Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн автобусанд зорчих төлбөр нэмэгдэж, 1000 төгрөг болсон билээ. Нэг удаад 1000 төгрөг төлөөд, өдөрт дөрвөн удаа дамжин суухын тулд бидэнд заавал автобусны карт шаардлагатай.
Хэдий банкны виза карт, бэлэн мөнгөөр төлбөрөө төлөх сонголт байгаа ч үнэгүй дамжин суух хөнгөлөлтийг эдлэх боломжгүй гэсэн багахан асуудал бидэнд тулгараад байв. Харин энэ бүхнийг шийдэхээр UBCARD апп хэрэглэгчдийн гарт хүрчээ.

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Өмнө нь бид автобусны байршлыг харахын тулд Ub Smart Bus апп, чиглэлээ харах, дамжин суухын тулд Google Maps, мөн төлбөрөө төлөхөд автобусны карт хэрэг болдог шүү дээ. Тэгвэл UBCARD дээрх асуудалд хэд хэдэн шийдэл санал болгожээ.
Нэгт, хаанаас хаа хүрмээр байгаагаа тодорхойлоход л боломжит бүх маршрутыг, зарцуулах хугацаатай нь хамт харуулдаг. Цаашлаад автобусны байршил, буудал, карт борлуулах цэгүүдийг газрын зургаас харах боломжтой.
Хоёрт, заавал биет картын шаардлагагүйгээр QR кодыг автобусанд уншуулаад л төлбөрөө төлж, өдөрт дөрвөн удаа дамжин суух эрхээ эдэлнэ. Мөн биет картаа апп-даа холбоод хүссэн үнийн дүнгээрээ цэнэглэх боломжтой.
Товчхондоо өмнө нь нийтийн тээврээр зорчиход шаардлагатай байсан бүх зүйлийг нэг аппд багтаажээ.
ямар давуу талтай вэ?
UI/UX дизайн: Юун түрүүнд аппдаа бүртгүүлээд цэстэй танилцахад доторх функцүүд нь маш ойлгомжтой байв. Замчлах хэсэг, QR код, чиглэл, зогсоол, карт борлуулах цэг гээд хаана юу байгаа, ямар үүрэгтэй нь төвөггүй ойлгогдоно. UI/UX дизайн талаас онц үнэлгээ өгмөөр байлаа.
Сэрүүлэг тохиргоо: Хэт ядарсан үедээ автобусанд суугаад унтаж явсаар нэг мэдэхэд "шал" танихгүй буудал дээр сэрж байсан уу? Энэ асуудалд шийдэл болсон бас нэгэн функц нь "сэрүүлэг тохиргоо" бөгөөд хэрэв таны буух буудал ойртоод ирвэл сэрүүлэг дуугарна гэсэн үг. Ингэхдээ хэр зай үлдвэл ямар дуу дуугарах вэ гэдгийг хүссэнээрээ тохируулах боломжтой. Байнга хол зайнд автобусаар явдаг хүнд тун хэрэгтэй тохиргоо.


Санал хүсэлт илгээх: Автобус зогсоол дээрээ ирэлгүй өнгөрөөд явах, жолооч бүдүүлэг харьцах, автобусны эд анги эвдэрсэн байх гээд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд элдэв дутагдал гарвал өмнө нь санал хүсэлт хүлээн авах 7000- 4040 утсаар холбогддог байсан. Харин одоо бол шууд UBCARD аппын "Санал хүсэлт" цэс рүү орж, саналаа илгээх боломжтой болжээ. Ингэхдээ хүсэлт, санал гомдол, сайжруулалт, зөрчил гэсэн дөрвөн төрлөөс сонгож бичнэ. Нэмэлтээр нотолгоо болгон зураг хавсаргах боломжтой. Санал хүсэлтийн асуудлыг ийнхүү хялбарчилсан нь маш их таалагдав.
Мөнгө шилжүүлэх: UBCARD апп дотор "шилжүүлэх" гэдэг функц байдаг бөгөөд үүгээр дамжуулан өөр хүний аппыг цэнэглэх боломжтой. Ингэхдээ нөгөө хүнийхээ утасны дугаарыг мэдэж байхад л хангалттай. Энэ нь "хамт зорчих" шинэ шийдэл болжээ.


ямар сул талтай вэ?
Миний хувьд аппыг туршихаар 5000 төгрөгөөр дансаа цэнэглээд автобусанд сууж үзэв. Ингээд QR кодыг уншуулах гэтэл шууд уншсангүй. Хэд хэд оролдсоны дараа уншсанаас харвал хэт ойртуулахгүй, хэт холдуулахгүйгээр барих нь чухал байв. Үүнээс үүдэн эхний үед хүмүүс хэрэглэж дастал бага зэрэг цаг авах магадлалтай санагдлаа.
Мөн биет картаа холбоё гэсэн ч хэд хэд уншуулаад холбож чадаагүй билээ.
Цаашид функцүүд нь улам сайжран, гадаадын жуулчдад зориулан хэлний тохиргоотой болно хэмээн найдаж байна.
unread хэдэн оноо өгөх вэ?
Бидний өдөр тутамдаа ашигладаг Ub Smart Bus апптай харьцуулахад UI/UX дизайн сайтай, маш ойлгомжтой, хэрэгтэй олон функцийг нэг дор багтаасан Ub аппд манай редакц 10-аас 7 оноо өгч байна.

Сэтгэгдэл бичих (1)


T Temka 2026.02.11 122.201.31.150
Tanai app chin yaachaad bgaan ugluu bolgon gatsaad orohgui bhiin. Ugluu bolgon zagnuulsaar bgaad busnaas buuh um