Google том алхам хийхэд OpenAI хариуг нь барьдаг зүй тогтол ChatGPT-ээс хойш үргэлжилж байна.
Өнгөрсөн долоо хоногт Google жилийн хамгийн том арга хэмжээгээ хийж “технологи” хэмээх тайзны гэрлийг өөрсөд рүү чиглүүлээд байв. Гэвч OpenAI тэднийг отож байсан уу гэлтэй гэнэтийн мэдэгдэл хийж, цахиурын хөндийн анхаарлын төвд эргэн заларлаа.
Энэхүү мэдэгдэл нь OpenAI компани Apple-ийн нэрт дизайнер Jony Ive (Ж.Айв)-ийн IO гэх нэртэй стартапыг 6.4 тэрбум доллароор худалдан авч, маш том бооцоо тавьснаа ил болгосон явдал байсан юм. Учир нь нэг ч бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргаагүй компанийг ийм өндөр үнээр авна гэдэг цэвэр авьяас, чадварт нь итгэж мөрий тавьж буй хэрэг. OpenAI өөрсдийн бүтээсэн ChatGPT-гийн дараагийн хувьслыг авчрах төхөөрөмжийг бүтээх амбиц тээж байгаа.
Уг хамтрал ирээдүйд нэг бол энэ зууны шилдэг бүтээгдэхүүний эхлэл эсвэл хамгийн том бүтэлгүйтлийн нэг гэж яригдах болов уу. Хариултыг бид зөвхөн таамаглаж л чадна. Уншигч таны таамагт туслах үүднээс энэхүү супер хамтралыг эхлүүлж буй хоёр эрхмийг товчхон танилцуулъя.
Jony Ive гэж хэн бэ?
Ж.Айв 1992 онд цахиурын хөндийд суурьшихаар шийдэж, тухайн цагаас Apple-ийн дизайны багт бүтэн цагаар ажиллах болж, домогт карьерынхаа эхлэлийг тавив. Тэрээр Их Британиас АНУ руу нүүх шийдвэртээ тун болгоомжтой хандаж байсан гэдэг. Учир нь түүнийг ажлаа эхлүүлэхэд Стив Жобс Apple-ийг орхиод долоон жил өнгөрсөн байв. Нэг ёсондоо уналтын үе нь байсан юм.
Харин 1996 онд салхи эргэн технологийн агуу хамтралын түүх эхлэх учиртай байв. ТУЗ-ын шахалтаар гүйцэтгэх захирлын суудлаасаа хөөгдсөн С.Жобсын байгуулсан NeXT-г Apple компани худалдан авав. Ийнхүү C.Жобсыг эргэн ирэхэд Ж.Айвын ахлахаар ажиллаж байсан Жон Рубинштейн түүнийг ажилдаа үлдэхийг ятгаж чаджээ.
Төд удалгүй С.Жобс гүйцэтгэх захирлаар эргэн томилогдов. Тэрээр Ж.Айвыг үйлдвэрлэлийн дизайны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилж домогт хамтралаа эхлүүлсэн түүхтэй юм. Тэд хамтдаа iPod, iPhone, Mac, iPad-ийг урлаж дэлхий даяар нэрээ цуурайтуулж, цахиурын хөндийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг болсон билээ.
С.Жобс өөрийн хамтрагч Ж:Айвыг Apple дахь “spiritual friend” буюу “сүнслэг найз” гэж тодорхойлсон байдаг.
Ж.Айвын дизайны философи
Apple-ийн бүтээгдэхүүнийг хараад танд юу бодогддог вэ?
Үргэлжлүүлж уншихаа түр азнаад iPhone утасны дизайны талаар бодоод үзээрэй.
Надад бол нэг л үг толгойд буудаг.
Энгийн.
Ж.Айвынхаар бол “жинхэнэ энгийн” гэх ойлголт зөвхөн харагдах байдал биш. Цөөн зүйлээр олон зүйлийг илэрхийлэх үйл юм. Дизайныг чимэглэхийн тулд элдэв элемент нэмэх бус тус бүрийн үүрэг бүхий функцүүд л байх ёстой гэж үздэг нэгэн.
Apple-ийн алдарт iPod гэх хөгжим тоглуулагчийг бүтээхдээ ердөө ганц дугуй хэлбэртэй товч дээр бүх үйлдэл хийх боломжийг бүрдүүлсэн нь түүний дизайны философийг илтгэнэ. Уг дизайны шийдэл iPhone-д өвлөгдөж, ганцхан “Home” товчтой утас дэлхий нийтийг байлдан дагуулж байв.
С.Жобс болон Ж.Айвын хамгийн сүүлийн хамтдаа ажилласан төсөл бол Apple-ийн төв байгууламж болох Apple Park юм. Тэрээр тус байгууламжийн дизайнд хүртэл онцгой хувь нэмэр оруулжээ.
Харин одоогийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй хамтарч Apple Watch-ийг бүтээсэн нь мөн л технологийн томоохон үсрэлт гэж нэрлэгддэг билээ.
Ж.Айв 2019 онд Apple-аас гарч LoveFrom нэртэй дизайны компаниа үүсгэн байгуулсан юм. Тэрээр энэ хугацанаад Ferrari, Airbnb зэрэг цөөн хэдэн компанитай хамтран ажиллажээ.
Ийнхүү өнгөрсөн жил Scott Cannon, Tang Tan and Evans Hankey нартай хамтран IO нэртэй дизайны компани байгуулжээ. Тус компанийг OpenAI ийнхүү худалдан авснаар Ж.Айв болон түүний багийн зөвхөн OpenAI-ийн төсөл дээр л ажиллах аж.
Sam Altman гэж хэн бэ?
