Энэхүү нийтлэл нь Гэж Юу Вэ? сэтгүүлийн 2025 оны намрын дугаарт багтсан бөгөөд бид тус сэтгүүлийн нийтлэлүүдийг цувралаар уншигч та бүхэнд хүргэж байна. Алдаж боломгүй агуулгуудыг шимтэн уншаарай.

Жолооны хүрдний ард хэн байвал илүү найдвартай вэ? Хүн үү эсвэл технологи уу?
Уг асуултын хариулт олдож, жолоочгүй уралдааны ялагч тодрох мөч ойртсоор. Технологийн компаниуд жолооны хүрдийг хүнд биш системд даатгаж, монголчууд бидний өдрийг дор хаяж хоёр цагаар уртасгахаар ажиллаж байна. Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод хийсэн тооцооллоор нийслэлийн иргэд нэг жилд дунджаар бараг 30 хоног буюу 717 цагийг зам дээр өнгөрүүлдэг гэсэн дүн гарчээ. Өдөр ирэх тусам энэ хугацаа нэмэгдсээр буйг ч санах учиртай. Энэ бол ганцхан бидний асуудал биш. Дэлхийн томоохон хотуудад тохиолдож буй нийтлэг асуудал. Автомашины жолооны хүрднээс салахын тулд автомат жолоодлогын системийн дөрөв болон тавдугаар үеийн технологийг нэвтрүүлэх учиртай билээ.

Автомат жолоодлогын түвшин ГЭЖ ЮУ ВЭ?
0 - Ямар ч автомат систем байхгүй.
1 - Нэг тохиолдолд ганцхан үүргийг автоматоор гүйцэтгэж чадна. Жишээ нь: Автомат тормоз.
2 - Нэгэн зэрэг дор хаяж хоёр төрлийн ажиллагааг автоматаар гүйцэтгэх чадвартай.
3 - Зарим тохиолдолд жолооч удирдлагыг авах шаардлагатай.
4 - Тусгай хөгжүүлсэн орчинд автоматаар ажиллах чадвартай.
5 - Бүрэн автомат. Жолооны хүрд, гишгүүрийн хэрэгцээ байхгүй.
Автомат жолоодлого цаг хугацаа хэмнэхээс гадна хамгийн чухал нь олон хүний амийг аврах боломжтой технологи юм. Дэлхий даяар жил бүр 1.19 сая хүн автомашины ослоос шалтгаалан нас бардаг бөгөөд үүнийг өнөөдрийн жолоочгүй автомашины технологиор 15 дахин бууруулах боломжтой гэсэн тооцоо бий. Ингээд жолооны хүрдийг атгах технологийн өрсөлдөөний гол таван тоглогчийг танилцуулъя.

