Цахилгаан автомашины зах зээлийг шинээр бий болгож дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашины компани болсон Tesla хэдхэн цагийн өмнө олныг алмайруулсан технологио ил болголоо. Тус компанийн SpaceX-тэй хамтран хөгжүүлсэн технологийн тусламжтайгаар Tesla Roadster загвар “агаарт эргэж, урвуугаар явах” чадвартай болжээ. Энэ бол анх 2008 онд анх гарч байсан спорт автомашиных нь шинэ хувилбар юм.
“Нисдэг автомашинууд бодит боллоо” хэмээн И.Маск арга хэмжээний үеэр хэлэв. Урьд хожид үзэгдээгүй уг автомашины технологийн онцгой чадваруудыг нэг бүрчлэн тайлбарлая.
Энэ ташрамд Unread x Gej Yu Ve? Редакцуудын хамтран бүтээдэг хагас жил тутмын, шинжлэх ухааны сэтгүүлийн 4-р дугаар “Цахилгаанжих цаг” нэртэйгээ уншигч та бүхэнд тун удахгүй хүрнэ. Хамртан ажиллах, урьдчилж захиалах холбоос.
ПУУЖИНГИЙН ТЕХНОЛОГИЙГ АВТОМАШИНТАЙ ХОСЛУУЛСАН НЬ
Юун түрүүнд бараг л нисэх мэт харагдах, агаарт жолоодлого хийх чадварынх нь ард юуг нуугдаж байгааг ойлгоё. Энэ бол Tesla-гийн SpaceX-тай хамтран хөгжүүлсэн шахсан хийнээс түлхэх хүч гаргах технологи. Үүний ажиллагааг ойлгохын тулд пуужингийн хөдөлгүүрийн ажиллах үндсэн зарчмыг бага зэрийн мэддэг байхад хангалттай. Хий нэг чиглэлд асар өндөр хурдтай гадагшлах үед эсрэг чиглэлд түлхэх хүч бий болно. Энэ бол ЕБС-д үздэг Ньютоны гуравдугаар хуулиар тайлбарлаж болох физикийн үзэгдэл.
Пуужин шингэн эсвэл хатуу түлшийг шатаадаг бол Tesla Roadster урьдчилан шахсан хүйтэн хийг ашиглажээ. Хавхлага нээгдэхэд хий тусгай хошуугаар гадагшилж, автомашинд асар богино хугацаанд түлхэх хүч өгнө.
Эх сурвалжуудын мэдээллээс харахад танилцуулга дээрх хувилбарт 10 хошуутай нийт 600 литрийн багтаамжтай хоёр өндөр даралтын хийн сав суурилуулжээ. Хошуунуудын чиглэл болон ажиллах хугацааг удирдсанаар автомашины хөдөлгөөнийг өөрчлөх, агаарт эргэх зэрэг жолоодлого хийх боломжтой болно.
Гэхдээ энэ нь машин агаарт удаан ниснэ гэсэн үг биш. Шахсан хийн нөөц хязгаартай бөгөөд богино хугацааны туршид л түлхэх хүч гаргах зориулалттай. Тиймээс Roadster-ийн үзүүлбэрийг нисдэг автомашинаас илүүтэй, пуужингийн технологийг автомашинд туршсан шийдэл гэж ойлгох нь зөв.
ТААЗАНД ТОГТОХ ТЕХНОЛОГИ
Агаарт жолоодлого хийхээс таазан дээр урвуугаараа явж байсан нь бүр ч илүү сонирхол татав. Товчхондоо бол сэнсээр агаар сорох системийн тусламжтайгаар үүнийг хийжээ.
Уг систем нь автомашины доод хэсгийн агаарыг сорж, тэр хэсгийнх нь даралтыг бууруулна. Ингэснээр дээд болон доод хэсэгт даралтын зөрүү үүсэж автомашиныг гадаргуу руу шахах хүч бий болох юм. Улмаар дугуйнууд замтай барьцалдана.
Хэрвээ шахалтын хүч автомашины массаас хангалттай их байвал урвуу байрлалд ч гадаргуу дээр тогтож чадна. Энэ бол цоо шинэ технологи биш гэдгийг мөн анхаарууштай. Ижил системийг Их Британийн McMurtry Automotive компанийн цахилгаан уралдааны автомашинд туршиж байсан юм.
СЕКУНДЭЭС Ч БАГА ХУГАЦААНД 100 КМ/ЦАГ-ИЙН ХУРД
Түүнчлэн Roadster супер хурдан автомашин гэдгээ олны өмнө нотлов. Арга хэмжээний үеэр эхний 60 миль/цаг-ийн (96.6 км/цаг) хурдыг хэрхэн авч буйг туршилтаар үзүүлэхэд нэг секундээс ч бага буюу 0.81 секунд л зарцуулав.
Энэ дээр нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Хүчтэй хөдөлгүүртэй байлаа гээд богино хугацаанд хурд авч чаддаг болно гэсэн үг биш. Дугуйн замтай барьцалдах чадвар мөн маш чухал. Tesla Roadster-ийн сэнсний технологи автомашиныг гадаргуу руу шахсанаардугуйн замтай барьцалдах чадварыг сайжруулж, үүн дээр хүчирхэг цахилгаан хөдөлгүүр нэмэгдсээр уг хурдад секундээс ч бага хугацаанд хүрэх хүчин чадалтай болсон байна.

