Нийслэл хотын унааны асуудал хэзээнээс л бидний толгойн өвчин байсан.
Тэр дундаа такси. Орчин цагийн метрополитан хотын иргэд саяхныг хүртэл замын хажууд эрхий хуруугаа гозойлгохоос өөр сонголтгүй байсан бол 2016 онд UBCab онлайн такси үйлчилгээний нэгдсэн систем нээлтээ хийсэн юм. Энэ хугацаанд ижил төрлийн хэд хэдэн аппууд гарч ирсэн ч UBCab үнэмлэхүй байдлаар зах зээлд тунан үлдсэн билээ. Одоогийн байдлаар тус аппын хэрэглэгч нэг саяд хүрсэн бол бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 43 мянга.
Харин энэ оны эхээр зах зээлд шинэ өрсөлдөгч мэндэлсэн нь Грийн Группын хөгжүүлсэн ABA. Нээлтээ хийсэн өдрөөсөө UBCab-тай өрсөлдөх амбицтайгаа хэрэглэгчдэд ойлгуулсан тэдний хувьд асар богино хугацаанд хэрэглэгч, жолоочдынхоо тоог нэмж буй. Мэдээж тэдний өрсөлдөөний дүнд хэрэглэгч ялах нь тодорхой. Unread Туршив ээлжит нийтлэлээрээ энэ хоёр үйлчилгээний давуу, сул талыг хамтдаа харьцуулцгаая.

Эхлэхийн өмнө бяцхан сануулга байна. UBCab, Aba хоёул такси үйлчилгээ, шуурхай хүргэлт, дуудлагын жолооч, автомашин түрээс гээд тээврийн хэрэгсэл ашиглах олон сонголттой. Харин энэ удаагийн нийтлэлээр зөвхөн такси үйлчилгээг онцолж буйг анхаараарай.
тав тух
UBCab: Та бидний сайн мэдэж байгаачлан UBCab нь JustCab, Стандарт, Комфорт, XL-SUV, Black гэсэн ангилалтай. Аль ангиллыг сонгож байгаагаасаа хамааран үнийн хувьд ч ялгаатай. Архаг UBCab хэрэглэгчдийн хувьд өдийг хүртэл эдгээр ангиллыг өөрсдийнхөөрөө тодорхойлж ирсэн. Заримдаа комфорт үйлчилгээг сонгосон ч хүлээж байсан шиг “цэвэрхэн”, “тохилог” такси ирэхгүй, сэтгэл гонсойх үе бий. Эсрэгээрээ JustCab дуудахад Alphard ирж, башийх үе ч тохионо.
Тэд эдгээр ангиллыг “тав тухтай, “үнэ цэнтэй”, “тухтай, зайтай” хэмээн нэрлэсэн боловч яг ямар стандартыг хэрэглэгч жолоочоос хүсэх тухайд нарийн тайлбар үгүй.
ABA: Одоогийн байдлаар би яг дөрвөн удаа ABA-аар зорчсон бөгөөд бүгдэд нь “Just ABA” үйлчилгээг сонгосон тул бусад ангиллыг харамсалтай нь харьцуулж чадахгүй нь. Ангиллын хувьд яг л UBCab-тай ижил.
Сонирхуулахад, ABA сайт дээрээ бүх ангиллын нарийн шаардлага, зорчигчийн тоо, давуу талуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан нь сайшаалтай. Харамсалтай нь, эдгээр мэдээлэл нь апп дээрээ байхгүй.

Ялагч: Миний суусан ABA-ийн дөрвөн такси бүгд л UBCab-ийн үйлчилгээнд явдаг JustCab-уудтай адил автомашинууд байсан. Бодит амьдрал дээр такси үйлчилгээ эрхлэгчид хоёр аппт хоёуланд нь бүртгүүлж, ижилхэн автомашинаар үйлчилгээ үзүүлж байгаа учир таксины тав тухын тухайд онцлох ялгаа бараг үгүй. Тиймээс энэ төрөлд миний хувьд одоогоор ялагч алга.
аюулгүй байдал
Өдөр тутамдаа ажил руугаа ирж очих, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх үедээ онлайн такси үйлчилгээг сонгодог гол шалтгаан бол аюулгүй байдал. Хамгийн наад зах нь суусан таксиндаа өдрийн хоолны цүнхээ үлдээлээ гэж бодоход шууд л холбогдоод олоод авчих жишээтэй. Зам дээрээс такси барих үед есөн шидийн маркийн, зүсэн зүйлийн ааштай жолоочтой таксинуудын аль нь урд ирж тоормослохыг таашгүй. Бүрээсний уранхай цоорхой, жолоочийн царай зүс дүүрчээ гэж бодоход илүү мөнгө нэхнэ, буруу замаар явна, замын дундаас хүн нэмж авна, түгжрэлтэй байна гэх нэрийдлээр замын голд хаяна гэдэг асуудал дуусахгүй.
Тиймдээ ч хувийн зүгээс хотын таксины асуудлыг тодорхой хэмжээнд цэгцэлж, хамгийн чухал нь жолооч, үйлчлүүлэгч хоёуланг нь такси апп ашиглах дадалд сургасан тул UBCab- д талархмаар санагддаг. ABA-ийн хэрэглээнд хурдтай нэвтэрч буй шалтгаан ч нэг талаараа UBCab-ийн бэлдсэн хөрс билээ.
Миний хувьд ABA-г сонгох хамгийн том шалтгаан бол одоогийн байдлаар Live location болон жолоочийн мэдээллийг бусадтай хуваалцах цэс.
ЯЛАГЧ: Live location хуваалцах боломжтой тул ABA энэ төрөлд ялж байна.
апп
UBCab-т байдаг хамгийн онцлох цэс бол “Блок жагсаалт”. Аялал дуусах үед Block Driver-ийг идэвхжүүлснээр та жолоочтой дахин таарахгүй байх боломжтой. Энэ цэсийг нөгөө талдаа жолооч мөн адил ашигладаг болоосой гэж хүсдэг шүү.
“Хэрэглэгч хаан” хэмээдэг ч бодит амьдрал дээр ахин таарахыг хүсмээргүй үйлчлүүлэгч алийг тэр гэхэв. Түүнчлэн гэр, ажил, фитнесс зэрэг тогтсон маршрутаар зорчдог хүмүүс нарийвчилсан хаягаа хадгалах боломжтой. Тулсан үед цаг хэмнээд тун зүгээр.

