Долоо хоногийн эхээр хөгжүүлэгчдэд зориулсан Apple-ийн WWDC арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээ нь Apple-ийн зүгээс төхөөрөмжүүдийнхээ үйлдлийн системийн шинэчлэлээс эхлээд удахгүй олон нийтэд нээлттэй болох томоохон өөрчлөлтийг танилцуулдаг билээ. Манай редакц энэ удаагийн арга хэмжээнээс онцлох 26 шинэчлэлтийг уншигч танд танилцуулж байна. 


ТОМ ДҮР ЗУРАГ

1/ “Шингэн шил” шийдэл: Apple-ийн төхөөрөмж, програм, аппуудын дизайн ямагт ялгарч, зах зээлдээ шинэ жишиг тогтоодог уламжлалтай. Сүүлийн жилүүдэд огцом өөрчлөлт хийгээгүй байсан тэд энэ удаа дорвитой хөдөлж, бүх төрлийн үйлдлийн системээ Liquid Glass буюу Шингэн шил гэсэн санаан дор нэгтгэв. Ингэснээр Apple-ийн үндсэн апп болон функцүүд тунгалаг болж, илүү бага зай эзлэх, сатаарлыг багасгах зэрэг давуу тал үүснэ хэмээн үзжээ.


2/ Бүх систем 26:
Apple компанийн шинэ үйлдлийн системүүд уламжлалын дагуу iOS 19, macOS 16, iPadOS 18, visionOS 3, watchOS 12 зэргээр нэрлэгдэх байсан ч энэ удаа тэд бүгдийг нэгтэн OS 26 болгов. Ингэснээр энэ жилээс эхлэн үйлдлийн систем бүр нь гарсан оноороо нэрлэгдэх болж байна. Шинэ загварт, шинэ үйлдлийн системийн нөлөөгөөр Apple-ийн бүх төхөөрөмжийн үндсэн цэс, товч, тохиргоо зэрэг нь тунгалаг, тод хүрээтэй, арын мэдээллээсээ хамааран өнгөө өөрчилдөг шилэн загвартай болов. Apple-ийн төсөөлсөн ирээдүйг удахгүй хамтдаа мэдрэх нь дээ.


iPhone-той холбоотой шинэчлэлүүд

3/ Илүү хялбар дуудлага: Юун түрүүнд танихгүй дугаараас ирж буй дуудлага нь нэмэлт текст мэдээлэл агуулдаг болов. Өөрөөр хэлбэл, дуудлагад хариулахаасаа өмнө юуны тухай ярих гэж буйг нь мэдэх боломжтой болох юм. Мөн харилцагчийн үйлчилгээний ажилтнуудтай холбогдох гэж урт хугацаанд хүлээлгийн ая сонсох шаардлагагүй болж байна. Таны утас таны өмнөөс хүлээж ажилтан авсан тохиолдолд сонордуулга илгээх юм. Phones апп шинэчлэгдэж, илүү цэгцтэй болжээ.


4/ Санал асуулгатай грүпп чат:
iMessage-ийн грүпп чат дээр санал асуулга авдаг болов. Мөн чатныхаа арын зургийг хүссэнээрээ сольдог болжээ. Бусад чат аппуудад хэдийн байдаг функц хэдий ч энэ бол сайн мэдээ.


5/ Улам энгийн камер:
Camera апп Video, Photo гэсэн хоёр л товчтой болов. Тус бүрийнх нь илүү дэлгэрэнгүй тохиргоог дэлгэцийн доод болон дээд хэсгээс харах боломжтой. Safari хөтөч ч гэсэн улам энгийн болж, скроллдох үед зарим товчууд алга болж, тухайн вебийг хамгийн томоор харуулдаг болжээ.


6/ Шинэчлэгдсэн lockscreen:
iPhone-ий дэлгэцийн дизайн сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдөж, хэрэглэгчдэд илүү их боломжийг бүрдүүлж буй. Энэ жишиг үргэлжилж, энэ удаад цаг, огноо, сонордуулгын харагдац шинэчлэгджээ.


7/ Цоо шинэ Games, Preview аппууд:
Жилээс жилд Apple шинэ аппаа танилцуулдаг уламжлалтай. Энэ жилээс тоглоомтой холбоотой бүхнийг агуулсан Games болон төрөл бүрийн файлуудыг харах боломжтой Preview аппууд нэмэгдэх юм байна.

