8.2 тэрбум хүн төрөлхтөн бидний 58.4 хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Монгол Улсын ч мөн тэн хагасаас илүү нь Улаанбаатар хотод амьдардаг билээ. Энэхүү түм түжигнэж, бум бужигнасан их хотын хэмнэлд зарим зүйлийн үнэ цэн алсран холдсоор байгаагийн нэг нь “Цагт цамхаг” билээ.
Халаасны цаг гарахаас өмнө хотын төвд эсвэл сүмийн оройд сүндэрлэх механик цагууд аж амьдралын циклийг гол зохицуулагч нь байв. Харин орчин цагт эл үүргээ алдсан мэт. Хүн бүрийн халаасанд ертөнцийн буман мэдээллийг багтаасан төхөөрөмжүүд байхад хэнд ч цамхаг дээрх цагийг очиж харах хэрэгцээ, шаардлага байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр цамхагууд орчны бодит дата мэдээллийг дамжуулагч, мэдээллэгч болин хувирчээ. Үүний нэг тод жишээ болж Централ Тауэр-ийн урд байрлах цагт цамхаг бодит дата мэдээлэл, шинэ өнгө төрхтэйгөөр дахин сүндэрлэж эхэллээ.
ШИНЭ ӨНГӨ ТӨРХ
Улаанбаатар хотын иргэдийн хэдийн танил болсон уг цагт цамхгийг анх 2015 онд Ай Ти Зон ХХК-ийн санаачлагаар байгуулж байсан билээ. Түүнээс хойш 11 жилийн турш зөрөн өнгөрөх хүн бүрийн “Цаг хэд болж байна?” гэх асуултад тасралтгүй хариулсаар ирж. Уг цамхаг энэ 7 хоногоос өнгө төрхөө шинэчилж, шинэ эрин үеэ угтан авч буй нь энэ юм.
Дизайны хувьд өмнөх хувилбарынхаа үндсэн хэв маягийг хадгалан үлдэхийн сацуу, орчин үеийн шинэлэг уур амьсгалыг мэдрүүлэм энгийн бөгөөд хараа булаам хийцлэлтэй болжээ. Мөн хотын төвийн аль ч хэсгээс тод харагдахуйц 7 метрийн өндөртэй болсон байна.

Энэ удаагийн хамгийн гол шинэчлэлт нь цаг агаар, агаарын чанар, PM2.5 нарийн ширхэгт тоосонцорыг хэмжих хүчин чадалтай болсонд байв. Өөрөөр хэлбэл зөвхөн цагт цамхаг байхаа больж их хотын оршин суугч бидний амьсгалж буй агаарын чанар, биед мэдрэгдэж буй халуун, хүйтнийг хэмжигч болжээ. Ингэхдээ интернет дэх дата мэдээллийг дэлгэц дээрээ харуулах бус орчны бодит датаг үзүүлж байгаа гэдгээрээ онцгой.
Энэ жил мөн “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-ын урд хэсэгт Ай Ти Зон ХХК-ийн шинэ цагт цамхаг сүндэрлэж эхэлсэн билээ. Үүнийг хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газарт байршуулсан нь хамгийн тохиромжтой гэмээр. Учир нь цагийн хуваарийн дагуу хөдлөх унаандаа амжин суух гэсэн хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл бол цаг шүү дээ. Уг цамхаг мөн агаарын чанарыг хэмждэг гэдгийг онцлууштай.

ЦАГТ ЦАМХАГУУДЫН ТАЛААР ЦУХАСХАН
Дэлхийн хамгийн алдартай цагт цамхгийг нэрлэ гэвэл хүн бүр хамгийн түрүүнд Лондоны Биг Бэнийг (Big Ben) хэлэх биз ээ. Үнэн хэрэгтээ "Биг Бэн" гэдэг нь цамхаг доторх 13.7 тонн жинтэй аварга том хонхны нэр бөгөөд цамхгийг өөрийг нь Элизабетын цамхаг гэдэг. 1859 онд баригдсан энэхүү нео-готик хэв маягийн цамхаг нь Дэлхийн хоёрдугаар дайны бөмбөгдөлтийг тэсэж үлдсэн түүхтэй. Саяхан иж бүрэн засвар шинэчлэлтэд орж, цагны зүүнүүдийг анхны өнгөөр нь будаж, гэрэлтүүлгийг нь орчин үеийн LED гэрлээр чимэглэсэн байна.

Хэрэв та орчин үеийн, хамгийн нүсэр, хамгийн дэвшилтэт технологи бүхий цагт цамхгийг хайж байвал Саудын Арабыг зорих хэрэгтэй. Абраж Ал Байт цогцолборын оройд байрлах уг цамхаг нь дэлхийн хамгийн том цагтай байгууламж юм. Цагны нүүрний диаметр нь даруй 43 метр (Биг Бэнээс 6 дахин том) бөгөөд 25 км-ийн цаадах зайнаас ч тод харагддаг байна.

Токио хотын хамгийн чамин, хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг болох Гинзагийн уулзварт байрлах энэхүү цамхаг нь Японы цагны алдартай брэнд болох Seiko-гийн бэлэг тэмдэг юм. 1932 онд баригдсан ба барууны архитектурыг Японы нарийн мэдрэмжтэй хослуулсан байдаг. Цаг тутамд цамхгаас уянгалаг хонхны дуу эгшиглэдэг бөгөөд Токиочуудын хувьд уулзалт товлодог, зургаа авахуулдаг хамгийн алдартай цэгүүдийн нэг юм.

ШИНЭ ЭРИН ҮЕ
Бид нийслэл хотоо зөвхөн амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, чөлөөт цагаа өнгөрөөх барилга байгууламжийн "бөөгнөрөл" болгочихгүйн тулд хотын орон зай бүрийг илүү амьд, утга учиртай болгох ийм санаачлагуудыг дэмжих нь иргэн бүрийн үүрэг билээ. Ухаалаг хот гэдэг нь бүх асуудлыг зөвхөн өндөр технологиор шийдсэн газар бус, харин хүний амьдралын ая тух, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийн цогц нэгдэл юм.
"Ай Ти Зон" ХХК-ийн энэхүү санаачлагын тусламжтайгаар Улаанбаатар хотын төв цэгийн цаг хугацаа сүүлийн 11 жилийн турш нэгээхэн ч секунд тасралтгүй хэмжигдсээр иржээ. Харин өнөөдрөөс эхлэн уг цамхаг шинэ өнгө төрхтэйгээр сүндэрлэж эхэллээ.



