Тэртээх 2007 оны энэ өдөр дэлхий нийт iPhone гээч “ид шидийн шилэн дэлгэц”-ийг өлгийдөн авч байв. Гэвч өнөөдөр бол зөвхөн Apple-ийн ээлжит нэгэн төхөөрөмжийн ойн баяр биш. Энэ бол хүмүүс бид анх удаа хуруугаа шудрах төдийд хэрэгтэй мэдээллээ хүлээн авч, бүхэл бүтэн интернэтийг бодох юмгүй “халааслах” завшаан тохиосон тэмдэглэлт өдөр. Иймдээ ч агуу Apple-ийн түүх бол хүн төрөлхтний ч түүх гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ. 

Энэ л жишгээр өнгөрсөн 50 жилийн турш технологийн ертөнцийн үүд хаалгыг тэнхлэг алгасалгүй нээсээр ирсэн Apple экосистемийн амин чухал судас өнөөдөр 19 нас хүрч байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ уг домогт “нээлт”-ийн түүхийг эргэн нэг сөхөцгөөе. 

200 ГАРУЙ ПАТЕНТ

АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдсан Macworld Conference & Expo-д iPhone утас анх танилцуулагджээ. Мэдээж үүний өмнө 1984 онд нээлтээ хийсэн Macintosh компьютер, 1998 онд улам төгөлдөржсөн ​​iMac G3, 2001 онд хөгжмийн ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн iPod гээд жинхэнэ салхийг эрчээсэн хэд хэдэн бүтээгдэхүүнийг Apple зах зээлд нэвтрүүлчхээд байв. Мөн дэлхийн анхны мэдрэгчтэй ухаалаг утас ч тэртээх 1994 онд танилцуулагдсаныг дурдах хэрэгтэй.

Харин iPhone-ийн ид шид нь дээрх төхөөрөмжүүдийг алганд багтах шилэн дэлгэцэд нэг дор цогцлоосон явдал. Өөрөөр хэлбэл, iPod, утас, интернэт хөтчийг компьютерын түвшний софтвэйртэй хослуулж чадсан анхны төхөөрөмж гэдгээрээ онцгой. Ямар ч ухаалаг үзэг, товчлуур ашиглалгүй хуруугаараа бүхнийг амжуулах боломжтой, хамгийн гол нь хэрэглэгчид ээлтэй технологи нь тухайн үедээ салбарынхныг “сандаргах” хангалттай том амжилт байв.


Зургийг: CNN

Үүний тулд iPhone-ийн цомхон баг жил дамнасан судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийг хийх явцдаа 200 гаруй патентын эрхээр хэмжигдэх програм хангамж, UI-ийн дэвшилтэт шийдлүүдийг боловсруулсан гэдэг. Олон хурууны мэдрэгчтэй дэлгэц, зүүм, автомат эргүүлгийн тохиргоо, ойрын зай мэдрэгч (proximity-sensor) гээд Apple-ийн төгөлдөржүүлж, зах зээлд нэвтрүүлсэн технологиуд өдгөө ч идэвхтэй ашиглагдсаар.

ХАМГИЙН ХҮЧИРХЭГ

Apple-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобс iPhone-ийг танилцуулахдаа “аль ч утсанд байгаагаас дор хаяж таван жилээр түрүүлэхүйц софтвэйртэй” хэмээсэн байдаг. Энэхүү хүчирхэг софтвэйр Apple компьютерын OS X-д голлон суурилж байв. Тухайлбал, OS X-ийн олон үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвар, хурдтай сүлжээ, аюулгүй байдлын систем, хэрэгцээт апп гээд хүсэмжит бүхий л элементийг iPhone ч агуулна гэсэн үг.

Мэдээж бид iTunes-ийг орхигдуулж болохгүй. iTunes анх бүтээгдэхдээ л дуу хөгжмийг дижиталжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах зэрэг үүргийг нэг дор гүйцэтгэх “сая долларын санаа” байсан билээ. Улмаар iTunes-д суурилан iPod бий болсон бөгөөд энэ нь ч “халаасанд багтах 1,000 дуу” гэх уриа дор зах зээлд нэвтэрсэн даруйдаа хэдэн зуун сая хувь борлуулагдаж чадсаны шалтгаан.

Зургийг: Internet Archive

Тэгвэл Apple компани iPhone-ийг хөгжүүлэхдээ iPod-ийн суурь технологийг мобайл төхөөрөмжид хөрвүүлж, медиа файлаар зогсохгүй хувийн цаглавар, тэмдэглэл, и-мейл хаягуудыг ч цөм компьютероос автоматаар зөөх үйлчилгээг санал болгосон юм. Уг үйлчилгээ нь зөвхөн мэдээлэл зөөх гэхээс гадна хэрэглэгчийн туршлагыг сайжруулах дэвшилтэт софтвэйрийг түүчээлсэн томоохон хөгжүүлэлт байлаа. Ингээд харвал софтвэйрийнх нь санаа хөгжиж, чансаа нь өндөрсөх тусам түүнийг гүйцэж, биелүүлэх барьцтай төхөөрөмжүүд ээлж ээлжээрээ мэндэлсэн гэлтэй.

