Өнгөрөгч зуныг Apple-ийн удирдлагууд тун чиг завгүйхэн өнгөрүүллээ. Учир юу гэхээр Цахиурын хөндийн хамгийн сүр дуулиантай тус компанийн удирдлагад томоохон өөрчлөлт гарав. Энэ сарын 1-нээс эхлэн 15 жил гүйцэтгэх захирлаар ажилласан Тим Күүк халаагаа техник хангамж, инженерийн багийг олон жил удирдсан Жон Тернуст шилжүүлсэн юм. Үүнээс гадна удирдах багт ч өөр томилгоонууд хийгдэж амжив. Хэдхэн сарын өмнө хагас зуун жилийн ойгоо тэмдэглэж, ирэх 7 хоногт шинэхэн iPhone гар утсаа өлгийдөн авах гэж буй Apple компани ийнхүү шинэ эрин үетэй золгож байна.

БАЯРЛАЛАА, ТИМ!
Өнгөрсөн хавар Apple албан ёсоор Тим Күүкийг есдүгээр сарын 1-нээс гүйцэтгэх захирлын ажлаа өгч, ТУЗ-д геополитик, олон улсын харилцааны асуудал хариуцаж үлдэхээр болсныг зарласан билээ. Тэр өдрөөс хойш технологийн коммюнити түүнийг хүндэлтгэлтэйгээр үдэн гаргаж өгөх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Цахиурын хөндийн хамгийн цуутай энтрепренеруудын нэг Стив Жобсын үүсгэн байгуулсан компанийг залгамжилна гэдэг ихээхэн зүрх зориг шаардах нь лавтай. iPhone, iPad, MacBook Air-ийн танилцуулгаараа дэлхийг жинхэнэ байлдан дагуулж байсан цаг шүү дээ. Тиймдээ ч уг хүндхэн даалгаврыг Тим Күүк ур ухаан сийлж, компаниа технолоийн аль ч трендийн үед топуудын эгнээнд хадгалсаар ирсэн нь түүний Apple-д үлдээж буй чухал өв юм.
Apple-ийн найм дахь гүйцэтгэх захирал Жон Тернус ажилдаа орж буй энэ үед 15 жилийн өмнө цахиурын хөндийд юу болж байсан талаар судалж, уншлаа. Тухайн үед С.Жобсын биеийн байдал хүндэрч хоёр ч удаа эмчилгээ хийлгэх чөлөө аваад байв. Түүний эзгүйд тухайн үеийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал (COO) Тим Күүк ажлыг нь орлодог байжээ. Гэхдээ түүнийг гүйцэтгэх захирлаар томилох эсэх нь тодорхойгүй байлаа.

2011 оны нэгдүгээр сард New York Times-ийн нийтлэлд Тим Күүкийн талаар нэгэн сонирхолтой түүхийг хуваалцжээ. Тэрээр багийнхантайгаа Ази тив дэх Apple-ийн үйл ажиллагааг шалгахаар Калифорниагаас Сингапур луу 18 цаг нисэж, бүтэн өдөр хуралдсан гэдэг. Орой ажлын цаг тарах дөхөхөд хуралд оролцсон хүмүүсийн ихэнх нь туйлдаж байхад Тим Күүк эсрэгээрээ дараагийн слайд руу шууд ороход бэлэн байж. Цуг ажиллаж байсан нөхдийн нэг нь түүнийг “Бууж өгдөггүй хүн” хэмээн тодорхойлсон байдаг.
АРГА БАРИЛЫН АДИЛГҮЙ ТАЛУУД
Стив Жобс цуцашгүй зангаараа алдаршсан нэгэн билээ. Уг хоёр эрхэм ажлын талбар дахь энэ зангаараа адилхан ч бусад талаар эрс тэс гэхэд болно. Жобс түргэн ууртай, сэтгэл хөдлөл ихтэй, шинийг эрэлхийлэгч байсан бол Тим Күүк тайван, бусадтай эелдэг харьцдаг, сахилга баттай, excel-ийн хүснэгтэн доторх тоонуудыг маш сайн ойлгодог менежер байв. Стив Жобс ирээдүйн технологийг мөрөөдөж түүнийгээ бүтээгдэхүүн болгодог, олон хүний сонирхлыг татах ажил хийдэг байсан бол Тим Күүк уйтгартай гэмээр өдөр тутмын үйл ажиллагаа, жижиг деталуудыг ойлгож шийддэг нэгэн байж. Гагцхүү түүний энэ арга барил Apple-ийг дэлхийн хэмжээний компани болгож чадсан юм.

