Хиймэл оюун (AI) сүүлийн жилүүдэд олон салбарт төрөл бүрийн нөлөө үзүүлж буй. Гэвч хиймэл оюун зөвхөн асуудал шийдвэрлэх, ажлыг автоматжуулах төдий зүйл биш гэдгийг Стэнфордын Их сургуулиас саяхан хийсэн судалгаа баталсан юм.
Тухайлбал, уг судалгаагаар GPT-4, Claude 3, Llama 3 зэрэг хиймэл оюуны загварууд өөрсдийг нь сургаж, судалж буйг мэдмэгц зан төлвөө өөрчилж, илүү эелдэг, нийтэч байхаар өөрсдийгөө тохируулдаг нь тогтоогджээ. Судалгааны үр дүнд тэдний "эелдэг зан" 50-иас 95 хувь хүртэл нэмэгдсэн тохиолдлууд илэрсэн байх жишээтэй.
Гэвч хиймэл оюуны тухай мэдээлэл ихэвчлэн түүний аюул, эрсдэл, сөрөг талуудыг онцлон өгүүлдэг. Харин бид энэ удаагийн нийтлэлдээ хүмүүсийн төдийлөн анзаардаггүй ч өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй салбаруудад хиймэл оюун хэрхэн ашиглагдаж, ажлыг хэрхэн хөнгөвчилж буйг онцлон хүргэхийг зорилоо.
1. Эрүүл мэнд
Хорт хавдрын эрт үеийн оношилгоо нь нарийн судалгаа, олон шат дамжлагатай тул өвчтөнд тохирох эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл хиймэл оюуны тусламжтай өвчнийг илрүүлэх хурд, нарийвчлал огцом сайжирсан. Жишээлбэл, Монгол Улсад "CerviCARE AI" төхөөрөмжийг ашиглан умайн хүзүүний хорт хавдрыг 5 секундийн дотор 98 хувийн нарийвчлалтайгаар оношлох боломж бүрджээ.
Нөгөө талаар уг салбарт ажиллаж буй эмч, ажилчид хаа саагүй өндөр ачаалалтай ажилладгийг бид мэднэ. Тэгвэл Энэтхэгийн Apollo Hospitals хиймэл оюуныг ашиглан эмч, сувилагчдынхаа өдөр бүрийн бичиг цаасны ажлыг автоматжуулсны дүнд өдөрт 2-3 цаг хэмнэж буй аж.
Түүнчлэн эмийн салбарт шинэ эмийг хөгжүүлэхэд судалгаа, туршилтын үе шат ихээхэн хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Судалгаанаас харахад, хамгийн багадаа 10-15 жил, 1 тэрбум гаруй доллар зарцуулдаг байна. Харин энэ салбарт хиймэл оюун шинэ химийн нэгдлүүдийг илрүүлэх, эмчилгээний хувилбаруудыг урьдчилан таамаглах байдлаар тусалж байгаа юм. Тухайлбал, BenevolentAI компани хиймэл оюуны тусламжтай эмийн судалгааны хугацааг 50 хувиар богиносгож, туршилтын өртгийг 30 хувиар бууруулсан гэнэ.

2. Урлаг
Хиймэл оюун зөвхөн ажлыг хурдасгаж, автоматжуулаад зогсохгүй бүтээлч үйл явцад ч хувь нэмэр оруулж байна. DALL·E хиймэл оюуны загвар нь текстээс уран зураг бүтээх чадвартай бөгөөд алдартай уран бүтээлчдийн хэв маягийг дуурайлган шинэ бүтээлүүд гаргах боломжтойг бид хэдийн мэдэх билээ. Мөн дуу хөгжмийн салбарт AIVA (Artificial Intelligence Virtual Artist) платформ хиймэл оюун тусламжтайгаар кино, видео тоглоом, зар сурталчилгаанд зориулсан хөгжмийг цоо шинээр зохиож байгаагаараа алдаршаад буй.

3. Харилцаа холбоо
Таныг хэн нэгэнтэй утсаар ярих, зурвас илгээхэд асуудалгүй, тогтвортой, хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд мянга мянган инженерүүд ард нь ажилладаг билээ. Хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдэд ирж буй хэдэн мянган дуудлагаас эхлээд гацалт, доголдлыг илрүүлэх гээд асуудал мундахгүй. Харин эдгээрийг хиймэл оюунд даатгаснаар байгууллагуудын бүтээмж эрс нэмэгдэж байгаа юм.
Жишээлбэл, Юнител Групп хиймэл оюунд суурилсан чатботыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр 1 сая гаруй хандалтын 20 хувийг нь чатбот-д хариуцуулан өгч, тэдгээрийн 95 хувьд нь чатбот амжилттай хариулдаг болжээ.
Мөн 2000 орчим ажилтан дотооддоо мэдээллээ хурдтай солилцож, 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгчид бүрд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм. Товчхондоо, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээл бүрийг ажилтан хайж суухын оронд хиймэл оюун санал болгодог гэсэн үг.