Google-ийн толгой компани Alphabet 2009 онд жолоочгүй автомашин хөгжүүлэх жижиг төсөл эхлүүлж байсан нь Waymo-ийн эхлэл байв. Гараанаас эрт гарсан тул тэд дэлхийн анхны бүрэн автомат жолоодлоготой машиныг зам дээр гаргасан билээ. Өдгөө АНУ-ын 10 гаруй хотод үйл ажиллагаагаа тэлж, долоо хоног тутам 500 мянган хэрэглэгч тус компанийн жолоочгүй таксиг хэрэглэж буй. Нийтдээ 10 сая гаруй зорчигчид үйлчилсэн Waymo энэ жилээс Японд такси үйлчилгээгээ нэвтрүүлэх бэлтгэлээ базаагаад эхэлснийг ч онцлууштай.
Одоогоор хэрэглээнд нэвтрүүлээд буй 300 мянган жолоочгүй машин нь нйитдээ 200 сая миль замыг туулсан ба эдгээр тоон үзүүлэлт тус компанийн технологийг салбартаа тэргүүлэгч гэдгийг хангалттай илтгэнэ. Мөн тэдний хувьд технологийн хувьд энгийн автомашин дээр ч суурилуулах боломжтой нэмэлт төхөөрөмжүүд ашигладаг гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо ямар ч загварын автомашиныг Waymo-ийн хөгжүүлсэн технологиор тоноглож, жолоочгүй машин болгох боломжтой. Мэдээж тухайн загварт системийг ажиллуулж чадах тооцоолох систем байх хэрэгтэйг дурдах нь зүй.
Тэдний систем нийт 26 ширхэг радар, лидар, камераас бүрдэх ба хүрээлэн буй орчноо 360 градус харах чадвартай. Лидар нь 300 метр хүртэлх зайнд объектыг илрүүлэх хүчин чадалтай ба үүн дээр ойрын тусгалын лидарыг нь нэмж суурилуулснаар машины сохор бүсийг арилгах аж. Харин радар нь тээврийн хэрэгслийн эргэн тойрон дахь хөдөлгөөнт объектуудыг хянах зориулалтай. Эцэст нь өндөр нарийвчлал бүхий камер жижиг деталиудыг нарийн тооцоолоход тусална. Энэ гурваас хамгийн өндөр өртөгтэй нь лидар. Анх 75 мянган долларын үнэтэй байсан бол Waymo-ийн багийнхан өөрсдөө хөгжүүлснээр 90 хувиар хямдруулж чаджээ.
Харин сул талын тухайд тэдний технологи хэт үнэтэйд тооцогддог. Машин бүрд суурилуулах тоног төхөөрөмж нь 100 мянган долларыг давсан өртөгтэй тул олон тоогоор хэрэглээнд нэвтрүүлэхэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй тулгарч буй.
Үнэлгээ: 5 тэрбум доллар
Хэрэглэгчийн тоо: 400 мянга
Хаана: АНУ-ын 15 хотод
Туулсан зай: 160 сая/км
Хөдөлгүүр: Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй.
Эзэмшигч: Alphabet

И.Маскийн олон жил ярьсан мөрөөдөл саяхнаас биеллээ олж Tesla-гийн жолоочгүй машинууд хотоор холхих болсон билээ. Гэхдээ өнгөрсөн жилээс цөөн тооны төмөр хүлгүүд Остин болон Техаст нэвтэрч, компанийн зүгээс зөвшөөрсөн хэдхэн хүмүүс л ашиглах хязгаартай байгаа юм.
Tesla-гийн автомашинуудад Full Self-Driving буюу автомат жолоодлогын систем нэвтрээд олон жил өнгөрч буй. Уг систем нь 2 болон 3 дугаар түвшнийх бөгөөд үүнийг суурилуулснаар Tesla-ийн ямар ч автомашин нийт замынхаа 90 гаруй хувьд автомат жолоодлоготой болох боломжтой. Гэвч жолооны хүрдний ард заавал хэн нэгэн суух ёстой гэнэ. Уг технологийн нууц нь өгөгдлийн сантай холбоотой ба тэд асар их хэмжээний видео бичлэг цуглуулж Dojo нэртэй суперкомпьютер дээр өгөгдлөө боловсруулдаг нь замыг урьдчилан таамаглахад тусалдаг ажээ.
Tesla компани We Robot арга хэмжээн дээрээ анхны жолооны хүрд, хааз, тормозны гишгүүргүй Cybercab загвараа танилцуулсан. Энэхүү загварын масс үйлдвэрлэл энэ дөрөвдүгээр сараас Техас дахь үйлдвэрт нь эхэлсэн бөгөөд анхны загвараа бүтээж чаджээ. И.Маскийн хэлснээр тэдний хиймэл оюунд суурилсан жолоочгүй машины технологи хүнээс 10-20 дахин аюулгүй, 5 дахин зардал багатай байх гэнэ. Гэхдээ технологийн салбарт амлалт бодит байдлаас зөрөх нь олонтоо гэдгийг санах хэрэгтэй.
Түүний амлалт хэр бодитой эсэхийг өнгөрөгч оны зургаадугаар сараас хойш мэдэх боломж нээгдсэн юм. Өмнө нь хэлсэнчлэн Остин хотод хязгаарлагдмал байдлаар Tesla-ийн роботакси хэрэглээнд нэвтрээд буй. Тэд цөөн тооны Model Y загвар дээр жолоочгүй машины технологио суурилуулж, Tesla-ийн фенүүдээр л туршуулсан хэвээр байгаа юм. Анхны хэрэглэгчдийн ихэнх нь сэтгэгдэл өндөртэй байсан ч зарим үед огцом тормозлож, гэнэт эргэх хөдөлгөөн хийж байсныг дурдъя.
Үнэлгээ: 1.32 их наяд доллар
Хэрэглэгчийн тоо: Хязгаарлагдмал
Хаана: АНУ-ын Остин хот
Цаашдын төлөв: 2-3 жилийн дараа Cybercab нэрээр жолоочгүй машинаа үйлдвэрлэнэ.

