үзүүлэлт 74.9%


MMMU Олон төрлийн мэдээллийн уялдаа холбоог олж, ойлгох чадвар 84.2%


GPQA Ph.D түвшний шинжлэх ухааны асуулт 88.4%


Үүнээс гадна өнгөрсөн сард OpenAI, DeepMind-ийн хиймэл оюуны загварууд олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртэх түвшинд ирж дэлхий нийтийг алмайруулсан билээ.

OpenAI-аар өөр юу байна?

Өчигдөрхөн шинэ загвараа өлгийдөн авсан ChatGPT долоо хоног тутмын 700 сая хэрэглэгчтэй болжээ. Анх гарсан эхний долоо хоногтоо 1 сая хэрэглэгчтэй болж байсан бол өдгөө сошиал медиа платформыг хэмжээнд иржээ.

Уг чатботыг бүтээгч OpenAI 500 тэрбум долларын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулалт татахаар бэлтгэж байна. Хэрвээ энэ хөрөнгө оруулалт нь амжилттай болбол SpaceX-г гүйцэж хамгийн өндөр үнэлгээтэй стартап болох учиртай.

Мөн тэд хэдхэн хоногийн өмнө GPT-2-оос хойш анх удаа open source модель танилцууллаа. Gpt-oss нэрээр танилцуулагдсан уг модель тунгаан бодох чадвартай бөгөөд Nvidia-ийн нэг GPU дээр ажиллах боломжтой гэдгээрээ онцлог юм. Үүнийг тэдний DeepSeek-д барьж буй хариу гэж хэлж болно.

Салбарын тэргүүлэх загваруудаас гадна дэд бүтцийн асуудалдаа ихээхэн анхаарал хандуулж байна. Хэн хиймэл оюуны загварыг бүтээх нь чухал биш хэн дэд бүтцийг эзэмших нь чухал болоод байгаа билээ. Тэр ч утгаараа тэд Google-ийн клаудын технологийг ашиглах гэрээ байгуулаад байна. Мөн Японы хөрөнгө оруулалтын Softbank болон Oracle-тай хамтарч 500 тэрбум доллароор хиймэл оюун дэд бүтэц байгуулах ажлаа эхлүүлээд байгаа билээ.

Цаашид яах вэ? 

OpenAI-ийн хувьд хүний оюун ухаантай ижил түвшинд сэтгэж чадах хиймэл оюун буюу AGI бүтээх үйлд томоохон дэвшил гарлаа гэж GPT-5-ыг тодорхойлж байна. Хэдхэн сарын өмнө С.Алтман бид AGI бүтээх арга замаа олсон гэж постлож байсан удаатай. Хэдхэн жилийн дараа хүн төрөлхтөн анх удаа дэлхий дээр оюун ухаанаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж магадгүй байна.

Харин хэрэглэгч бидний хувьд бүр ч илүү эгзэгтэй мөч ирээд буй. Сошиал дээр GPT-5 загвартай холбоотой олон мэдээлэл, сэтгэгдэл яг одоо бараг л бүх хэл дээр хөвөрч байна.

Олон хүн хөгжүүлэгч, бичээч, зөвлөх мэргэжилтэй хүмүүс зах зээлээс арчигдаж цагаан захтнуудын цусгүй дайн эхэлнэ хэмээн шуугьж буй. Гэхдээ би арай өөр бодолтой байна. Дэлхий нийтийг түйвээсэн технологи гарч ирэх бүрд ийм ярианууд байсаар л ирсэн. Харин шинэ технологийг шүүмжлэх бус зөв ашиглаж чадсан цөөн хэд нь шинэ үеийн түүчээлэгчид болсоор ирсэн жамтай. Бидний халаасанд супер компьютер байна гэж гайхуулдаг байсан бол одоо таны халаасанд супер оюун ухаан нэмэгдлээ. Хэрхэн яаж ашиглах нь уншигч таны гарт.