ДИЗАЙН

Стив Жобсын мөрөөдлийг амилуулахад домогт дизайнер Жони Айвийн оролцоо асар өндөр байв. Анхны хувилбар нь 3.5 инч, 160 ppi нягтаршилтай дэлгэц, 2 мегапикселийн камер, 11.6 мм нимгэнтэй бүтээгдсэн ба үүнээс ч боловсронгуй UI элементүүдийг давхар шингээсэн нь iPhone-ийн эхлүүлсэн гол хувьсгал билээ.



Жобсын онцолсноор iPhone бол Apple-ийн бүтээсэн хамгийн шилдэг iPod. Өөрөөр хэлбэл, iPhone дээрх iPod апп-д сонсохыг хүссэн дуу руугаа хормын дотор шилжих, цомгийн ковер зураг болон дүрс бичлэг, кино зэргийг босоо, хэвтээ байрлалаар үзэх тохиргоонуудыг нэвтрүүлсэн юм. Мөн дуудлага хийх апп-д визуал дуут мессежний тусламжтай өөрийн хүссэн дарааллаар дуут мессежээ сонсох, чухал дугааруудыг тэмдэглэснээр илүү хурдан хугацаанд дуудлага хийх, тэр ч байтугай conference call буюу бүлгийн дуудлага хийх боломжийг бүрдүүлж байжээ.


Зургийг: Macworld

Харин интернэт харилцаа холбоонд зориулж Wifi сүлжээг автоматаар танин холбогддог, анхны бүрэн хэрэглээнд нийцсэн гар утсан дээрх HTML веб хөтчийг багтаасан, төрөл бүрийн и-мейлийн үйлчилгээг дэмжих чадалтай технологийг санал болгосон аж. Ингэхдээ тухайн үед 250 сая гаруй хэрэглэгчтэй Yahoo! болон интернэт өгөгдөл, хайлтын сангийн үйлчилгээгээр тэргүүлэгч Google компанитай хамтарсан байдаг. Эдгээрийн гол зорилго нь компьютертой дүйцэхүйц хурд, нягтаршил, тав тух бүхий интернэт орчин дахь хэрэглэгчийн туршлага.


Зургийг: Cult of Mac

ЗАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАВ?

Apple компани 2007 оны 6-р сард iPhone утсыг худалдаанд гаргажээ. Үнийн хувьд 4 ГБ багтаамжтай нь 499 ам.доллар, 8 ГБ багтаамжтай нь 599 ам.доллар. Борлуулалт дөхөхтэй зэрэгцэн Wall Street Journal-ийн технологийн сэтгүүлч Уолтер Моссберг "Сүүлийн 16 жилийн хугацаанд олон нийтийн дунд iPhone-оос илүү өндөр хүлээлт, догдлол үүсгэсэн бүтээгдэхүүн хараагүй" хэмээж байлаа.

Хэдэн сар үргэлжилсэн хүлээлт өндөрлөж, хэрэглэгчид веб хуудсыг бүтнээр нь харах, өндөр нягтаршилтай дүрс бичлэг үзэх, дуртай дуугаа хүссэн үедээ тоглуулах гээд ам уралдан сайшаах талууд мундсангүй. Гэсэн ч нэмэлтээр SD карт ашиглаж багтаамжаа ихэсгэх сонголтгүй, зөвхөн АНУ-ын AT&T мобайл сүлжээг дэмжих дуудлагын нөхцөлтэй, батарейгаа солих боломжгүй байдал зэрэг нь сул тал байв.



Хэдий тийм ч гар утасны гэлтгүй нийт технологийн зах зээлийг нэг сайн цочоосон iPhone-ийн нээлт өрсөлдөгч компаниудад жинтэй мэдээ болж очсон нь гарцаагүй. Энэ нь ч 2007 оны энэ өдөр дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн тал хувийг эзлэгч гэгддэг байсан BlackBerry (RIM) компанийн хувьцаа 7.9 хувиар унаснаар илэрсэн билээ.

Форбесийн мэдээлснээр BlackBerry компанийн удирдлага Apple-ийн дэвшилтэт технологи, нүд булаам бүтээгдэхүүнийг харж, сайшаасан ч тэдэнтэй өрсөлдөхүйц загвар гаргахаар төдийлөн шаламгайлаагүй гэдэг. Учир нь iPhone ихэнх хүний дадсанаас эсрэг буюу виртуал кэйбордтойн сацуу тийм ч сайн цэнэгээ барьдаггүй хэмээн үзсэнд байж. Гэтэл Стив Жобс iPhone танилцуулгын үеэр харилцаа холбооны сүлжээгээр АНУ-д тэргүүлэгч AT&T-ийн харьяа Cingular Wireless-ийн Гүйцэтгэх захиралтай жил дамнасан хамтран ажиллах гэрээ байгуулснаа зарлахад BlackBerry-ийн үүсгэн байгуулагч Майк Лазаридис ихэд гайхширсан хэмээдэг.


