Хиймэл оюун (AI) олон ажлыг өөрчилж байгаагийн дотор код бичих тэргүүн эгнээнд бичигдэж байна. AI код бичих явцыг хурдасгасан ч энэ нь бүтээгдэхүүний аюулгүй ажиллагаа, системийн тогтвортой байдал зэрэг шинэ асуудлууд дагуулж буй.
Хурд байгаа газарт хяналт зайлшгүй байх хэрэгтэй болдог. Ялангуяа олон зуун мянган хүний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг технологийн платформуудад хиймэл оюуны тусламжтай бичсэн кодыг турших, ажиллуулах, хянах ажил маш чухал. Энэ үйл явц доголдвол хиймэл оюуны бүтээсэн тэрхүү үр бүтээмж эцсийн бүтээгдэхүүнээр дамжин хэрэглэгчид хүрэх гэж цаг их авахаас гадна, зарим эрсдэл ч үүсэх боломжтой.
Өдгөө бидний хувийн ажил амьдрал гэлтгүй ашиглаж буй платформ бүрийн хөгжүүлэлтэд хиймэл оюун ямар нэгэн байдлаар оролцож байгаа. Тэгвэл тэдгээр компаниуд хиймэл оюуныг хөгжүүлэлтийн үе шатдаа хариуцлагатай, хяналттай ашиглаж чадаж байгаа болов уу?
Энэхүү асуултад өөрсдийн бодит шийдлээрээ хариулт өгч буй Юнител групп хөгжүүлэгчийн дотоод платформыг энэ удаад онцолж байна. Тэд AI-ийн бичсэн кодыг хэрэглэгчид хүргэхээс өмнө тусгаарлагдсан орчинд турших, хянахын тулд уг платформыг бий болгожээ.Бусад технологийн компаниуд ч мөн санаа авах биз ээ.

Хиймэл оюуны тарьж буй шинэ асуудал
2026 оны нэгэн судалгаагаар хөгжүүлэгчдийн 96 хувь нь AI-ийн бичсэн код зөв ажиллана гэдэгт бүрэн итгэдэггүй гэж хариулсан байна. Гэтэл тэдний ердөө 48 хувь нь л AI-ийн тусламжтай бичсэн кодоо өөрсдийнхөө системдээ оруулж, хэрэглэгчдийн гар хүргэхээсээ өмнө байнга шалгадаг гэжээ.
Түүнчлэн 2025 онд Програм хангамжийн аюулгүй байдлын нэгэн компани аюулгүй байдлын эрсдэл агуулсан 80 даалгаврыг 100 гаруй AI загварт өгч туршжээ. Үр дүнд нь 45 хувь нь хамгийн түгээмэл тохиолддог 10 төрлийн цоорхойн аль нэгийг кодондоо оруулсан байна. Өөрөөр хэлбэл код бичих хялбар, хурдан болсон ч түүнийг шалгах, хянах хамгаас чухал болж буйг салбарын судлагаанууд ч баталж буй.
IDP гэж юу вэ?
Хөгжүүлэгчийн дотоод платформ (Internal Developer Platform, IDP) нь програмист кодоо бичсэнээс хойш хэрэглэгчид хүртэл туулах зайлшгүй алхмуудыг нэг дор цуглуулсан орон зай юм. Хөгжүүлэлтийн орчин бүрдүүлэх, турших, нэвтрүүлэх, хянах ажил өөр өөр хэрэгслээр, олон хүний гар дамжихдаа цаг алдах, алдаа гарах эрсдэлтэй байв. Харин IDP тэдгээрийг нэг орчинд нэгтгэж, автоматжуулдгаараа онцлог. Ингэснээр хөгжүүлэгчид элдэв механик ажилд цаг үрэхийн оронд бүтээгдэхүүндээ төвлөрч, хэрэглэгчдэдээ бодит үнэ цэн бүтээхэд анхаарах боломжтой болдог.

Код хэрэглэгчид хүртлээ юу юуг туулдаг вэ?
Юнител группийн хөгжүүлэгчдийн хувьд нэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ функц буюу шинэ код хэрэглэгчдэд хүрэхийн тулд дараах шатуудыг давдаг бөгөөд уг шат бүрд IDP хэрэг тусаа өгч байгаа аж.
Суурь орчин: Сервер, тохиргоо, хөгжүүлэлтийн орчныг өмнө нь 1-3 өдөрт бэлддэг байсан бол IDP-ийнхээ тусламжтай одоо 5 минут орчимд автоматаар үүсгэдэг болжээ.
Туршилт: Системийн аливаа өөрчлөлтийг эхлээд хэрэглэгчээс тусгаарлагдсан Kubernetes орчинд туршина. Kubernetes бол олон програмыг серверүүд дээр зэрэг ажиллуулж, зохицуулдаг систем юм.
Урьдчилсан орчин: Бодит системтэй аль болох адилхан энэ орчинд өөрчлөлтийг хэрэглэгчид хүрэхээс өмнө сүүлчийн удаа шалгадаг. Үүнийг нэвтрүүлэхэд өмнө нь 1-2 өдөр зарцуулдаг байсан бол одоо 5 минут л хангалттай болжээ.
Хяналт: Тэдний бүтээсэн IDP нь 70 орчим системийн ажиллагааг нэг дороос хянадаг бөгөөд аль өөрчлөлт хэзээ, ямар төлөвлөгөөний дагуу орсныг ч харуулах чадамжтай.
Дуудлага: Системд ноцтой доголдол гарвал систем хариуцсан ажилтан руу автоматаар залгана. Энэ төрлийн дуудлага IDP-гүй байх үед 15-30 минутад очдог байсан бол одоо 90 секунд ч хүрэхгүй хугацаа шаардлагатай болжээ. Мөн өмнө нь Kubernetes дээрх програмын аль нэг нэгж гацлаа гэхэд шалтгааныг нь олоход 30-60 минут зарцуулдаг байсан бол одоо ердөө 2 минут орчим л хангалттай аж.
Яагаад бэлэн платформ аваагүй вэ?
IDP-ийн нэвтрүүлэхэд Backstage, Port, Humanitec зэрэг олон төрлийн сонголт бий. Юнител групп эдгээрийг судалж, туршсаны эцэст өөрөө бүтээхээр шийдсэн байна. Ингэснээр лицензийн зардал буурахаас гадна, хүссэн байдлаараа дотоод үйл ажиллагаатай уях, хэрэгтэй функцүүдээ цаг алдалгүй хөгжүүлэх боломжтой болжээ.
Мөн хамгийн гол нь мэдээллийн хараат бус байдал. Системийн хяналт, анхан шатны дүн шинжилгээнд хэрэглэгчийн зарим нэг мэдээлэл шаардлагатай болно. Хэрэв энэ ажлыг гаднын үйлчилгээгээр хийвэл тухай мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл үүсэх тул Юнител групп өөрсдийн IDP-ийг хөгжүүлсэн байна. Ингэснээр мэдээллийн хяналт байгууллагын гарт үлдэж, гаднын хэрэгслээс хамаарах хамаарал багасжээ.
Сэтгэгдэл бичих