Тим Күүкийг “Ложистикийн мастер” гэж хочлох нь олонтоо. Тэрээр Apple-д 28 жил ажиллахдаа олон өдрийг онгоцонд өнгөрүүлж, дэлхийн өнцөг булан бүр дэх нийлүүлэгч нартайгаа өөрийн биеэр уулзаж, хэлэлцээ хийдэг байжээ. Тэдэнтэй учир зүйгээ сайн олдог байх нь эцсийн хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн очиход чухал үүрэгтэй.
Мөн ложистикийн салбарт ашиглагддаг “just in time” аргачлалыг Apple-д нэвтрүүлж, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардлыг бууруулахад анхаарч байв. Энэ нь агуулахад бүтээгдэхүүнийг удаан хадгалахгүйгээр шууд эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх ложистикийн гинжин хэлхээ юм. Үүний ачаар Apple-ийн бүтээгдэхүүн хямд үнээр хэрэглэгчдийн гарт хүрсээр ирсэн. Ложистик, боруулалт, үйлдвэрлэлийн шугам зэрэг өдөр тутмын ажлууд нь мөрөөдөмтгий Стив Жобсын оролцохыг ч хүсдэггүй ажлууд байсан гэдэг. Харин Тим Күүк түүний дутууг нөхөж, дэлхийн өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ нийлүүлж байлаа. Уг ложистикийн ачаар iPhone нэг жилд 200 сая зарагддаг болсон бөгөөд Apple 2.5 тэрбум төхөөрөмжийг багтаасан нүсэр том экосистем болсон юм.
ҮЛЭМЖ ӨССӨН ҮНЭЛГЭЭ
Үүнээс гадна Тим Күүкийн удирдлага дор олон салбарыг түйвээсэн Apple Watch, AirPods, Apple Vision Pro, iCloud, Apple Pay, Apple TV, Apple Music зэрэг бүтээгдэхүүн танилцуулагджээ. Түүнчлэн Apple-ийн дижитал үйлчилгээ нь жилдээ 100 тэрбум долларын орлого олдог бизнес болсон байна. Энэ бол маш ашигтай бизнес. iPhone-ийн ашгийн маржин 48% орчим байдаг бол Apple-ийн үйлчилгээнийх 75%. Улмаар Nvidia-гийн дараа 5 их наяд долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн хоёр дахь компани болсон билээ.
Стив Жобс өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа хувьцааг эргүүлэн худалдан авахыг сайшаадаггүй байж. Харин Тим Күүк 2013 оноос хойш нийт 853.4 тэрбум доллароор Apple-ийн хувьцааг эргүүлэн худалдан авчээ. Энэ бол S&P 500-д багтах 480 гаруй компанийг худалдан авах хэмжээний асар их хөрөнгө оруулалт юм. Эндээс тэрээр өөрсдийн бүтээж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар итгэлтэй байсан нь харагдаж байна.
Ийнхүү Тим Күүк Apple-д ложистикийн мастер шийдэл, дижитал үйлчилгээнд суурилсан асар их хэмжээний ашиг олох суваг, ямар ч шинэ төслийг санхүүжүүлэх бэлэн мөнгө үлдээж байна.

ШИНЭ CEO ЖОН ТЕРНУС ГЭЖ ХЭН БЭ?
Стив Жобс, Тим Күүкийн 31 жилийн манлайллын дараа Apple-ийг ямар хүн удирдвал хамгийн тохиромжтой вэ? Стив Жобс шиг бусдыг соронз мэт татах чадвартай байлдан дагуулагч уу? Эсвэл Тим Күүк шиг асуудал гаргадаггүй, стратегич үү?
Apple-ийн удирдлагууд энэ асуултад бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг маш сайн ойлгодог инженер хүн гэж хариулав. Тэдний томилсон эрхэм бол өдгөө 51 настай Жон Тернус. Хачирхалтай нь Тим Күүк ч мөн гүйцэтгэх захирлаар томилогдохдоо энэ насан дээр байжээ.

Жон Тернус 25 жилийн өмнө Apple дахь карьераа дизайны багаас эхлүүлжээ. Тухайн үед дизайны баг iPhone, iPad-ийг гаргах гээд хамгийн цаг завгүй, шахуу хуваариар ажиллаж байв. Мөн Apple-ийн дизайны сүнсийг бүтээсэн нэрт дизайнер Жони Айви тус багийг удирддаг байсан цаг юм.
Улмаар түүний хувьд 2021-2026 онд тус компанийн техник хангамжийн инженерчлэлийн ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. Энэ үедээ Apple-ийн сүүлийн зургаан жилийн хамгийн инновацлаг бүтээгдэхүүн болох M цуврал чипийг хөгжүүлэх төслийн техник хангамжийн инженерчлэлийн ажлуудыг удирдсан байна. Үүний тусламжтайгаар Apple Intel-ийн чипний хамаарлаас ангижирч, зөөврийн компьютерийн зах зээлийн үнэмлэхүй ялагч болж чадсан юм.
Сонирхуулахад, Жон Тернус дугуйн спорт болон автомашины уралдаанд сонирхолтой нэгэн гэнэ. Хамт ажиллагсдынхаа хамтаар Вашингтон мужид бартаат замын автомашины уралдаанд оролцож байв. Тэр ч бүү хэл Porsche автомашинаар мэргэжлийн уралдаанд оролцож байжээ. Энэ хобби нь түүнийг технологийн салбар дахь хамгийн “cool” гүйцэтгэх захирлуудын нэг болгож буй.