Технологийн салбарт өрнөсөн вебийн давлагааны дараа гар утасны аппын эрин үе эхлэхэд тодорсон ганц эвэртүүдийн нэг бол Uber билээ. Тэд такси барих соёлыг шат ахиулж чадсаныхаа хүчинд бараг 200 тэрбум долларын үнэлгээнд хүрээд буй. Uber-ийн дараагийн зогсоол бол мэдээж жолоочгүй такси. Гэхдээ бусад өрсөлдөгчөөсөө өөр стратеги баримтална.
Тус компани 2015 оноос автомат жолоодлогын технологи хөгжүүлж эхэлсэн ч таван жилийн дараа үүнийхээ ихэнх хувийг Aurora-д зарсан юм. Үүнээс хойш UBER бусад жолоочгүй такси хөгжүүлэгч компанийг нэгтгэсэн платформ болохыг илүүд үзэх болсон. Улмаар 2023 оноос эхлэн Аризона мужийн Финикс хотод Waymo-ийн таксинуудыг Uber апп дээрээс дуудах боломжтой болов. Мөн Лас Вегаст гэхэд л Motional компанийн жолоочгүй таксиг тус апп дээрээс дуудах боломж нээгдсэн юм. Энэ мэтчилэн өөрсдөө үйлдвэрлэх бус жолоочгүй такси барих шинэ экосистемийг тэд хөгжүүлж буй. Ингэхдээ зөвхөн такси бус хүргэлтийн үйлчилгээнд ч төвлөрч байгаа гэнэ. Uber-ийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахигийн хэлснээр тус компани “Тээврийн салбарын Amazon” болох зорилготой.
Дээрх амбицынхаа хүрээнд Waymo, Lucid, Nuro, Baidu, Wayve зэрэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Ингэснээр ирэх зургаан жилийн дотор 20 мянган ширхэг жолоочгүй таксиг платформ дээрээ төвлөрүүлэх боломжтой гэжээ. Uber 70 гаруй оронд 8.8 сая жолоочтой, 180 сая хэрэглэгчтэй бөгөөд Uber-ийг ашиглана гэдэг бусад компанийн хувьд өөрсдийн үйлчилгээг олон хүнд хүргэх гайхалтай боломж болох нь гарцаагүй.
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр гэхэд л Uber, Amazon-ийн эзэмшдэг Zoox-тэй хамтран ажиллахаар болсон. Хамтралын хүрээнд ирэх зунаас эхлэн Uber-ийн апп дээрээс Zoox-ийн жолоочгүй такси үйлчилгээг авдаг болно. Эхний үйлчилгээгээ нэвтрүүлэх хот нь Лос-Анжелес байх аж.
Үнэлгээ: 148 тэрбум доллар
Давуу тал: Олон машин нэг апп дээр
Хамтаргчид: Waymo, Lucid, Nuro, Baidu, Wayve, Zoox
Зорилго: Тээврийн салбарын Amazon болох.