8/ Бүх дууг ойлго: Music аппын хэрэглэгч нарт гарцаагүй таалагдах нэмэлт бол апп дотроо дууны үгийг орчуулах функц. Ингэснээр гадаад хэл дээрх дууны үгийг хайх шаардлагагүй шууд л Music апп дотроосоо харж болох нь. Мөн сонсож буй дууныхаа ковероо locksreen дээрээ дэлгэц дүүрэн харж болно.


9/ Батарейгаа баттай мэд:
iPhone-ийн батарей мэдээлэл анх удаа маш дэлгэрэнгүй харагддаг болов. Батарейг хамгийн их хороож буй аппын жагсаалт, хамгийн өндөр хэрэглээтэй цаг, батарей дүүрэх хүртэл хэдэн минут хэрэгтэйг харуулах болно.


Macbook-тэй холбоотой шинэчлэлүүд

10/ Tahое-той танилц: iPhone-той адилаар Macbook-ийн цэс, товч, функцүүд ч гэсэн шилэн шийдэлтэй болж өөрчлөгдөв. Түүнээс гадна цонхнуудын хүрээ, дээд талын гурван товч зэрэг дизайны элементүүд ч шинэчлэгдсэн байна. Товчхондоо хэрэглэгч өөрийн компьютерын өнгө үзэмжийг урьд өмнөхөөсөө ч олон төрлөөр тохируулж болох нь. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь гарцаагүй Folder-ийн өнгө болон дээрх эможиг солих боломж. Олон файл дотор төөрдөг байсан үе ард хоцрох нь дээ.


11/ Дуудлага хийж болдог Mac:
iPhone болон Macbook-ийн хоршин ажиллах чадамж жил ирэх тусам нэмэгдсээр байна. Өмнө iPhone-оо компьютерынхоо камер эсвэл микрофон болгон ашиглаж болдог байсан бол энэ удаагаас уг хоршил дуудлагын функцээр тэллээ. Өөрөөр хэлбэл, шинээр нэмэгдсэн Phone аппын тусламжтайгаар компьютероосоо дуудлага хийж болно. Түүнчлэн iPhone-ий хамгийн хэрэгтэй функцүүдийн нэг болох Live Acitvities ч мөн MacBook дээр нэмэгдэхээр болжээ.

12/ Хай бас хий: Macbook-ийн Spotlight функц өмнө нь зөвхөн хайлт хийх боломжтой байв. Харин macOS 26-гаас эхлэн төрөл бүрийн үйлдэл хийж болох юм. Ингэснээр хэдхэн товч дараад л и-мэйл бичих, зургийн ар талыг арилгах, календариа шинэчлэх боломжтой болжээ. Цөөн товшилтоор их ажил амжуулахыг хүсдэг хүмүүст таалагдах нь лав.

13/ Сатаарахгүй тогло: iPhone-ийн адилаар MacBook ч мөн тусгай Games апптай болж байна. Ингэснээр тоглоомуудаа нэг дороос харахаас гадна тоглож байх үедээ, тоглоомоосоо гаралгүй зурвас бичих зэрэг боломжуудтай болжээ.

14/ Үндсэн аппууд үндсээрээ өөрчлөгдөв: Safari, Messages, Photos, FaceTime, Notes, Passwords гэсэн үндсэн аппууд хэрэглээ болон харагдац талаасаа шинэчлэгдэв. Ингэснээр Macbook-ийн ерөнхий өнгө үзэмж илүү орчин үеийн, тунгалаг болж байна.


iPad-тай холбоотой шинэчлэлүүд

15/ Олон ажлыг зэрэг амжуул: iPad хэрэглэгч нарын олон жил хүлээсэн, Apple-ийн тодорхойлсноор уг төхөөрөмжийн түүхэн дэх хамгийн өөрчлөлт нь олон програм зэрэг ачаалуулах (multitasking) боломж юм. Товчхондоо хэрэглэгч олон цонхыг нэгэн зэрэг нээж, цонх бүрийн хэмжээ, байршлыг хүссэнээрээ өөрчилж болно. Тус цонхыг хаагаад ахин нээсэн ч хуучин байрандаа л байх нь iPad-аараа олон ажил амжуулдаг хүмүүст ач тусаа өгөх биз ээ.


