Монголын түүх, соёлоос сэдэвлэн бүтээсэн кино, дуу, зохиолууд үе үе хит болдог уламжлалтай. Эдгээрээс цөөн хэдийг нь монголчууд бид бүтээдэг ч дийлэнхийг нь гаднын, туршлагатай уран бүтээлчид хийдэг нь нууц биш. Энэхүү бичигдээгүй дүрмийн дагуу өнгөрсөн сард “Windstorm: The Legend of Khiimori" нэртэй видео тоглоом Kickstarter платформоос 500,000 евро буюу 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг амжилттай татсан билээ.
Энэхүү тоглоомд 13-р зууны үеийн Монголын өртөөнд ажилладаг улаач охины адал явдал (action, adventure)-ыг харуулахын зэрэгцээ өргөн уудам нутгаар хэсэн (open world), олон төрлийн ер бус үзэгдлийн учрыг олдог (mystery) аж. Манай редакц тус тоглоомыг бүтээгч Aesir Interactive студийн маркетингийн ахлах менежер Руперт Очснертой ярилцсан юм.
Дэлгэрэнгүй: Kickstarter хуудас, Stream хуудас
Түүнээс өмнө тоглоомын тухай болон Kickstarter платформын тухай товч танилцуулъя.
“Windstorm: The Legend of Khiimori” тоглоом
13-р зуунд Монголын эзэнт гүрний өргөн уудам нутагт мэдээлэл дамжуулах хамгийн хурдан зам нь өртөө байжээ. Өртөө бүрд улаачдад идэх хоол, амрах байр байхаас гадна морио ч сэлгэх боломжтой байв. Энэхүү тогтолцоог орчин цагийн шуудангийн эхлэл гэж үзэх нь ч бий.
Тэгвэл уг тоглоомын гол дүр нь энэхүү өртөөнд улаач хийдэг охин байх бөгөөд төрөл бүрийн зүйлсийг нэг цэгээс нөгөөд хүргэх даалгавар биелүүлэх юм. Ингэхдээ морьдоо өсгөж, арчилж, хүч тамирыг нь нэмэгдүүлэх, онгон байгальд өөрт хэрэг болох эд зүйлсээ бүтээх ёстой болно. Үүний зэрэгцээ учир битүүлэг үйл явдал, үүх түүхийн зангилааг ч тайлах хэрэгтэй болдог аж.

Kickstarter платформ
Kickstarter.com бол видео тоглоомоос эхлээд гэр орны тавилга, элдэв шинэ төхөөрөмж, ном сэтгүүл зэрэг бүх л төрлийн шинэ санал санаачилга, төсөл хөтөлбөрөө нээлттэй танилцуулж, олон нийтээс санхүүжилт босгодог платформ юм.
Арав гаруй жилийн түүхтэй энэхүү платформ дээр өнөөдрийг хүртэл нийтдээ 200 гаруй төсөл 8 тэрбум гаруй долларын санхүүжилтийг 25 сая орчим хэрэглэгчээс татаад байна. Төсөл бүр хэдэн төгрөгийн санхүүжилтийг ямар зорилгоор татахаа нээлттэй тайлбарлахаас гадна, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч хариу өгөх зүйлсийн жагсаалт буюу шатлалаа гаргаж, санхүүжилтээ амжилттай татсан тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтээ ч нээлттэй тайлагнадаг билээ.

“Windstorm: The Legend of Khiimori” тоглоомын хувьд 29-49 евро төлөөд тоглоомын туршилтын хувилбарыг авахаас гадна 2,700 евро төлөөд хүссэн өнгө зүсний морио бий болгох, 2,800 евро төлөөд тоглоомын дууг бүтээх, 3,600 евро төлөөд тоглоомын дүр болох боломжийг ч олгосон юм.

ХӨГЖҮҮЛЭГЧТЭЙ ХИЙСЭН ТУСГАЙ ЯРИЛЦЛАГА
Компанийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулаач?
Бид Германы Мюнхен хотод байрладаг, 100 гаруй хүнтэй, улсынхаа шилдэг тоглоом хөгжүүлэгчдийн нэг. Компьютер болон консолд зориулан тоглоом бүтээдэг. Манайх олон сая ширхэг борлуулагдсан “Police Simulator” зэрэг симулятор тоглоомоос гадна удахгүй худалдаанд гарах, адал явдалт “Windstorm: The Legend of Khiimori” зэрэг тоглоомыг хөгжүүлж байна.
“Windstorm: The Legend of Khiimori” тоглоомын тухай ТОВЧ ТАНИЛЦУУЛБАЛ?
Энэхүү тоглоомын хүрээнд тоглогч 13-р зууны Монголын өртөөний улаач буюу өртөө хооронд эд бараа, бичиг баримт хүргэж өгдөг Нара нэртэй охины дүрээр тоглох болно. Үйл явдал нь Нара охины адал явдал болон түүний хүлэг морьдын тухай гэсэн үг. Тоглоомын анхны хувилбар энэ зун Steam, Epic Store-оор дамжин олон нийтэд хүрнэ. Харин албан ёсоор 2026 ны 3-р сард PC, PlayStation 5, Nintendo Switch 2, Xbox Series гэсэн төхөөрөмжүүд дээр нээгдэнэ.