UI талаасаа шар өнгө хэзээнээс таксины өнгө хэмээн тархинд хоногшчихсон тул UBCab-ийн өнгөний сонголт анх хараад л шууд сэтгэлд буусан. Харин ABA-ийн номин ногоон өнгийг харах болгонд л Tiffany брэнд л толгойд бууж байгаа.
Мөн ABA-ийн аялал дуусах болгонд гарч ирж буй бэлэг нээх функц, бэлэг нээсний дараа гарч ирэх урмын үгс олон аяллын дараа хэрэглэгчийг залхаах мэт санагдсан шүү. Үүний оронд UBCab шиг жолоочид оноо өгснийхөө дараа дэлгэрэнгүй сэтгэгдэл үлдээдэг хэсэг нэмэгдээсэй гэж хүсэж байна.
Түүнчлэн UBCab дээр такси хайх үед 1/6 хэмээн хүлээх хугацаа гарч ирдэг. (6/6 болох үед такси олдохгүй бол дараагийн сонголт руу шилжинэ). Эсрэгээрээ ABA дуудах үед ойр хавийн такси намайг хэзээ авах эсэх нь тодорхойгүй тул яарсан үед бухимдмаар. Маш энгийн мэт боловч өдөр бүхэн такси апп ашигладаг хүмүүст иймэрхүү тодорхойгүй байдал UX талаасаа сөрөг оноо авах аюултай.
Харин аяллын түүх дээр UBCab зөвхөн сүүлийн 20 аяллын мэдээллийг л хадгалдаг байдаг бол ABA дээрээс сарын болон нийт аяллынхаа бүх түүхийг харж болно.

ЯЛАГЧ: Хэрэглэгчийн туршлага талаасаа энэ төрөлд ялагч нь UBCAB.
үнэ
Дээр дурдсан таксины ангилалтай адил үнийн хувьд ч хоёр апп яг адил. Оргил цагийн дуудлагын тариф хүртэл ижилхэн.


ABA-ийн хувьд очих газрынхаа байршлыг оруулснаар урьдчилан төлбөрөө мэдэх боломжтой нь давуу тал. Гэхдээ төлбөр тооцох систем нь хотын түгжрэлийг тооцдоггүй тул дийлэнхдээ төлөвлөж байснаас өндөр төлбөр гарах нигууртай. Илүү үглэхэд, нэгэнтээ очих газрын байршлын мэдээллээ апп дээрээ оруулж байгаа юм чинь жолоочид давхар хуваалцдаг систем ирээдүйд нэвтэрчихвэл ахин дахин хаягаа хэлэх шаардлагагүй, амар санагдсан шүү.
Төлбөр төлөх сонголтын тухайд UBCab дээр зарим тохиолдолд SocialPay гүйлгээ удаж ордгоос шалтгаалан жолооч нар SocialPay-ээр төлбөр авахаас татгалзах нь элбэг. Харин ABA дээр SocialPay-ээр ямар ч асуудалгүй гүйлгээ хийх боломжтой.

ЯЛАГЧ: Үнийн хувьд усны дусал шиг ижилхэн тул ялагч тодруулах нь утгагүй хэрэг биз ээ.
ДҮГНЭЛТ
Энэ удаа бид тус хоёр аппыг тух, аюулгүй байдал, апп, үнэ хэмээх дөрвөн үзүүлэлтээр харьцуулахад энэхүү хоёр үйлчилгээ тус бүр нэг ялалт авлаа.
Төгсгөлд нь их хотын хамгийн чухал хэсгийн нэг болсон таксины үйлчилгээг бүрэн цахимжуулж, энэ төрлийн үйлчилгээг нуруун дээрээ үүрч яваа UBCab, ABA-ийн хамт олонд талархал илэрхийлье. Мэдээж ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээнд алдаа дутагдал бий, бүх үйлчилгээ эхэн үедээ төгс төгөлдөр байхгүй.
Хотын хаягжилт, түгжрэл, буруу төлөвлөлтөөс өгсүүлээд такси үйлчилгээнд саад болох асуудал мундахгүй. Хамгийн гол нь хэрэглэгч бид хий хоосон шүүмжлэхийн оронд жолооч нартаа зөв шаардлага тавьж, аппын сайжруулалтад санал шүүмжээ харамгүй хэлж, өөрсдөө ч мөн адил соёлтой үйлчлүүлэгчид байх хэрэгтэй юм шүү.

Сэтгэгдэл бичих