16/ Файл менежмент сайжрав:
Macbook-ийн адилаар Files, Preview апптай болж, файлуудаа зөөх, хуулах зэрэг яг л компьютер дээр ажиллаж буй мэт амар болжээ. Мөн програмын цонх бүрийн дээд хэсэгт Macbook-тэй ижил цэс нэмэгдсэн нь iPad-ийг компьютерын оронд ашиглах хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх болов уу.

17/ Аудио төхөөрөмжийн сонголтууд: Жижиг мэт санагдах ч угтаа олон хэрэглэгчийн хүсэн хүлээж байсан audio input-ээ сонгох боломжтой болжээ.

18/ Орчуулагчтай зурвас: Зөвхөн iPad ч бус iPhone, Mac-д нэмэгдэж буй нэгэн шинэчлэл бол Messages аппаар бичсэн чат тэр дороо орчуулагдах функц юм. Өөр хэлтэй хүн рүү бичихдээ тусдаа орчуулгын апп ашиглах хэрэггүй болсон гэсэн үг.


19/ Хиймэл оюунтай Reminders, Note:
Apple Intelligence хиймэл оюуны тусламжтай Reminders, Notes аппууд илүү ухаалаг болж цахим шуудан, зурвас болон iPhone утасны цуглуулж чадах бусад мэдээлэл дээр тулгуурлан автоматаар жагсаалт, тэмдэглэл үүсгэдэг болжээ.

Apple Watch-тай холбоотой шинэчлэлүүд

20/ Дасгалын хамтрагч: Шинээр нэмэгдэж буй Workout Buddy функц Apple Watch-ийн цуглуулж буй зүрхний хэм, гүйлтийн хурд, зай зэрэг бүх л мэдээлэл дээр тулгуурлаж дасгалын үеэр төрөл бүрийн мэдээлэл, урам зориг үгс хэлэх гэнэ.

21/ Бугуйгаа эргүүлэх: Watch Series 9, Watch Series 10, Apple Watch Ultra 2 гэсэн хамгийн сүүлийн үеийн загваруудтай бол бугуйгаа эргүүлээд л дуудлага таслах, сонордуулга хаах зэрэг шинэ үйлдлийг ашиглах боломжтой.


22/ Сонортой сонордуулга:
Apple Watch-ийн сонордуулгын дуу зарим үед хэт чанга эсвэл сул байдаг уу? Тэгвэл тун удахгүй эхэлж уг ухаалаг цаг орчны дуу чимээнээс шалтгаалан сонордуулгын дууны түвшнээ тааруулдаг болох нь. Жишээ нь, оффис дээр нам гүм орчинд байгаа бол бүх сонордуулга бага чимээтэй ирнэ гэсэн үг.

Бусад

23/ AirPods-ийн аудио ахив: AirPods 4, AirPods Pro 2 загваруудын аудио бичих чанар мэргэжлийн студийн түвшинд хүрсэн гэв. Мөн чихэвчээ зүүгээд унтах үед унтаж байгааг автоматаар мэдэрч, аудиогоо зогсоох чадамжтай болсон байна.

24/ Apple-тэй автомашин: Автомашинд суурилсан CarPlay орчин үеийн хэв маягтай болов. Зурвас бичих, дуудлага хийх функцүүд илүү энгийн бөгөөд хялбар болсон бол Live Activities, Widgets функцүүд шинээр нэмэгджээ.

25/ Дэмжих төхөөрөмжүүд:

- iOS 26-г iPhone 11-ээс хойших бүх загварууд
- macOS 26-г 2019 оноос хойших бүх загварууд
- iPadOS 26-г 2018 оноос хойших бүх загварууд
- WatchOS 26-г Apple Watch Series 6-гаас хойших бүх загварууд тус тус дэмжинэ

26/ Нээлттэй болох тов: Apple-ийн бүх төхөөрөмжийн үйлдлийн систем шинэчлэл ирэх намраас олон нийтэд нээлттэй болох хуваарьтай байна. Одоогоор зөвхөн хөгжүүлэгч эрхтэй хэрэглэгч нар ашиглах боломжтой байгаа бол ирэх 7-р сараас олон нийтэд зориулсан туршилт эхлэх гэнэ. Шинэ үйлдлийн системүүд туршилтын үедээ ихээхэн асуудал, алдаа (bug)-тай байдаг тул 9-р сард тохиох албан ёсны нээлтийг хүлээхийг зөвлөж байна.