Apple жил жилийн намар нь iPhone утасны шинэ загвараа, хавар нь зарим нэгэн бүтээгдэхүүнийхээ шинэчлэлийг танилцуулдаг билээ. Энэ жилийн арга хэмжээний шуум багагүй хугацаанд өрнөж, хямд үнэтэй iPhone SE-ийн шинэ загвараас эхлээд M4 чиптэй MacBook Air зэргийн таамаг хөвөрч байв.
Apple-ийн CEO Тим Күүк албан ёсны товоо зарласнаар Apple-ийн хорхойтнууд арга хэмжээг алдалгүй хүлээж эхэлсэн нь саяхан. Гэсэн ч энэ жилийн хаврын арга хэмжээгээр Apple хэрэглэгчдийн хүлээж байсан шиг олон зүйл зарласангүй. Тэд ердөө нэг л бүтээгдэхүүнээ танилцуулсан нь бие жижиг ч бэлчээр том iPhone SE цувралын дөрөвдүгээр үе болох iPhone 16e гар утас байлаа. Энэхүү гар утастай илүү ойроос танилцъя.
iPhone SE гэр бүл
Хамгийн анх 2016 онд танилцуулагдаж байсан iPhone SE нь тэр жилийнхээ хамгийн шилдэг загвар болох iPhone 6-гаас жижиг биетэй ч багагүй дэвшлүүдийг багтаасан боломжийн үнэтэй ухаалаг утас байв. Special Edition буюу Тусгай хувилбар гэх үгийн товчлол SE загвар нь зарлагдсан даруйдаа олны таашаалд нийцэж, 2016, 2020, 2022 онуудад тус тус шинэчлэгдэж байлаа.
Ухаалаг утаснаасаа тийм ч ихийг шаардаад байдаггүй, жижиг, авсаархан хэмжээг илүүд үзэхийн зэрэгцээ мөнгөө хэмнэхийг хүссэн хэрэглэгчдийн сонголт нь SE байв. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд 4-р үеийн SE утас олны дунд хүлээлт өндөртэй байсан билээ.
Үнэ: Өссөн гэхдээ зээлтэй
Шулуухан хэлэхэд, iPhone 16e-ийн үнэ хэрэглэгчдийн дунд шүүмжлэл дагуулсан. Учир нь уг загварын эхний хоёр хувилбар нь тус бүр 399 долларын үнэтэй байсан бөгөөд гурав дахь хувилбар нь 429 болж багахан нэмэгдэж байв. Харин энэ удаа тэд үнээ огцом нэмж 599 доллар болгоод байна. Энэхүү үнийн өсөлт нь уг загварт байх технологийн дэвшлүүдтэй салшгүй холбоотой.
Хэрэв та энэ утсыг авмаар байгаа ч нэг дор төлөхөд хүндрэлтэй байгаа бол манай редакцын байнгын хамтрагч Аянга стороос хамгийн бага буюу сарын 1.5%-ийн хүүтэй аваарай. Энд дарж зээлээ судлуулаарай.
Үзэмж: Хамгийн эвтэйхэн дизайн
SE загвар өмнөх үеийнхээ дизайныг шинэ үеийн технологитой хослуулдгаараа алдартай. iPhone 16e-ийн их бие нь iPhone 16-тай яг адилхан боловч notch буюу камер болон бусад мэдрэгчийг агуулсан хэсэг нь iPhone 15-тай ижил. Жингийн хувьд өмнө хувилбараасаа 15 хувиар нэмэгдэж, 167 гр болсон нь iPhone 16-ийн 170 гр-тай бараг л адил гэсэн үг. Тэгэхээр хэрэв та “e” хувилбарыг сонирхож байгаа бол гаднаасаа iPhone 16 шиг хэмээн төсөөлөхөд буруудах зүйлгүй. Харин өнгө нь хар, цагаан гэсэн хоёр л сонголттой.