Технологи сонирхдог хэн бүхэн Sam Altman (С.Алтман) хэмээх нэрийг сонсож байсан биз ээ.
Одоогоос арав гаруй жилийн өмнө Цахиурын хөндийнхөн хиймэл оюун ирээдүйд тоглоомын дүрмийг өөрчилнө гэдгийг Ванга шиг зөгнөжээ. Тэр зөгнөлийг бодит болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол гарцаагүй С.Алтман.
Зөгнөлийн дагуу технологийн гигантуудын гарт хиймэл оюун очихоор байж. Шалтгаан нь дэд бүтэц, дата сан, хүний нөөц, тооцоолох системтэй холбоотой. Энэ бүхэн зөвхөн цөөн хэдэн компаниудад л байлаа. Харин үүнийг сөрж “Хиймэл оюуныг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хөгжүүлэх” зорилготой ашгийн бус лаборатори байгуулагдсан нь OpenAI байсан юм.
Тэд 2015 онд С.Алтман, И.Маск, И.Суцкевр тэргүүтэй 13 хүн байсан бөгөөд тэд эхлэхдээ 130 сая долларыг төвлөрүүлж байв.
Удалгүй 2016 онд Nvidia-ийн үүсгэн байгуулагч Ж.Хуанг тэдэнд “DGX 1” нэртэй супер компьютероо бэлэглэж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгчээ. Гэсэн ч үүнээс жилийн дараа өнөөгийн хиймэл оюуны загваруудын суурийг тэд биш Google тавив.
Google-ийн хиймэл оюуны багийнхан “Attention is All You Need” нэртэй судалгааны ажлаа танилцуулж дэлхий нийтийг байлдан дагуулав. Учир нь тэд хиймэл оюуны загварыг бүтээхэд дутагдаад байсан гүн сургалтын архитектурын асуудлыг шийдсэн гэдгээ зарласан юм. Үүнийг нь OpenAI ашиглан анхны GPT-1 загвараа хөгжүүлж нээлттэй байдлаар тавьсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан түүхтэй.
Тухайн үед Apple Siri-тэй, Google DeepMind-тай байхад ганцхан Microsoft-д л хиймэл оюуны салбарт хамтрагч байсангүй. Ийнхүү Microsoft 2019 онд OpenAI ашгийн бус удирдлагынхаа дор ашгийн төлөөх компани байгуулахад нэг тэрбум долларын хөрөнгө оруулж ирээдүйн хамтрагчаа олж авав. Уг хөрөнгө оруулалтын дараа GPT-2, GPT-3 загварууд гарч, хөгжүүлэгчдийн дунд нэр алдраа олсоор байлаа.
Харин 2022 оны 11 дүгээр сарын 30-нд GPT 3.5 загвар буюу ChatGPT танилцуулагдснаар түүхийн хуудас шинээр бичигдэж эхэлснийг бид мэднэ. Үүний дараа OpenAI Microsoft-оос дахин 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, Azure үүлэн технологийг нь ашиглах болсон билээ.
Өнөөдрийн байдлаар ChatGPT 500 сая хэрэглэгчтэй болж, OpenAI компани 300 тэрбум доларын үнэлгээнд хүрчээ. Энэ бүхний ард багаа ахалж байсан эрхэм бол С.Алтман юм. Түүний алсын хараа, шаргуу хөдөлмөр ашгийн бус лабораторийг аравхан жилийн дотор технологийн салбарын хамгийн тод од болгож чадсан билээ.
Шинэ үеийн төхөөрөмж бүтээх оролдлогууд
Ухаалаг утасны эрин сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлж буйд итгэсэн энтерпренерүүд дараагийн үеийн төхөөрөмж бүтээх оролдлогуудыг хэдийн эхлүүлсэн билээ. Гэвч ихэнх нь бүтэлгүйтэлтэй нүүр тулсаар байна.
Apple-ийн хуучин дизайнеруудын үүсгэн байгуулсан Humane AI стартап AIPin нэртэй төхөөрөмжийг ChatGPT-ийн дараахан сүр дуулиантай танилцуулсныг санаж байгаа болов уу. Харамсалтай нь 699 долларын үнэтэй энгэртээ зүүж ашиглах уг төхөөрөмжийн ажиллагаа реклам шигээ байгаагүй юм. Тус компани татан буугдаж саяхан HP-д 116 сая доллароор зарагдаад байгаа.
Үүнтэй ижил функцтэй, 200 долларын үнэтэй Rabbit R1 мөн л зах зээлээс чимээгүйхэн арчигдаж байна. Ухаалаг утсыг энгийн HD дэлгэцтэй жижиг төхөөрөмжөөр орлох гэсэн санаа бас л бүтсэнгүй.
Харин Meta-гийн ухаалаг шил олон хэрэглэгчээс өндөр үнэлгээ аваад буй. Тэд өөрсдийн хиймэл оюунаа ухаалаг шилтэйгээ холбосноор автомат орчуулагыг хүртэл нэвтрүүлээд байгаа.
Цаашид юу болох вэ?
OpenAI-ийн С.Алтманы хувьд жилд 100 сая ширхэг зарагддаг ухаалаг утсыг бүрэн орлох шинэ үеийн төхөөрөмж бүтээх амбицыг тээж буй. Тэрээр ирээдүйд С.Жобсын орон зайг нөхөж, технологийн ертөнцийг түйвээж чадах уу?
Түүний энэ том амбиц, Ж.Айвын дизайны туршлага хэрхэн хоршихыг цаг хугацаа харуулах биз ээ. Ямар ч байсан хэрэглэгч биднийг хиймэл оюунд суурилсан төхөөрөмжийн эрин отож байна.