Энэ сарын эхний долоо хоногт OpenAI, Tesla-гийн хиймэл оюуны анхны инженерүүдийн нэг А.Карпатигийн “моодонд оруулсан” хэллэг оны онцлох үгээр шалгарлаа. Тэрхүү үг нь “Vibe Coding” байв. Англи хэл дээрх хамгийн том толь бичиг болох “Collins Dictionary” жил бүр уламжлал ёсоороо оны онцлох үгийг зарладаг бөгөөд энэ жилийн шалгаруулалтын сүүлийн шатанд “micro-retirement, coolcation, henry, taskmasking, glaze, clanker” зэрэг үгс үлджээ.
“Vibe Coding” гэх үг нь хиймэл оюунаар код бичүүлж буй утгыг илэрхийлдэг. Тодруулбал, программын гүнзгий мэдлэггүй хүмүүс ч өөрийн санаагаа Generative AI-тай харилцдаг шигээ ердийн хэлээр бичээд л апп, вэбсайт бүтээх боломжийг олгох программ хөгжүүлэлтийг “Vibe Coding” гэдэг байх нь.
Яагаад оны онцлох үг гэж?
Дээр дурдсанчлан “Collins Dictionary” жил бүр тухайн жилийнхээ хэл, соёл, технологийн өөрчлөлтийг хамгийн тод илэрхийлсэн үгийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ нь нэг талаасаа англи хэл өөрөө нийгмийн томоохон шилжилтийг хэрхэн тусгаж буйг харуулдаг нийгмийн хэл шинжлэл (sociolinguistics)-ийн үйл явдал гэж хэлж болно.
2025 онд “Vibe Coding” шалгарсан нь санамсаргүй хэрэг биш. Учир нь англи хэл ч гэлтгүй, дэлхийн бараг бүх хэл дэх технологийн нөлөө урьд урьдынхаас ч огцом өсөж буйг бид алхам тутамдаа мэдэрч буй. Collins Dictionary-ийн үг зүйчид “Collins Corpus” нэрт 24 тэрбум үг хэллэгийг багтаасан өгөгдлийн сан (database)-гаасаа жил бүрийнхээ онцлох үгийг сонгодог. Тус сан нь жил бүр тухайн онд шинээр зохиогдсон, эсвэл урьд өмнө нь байгаагүйгээр олны дунд түгэн дэлгэрсэн үгсийг цуглуулдаг бөгөөд тэгэхдээ сошиал медиа платформуудыг ч ашигладаг байна.
“Vibe Coding” гэдэг нь энгийндээ апп, вэб хөгжүүлэгчид өөрсдийн төсөөлөл, “онгод”-доо уусан бүтээлч санаа сэдлээ “буцалгаж” тэр үеийнхээ мэдрэмжид бүрэн автаж, бүр код бичих гэдэг зүйл байдаг үгүйг ч мартаж байх ахуйд хиймэл оюун өмнөөс нь “хар ажил”-ыг нь буюу кодыг нь бичих гэсэн утгатай.

Хэдийгээр бидний өдөр тутмын амьдралд технологийн эзлэх нөлөө, орон зай улам бүр нэмэгдэн түүнийгээ дагаад олон шинэ нэр томьёо төрөн гарч буй ч нийгэм, цаг үе, ажиллах соёлын өөрчлөлтийг даган мэндлэх үгс түүнээс дутахгүй тоотой байгааг дурдууштай.
Сонирхуулахад, энэ жил “Vibe Coding”-тэй өрсөлдсөн “micro-retirement, coolcation, henry” гэх гурван үг тун сонирхолтой утгатай. Тухайлбал, “micro-retirement” гэх үгээр хувийн сонирхолдоо цаг гаргах зорилгоор ажлаас ажлын хооронд тодорхой хэмжээний завсарлага авахыг илэрхийлдэг бол “coolcation” гэдгээр хүйтэн орон руу аяллаар явахыг, харин “henry”-гээр өндөр орлоготой ч баяждаггүй хүнийг нэрлэх болжээ.

Хиймэл оюунаар код бичүүлэхүй
Код бичих үйл явц уламжлалт “синтакс → дебаг → тест” гэсэн шат дараалалтай бүтцээс халиад илүү хүний хэл төвтэй боллоо. Товчдоо, технологийн талд энэ нь том хэлний загваруудын (LLMs) код үүсгэх чадвар практик түвшинд нэвтэрч, программын бүтэц, интерфэйс, өгөгдлийн урсгалыг хиймэл оюун өөрөө ойлгож, зохион байгуулж чаддаг болж буй хэрэг.
Гэхдээ энэ нь “код бичих чадвар шууд алга болно” гэсэн үг хараахан биш. Харин кодын бүтээмжийг хиймэл оюунтай хоршуулах шинэ үе эхэлж буй хэрэг гэж ойлгоход болно. Энэ нь технологийн салбарт асар том ардчилал буюу хүртээмжийн давлагаа авчирч, хөгжүүлэлтийн хурд эрс нэмэгдэх нөхцөл бүрдүүлэх юм.