ШАНДАС СОРИХ ШИНЭ АЛБА
Шинэхэн гүйцэтгэх захирал технологийн салбарын хамгийн дуулиантай үед ажлаа хүлээн авч байна. Учир вэ гэхээр компаниуд хиймэл оюунаар тэтгэгдэн бий болж буй эдийн засгийн аль хэсэгт ямар тоглогч байх вэ гэдгээ тодорхойлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Уолл Стрийтийн хөрөнгө оруулагчид Apple-ийг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхгүй байгааг сайшааж байгаа ч тус компани хиймэл оюуныг хэрхэн тодорхойлж, экосистемийнхээ нэг хэсэг болгох нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр. Google-ийн Gemini хиймэл оюуныг ашиглах гэрээ байгуулж, Siri илүү ухаалаг болж чадсан ч энэ нь өнөөгийн өрсөлдөөнд хөл дээрээ бат зогсоход хангалтгүй.
Мөн төхөөрөмж тодорхойлогч хүчин зүйлс хурдацтай өөрчлөгдөж, хиймэл оюуны хэт их эрэлтийн улмаас тооцоолон бодох системийн хомсдол эцсийн хэрэглэгчдэд үнийн өсөлт болон мэдрэгдсээр буй. Дээрээс нь яг одоо болж байгаа санах ойн чипний хомсдол Apple-ийг хүртэл үнээ нэмэхэд хүргэв. Тус компани барагтаа зах зээл дээрх бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэггүй. Тим Күүк үүнийг “100 жилд нэг тохиох гамшиг” гэж тодорхойлсон.
Гадаад хүчин зүйлсийн нөлөө ийм байх бол Apple дотооддоо ч зарим зүйлийг тодорхой болгох шаардлагатай байна. 10 жил хөгжүүлсэн автомашин бүтээх төслөө зогсоосон тэдэнд ирэх жилүүдэд шинэ орлогын урсгал нээх бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Ухаалаг шил, гэрийн робот, зүүдэг төхөөрөмж, ухаалаг бөгж бүтээж буй гэх шуум олон жил сонсогдож байгаа ч өрсөлдөгчид нь эдгээр зах зээлийг хэдийн бодит болгож байна. Тэдний хамгийн сүүлийн инновацлаг бүтээгдэхүүн Apple Vision Pro бүтэлгүйтлээр өндөрлөж байгаа бол Meta энэ зах зэээлийн хамгийн том тоглогч нь болоод амжсан. Samsung ухаалагч бөгжнийхөө эхний хувилбарыг гаргаж, Google-тэй хамтран хиймэл оюуныг андройд үйлдлийн системтэй бүтээлчээр нэвтрүүлж байна.
Эдгээрээс гадна мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн дэг журманд өөрчлөлт гарч байгаа нь нөлөө үзүүлж буй. Засаг захиргаатай эв зүйгээ олох, олон улсын том тоглогчидтой урт хугацааны найдвартай хамтын ажиллагаагаа хадгалж үлдэх зэрэг олон сорилттой нүүр тулах нь ээ.
ИРЭХ 7 ХОНОГТ БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
Улаанбаатарын цагаар ес дүгээр сарын 10-ны 01:00 цагаас Apple-ийн намрын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болно. Энэ удаа уламжлал ёсоор iPhone 18 цуврал танилцуулагдах учиртай. Гэвч арга хэмжээний өмнөх таамгуудыг харахад Apple уламжлалаа эвдэж магадгүй. Учир нь ирэх 7 хоног iPhone 18 танилцуулагдахгүй. Харин iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загварууд шинэ чипийн хамтаар гарах гэнэ. Мөн Apple-ийн анхны эвхэгддэг дэлгэцтэй iPhone өндөр хүлээлт үүсгээд байна. Тэд Samsung, Huawei, Oppo тэргүүтэй тоглогчдын хэдийн байр сууриа олсон зах зээлд хөлж тавьж байгаа нь энэ. Мөн Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4, AirPods 5-ыг ч хүлээж байна.

Өмнөх арга хэмжээнүүдээс ялгаатай нь Тим Күүкийн нэрийн хуудас болсон “Good Morning Welcome to the Apple Park” гэх сэтгэлд хоногшсон мэндчилгээг сонсохгүй. Шинэхэн гүйцэтгэх захирал Жон Тернусын үгээр арга хэмжээ эхэлнэ. Энэ бол түүний ахалж оролцох анхны iPhone-ийн танилцуулга. Ирэх жилүүдэд түүнийг тодорхойлох хэв маягийг бид анх удаа харах болно. Мөн энэ жилийн One More Thing юу байх бол?
Ийнхүү Цахиурын хөндийн хамгийн баялаг түүхтэй компани шинэ эрин үетэй золголоо. Энэ хүртэл инновацаар түүчээлсэн домогт Тим Күүк танд баярлалаа. Харин Жон Тернуст амжилт хүсье!


