Өчигдөр видео тоглоомын салбарын нүүр царай, ноён нуруу болох Steam-ээс гурван шинэ төхөөрөмж танилцуулав. Энэхүү мэдээлэл гэнэтийн байсан ч угтаа CS GO, Dota 2 зэрэг шилдэг тоглоомууд болон компьютерын тоглоом борлуулдаг хамгийн том платформ болох Steam-ийг эзэмшигч Valve-ийн олон жилийн оролдлогын үр дүн нь эдгээр төхөөрөмжүүд юм.


Тэртээ 2003 оноос компьютерын тоглоом борлуулж эхэлсэн тэд нэгт, өөрсдийн гэсэн үйлдлийн системтэй болох, хоёрт түүнийг ажиллуулж чадах төхөөрөмжтэй болох зорилготой байсан юм. Үүний эхний оролдлого нь яг 10 жилийн өмнө танилцуулж байсан Steam Machines, Link, Controller төхөөрөмжүүд болон SteamOS үйлдлийн систем билээ. Тэр үеийн оролдлогууд нь ихэвчлэн бүтэлгүйтэж байсан ч гурван жилийн өмнө танилцуулсан Steam Deck нэртэй зөөврийн консол нь амжилттай болсон юм.

Тэгвэл өдгөө Steam програм хангамж талаасаа ч тэр, техник технологи талаасаа ч тэр видео тоглоомын ертөнцийг бүр мөсөн эзэлж, удирдаж, чиглүүлж чадах боломжтой болсноо шинэхэн Steam Controller, Steam Machine, Steam Frame гэсэн гурван төхөөрөмжөөрөө тунхаглав. Ирэх оны эхээр худалдаанд гарах эдгээр төхөөрөмжүүдийн үнэ хараахан нээлттэй болоогүй байна.

Steam Machine

Ойролцоогоор 15см-ийн куб хэлбэртэй уг төхөөрөмж нь том дэлгэц дээр тоглох хүсэлтэй хүмүүст зориулсан машин юм. ААА зэрэглэлийн хамгийн шилдэг тоглоомуудыг ч 4K зураглал, 60 FPS хурдаар төвөггүй ажиллуулж чадахыг амлаад буй. 2.6 кг жинтэй, дуу чимээ нэн багатай уг төхөөрөмж нь 512GB, 2TB багтаамж гэсэн хоёр сонголттой бөгөөд Wi-Fi 6E, Bluetooth 5.3, 16GB DDR5 + 8GB GDDR6 VRAM гэсэн үзүүлэлттэй байх аж. AMD-тэй хамтран тусгайлан хөгжүүлсэн чиптэй Steam Machine нь одоогийн Steam Deck-ээс 6 дахин хүчирхэг юм.

Бусад бүх төхөөрөмжийн адилаар Steam OS 3-ийг дэмжих ба төхөөрөмжийн нүүр таг болон зураасан лэдийг нь хүссэн байдлаараа өөрчилж болох нь Steam брэндийн амин сүнс шингэснийг харуулж буй. Нэмээд уг төхөөрөмж дээр хүссэн үйлдлийн системээ суулгаад компьютер шиг ашиглаж болно.


Steam Frame

Ковидын өмнөөс хөгжүүлэлт нь эхэлж байсан VR төхөөрөмж ийнхүү нээлттэй боллоо. Зөвхөн VR бус бусад тоглоомыг ч тоглох боломжтой уг төхөөрөмж нь ямар нэгэн процессорт холбох шаардлагагүй буюу дангаараа компьютер мэт ажиллах чадамжтай гэдгийг онцлох хэрэгтэй. Мэдээж Steam Deck эсвэл Steam Machine-тайгаа асар бага хоцрогдол (delay)-той тусгай сүлжээгээр холбогдож чадна. 440гр жинтэй энэ төхөөрөмжийн хоёр дэлгэц тус бүр нь 2160 x 2160 LCD бөгөөд 72-144Hz хурд, 110 градус хүртэлх харах өнцгийг дэмжих аж.

Харин удирдлага нь Steam Deck-ийн хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсаар буй товч, технологийг улам сайжруулан ашигласан ба удирдлагуудыг үндсэн төхөөрөмжийн нийт 36 IR LED-ээр гэрэлгүй орчинд ч хянаж, секундэд 200-250 мэдээллийг бүртгэж чадна. Steam Frame-ийн хамгийн онцлох технологи нь хэрэглэгчийн нүд хаашаа харж байгаагаас зөвхөн тэр хэсэгт тооцоолох хүчийг бүрэн зарцуулж, бусад хэсгүүдэд хэмнэлт үүсгэх явдал юм. Ингэснээр халалт багасах, батарей хэмнэгдэх, хоцрогдол багасах гэсэн олон давуу талтай.


Steam Controller

Шинээр танилцуулсан бүх төхөөрөмжөөс гадна үндсэн Steam платформын ажилладаг iOS, Android, Mac, Linux, Windows гээд бүх төрлийн төхөөрөмжтэй хоршин ажиллах гар бол Steam Controller. Нэг цэнэглэлтээр 35 цаг ажиллах уг төхөөрөмж 300гр жинтэй.

Энэхүү гар бол Steam-ийн бүтээж буй экосистемийн нэгэн чухал бүрдэл хэсэг юм. Steam Machine-ийн хүчин чадлыг хүссэн төхөөрөмжөөсөө мэдэрье гэвэл Steam Controller-той байхад л хангалттай. Учир нь Steam Machine дээрх тоглоомоо хэрэглэгч гар утас, таблетаас эхлээд хүссэн төхөөрөмж дээрээ тоглож болох бөгөөд ингэхдээ Steam Controller-оо ашиглаж, төхөөрөмжийн хязгаарлалтаас үл хамааран бүх төрлийн төвөгтэй үйлдлүүдийг хийж болно гэсэн үг.


Steam-ийн эцсийн цэг

Хэрэглэгч гэр орон, ажил алба, аялал зугаалга гээд ямар ч үед тоглохыг хүсч болно. Тэр бүгдэд Steam бэлэн байхад зэхэж буй. Тэд видео тоглоомын хамгийн том зах буюу ердийн нэг борлуулагчаас видео тоглоомд хамгийн тохирсон үйлдлийн систем цаашлаад бүх төрлийн тоглоомын төхөөрөмжийг бүтээж байна. Товчхондоо тэд, тодорхой нэг консол дээр л ажилладаг, төхөөрөмж буюу үйлдлийн систем хооронд шилжүүлэхэд төвөгтэй гэх мэт видео тоглоомын хэвмшэл ойлголтуудыг эвдэж, бүхнийг нэгтгэж байгаа юм.

Valve/Steam-ийн үүсгэн байгуулагч Гэйб Ньюэлл