Түүнчлэн, Google Cloud-ийн тодорхойлж буйгаар vibe coding нь зөвхөн код үүсгэх тухай ойлголт бус, харин бүхэл бүтэн апп, вэб хөгжүүлэлтийн туршлагыг дахин өөрчилж буй шинэ үлгэр жишээ аж. Тодруулбал, хэрэглэгч санаагаа бичихэд хиймэл оюун зөвхөн код бичиж өгөх төдийгүй тохирох сангуудаас сонголт хийж, архитектурын зөв хувилбар санал болгож, улмаар бүрэн ажиллах прототипийг автоматаар бүрдүүлж өгдөг нь түүний гол давуу тал.
Үүний зэрэгцээ хиймэл оюун нь аливаа хөгжүүлэлтийн явцад хэрэглэгчид юу, яагаад ийм болж байгааг нэг бүрчлэн тайлбарлаж ойлгуулснаар сургалтын шинэ боломж нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, vibe coding нь зөвхөн хиймэл оюун л өөрөө бүтээгээд байх тухай бус, хэрэглэгчийг өөрийг нь хөгжүүлэгч болгон суралцуулах дижитал хамтрагчийн үүргээр ч ажиллах боломжтой болж буй.
Vibe-даа бүгдийг даатгахын сул тал
Гэвч бүх зүйл “vibe”-тай байхад л бүтчихгүй. “Vibe coding” код бичихүйн үүдийг нээж, олон хүнийг оролцуулах боломж бүрдүүлж байгаа ч нөгөө талаараа чанаргүй, алдаатай, бүтцийг нь засахад төвөгтэй кодын шинэ давлагааг бий болгох эрсдэл нүүрлэж мэднэ. Учир нь хүн программчлалын үндсэн зарчмуудыг ойлгоогүй үед хиймэл оюуны үүсгэсэн кодыг шалгах, засах, сайжруулах чадвар сул байх тул маш богино хугацаанд олон бүтэц муутай, урт хугацаанд ажиллах боломжгүй, аюулгүй байдлын ан цавтай аппууд бий болох магадлал өндөр. Энэ нь vibe coding нь технологийн салбарын экосистемд чанарын ялгааг эрс нэмэгдүүлэх эрсдэл дагуулж буйг харуулна.
Мөн vibe coding нь код бичихийг романтикжуулж, хэт энгийн хандлага бий болгох сөрөг талтай. Гэтэл программ хангамжийн чанар, архитектур, тест, масштаб, аюулгүй байдал зэрэг суурь ойлголтууд нь тийм ч амар орлогдчих зүйлс биш билээ. Цаашлаад, Google Cloud-ийн тайлбарлаж буйгаар vibe coding-ийн гол сорилт нь “AI-ийн үүсгэсэн кодын тогтвортой байдал”. Учир нь том хэлний загвар (LLM)-ууд тухайн нөхцөлөөсөө хамаараад харилцан адилгүй шийдэл гаргах боломжтой тул нэг төсөл (codebase)-ийн доторх кодын хэв маяг жигд бус болох, урт хугацаанд хадгалан авч явахад хүндрэл учрах, хамгийн гол нь хожим зардал чирэгдэл гарган засаж сайжруулах шаардлагатай түүхий функцүүдээр дүүрэх (technical debt) зэрэг олон эрсдэлийг араасаа дагуулна гэсэн үг.

Түүнчлэн, хиймэл оюун нь бүхий л шаардлагыг хүний түвшинд хүлээн авах боломжгүй учир бизнес логикийг буруу тайлбарлах, хамгаалалтын тохиргоог бүрэн хийлгүй өнгөрөх зэрэг хүнд анзаарагдахгүй жижиг алдаанууд хуримтлагдсаар эцэстээ том “цоорхой” үүсэх аюултай. Иймээс vibe coding-оор бүтсэн программ бүрийг мэргэжлийн түвшний аудит, тест, архитектурын хяналттай хослуулах зайлшгүй шаардлагатай. Товчдоо, vibe coding-оор санаагаа хурдан туршиж үзэх, прототип хийхэд нэн ашиг тустай боловч бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, олон хэрэглэгчтэй систем ажиллуулах түвшинд одоогоор эрсдэлтэй хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл бичих

