Сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсэн TikTok-ийн эзэмшлийн талаарх маргаан эцэслэгдэхтэй зэрэгцэн шинэ удирдлагууд нь хэрэглэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгож, итгэлийг алдсан үйл явдлууд ар араасаа болж байна. Бид Unread Today сониныхоо 75 дахь дугаарын 10 тоо буланд энэ тухай цэгцтэй тайлбарласнаа уншигч тантай энэхүү нийтлэлээр хуваалцаж байна.


2026-01-22

Энэ өдөр TikTok албан ёсоор АНУ-ын зах зээлд оршин тогтнохын төлөөх олон жилийн тэмцлээ эцэслэж, Хятадын ByteDance компаниас тусгаарлагдан, Америкийн хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжсэнээ зарласан билээ. Уг түүхэн хэлцлийн үр дүнд TikTok USDS Joint Venture LLC хэмээх шинэ бүтэц байгуулагдсан бөгөөд энэ нь тус аппыг Америк даяар бүрмөсөн хориглох бодит эрсдэлээс аварч, аюулгүй байдлын шинэ стандартыг тогтоох амлалт өгч байв.

Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлыг цөөн үгээр сануулбал, TikTok-ийг тойрсон эзэмшлийн маргаан Хятадын ByteDance компани АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, Хятадын засгийн газарт мэдээлэх, улмаар алгоритмаар дамжуулан суртал ухуулга явуулах замаар үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх АНУ-ын хардлагаас эхтэй. 2024 онд батлагдсан зарах эсвэл хориглох тухай шүүхийн шийдвэрээр TikTok АНУ-ын зах зээлээс арчигдах эрсдэлд орсон ч ерөнхийлөгч Д.Трамп уг хугацааг хойшлуулж, эцэст нь хэлэлцээ хийх замыг сонгож байв. Улмаар платформыг бүрмөсөн хаахын оронд Америкийн хөрөнгө оруулагчдын хяналтад шилжүүлэх замаар "аврах" шийдвэр гаргасан юм.



80.1% нь АНУ-ынх

Шинээр байгуулагдсан TikTok USDS Joint Venture LLC компанийн нийт хувьцааны 80.1 хувийг Америк болон түүний холбоотон орнуудын хөрөнгө оруулагчид, үлдсэн 19.9 хувийг Хятадын ByteDance компани эзэмшиж байна. Хөрөнгө оруулагчдыг дотор нь задалж үзвэл,

Oracle (15%): Технологийн гол түнш бөгөөд Ларри Эллисоны удирдлага дор АНУ-ын хэрэглэгчдийн өгөгдлийг өөрийн үүлэн системд хадгалах, алгоритмыг аудитаар шалгах үүрэгтэй.

Silver Lake (15%): Америкийн томоохон хөрөнгө оруулалтын сан.

MGX (15%): Арабын Нэгдсэн Эмират улсын хиймэл оюуны төрөлжсөн хөрөнгө оруулалтын сан.

Бусад хөрөнгө оруулагч (35.1%): Үүнд Michael Dell-ийн гэр бүлийн сан, Susquehanna International Group-ийн хамаарал бүхий Vastmere Strategic Investments болон бусад Америкийн сан багтжээ.


#1 асуудал

Шинэ эзэмшигчид ажлаа хүлээн авсан эхний өдрүүдээс л хэрэглэгчдийн итгэлийг алдахуйц техникийн ноцтой саатал гаргаж, аппын алгоримтд улс төрийн нөлөө үзүүлж байж болзошгүй зэрэг маргаан үүсгээд буй.

Гагцхүү хэрэглэгчдийн дунд байгаа хамгийн том бухимдал бол алгоритмын өөрчлөлт юм. Шинэ эзэмшигчид, тухайлбал Oracle компанийн Ларри Эллисон зэрэг эрхмүүд улс төрийн тодорхой хүрээлэлтэй нягт холбоотой байгаа нь үүнтэй холбоотой гэх сэжгийг улам лавшруулж байгаа аж. Жишээ нь, сүүлийн өдрүүдэд Миннеаполис хотод болсон Цагаачлалын албаны (ICE) ажиллагаа болон одоогийн засаг захиргааг шүүмжилсэн улс төрийн агуулгатай бичлэгүүд маш бага үзэлттэй эсвэл хайлтын илэрцэд огт гарч ирэхгүй байгааг хэрэглэгчид төдийгүй сенатор Крис Мерфи тэргүүтэй улс төрчид хатуу шүүмжилж байна.

Түүнчлэн, аппын мессеж илгээх функцэд тодорхой түлхүүр үгсийг хязгаарлах хяналт тогтоосон нь олны анхаарлыг татаад буй. Хэрэглэгчид "Epstein" гэх мэт улс төрийн эмзэг сэдвүүдтэй холбоотой үгсийг хувийн мессежээр илгээх үед систем алдаа зааж байгаа нь TikTok-ийг чөлөөт харилцааны талбар байхаа больж, эрх баригчдын хяналтын хэрэгсэл боллоо гэх хардлагыг улам бүр гүнзгийрүүлж буйн жишээ юм.