Үүн дээр нэмээд шаардлагатай засвар үйлчилгээг автоматаар сануулснаар асуудал шийдвэрлэх хугацааг 60 хувиар бууруулж байгаа гэнэ. Ингэснээр сүлжээний доголдлыг урьдчилан таамаглаж, инженерүүдэд анхааруулга өгснөөр алдаа гарсных нь дараа дохио өгөх биш асуудлыг гарахаас нь өмнө шийдэж буй аж.
Ийнхүү байгууллагууд хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой ч хамгийн чухал зүйл нь өгөгдлөө цэгцлэх, хадгалах, мөн кибер аюулгүй байдлаа хамгаалах явдал юм. Тиймээс энэ чиглэлд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах нь хиймэл оюуныг шууд нэвтрүүлэхээс ч илүү ач холбогдолтой болж байна.
4. Боловсрол
Монгол Улсад бараг л нэг хэсэг жил бүр сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж, зарим хувийн сургуулиуд янз бүрийн гаднын сургалтын арга зүйг туршсаар ирсэн. Журнал дээр тэмдэглэгээ хийж, хувийн хэрэг дээр ахицыг нь үнэлдэг цаг хэдийн ард хоцорсон ч бид бодит амьдрал дээр ийм л сургалтын аргыг ашиглаж байгаа. Харин үүнийг яаж бусад улс орнууд хиймэл оюунд даатгаж байна вэ? АНУ-ын Виржиниа, Хойд Каролина, Миссисипи зэрэг мужийн сургуулиуд SAS компанийн аналитик програмыг сургалтын системдээ нэвтрүүлжээ. Уг програм нь сурагчдын үнэлгээ, ирц, зан төлөв зэрэг олон төрлийн өгөгдлийг цуглуулж, анализ хийснээр багш нарт сурагч бүрийн хэрэгцээнд тохирсон сургалтын арга барил боловсруулахад тусалдаг аж.

Онцлохуйц бас нэгэн шийдэл бол хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хиймэл оюун. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах үйл явцыг хялбарчилж, хамт олонтойгоо ижил түвшинд сурч хөгжих боломжоор хангах хиймэл оюуныг Microsoft компани бүтээснийг магадгүй та харсан байх. Тэдний бүтээсэн "Seeing AI" апп нь харааны бэрхшээлтэй сурагчдад текст унших, орчныг таних зэрэгт тусалдаг бол "Immersive Reader" хэрэгсэл нь сурах бичгийн агуулгыг дуу хоолойгоор дамжуулан хүргэж, сурагчдад агуулгыг ойлгоход нь тусалдаг юм байна.
5. Санхүү, эдийн засаг
Банк санхүүгийн үйлчилгээнд залилангийн асуудал бишгүй олон. Харин үүнийг илрүүлнэ гэдэг бүр төвөгтэй. Тэгвэл санхүүгийн байгууллагаад уг асуудлыг шийдэхээр эхнээсээ хиймэл оюуныг ашиглаж эхэлжээ.
АНУ-ын Frost Bank хиймэл оюун ашиглан залилах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэглэгчдийн яриаг шинжлэх хиймэл оюуныг туршиж байгаа юм. Энэхүү ажил амжилттай хэрэгжвэл залилангийн гэмт хэрэгт түгээмэл хэрэглэгддэг дуудлагыг таних ажлыг уг хиймэл оюун гүйцэтгэнэ гэсэн үг.
Мөн санхүүгийн салбарт өгөгдөлтэй ажиллах нь цаг их орохын сацуу оновчтой анализ хийнэ гэдэг хүндрэлтэй ажил юм. Харин хиймэл оюуныг санхүүгийн шинжээчид ашигласнаар алгоритмууд хөрөнгө оруулалтын өгөгдлийг илүү оновчтой бөгөөд хурдан шинжлэх боломжтой болжээ. Жишээлбэл, BlackRock компанийн "Aladdin" систем нь хиймэл оюун ашиглан хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлж, удирдах үйл явцыг автоматжуулснаар зах зээлийн эрсдэлийг 25 хувиар бууруулсан гэдэг.

Хиймэл оюуны хэрэглээ өдгөө зөвхөн онолын талбараас хэдийн хальж, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо, санхүү зэрэг салбаруудад бидний төсөөлснөөс ч илүү амьдралд ойр, томоохон өөрчлөлтүүдийг бий болгож буй нь энэхүү нийтлэлээс тодорхой харагдсан гэдэгт итгэлтэй байна.
Харин цаашид хиймэл оюуныг улам бүр хөгжүүлж, үр жимсийг нь зөв зохистой хүртэх эсэх нь хувь хүн төдийгүй байгууллагуудын анхаарах ёстой томоохон асуудал болох нь дамжиггүй.

Сэтгэгдэл бичих

