Шинэ технологи бүтээх, нэвтрүүлэх боломж урьд өмнөхөөс илүү нээлттэй болжээ. Харин байгууллагуудын хувьд гол сорилт нь технологи сонгохдоо бус, түүнийг өдөр тутмын үйл ажиллагаандаа зөв уялдуулж, бодит үр дүн гаргах, цаашид тасралтгүй сайжруулахад оршиж байна.
Юнител группийн охин компани Нэксмайнд ХХК нь олон улсын технологийн дэвшилтэт шийдлүүдийг Монголын байгууллагуудын хэрэгцээ, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн нутагшуулж, мөн өөрсдөө технологийн шийдэл хөгжүүлэн ажилладаг. Тус компанийн нэг онцлог нь хөгжүүлж, нутагшуулсан шийдлүүдээ эхлээд группийнхээ хүрээнд бодит хэрэглээнд нэвтрүүлж, туршлага, үр дүнгээ баталгаажуулсны дараа бусад байгууллагад санал болгодогт оршино.
Технологи байгууллагын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж, зардлыг бууруулж, шийдвэр гаргалтыг сайжруулж болохыг харуулах Нэксмайнд ХХК-ийн дөрвөн шийдлийг жишээгээр хүргэе.
1. Харилцагчийн үйлчилгээний давтагддаг ажлыг хиймэл оюунаар шийдсэн нь
Асуудал: Юнителийн харилцагчийн үйлчилгээний төвд ажилтан дуудлага дуусах бүрд ярианы агуулгыг бүртгэж, хүсэлт, гомдол, саналын аль нь болохыг гараар ангилдаг байжээ. Үүнд дунджаар 13 секунд зарцуулдаг байсан аж. Ердөө хэдхэн секунд гэж бодож болох ч өдөрт олон мянган дуудлага хүлээн авдаг, олон зуун ажилтантай төвд энэ хугацаа нийлээд ихээхэн хэмжээний давтагддаг ажил болдог. Түүнчлэн гараар ангилах явцад алдаа гарах эрсдэлтэй.
Шийдэл: Нэксмайндын хөгжүүлсэн ContactX AI Workforce нь монгол хэлээрх яриаг бичвэр болгон буулгаж, агуулгыг нь ойлгон ангилдаг. Мөн ярианы товч хураангуйг гаргаж, шаардлагатай мэдээллийг системд автоматаар бүртгэнэ. Ингэснээр хүсэлт, гомдлыг холбогдох нэгжид шуурхай хүргэх, шийдвэрлэх боломж бүрддэг байна.
Үр дүн: Юнител группийн харилцагчийн үйлчилгээний төвд дуудлагын ангиллын нарийвчлал 70 хувиас 95 хувь болж нэмэгджээ. Мөн дуудлага бүрийн дараах 13 секундын гар ажиллагааг автоматжуулсан байна. Үүний үр дүнд сар бүр есөн ажилтны бүтэн сарын давтагддаг ажлын ачаалалтай тэнцэхүйц ажлыг автомат системээр гүйцэтгэх боломж бүрджээ. Ингэснээр ажилтнууд бүртгэл, ангилал зэрэг давтагддаг ажилд зарцуулах цагаа багасгаж, харилцагчид үйлчилгээ үзүүлэхэд илүү төвлөрөх боломжтой болсон байна.

2. Өгөгдөл өсөхөд шийдвэр удаашрах ёсгүй
Асуудал: Борлуулалт, харилцагч, санхүү, сүлжээний мэдээлэл тус тусдаа системд хадгалагддаг байгууллагад нэг тайлан гаргахын тулд хэд хэдэн эх үүсвэрээс мэдээлэл цуглуулж, гараар нэгтгэх шаардлага гардаг. Юнител группийн хувьд 20 гаруй охин компанийн 90 гаруй өөр системээс өгөгдөл ирдэг. Өдөрт боловсруулдаг өгөгдлийн хэмжээ 2023 онд 1.9 терабайт байсан бол 2026 онд 8.6 терабайт болж, гурван жилд 4.5 дахин өсжээ. Өдөрт 8.6 терабайт өгөгдөл боловсруулна гэдэг нь 5 мегабайтын хэмжээтэй 1.7 сая орчим зурагтай тэнцэхүйц хэмжээ юм.
Шийдэл: Ийм хэмжээний өгөгдлийг үр ашигтай удирдах зорилгоор Юнител групп Dell Technologies-тэй хамтран Data Lakehouse шийдлийг нэвтрүүлжээ. Энэ нь байгууллагын олон эх үүсвэрээс ирсэн өгөгдлийг нэгтгэн хадгалах, боловсруулах, шинжлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр мэдээллийг тус тусад нь цуглуулж нэгтгэх шаардлага багасаж, байгууллагын нэгжүүд нэгдсэн өгөгдөлд тулгуурлан ажиллах нөхцөл бүрджээ.
Үр дүн: Өгөгдлийг цуглуулснаас хойш ашиглах хүртэлх хугацаа 80 хувиар богиноссон байна. Мөн нэгдсэн өгөгдөл нь хиймэл оюуны шийдлүүдийг хөгжүүлэх суурь болж, группийн хэмжээнд өдгөө 10 гаруй AI систем хөгжүүлээд байна. Тухайлбал, харилцагч гомдол гаргахаас өмнө сүлжээний доголдлыг урьдчилан илрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Энэ туршлага нь Нэксмайндын хувьд байгууллагуудын өгөгдөлтэй ажиллах үйл явцыг сайжруулах, мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжих технологийн шийдэл санал болгох суурь болж байна.