TESLA-ГИЙН ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ
Сансрын технологийн SpaceX-ийн тусламжтайгаар олны нүдийг орой дээр нь гаргасан уг үзүүлбэрийг үзүүлэв. Гэхдээ уг автомашин замын хөдөлгөөнд оролцохын тулд хэд хэдэн сорилтуудыг давах шаардлагатай болно.
Юун түрүүнд зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлийг авах хэрэгтэй. Уг технологийн боломжийг ямар үед хэрхэн ашиглах болох талаар заавар гарах шаардлагатай болно.
Үүнээс ч том нь технологийн сорилт. Өндөр даралтын сав, хийн хоолой, хавхлага, сэнс тэдгээрийн системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэг асуудал бий. Хэрэглэгч уг системийг ашиглах үеийн аюулгүй байдлыг хангах ч мөн чухал.

Мөн анхны Roadster дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Анх 2008 онд танилцуулагдаж байсан уг загвар Tesla-ийн анхны зах зээлд нэвтрүүлсэн автомашин юм. Эндээс өнөөгийн цахилгаан автомашины хувьсгал эхлэлтэй. Анхны Roadster-ийн загварыг Их Британийн Lotus Elise-ийн суурь хийцэд тулгуурлан бүтээсэн. Хоёр суудалтай уг спорт машин тухайн үед цахилгаан автомашиныг зөвхөн ойрын зайд ашиглаж болдог гэх харах өнцгийг эрс өөрчилсөн юм.
Нэг цэнэглэлтээр 394 кмыг туулах хүчил чадалтай, 248 морины хүчтэй гэдэг тухайн үед хувьсгал хийхүйц үзүүлэлт байв. Эхний 100 км хүртэлх хурдыг 3.9 секундэд авдаг байжээ. Нийт 2,400 гаруй ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 100 мянган доллароос эхлэн зарагдаж байна.

Шинэ Tesla Roadster 2028 оноос эхлэн үйлдвэрлэгдэх бөгөөд зах зээлд ямар үнээр гарах нь тодорхойгүй байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар 200-250 мянган долларын үнэтэй байх магадлалтай.
Ийнхүү Tesla дахин нэг удаа ирээдүйн гэмээр технологийн шийдлээ дэлхий нийтэд гайхуулав. Гэхдээ шидийн гэмээр уг технологийн бодит үр өгөөжийг зам дээрх жинхэнэ хөдөлгөөн л хэмжих болно.
Сэтгэгдэл бичих

