Тэмдэглэлт өдрүүд шил дараалан болж, цаг агаар ч дулаарч байгаа энэ үед ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэх улам л хүнд даваа болох шинжтэй байна. Ийм үед хэрэг болох, тархины мотороо асаахад туслах нэгэн сонирхолтой тоглоомыг бид өнөөдөр туршиж үзлээ. Энэ бол NYT-ийн алдарт Wordle-гийн монгол хувилбар гэж болох ҮГЛЭ.

Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг уншигч та яг одоо туршаад үзэхийг хүсвэл хаяг нь энэ байна: ugle.gege.mn

Хэрэв энэхүү тоглоомын дүрэм болон бусад мэдээлэлтэй танилцъя гэвэл нийтлэлээ үргэлжлүүлэн уншаарай. Сонирхуулахад, энэ долоо хоногийн үгийг манай редакцаас оруулсан шүү.

Үгэн тоглоомын үнэн хүч

Цар тахлын үеэр хүн бүрийн дэлгэцийн хэрэглээ ихсэхтэй зэрэгцээд энгийн атлаа эгэлгүй тоглоомууд од болж эхлэв. Судоку, үгийн сүлжээ зэрэг классикуудаас эхлээд хэд хэдэн шинэ төрлийн тоглоом газар авах болсны дотор Josh Wardle хөгжүүлэгчийн Wordle байлаа. Тоглоомын дүрэм их энгийн. Тоглогч 6 оролдлогоор 5 үгтэй үгийг таах ёстой. Таамаг оруулах бүрд тухайн үсэг таах ёстой үгэнд байгаа эсэхийг саарал (байхгүй), шар (байгаа гэхдээ байрлал буруу), ногоон (байгаа бас байрлал ч зөв) өнгөөр илэрхийлнэ.

Эхэндээ гэр бүл, найз нөхдийн хүрээнд байсан уг тоглоом хэдхэн сарын дотор олон зуун мянган тоглогчтой болов. Ийнхүү үгэн тоглоомоор дамжуулж уншигчийн тоогоо нэмэх стратегитай байсан The New York Times тус тоглоомын эрхийг “овоо хэдэн сая доллар”-оор худалдан авч, албан ёсны редактортой болгосноор дэлхий нийтэд таниулсан билээ. Wordle-ийн араас олон хэл дээр ижил төстэй тоглоомууд бий болж, тэгэх бүрдээ энгийн хэрнээ сонирхолтой энэхүү тоглоомд шимтэгчдийн тоог нэмсээр байна.

Үглэ гэж яг юу вэ?

Үглэ-г Г.Батмэнд хөгжүүлэгч ажлынхаа хажуугаар “монгол хүмүүст энэхүү төрлийн энтертейнментийг хүртээмжтэй болгох, монгол хэлийг сурталчлах” зорилгоор хөгжүүлжээ. Өнгөрсөн зунаас хойш нийтэд нээлттэй байгаа уг тоглоомоо тэрээр илүү олон хүнд хүргэх хүсэлтэй байгаа нь энэ нийтлэлийг бичих шалтгаан болсон юм.


Үглэ-гийн дүрэм нь энгийн. Та өдөр бүр 5 үсэгтэй үгийг 6 оролдлогоор таах ёстой. Нэг таавар хангалтгүй бол хязгааргүй горим ч гэж бий, вебээс гадна Discord-оор тоглож болох аж. Мөн 6-10 үсэгтэй үг таах нэмэлт горимтой.


Ташрамд дурдахад, түүний хөгжүүлсэн санхүүгээ хянах Flow аппыг ч мөн туршаад үзээрэй. Хөгжүүлэгч яг өөрөө ашиглах гэж бүтээсэн, өөрөө өдөр тутамдаа тогтмол ашиглаж байгаа апп тул функцууд нь тун оновчтой болсон санагдсан.

Үг олдож, үхэр холдох нь. Уншигч та цайны цагаараа тархи толгойгоо сэргээж, монгол хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэхийг хүсвэл яг одоо тоглоод үзээрэй.

Таван минутад тархиа сэргээ - ugle.gege.mn