3. Дотоод сүлжээнд байгаа нь итгэх шалтгаан биш
Асуудал: Цахим аюулгүй байдлын уламжлалт хамгаалалт гаднаас ирэх халдлагыг хаахад төвлөрдөг ч байгууллагын дотоод сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгч, төхөөрөмжийг үргэлж найдвартай гэж үзэх нь эрсдэл дагуулдаг. Тухайлбал, нэг ажилтны нууц үг алдагдвал халдагч байгууллагын бусад системд нэвтрэх боломжтой болох аюултай. Өнөөдөр ажилтнууд гэрээсээ, гар утаснаасаа болон үүлэн системээр дамжин байгууллагын мэдээлэлд ханддаг болсон тул дотоод, гадаад сүлжээний зааг улам бүдгэрч байна.
Шийдэл: Нэксмайнд байгууллагуудад "Zero Trust" буюу "хэнд ч автоматаар итгэхгүй" зарчимд суурилсан хамгаалалтын аргачлалыг нэвтрүүлэхэд тусалдаг. Энэ зарчмын дагуу хэрэглэгч, төхөөрөмж бүрийг хаанаас холбогдож байгаагаас үл хамааран баталгаажуулж, зөвхөн ажил үүрэгт нь шаардлагатай мэдээлэл, системд нэвтрэх эрх олгодог. Үүнийг хэрэгжүүлэхийн өмнө байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, эрсдэл болон эмзэг байдлыг тодорхойлох, халдагчийн байр сууринаас системийг шалгах нэвтрэлтийн тест хийх шаардлагатай аж.
Үр дүн: Нэксмайнд өдгөө 20 гаруй байгууллагад нийт 30 гаруй удаа кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын үнэлгээ болон нэвтрэлтийн тест хийжээ. Эдгээр үнэлгээ нь байгууллагууд өөрсдийн хамгаалалтын сул талыг илрүүлж, эрсдэлээ бууруулах дараагийн алхмаа тодорхойлоход тусалдаг байна.

4. Уламжлалт салбарт ч технологи үр ашгаа өгдөг
Асуудал: Усны тоолуурын заалтыг ажилтан айл, байгууллага бүрээр явж гараар бүртгэх нь цаг их шаарддаг төдийгүй бичилтийн алдаа гарах эрсдэлтэй. Мөн хэрэглээний мэдээлэл цаг тухайдаа бүртгэгдээгүйгээс хэвийн бус хэрэглээ, усны алдагдлыг эрт илрүүлэхэд хүндрэл учирдаг.
Шийдэл: IoT буюу интернэтэд холбогдсон ухаалаг тоолуур нь хэрэглээний мэдээллийг автоматаар дамжуулж, нэг дороос хянах боломж олгодог. Эрдэнэт хотод Нэксмайнд энэ шийдлийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар нэвтрүүлж байна. Төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Европын холбооны буцалтгүй тусламжаар санхүүжиж буй "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал" хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 9-р сараас хэрэгжиж эхэлжээ.
Үр дүн: Ухаалаг тоолуур нэвтэрснээр заалтыг гараар бүртгэх ажлыг бууруулах, хүний алдааг багасгах, хэвийн бус хэрэглээ болон усны алдагдлыг эрт илрүүлэх, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах боломж бүрдэж байна.
Технологийн түнш сонгохдоо асуух таван асуулт
Хэрэв та байгууллагадаа шинэ технологийн шийдэл нэвтрүүлэхээр түнш хайж байгаа бол дараах асуултыг урьдчилан тавиарай.
1. Манай байгууллагын асуудлыг эхлээд сонсож, хэрэгцээг тодорхойлох уу, эсвэл шууд бүтээгдэхүүнээ санал болгох уу?
2. Энэ шийдлийг өөр байгууллагад нэвтрүүлж байсан уу? Үр дүнг нь бодит тоон үзүүлэлтээр харуулж чадах уу?
3. Нэвтрүүлсний дараах сургалт, засвар үйлчилгээ, сайжруулалтыг хэн хариуцах вэ?
4. Шийдэл нь өгөгдөл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн дэд бүтэцтэй уялдаж чадах уу?
5. Монгол хэл болон манай салбарын онцлогт нийцүүлэн тохируулах боломжтой юу?
Технологийн шийдэл сонгохдоо зөвхөн бүтээгдэхүүний боломж, үзүүлэлтийг бус, байгууллагын бодит хэрэгцээнд хэрхэн нийцэх, нэвтрүүлсний дараа ямар үр дүн гаргах, цаашид хэрхэн сайжруулах боломжтойг хамтад нь үнэлэх нь чухал.
Нэксмайнд ХХК байгууллагын асуудлыг хамтран тодорхойлохоос эхлээд тохирох шийдлийг хөгжүүлж, нэвтрүүлэх, ашиглалт болон цаашдын сайжруулалтыг дэмжих хүртэл хамтран ажилладаг. Өдгөө хиймэл оюун ухаан, автоматжуулалт, кибер аюулгүй байдлаас гадна дата төв, Cloud үйлчилгээ, цахим гарын үсэг, баримт бичгийн цахим удирдлагын шийдлүүдийг байгууллагуудад санал болгож байна.
Сэтгэгдэл бичих