Камер: iPhone-д бүү эргэлз
Ихэнх ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд камер бол хамгийн чухал үзүүлэлт. iPhone 16e нь ардаа үндсэн нэг камертай мэт харагдах ч дотроо хоёр камертай гэж хэлж болно. iPhone 16-т байхтай адил 48 MP, f/1.6, 26mm үндсэн камер дээр нэмээд 2Х телефото камер бий. Энэхүү камераар 4K бичлэгийг 24-60fps, 1080p бичлэгийг 25-240fps хурдтай бичиж болно.
Харин нүүрийн камер нь мөн л iPhone 16-тай адил 12 MP, f/1.9 бөгөөд 4K бичлэгийг 24-60fps, 1080p бичлэгийг 25-120fps хурдтай бичих чадамжтай. Товчхондоо ард урдаа тус бүр нэг камертай ч зураг, бичлэгийн бүх л хэрэгцээг хангаж чадна. Олон жилийн дунджаас үзэхэд iPhone-ийн камерт санаа зовох зүйлгүй итгэж болдог.
Чип: Бүхнийг даана
Уг загвар Apple-ийн хамгийн шилдэг A18 чипээс тоноглогджээ. Хурд, хүчээрээ салбарын стандарт болсон энэхүү чип нь Apple Intelligence хиймэл оюуны функцүүдэд зориулагдсан бөгөөд iPhone 11-т байх A13 чипээс даруй 80 хувь хурдан гэнэ. Мөн энэхүү чип нь AAA буюу хамгийн өндөр зэрэглэлийн гар утасны тоглоомуудыг тоглоход дээд зэргийн үзүүлэлт гаргаж чаддаг. Энэ тал дээрээ iPhone 11 загвараас даруй 6 дахин хурдан. Өөрөөр хэлбэл гар утасны тоглоомчдоос эхлээд контент бүтээгч хүртэлх бүх л хүмүүсийн өдөр тутмын шаардлагыг “даах” юм.
Мөн Apple-ийн анхны харилцаа холбооны үүрэгтэй C1 модемыг ашигласан утас бол iPhone 16e. Энэхүү модемын ачаар 5G сүлжээнд илүү хурдан, найдвартай холбогдохоос гадна хамгийн гол нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй болжээ.
Батарей: Жингийн үнэмлэхүй аварга
Дээрх хоёр чипийн ачаар iPhone 16e нь 6.1 инч хэмжээтэй iPhone (11, 12, 12 Pro, 13, 13 Pro, 14, 14 Pro, 15, 15 Pro, 16)-уудтай харьцуулахад хамгийн удаан цэнэгээ барих гэнэ. Жишээлбэл, нэг цэнэглээд iPhone 11-ээс зургаан цаг, iPhone SE-ийн хуучин загваруудаас даруй 12 цагаар удаан хугацаанд ашиглах боломжтой. Уг загварыг мэдээж зайнаас (wireless) болон USB-C оролтоор цэнэглэж болно.
Функц: Хиймэл оюун ба шидэт товч
Apple Intelligence: iPhone 16 цуврал бол Apple-ийн хиймэл оюуныг бодит хэрэглээнд нэвтрүүлэх хамгийн өргөн хүрээтэй оролдлогуудын нэг. Ийм учраас энэхүү утасны “өнцөг булан” бүрд хиймэл оюуны функцүүд бий. Хүссэн эможигоо бүтээх, утаснаасаа шууд ChatGPT ашиглах, гэрэл зургаа төрөл бүрээр засах, бичсэн бичвэрээ хураангуйлах, дэлгэрүүлэх, сайжруулах гээд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдрал үр ашгаа өгөх функц олон. Хамгийн гол нь ихэнх хиймэл оюуны функцүүд хэрэглэгчийн утсан дээр ажилладаг буюу хувийн мэдээллийг ямар нэгэн байдлаар цааш хуваалцахгүй.
Action Button: iPhone 15-т анхлан танилцуулагдаж байсан Action Button буюу шидэт товч iPhone 16e загварт нэвтрэв. Ингэснээр хэрэглэгч уг товчийг өөрийн хүслээрээ тохируулж, камер нээх, чийдэн асаах, дуу хаах зэрэг үйлдлийг нэг товч дараад л хийх боломжтой боллоо.
Бие жижиг ч бэлчээр том iPhone 16e уншигч танд ямар санагдав?