Amazon-ий эзэмшдэг уг стартап талх шиг хэлбэртэй, содон дизайны шийдлээрээ шууд анхаарал татна. Тэд бэлэн машинуудыг нэмж тоноглохын оронд тээврийн хэрэгслийг дахин загварчлах зоримог шийдвэр гаргаснаараа онцлог аж. Компанийн зүгээс тээврийн хэрэгслээ “Энэ бол машин биш. Энэ бол Zoox” гэж нэрийддэг байна.
Тэдний сүүлийн загвар жолооны хүрдгүй, зорчигчид нь өөд өөдөөсөө харж суух зориулалттай. Дөрвөн хүний суудалтай бөгөөд 75 миль/цаг хүртэл хурдлах чадалтай гэнэ. Бүх дугуйгаа залах боломжтой учир нарийн U эргэлт хийж, хөндлөн чигээрээ шууд зогсоол руу орж чаддаг нь тун догь. Мөн зорчигчид өөд өөдөөсөө харж суух учраас аюулгүй байдлыг нь хангах үүднээс 100 гаруй шинэ инновац нэвтрүүлжээ.
Тоноглолын хувьд дээврийн булан бүрд камер, лидар, радарыг нэгтгэсэн 270 хэмээр харах чадвартай мэдрэгчийг суурилуулсан. Өөрөөр хэлбэл, мэдрэгч бүрийн хамрах хүрээ давхацна гэсэн үг. Ингэснээр нэг талаас ирж буй объектыг хоёр мэдрэгч зэрэг илрүүлэх боломжтой болох юм.
Zoox саяхнаас Лас Вегаст үнэ төлбөргүй такси үйлчилгээгээ нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар зорчих хязгаар нь амралтын газар, үзвэр үйлчилгээний төв, худалдааны газруудаар л хязгаарлагдаж байгаа аж. Үүний дараагаар Остин, Майами хотуудад нэвтрүүлэхээр төлөвлөж буй.
Уг стартап ирэх жилээс шинэ загваруудаа масс үйлдвэрлэлд шилжүүлнэ гэдгийг амлаад байгаа юм. Тэд нэг жилд 10 мянган ширхгийг үйлдвэрлэж, жижиг зах зээлд 100-500, харин томоохон хотуудад 2000 автомашин байршуулах зорилготой ажээ. Харин асуудалтай тал нь бодит туршилтын дата бага. Үйлдвэрлэлийн өртөг өндөр. Хэрэглээнд нэвтрүүлэх дээр өрсөлдөгчдөөсөө хоцорсон хэвээр.
Zoox-ийн ард Amazon-ийн экосистем бий бөгөөд ложистикийн салбарын гигант болох тус компани ирээдүйд хүргэлтийн үйлчилгээндээ Zoox-ийн автомашинуудыг дайчлах зорилготой гэнэ. Өмнө нь дурдсанчлан тэд энэ зунаас эхлэн үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж байна. Хотын гудмаар өвөрмөц хийцтэй автомашины тоо нэгээр нэмэгдэх нь ээ.
Үнэлгээ: 2,28 тэрбум доллар
Хурд: 75 миль/цаг
Хаана: Лас Вегас
Эзэмшигч: Amazon