5.48 тэрбум таталт

TikTok нь дэлхий даяар нийт 5.48 тэрбум гаруй удаа татагдсан нь түүхэн дэх хамгийн эрэлттэй технологийн нэг болгоод байна. Гагцхүү энэ үнэмлэхүй тоо л АНУ-ын засгийн газрыг үндэсний аюулгүй байдлынхаа төлөө болгоомжлоход хүргэсэн бол нөгөө талд Америкийн хөрөнгө оруулагчдыг ямар ч үнээр хамаагүй уг платформыг "аврах" хэлцэл рүү түлхэн оруулсан гол хөшүүрэг болжээ.


Устгал 150%-иар өсөв

АНУ-д TikTok-ийг устгаж буй иргэдийн тоо тавхан хоногийн дотор 150 хувиар өссөн нь тус платформын түүхэн дэх хамгийн огцом "дүрвэлт" болоод байна. Энэхүү үзүүлэлт нь зөвхөн техникийн сааталд бухимдсан хүмүүсийн түр зуурын хариу үйлдэл бус, харин платформын суурь үнэт зүйл алдагдсантай холбоотой эсэргүүцэл юм.

Тодруулбал, платформын удирдлага Хятадын талаас Америкийн хөрөнгө оруулагчдад шилжсэний дараа хэрэглэгчдийн дунд хувийн мэдээллийн нууцлалын талаарх айдас газар авч, шинэ эзэмшигчдийн улс төрийн холбоо хамаарлаас үүдэлтэй "цензур тогтоож байна" гэх хардлага даамжирсан нь нөхцөл байдлыг ийнхүү дордуулж байна.



200 сая хэрэглэгч

Хэдийгээр аппыг устгаж буй хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдэж байгаа ч Америк даяар сар бүр идэвхтэй ашигладаг 200 сая орчим хэрэглэгч байсаар буй. Тэдний дийлэнх нь платформоо орхилгүй үлдэж, өдөрт дунджаар 95-100 минутыг видео үзэхэд зарцуулсаар байгаа юм.

Сонирхуулахад, дэлхий даяар TikTok-ийг сар бүр идэвхтэй ашиглагсдын тоо нь 1.9 тэрбумд хүрээд байгаа гэнэ.


Өрсөлдөгч 2 апп

TikTok-ийн асуудал газар авч байхтай зэрэгцэн нөгөө талд UpScrolled болон Skylight Social зэрэг шинэ үеийн апп алтан боломжоо ашиглаж байна. Тухайлбал, Австралийн UpScrolled нь "For You" хуудаснаас татгалзаж, контентыг цаг хугацааны дарааллаар харуулдаг болсноор таталтын тоогоо хэдэн мянган хувиар өсгөжээ.

Харин Skylight Social нь нээлттэй эх сурвалж бүхий AT Protocol дээр суурилсан тул хэрэглэгчдэд өөрийн дагагч болон өгөгдлийг өөр платформ руу чөлөөтэй зөөх боломжийг олгож, дижитал эрх чөлөө эрэлхийлэгчдийн гол сонголт болоод байна.


35,000 гомдол

Шинэ эзэмшигчдийн мэдэлд шилжсэнээс ердөө гурав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 25-нд Виржиниа муж дахь Oracle-ийн өгөгдлийн төвд цахилгаан тасалдах асуудал гарчээ. Энэхүү тасалдал нь TikTok-ийн системд гинжин хэлхээний алдаа үүсгэж, нөөц серверүүд нь ачааллаа дийлэхгүй нурахад хүргэсэн аж.

Үүний улмаас АНУ даяар 35,000 гаруй хэрэглэгч апп руу нэвтэрч чадахгүй байгаагаа нэгэн зэрэг мэдээлсэн байна.



"0" үзэлтийн хямрал

Энэхүү техникийн саатал нь энгийн хэрэглэгчдээс илүүтэй контент бүтээгчдэд хүнд цохилт болжээ. Тухайлбал, сая сая дагагчтай Надя Окамото тэргүүтэй нөлөөлөгчид видео бичлэгээ оруулж чадахгүй 24 цаг болсны улмаас орсон бичлэгүүд нь алгоритмын алдаанаас болж "0" үзэлттэйгээ царцсан аж. Энэ нь платформын хамгийн гол хөдөлгүүр болох "For You" хуудас ажиллахаа больж, хэрэглэгчдэд зөвхөн хуучин эсвэл хамааралгүй бичлэгүүдийг харуулж эхэлсэнтэй холбоотой байв.


$17.7 тэрбумын орлого

Хэдийгээр хэрэглэгчдийн дунд үймээн үүсээд байгаа ч, TikTok-ийн удирдлагууд болон зах зээлийн шинжээчид платформын ирээдүйг туйлын өөдрөгөөр харж байгааг онцлох нь зүйтэй.

Тухайлбал, eMarketer агентлагийн 2025 оны есдүгээр сарын тайланд дурдсанаар, TikTok-ийн АНУ дахь сурталчилгааны орлого 2025 онд 14.03 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2026 онд 22.3 хувиар өсөж, 17.17 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Энэхүү эерэг төлөвлөгөө нь TikTok-ийг зөвхөн зугаа цэнгэлийн апп биш, харин Америкийн эдийн засаг, цахим худалдааны салшгүй хэсэг гэдгийг баталж буй хэрэг юм.