Бидний өдөр тутам ашиглаж буй гар утас, лаптоп зэрэг төхөөрөмжид царай таних технологи өргөн ашиглагддаг болсон. Тэр ч бүү хэл таны хувийн болон санхүүгийн мэдээллийг агуулдаг гар утасны аппууд ч эл технологийг ээлж дараалан нэвтрүүлсээр буй. Үүний үр дүнд бид бүгдээрээ царай таних технологитой танилцаж, ашиглаж байгаа ч хэрхэн ажилладаг, хэр зэрэг ач холбогдолтой, ямар төрлийн гэмт хэргээс сэргийлж болох вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. 

Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ царай таних технологийг цахим гэмт хэргийн эсрэг хэрхэн ашиглагддагийг тайлбарлахын сацуу Toki аппын шинэчлэлийн тухай танилцуулахаар бэлдлээ. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ЦАРАЙ ТАНИХ ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол таны царайг ашиглан хувийн мэдээллийг тань баталгаажуулах технологийн арга бөгөөд бодит цаг хугацаанд (real-time) тухайн хүнийг таних эсвэл зураг, видео бичлэгээс хүмүүсийг мөн эсэхийг тодорхойлох зориулалттай.

Сонирхолтой нь царай таних технологи нь 1960-аад оноос эхлэлтэй. Тодруулбал, АНУ-ын инженерүүд болох Вуди Бледсо, Хелен Чан Вулф, Чарльз Баррон нар анхны нүүр таних системийн суурийг тавьсан ба ингэхдээ нүд, хамар, амны байрлал зэрэг тодорхой хэсгүүдийг гар аргаар хэмжжээ. Улмаар компьютерын тусламжтайгаар эдгээр өгөгдлийг харьцуулсан боловч техникийн дутмаг байдлаас үүдэн төдийлөн амжилт олоогүй юм. Хэдий тийм ч энэ бол тухайн цаг үед хийгдсэн технологийн дэвшил байсан нь гарцаагүй.


Хөдөлгөөнт зургийг: Dribbble

Энэ цагаас дээрх суурь мэдээлэлд үндэслэн олон эрхэм уг технологийг хөгжүүлсээр 2000-аад оны эхэн үеэс практик хэрэглээнд нэвтэрч, ялангуяа хууль сахиулах байгууллага болон аюулгүй байдлын салбарт ашиглагдаж эхлэв. Үүнд нөлөөлсөн чухал хүчин зүйл нь АНУ-ын Батлан хамгаалах яамнаас 1993 онд эхлүүлсэн Face Recognition Technology (FERET) хөтөлбөр бөгөөд энэ хүрээнд алгоритмуудыг сургаж, турших зориулалттай олон нийтэд нээлттэй өгөгдлийн сан бий болгосон нь эл технологийн хөгжлийг эрчимжүүлжээ.

Царай таних технологийг олон нийтийн анхааралд оруулсан нэгэн үйл явдал бий. Энэ бол Super Bowl тэмцээний үеэр үзэгчдийн царайг сканнердаж, гэмт хэрэгтнийг илрүүлэх оролдлого байлаа. Тухайн үед уг арга хэмжээ нь хувийн нууцлалтай холбоотой маргаан дагуулсан ч аюулгүй байдлын системд царай таних технологи ашиглах боломжтойг харуулсан юм. Цаашлаад компаниуд, засгийн газрын агентлагууд, нисэх онгоцны буудлууд, казино зэрэг байгууллагад зориулан царай таних технологий бүхий арилжааны системүүд хөгжиж эхэлжээ.

ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Царай таних технологи нь хиймэл оюуныг ашиглан хүний нүүрний зургийг өгөгдлийн санд хадгалагдсан бусад зурагтай харьцуулах замаар тохирох эсэхийг нь тодорхойлдог.

Ингэхдээ,

1. Хүний нүүрний зургийг хүлээн авна.
2. Зургийг анализ хийж боловсруулна.
3. Нүүрний онцлог шинжүүдийг илрүүлж, facial signature гэгдэх өгөгдөл үүсгэнэ.
4. Улмаар өгөгдлийн санд хадгалагдсан мэдээлэлтэй харьцуулна.
5. Өгөгдлийн сан дахь бусад зурагтай таарч байгаа эсэхийг тодорхойлно.

Царай таних системийн нарийвчлал нь зургийн чанар, өгөгдлийн сангийн хэмжээнээс хамаарч болдгийг санууштай.