Зургийг: NBC News

Зургийг: Forbes

Харин Nokia-ийн хувьд нөхцөл байдал эхэн үедээ арай өөр байв. Тодруулбал, Apple компани 2007 онд нийт 1.4 сая iPhone борлуулсны 80 орчим хувь нь жилийн сүүлийн улиралд хамаарах бол Nokia ердөө энэ хугацаанд л гэхэд 7.4 сая хувь борлуулалт хийсэн байдаг. Гэсэн ч 2008 онд App Store хэрэглээнд нэвтэрч, Uber-ээс эхлээд олон олон технологи суурьтай үйлчилгээ зах зээлд түрэн орж ирсэн нь Apple-ийг өрсөлдөөний талбарт хүчтэйхэн чавхаджээ. Уншигч таны мэдэж байгаачлан iPhone утас жил ирэх тусам илүү боловсронгуй болсоор зах зээлд эрчимтэй тэлэлт хийж чадсан. Ийнхүү 2011 онд л гэхэд борлуулалтын хувь 50 саяын босгыг давсан түүхтэй.

“ӨӨРӨӨР СЭТГЭ”

Apple гэх энгийн нэр эгэлгүй их санааг өөртөө тээгээд хагас зууны нүүрийг үзэж буй. Технологийн салбарын түүчээлэгчдийн нэг эл компани байгаагүй бол өдгөө ч хүн төрөлхтөн, компьютер хоёр хэр хол зайд оршихыг тааж мэдэмгүй. Эрдэмтэн мэргэд, инженер хөгжүүлэгчид л “учрыг нь олдог” адармаат программ, төхөөрөмжийг шимтэн сонирхогч бүхний ширээн дээр залж чадсан тэдний санаачилгууд улам цэцэглэсээр. Энэ нь ч Apple компани хэрэглэгчдэдээ үзүүлэлт, өнгө үзэмж бус үнэ цэн, үлдэх мэдрэмжийг зарж борлуулснаар ирсний баталгаа биз ээ.


Зургийг: Pramit Ghosh

Apple-ийн гол үнэт зүйл бол хүсэл тэмүүлэлтэй хүмүүс дэлхийг илүү сайхан газар болгож чадна гэдэгт итгэх явдал юм.


Стив Жобс

Apple-ийн түүх зөвхөн компьютер, утас, ухаалаг цагны түүх бус тэдгээр төхөөрөмжүүдийн өөрчилж чадсан салбарын түүх болдог нь энэ үнэ цэнтэй нягт холбоотой гэлтэй.

Аливаа зүйлийн гоо сайхан харагдах байдалдаа бус, үүргээ гүйцэтгэж буй эсэхдээ оршдог.


Жони Айв


ӨНӨӨДӨР

Өдгөө Apple-ийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.долларын хүрээнд хэлбэлзэж байна. Энэ нь тэднийг технологийн салбарын хамгийн том гигантуудын нэг хэмээн тунхаглахад хангалттай том тоо. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Apple-ийн амин сүнс болсон шинийг санаачлах, байлдан дагуулах үйл хэрэг хааш чиглэх тухай харилцан адилгүй таамгууд олон бий. Өнгөрсөн 11-р сард л гэхэд тэд “iPhone Pocket” нэр дор iPhone-ийн албан ёсны “оймс”-ыг танилцуулсан нь нэлээдгүй хүмүүсийн шүүмжлэлд өртөж, iPod-ын оймсыг хүчээр эргүүлэн авчирч байна хэмээгдээд амжсан.


Зургийг: CNN

Зах зээлд эзлэх томоохон байр суурь нь Apple-ийн амжилт, чансааг илтгэх чухал үзүүлэлт ч, нөгөө талаас түм буман хувьцаа эзэмшигч, хэрэглэгчдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, эрсдэлтэй, зоримог алхам хийх ядмагхан орон зай мөнхийн дагуул болсон уу хэмээн сонжих нүд олширсоор. Гэвч халаасанд багтаж ядах цаашдын олон арван хувьсгалыг чих тавин сонордох нь ч цөөнгүй билээ.


Зургийг: CNN

iPhone загваруудын голлох инновац:

iPhone 3G – 3G сүлжээ
iPhone 4 – Урд камер, FaceTime
iPhone 4S – Siri
iPhone 5 – LTE (4G)
iPhone 5S – Хурууны хээ таних (Touch ID)
iPhone 8 / 8 Plus – Утасгүй цэнэглэлт
iPhone X – Царай таних (Face ID), Home товч хасагдав
iPhone 11 – Ультра өргөн камер
iPhone 11 Pro / Pro Max – Гурвалсан камер
iPhone 12 – 5G сүлжээ
iPhone 13 – Cinematic Mode
iPhone 16 – Apple Intelligence (AI-д суурилсан шинэ экосистем)