Apple компанийнхаа хамтран үүсгэн байгуулагч болох Стив Жобсын алдарт хар өнгийн хоолойтой цамцыг бүтээсэн Японы ISSEY MIYAKE брэндтэй хамтран iPhone-ийн албан ёсны “оймс”-ыг танилцуулж, улмаар өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр худалдаанд гаргалаа. 

Одоогоос хорин нэгэн жилийн өмнө, 2004 онд Стив Жобс iPod-ийн оймсыг албан ёсоор танилцуулж байсан боловч Apple уг бүтээгдэхүүнээ 2012 онд үйлдвэрлэхээ зогсоосон байдаг. Тэгвэл тэд iPod-ийн оймсыг “iPhone Pocket” хэмээх шинэ нэрээр ахин авчирсан нь энэ байв. 

Даавууны өөдөс

Apple-ийн танилцуулснаар iPhone-ийн “оймс” нь 3D нэхмэл мэт харагдах бөгөөд тус онцгой нэхмэлийн технологийг ISSEY MIYAKE студи тусгайлан хөгжүүлжээ. Түүнчлэн, хоёр брэнд уг бүтээгдэхүүнээ ISSEY MIYAKE студийн “Даавууны өөдөс” гэх санаанд тулгуурлан бүтээсэн хэмээн мэдэгдсэний дээр загвар зохион бүтээлтэд нь Apple-ийн зүгээс Apple Design Studio онцгой ойр хамтран ажилласан гэв.

ISSEY MIYAKE брэндийн хувьд 1970 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч нь Японы загвар зохион бүтээгч Мияакэ Иссэй юм. Дээрх “Даавууны өөдөс” гэх санаа нь тус брэндийн олон жилийн турш баримталж буй философи бөгөөд үүгээрээ Өрнө, Дорнын дизайны зааг ялгаанд баригдахгүй хэмээх утгыг илэрхийлдэг аж. iPhone-ийн “оймс”-ны тухайд тус студийн ахлах загвар зохион бүтээгчдийн нэг Ёшиюүки Миямаэ хэлэхдээ, “iPhone Pocket нь танд гар утсаа өөрийн дураар “өмсөх” боломжийг олгох зорилготой” гэсэн бол Apple-ийн Бүтээгдэхүүн дизайны дэд ерөнхийлөгч Молли Андерсон, “Энэхүү ухаалаг нэмэлт халаас нь манай бүхий л бүтээгдэхүүнд төгс зохицно” хэмээсэн юм.

iPod Socks, iPhone Pocket-ийн харьцуулалт

Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн шалгалт

Уг бүтээгдэхүүнийг зарлагдсан даруй цахимд олон талт маргаан дэгдсэний хамгийн олон хүнийг хамруулсан сэдэв нь үнэ байв. Тодруулбал, iPhone Pocket нь хэмжээний хувьд урт, богино гэсэн хоёр төрөл бөгөөд үнийн хувьд урт нь 229.95 долларын үнэтэй, биндэрьяа (sapphire), шанцай (cinnamon), хар гэсэн гурван өнгийн сонголттой. Харин богино нь 149.95 доллар, тод шар (lemon), улбар шар (mandarin), нил, ягаан, солонгорсон хөх (peacock), биндэрьяа (sapphire), шанцай (cinnamon), хар гэсэн найман өнгийн сонголттой аж. Сонирхуулахад, iPod Socks анх 2004 онд ногоон, нил, ягаан, саарал, цэнхэр, улбар шар гэсэн зургаан өнгийн багцаараа нийт 29 долларын үнээр худалдаанд гарч байжээ.

Технологийн нөлөө бүхий YouTuber Marques Brownlee өөрийн X хуудсандаа тус бүтээгдэхүүнийг “Apple-ийн гаргасан болгоныг худалдаж авдаг/өмөөрдөг хүмүүсийг таних индикатор” хэмээн бичсэнийг BBC онцолжээ. Түүнээс гадна цахим орчинд iPhone-ийн хулгай улам бүр нэмэгдэж буй өнөөдөр iPhone Pocket-ийг цахилгаангүй бүтээснийг эрс шүүмжилсэн бол зарим хэрэглэгчид Apple-ийг ISSEY MIYAKE брэндтэй хамтарсныг онцлон “Apple-ийн түүхэнд хүндэтгэл үзүүлж буй хэрэг” хэмээн өмгөөлжээ.



Мөн iPhone Pocket-ийг “special edition” буюу цөөн тоогоор гаргаж буйг тодотгон үнийн хувьд эерэг байр суурьтай буй хэрэглэгчид ч цөөнгүй байгаа аж. Гэсэн ч хэрэглэгчдийн олонх нь тус бүтээгдэхүүнийг Apple-ийн үнэнч хэрэглэгчдээ шалгаж буй шалгалт хэмээн үзэж буй гэнэ.

Үүний зэрэгцээ жил бүр шинэ бүтээгдэхүүний танилцуулгаараа хэрэглэгчдийн дунд маргаан дэгдээж буй Apple “сайн мартагдсан хуучин зүйлээ” сэргээхийн үлгэрээр арван гурван жилийн өмнө зогсоосон бүтээгдэхүүнээ “шинэчлэн” дахин бүтээсэн нь үнэндээ шинэ санаа нь дуусав уу гэх асуултыг төрүүлнэ.

Холбоотой нийтлэл: 2025.09: Биднийг унтаж байхад Apple-ийн танилцуулсан бүх зүйл



Борлуулалтын байршилууд

iPhone Pocket нь Франц, Хятад (албан ёсны сайтдаа Тайванийг оролцуулаад Их Хятад хэмээжээ), Итали, Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Их Британи, АНУ зэрэг улсууд дахь Apple-ийн тодорхой ганцхан салбарт л худалдаалагдаж буйгаараа онцлогтой. Сонирхуулахад, Зул сарын баярыг тохиолдуулан Apple-ийн дэлгүүр дэх болон цахим мэргэжилтнүүд хэрэглэгчдэд гар утасныхаа “оймс”-ыг өнгө, хэмжээний хувьд нийцүүлэхэд нь туслах юм байна. Доор iPhone Pocket-ийг худалдаалж буй Apple-ийн дэлгүүрүүдийг жагсаалаа.


Apple Canton Road, Хонгконг
Apple Ginza, Токио
Apple Jing’an, Шанхай
Apple Marché Saint-Germain, Парис
Apple Myeongdong, Сингапур
Apple Piazza Liberty, Милан
Apple Regent Street, Лондон
Apple SoHo, Нью-Йорк
Apple Xinyi A13, Тайбэй