ЦАРАЙ ТАНИХ ТЕХНОЛОГИ ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ

Уг технологийг маш олон салбарт, тус бүрийн зорилгоор ашиглаж байгаа бөгөөд сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс сэргийлэхэд өргөн хэрэглэгдэх болжээ. Учир нь дэлхий даяар цахим залилангийн арга байнгын хувьсан өөрчлөгдөж, өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй фишинг залилан, хувийн мэдээллийн хулгай, санхүүгийн луйвар зэрэг гэмт хэргээс үүдэн хувь хүн, бизнесийн байгууллагуудад өндөр хохирол учирсаар байгаа юм. Тухайлбал манай улс руу чиглэн долоо хоногт гэхэд л 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлагын оролдлого гардаг нь энэ төрлийн гэмт хэрэг та биднээс тийм ч хол биш гэдгийг сануулж байна. Тэгвэл таны царай таныг хэрхэн хамгаалах вэ?


Хөдөлгөөнт зургийг: Dribbble

Аюулгүй нэвтрэх боломж: Энгийн нууц үг нь хакердах, фишинг хийх, хүчээр тайлах зэрэг халдлагад өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Харин царай таних систем нь биометрийн баталгаажуулалт шаарддаг тул цахим банк, санхүүгийн гүйлгээ, Засгийн газар, байгууллагын дотоод систем, өгөгдлийн сангуудын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх давуу талтай.

Хувийн мэдээллийн нууцлал: Кибер гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийн нууц үгийг хулгайлах, хууран мэхлэх замаар тэдний хаягийг булаах оролдлого хийдэг. Тэгвэл царай таних технологи нь нүүр царайг хуулбарлах боломжгүй тул ийм төрлийн халдлагыг зогсооно. Жишээ нь, хакер хэрэглэгчийн нэвтрэх мэдээллийг авсан ч царай таних шалгалтыг давах боломжгүй.

Залилангаас зайлсхийх арга: Ихэнх кибер халдлага хулгайлагдсан хувийн мэдээллийг ашиглаж санхүүгийн луйвар хийхэд чиглэдэг. Харин царай таних технологи нь хэрэглэгчийн жинхэнэ эсэхийг шалгаж, төлбөрийн гүйлгээ, мөнгө шилжүүлэлтийг баталгаажуулах, нэг хүн олон хаяг үүсгэхээс сэргийлж, банк, цахим худалдаа, онлайн үйлчилгээн дэх луйврыг бууруулахад тусалдаг.

Сонирхуулахад,

- Манай улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд үйлдсэн 7560 гэмт хэрэг бүртгэгдсэний 83 хувь нь кибер залилан байна.

- Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны иргэдийн цахим аюулгүй байдлын ур чадварын судалгаагаар 74 хувь нь кибер аюулгүй байдлаа хамгаалах ур чадваргүй гэсэн дүн гарчээ.

- Манай улсад сүүлийн таван жилд 14,085 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс цахим орчинд 97% нь үйлдэгджээ.

TOKI АППЫН ШИНЭЧЛЭЛ

Нэгэн таатай мэдээ дуулгахад өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчилж, таны цагийг хэмнэх зорилготой Toki апп хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Amazon Rekognition Face Liveness программыг нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү программ нь тухайн хэрэглэгчийн иргэний үнэмлэх, гадаад пасспорт зэрэг хамгийн сүүлд авсан бичиг баримтын зургийг ХУР системээс татаж аваад, яг одоо байгаа бодит царайтай нь тулган шалгах үүрэгтэй аж.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч бодит цаг хугацаанд (real-time) жинхэнэ царайгаа таниулж байгаа эсэхийг шалгаж, хуучин зураг, бичлэг эсвэл хуурамч дүрс ашиглаж байгаа үгүй тогтооно гэсэн үг юм. Ингэснээр танаас өөр хэн ч Toki апп дахь таны бүртгэлээр нэвтрэх боломжгүй болох ба дээр дурдсан цахим гэмт хэргийн хохирогч болохоос тань сэргийлнэ.

Жишээ нь залилагчид хэрэглэгчийн Toki аппын бүртгэлийг олж аваад, нэвтрэх гэж оролдохдоо тус аппаас илгээх давхар баталгаажуулалт буюу OTP кодыг ямар нэг байдлаар олж авлаа гэж бодъё. Гэсэн хэдий ч нэвтрэх үед Amazon Rekognition Face Liveness ажиллаж эхлэх ба бүртгэлийн эзэн биш гэдгийг тэр дор нь таньж, апп руу нэвтрэх боломжгүй болох юм. Тиймээс хувийн мэдээлэл болон санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд яг одоо Toki апп руугаа ороод зааврын дагуу царайгаа таниулан, бүртгэлээ бүрэн баталгаажуулаарай.



Сонирхуулахад, Amazon Rekognition Face Liveness программыг Revolut, NFL Media, K-STAR Group, KYODO NEWS, Carbon, Aella Credit, Certipass зэрэг дэлхийн томоохон компаниуд ашигладаг юм билээ.