Тоглоомын санаагаа хэрхэн олсон бэ?
Мика нэртэй охины ферм дээр морьтой анх удаа танилцаж, улмаар нөхөрлөж буй түүхийг өгүүлэх “Windstorm” нэртэй цуврал зохиол, кино байдаг. Бид үүнээс улбаалан хоёр ч тоглоом хийж байсан. Үйл явдал нь Европт өрнөдөг тус цуврал тоглоомынхоо дараагийн ангийг өөр бүс нутагт өрнөж буй байдлаар хийхийг хүссэн нь мориороо хамгийн алдартай Монголыг сонгоход хүргэсэн юм. Ингэхдээ Аугаа Чингис хааны үеийн дараа буюу 13-р зууныг сонгосон нь ч учиртай. Ингэж байж бид зөвхөн түүхийн үйл явдал бус тухайн цаг үеийн амар тайван аж амьдрал, тэр дундаа гол дүрийн охины адал явдал дээр төвлөрөх боломжтой болсон.
Тоглоомын төсөлд монголчууд ажиллаж байгаа юу?
Тийм ээ, Монголд болон Германд байдаг олон монголчууд манай төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Мөн бид монголчуудын холбоо болон их сургуультай ч хамтран ажиллаж байна. Жишээ нь, саяхан монгол дуучин, хөгжимчид ирж тоглоомын аянд зориулан хөгжим тоглож бас хөөмийлсөн.

Энэ тоглоом дайн байлдаанд бага анхаарч байгаа санагдсан. Яагаад энэ төрлийг сонгох болсон бэ?
Мэдээж тоглоомд нум сум харвах, ан ав хийв, зэрлэг байгальд байх зэрэг үйлдэл бий ч дайн тулаан байхгүй. Гадаад гэхээсээ илүү дүрийн маань дотоод зөрчлийг илүү харуулах болно. Монголын эрс тэс цаг агаар болон байгалийн онцлогоос хамааран биелүүлэх даалгавар бүр тун онцгой болсон. Явах замаа тооцоолох, эд материалаа цуглуулах, өөрт хэрэгтэй зүйлсээ бүтээх зэрэг сорилт нь дайсныг дарахаас илүү чухал.

Соёл болон түүхийн талаасаа оновчтой, үнэн байхад хэр зэрэг анхаарч байна вэ?
Тоглоом маань түүхийн хувьд 100 хувь бодит биш ч Монголын соёл, аж байдалд аль болох хүндэтгэлтэй хандахыг хичээж байгаа. Тиймээс олон талын зөвлөхүүдтэй ажиллаж байна. Нөгөө талаас хамгийн сүүлийн үеийн “Unreal Engine 5” тоглоомын платформыг ашиглаж байгаа учраас Монголын тал нутаг, элсэн цөл, мөнх цаст уулс зэрэг үзэсгэлэнт байгалийг бодитоор харуулахад их дөхөм.


Kickstarter-ийн төсөл тун амжилттай боллоо. Энэ тухайгаа дэлгэрүүлбэл?
Өнгөрсөн хавар тоглоомын анхны хувилбарыг олон нийтэд танилцуулахад маш эерэг хүлээж авсан. Тоглоомтой холбоотой их хэмжээний хүсэлтүүд ирсэн учраас Kickstarter дээр олон нийтээс санхүүжилт татаж, тоглоомоо илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг хүссэн. Үр дүнд нь бидний энэ төсөл видео тоглоомын түүхэн дэх хамгийн амжилттай төслүүдийн нэг болж, 9,000 гаруй хэрэглэгчээс 500,000 гаруй евро татан төвлөрүүлж чадлаа.
Нэрэнд "Хийморь" гэдэг үг яг ямар утгаар орж байгаа вэ?
Хийморь бол тоглоомд гарах домогт морь бөгөөд тоглоомын түүхэнд нэн чухал үүрэгтэй. Дэлгэрүүлж хэлэх боломжгүй байгаа ч монгол үлгэр домог, ид шидээс улбаалсан хэсгүүд ч тоглоомд маань бий.
Монголчуудад дайх үг байна уу?
Тоглоом маань монголчуудын анхааралд өртөж, таалагдаж буйг сонсох тун сайхан байна. Үүнээс илүү магтаал гэж үгүй. Монгол зөвлөхүүд, дуучид, мэргэжилтнүүддээ баярлалаа. “The Legend of Khiimori” тоглоомын туршилтын хувилбарыг энэ зун, бүрэн хувилбарыг ирэх хавар татан авч тоглоорой. Баярлалаа.


Сэтгэгдэл бичих (2)


G Genden Dolgor 2025.06.24 98.6.164.147
Tusultei taniltslaa bi mongol hel uran zohioliin bagsh hun. Heleh ug elchiin amand.Elch alagdahgui l bol nuuts zadrahgui.mun emeeliin duu gej baisan .Urtuuguur damjih ugiig duulaad yawdag baisan uchir emeeliin duu gej nerlesen bna.Edgeeriig aguulgand ni oruulbal mongol ahui soyl haragdaj bolno.
Т Түвшин 2025.06.24 202.55.188.89
Энэ тоглоомын хөгжүүлэлтийг дэмжиж байна. Монголын ертөнд энэ тоглоомоор дэлхий амьсгалж монголд ирэх жуулчдын тоо ихсэж морьт шуудан холбоог монголд олноор байгуулж монголын адуучдыг нэгтгэн номхон морь эрэлт маш их хэрэгтэй шүү. Дээр монгол охидууд морь сонирхох юм.