Бүрэн автомат жолоодлогын технологид АНУ-д төвтэй компаниудтай эн зэрэгцэж буй компани бол Хятадын хайлтын системийн гигант Baidu билээ. Тус компани 2013 онд жолоочгүй машины технологи хөгжүүлэхээ зарлаж 10 мянган хөгжүүлэгчийг судалгаандаа нэгтгэж байсан юм. Үүнээс гадна Geely, Toyota, BMW, Intel, Benz тэргүүтэй гадаад, дотоодын компанитай хамтран ажиллаж буй.
“Хятадын Google” гэх хочтой тус компани Apollo RT6 нэртэй 36 мянган долларын өртгөөр бүтсэн загвараа 2022 онд танилцуулсан. Уг загвар таксины км тутмын үнийг хоёр дахин бууруулах боломжтой гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байв. Гэхдээ хараахан хэрэглээнд нэвтрээгүй байгаа ба хэрэглээнд байгаа нь Apollo Go юм.
2021 онд Бээжинд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч байсан бол одоо хэдийн 15 хотод сүлжээгээ тэлжээ. Машинынх нь тоо мянга давж, 11 сая зорчигч тээвэрлэснээрээ салбартаа толгой цохиж, долоо хоног тутмын 250 мянган хэрэглэгчтэй болоод буй. Түүнчлэн өнгөрөгч оны хавраас эхлэн Дубай, Абу Даби хот руу тэлэхээ зарлаж, одоо туршилтын шатандаа явж байгаа юм.
Baidu замын өндөр нарийвчлал бүхий 3D зураглал гаргахад их хэмжээний хөрөнгө оруулсан байдаг. Тэд үүндээ хиймэл оюун ашиглаж, төвөгтэй замын сүлжээтэй газруудад ч жолоочгүй машинаа явуулах технологийг хөгжүүлж байна. Нэмэлт тоноглолын хувьд Waymo-той төстэй.
Сонирхуулахад, сэтгүүлийн маань хоёр дахь дугаарыг бичиж байх үед тус компанийн үнэлгээ 31.4 тэрбум доллар байсан бол өнөөдрийн байдлаар даруй гурав дахин нугарч 111 тэрбум долларт хүрчээ.
Үнэлгээ: 111.2 тэрбум тэрбум доллар
Хаана: 15 хот
Нийт машины тоо: 1000
Нийт хэрэглэгчийн тоо: 11 сая
Нийт туулах зай: 100 сая км

Жолоочгүй автомашины технологи гэдэг бол хамгийн өндөр тооцоолол шаарддаг салбаруудын нэг. Хэдхэн сарын өмнө дэлхийн хамгийн шилдэг тооцоолох систем бүтээгчдийн нэг Nvidia нээлттэй эхэд суурилсан автомат жолоодлогын платформ танилцуулсан нь яахын аргагүй гэнэтийн бэлэг байлаа. Уг платформ хиймэл оюунд суурилсан бөгөөд эргэн тойрны мэдээллийг ойлгохоос гадна "боддог" гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах логик дарааллыг бие даан гаргах чадвартай гэсэн үг. Автомашин үйлдвэрлэгч болгон хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологи бүтээх бараг л боломжгүй. Гэвч автомат жолоодлогын системд бол зайлшгүй нэвтрэх ёстой технологиудын нэг билээ. Иймийн тулд энэ төрлийн системийг хөгжүүлэх нээлттэй платформ болох нь хэрэглээнд нэмэх хурдыг улам ихэсгэх юм.
Уг технологи эхний ээлжид Stellantis, Lucid, Mercedes-Benz-ийн автомашинуудад ашиглагдана. Мөн Uber-тэй хамтран 2027 он гэхэд 100,000 автомашинд системээ нэвтрүүлэх хэлцэлд хүрээд байгаа.
Ийнхүү видео тоглоом, блокчэйн, үүлэн технологи, хиймэл оюуны тэсрэлтээс хамгийн их ашиг орлого олсон Nvidia компанийн дараагийн том бай автомат жолоодлогын систем байх юм.
Роботын оролцоотойгоор жолооны хүрдээс салах хөдөлгөөний тэргүүлэгчидтэй бид танилцлаа. 100 гаруй жилийн турш үргэлжилсэн автомашин гэх ойлголтод тектоник хөдөлгөөн явагдаж байна. Ийнхүү жолооны хүрдийг технологийн компаниуд атгаж эхэллээ. Цаашид үүнээс урган гарах олон асуудал биднийг отож байгаа. Гэхдээ “Ирээдүй бол ирээдүй шиг байх ёстой” гэсэн технологи бүтээгчдийн мөрөөдөл бидэнд нэг цэгээс нөгөө цэгийн хооронд тэс ондоо хэлбэрээр зорчих боломжийг санал болгож байна. Харин та алийг нь сонгох вэ? Өөртөө итгэх үү эсвэл өрөөлд жолоогоо атгуулах уу?

Сэтгэгдэл бичих

