Android ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн том тоглогч Samsung урьд шөнө энэ жилийн эхний бүтээгдэхүүн танилцуулах Unpacked арга хэмжээгээ зохион байгуулав. Тэд S цувралын загваруудаараа тухайн оны шинэ төхөөрөмжийн богцоо задалдаг уламжлалтай. Энэ дагуу биднийг унтаж байх хооронд S26 цуврал, Earbuds 4 чихэвч танилцуулагдсан юм.
Samsung хоёр жилийн өмнө Google-тэй хамтран өөрсдийн экосистемд хиймэл оюуныг хамгийн үр өгөөжтэй байдлаар анхлан нэвтрүүлж чадсан билээ. Одоо хүртэл үүнийг давж гарсан шийдэл зах зээлд хараахан гарч ирээгүй хэвээр буй. Гэхдээ хиймэл оюуны сонин хачинаас гадна S26-гийн бүтээх өртөг нэмэгджээ.
ҮНЭ НЭМЭГДЭВ
Хүлээлтийн дагуу S26 болон S26+ загварын үнэ 100 доллароор нэмэгдлээ. Үүний хэргийн эзэн нь нөгөө л нэг AI. Хиймэл оюуны дэд бүтцийн хурдацтай тэлэлт дэлхий нийтийг санах ойн чипний хомсдолд оруулаад байна. Хэдийгээр чип үйлдвэрлэгчид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч мэргэжилтнүүд 2028 оны эхэн хүртэл хомсдол үргэлжилнэ гэж анхааруулж байгаа. Counterpoint Research-ийн судалгаагаар энэ онд ухаалаг гар утасны үнэ дунджаар 6.9 хувиар нэмэгдэнэ гэж таамаглажээ. Ийнхүү эхнээсээ биеллээ олж эхэлж байна.
Galaxy S26: $899 (256GB)
Galaxy S26+: $1,099 (256GB)
Galaxy S26 Ultra: $1,299 (256GB)
Galaxy S25: $799 (128GB)
Galaxy S25+: $999 (256GB)
Galaxy S25 Ultra: $1,299 (256GB)

ДЭЛГЭЦЭЭ НУУХ ГОРИМ
Хэрвээ та S26 Ultra-тай бол дэргэдэх хүнээсээ дэлгэцээ нуух шаардлагагүй боллоо. Unpacked арга хэмжээний гол дүр уг Private Display нэртэй дэлгэцээ нуух горим байв. Уг горимыг идэвхжүүлснээр дэлгэцэн дээрх зүйл зөвхөн эгц урдаас харагдах бөгөөд хажуу талаас зөвхөн хар дэлгэц харагдах юм. Хэрхэн ажилладагийг нь товчхон тайлбарлая.
S26 Ultra-ийн дэлгэц хоёр төрлийн пикселтэй. Нэг нь гэрлийг эгц урагш, нөгөө нь хажуу тийш цацруулдаг. Хажуу тийш цацрах пикселүүдийг унтраахад дэлгэц бүдгэрч харагдах боломжгүй болно гэсэн үг юм. Мөн уг горимыг хүссэнээрээ тохируулах боломжтой. Банкны апп, сонордуулга, нууц код хийх зэрэг харуулахгүй хүсэхгүй байгаа зүйлүүдээ хааж болно.
Үүнтэй ижил зориулалттай дэлгэцийн наалт байдгийг сайн мэдэх байх. Гэвч наалтад ийм тохируулга байхгүй тул үргэлж бүдэгхэн харагддаг. Тэгвэл Private Display функцын тусламжтайгаар S26 Ultra хамгийн өндөр нууцлал бүхий дэлгэцтэй гар утас болжээ.
AGENTIC AI PHONE S26
Хоёр жилийн өмнө танилцуулагдсан S24 хиймэл оюунт гар утас (AI phone) байсан бол S26 AI агент гар утас болжээ. Энэ бол маркетингийн чимэг үг төдий биш гэдгийг шинээр нэмэгдсэн функцүүдээс харж болно. Товчхондоо таны утас өмнөөс тань шийдвэр гаргаж чаддаг боллоо. Жишээлбэл, өмнөх мэдээлэлд үндэслэн захиалахыг хүссэн хоолыг тань шууд захиалж чаддаг болсон. S26-д “пицца захиал” гэх дуут команд өгөхөд л AI агент автоматоор бүх үйлдлийг хийн захиалгыг бэлэн болгож, хэрэглэгч зөвхөн зөвшөөрөл өгөхөд л хангалттай байх гэнэ.
Энэ бол Google-ийн Gemini-ийг зөвхөн чатбот биш цаг хэмнэх, бүтээмжээ нэмэгдүүлэхэд ашиглах хамтрагч болгох зорилгынх нь ухаалаг утсан дээрх хувилбар юм. Хоёр жилийн өмнө Apple ижил төрлийн системийг танилцуулсан боловч хэрэглээнд нэвтрүүлж чадалгүй явсаар ийнхүү Samsung-д гүйцэгдэж байна.
ОНЦЛОХ ШИНЭ ФУНКЦҮҮД
Samsung-ийн хиймэл оюунд суурилсан функцүүд Galaxy AI нэрийн дор хөгжүүлэгддэг билээ. Энэ жилийн тухайд S26 гар утаснууд хэрэглэгчийн ажлын тодорхой хэсгийг хийж чаддаг болсон гэж онцолсон нь анхаарал татав.
Call Screening: Дуудлагыг авахаас өмнө Galaxy AI залгаж буй хүнтэй мессежээр холбогдож зорилгыг нь мэдэж чадна.
Дэвшилтэт Bixby: Samsung-ийн ухаалаг гар утсан дээрх хиймэл оюунт туслах Bixby илүү ухаалаг болсон. Тэрээр текст хөрвүүлэх, зааварчилгаа өгөх, мэдээллийг товчлох чадвартай болов.
Шинэ хөтөч: Samsung хиймэл оюун хөгжүүлэгч Perplexity стартаптай хамтран веб хөтчөө бүрэн шинэчилжээ. Хиймэл оюун хайлтуудыг илүү оновчтой болгохоос гадна нарийвчилсан мэдээлэл авахад тусална.
Now nudge: Энэ бол кэйборд дээрх AI. Мессеж бичих үед өөр апп дээрээс мэдээлэл цуглуулж чадна. Жишээлбэл найзаас тань өмнөх амралтын өдрийн зургуудыг явуулаад өгөөч гэхэд Galaxy AI галарей дотроос тухайн зургуудыг ялгаж өгөх болно. Мөн календарь шалгаж ажил, уулзалтын хуваарийг тохируулах чадвартай.
КАМЕР + ПРОЦЕССОР
200 MP-ийн өргөн зурвасын камер болон 5х хүртэл татах чадалтай линзтэй. Урд талын камерт хиймэл оюунаар зураг засварлахад зориулсан процессор нэмэгджээ. Үүний тусламжтайгаар селфи зургийн деталуудыг чанарын өндөр түвшинд засврарладаг болсон байна. Мөн бүдэг гэрэлтэй орчинд зураг болон бичлэг хийх чанар өмнөхөөсөө сайжирчээ.
Процессорын тухайд Qualcomm-ийн Snapdragon 8 Elite Gen 5 чипээр тоноглогдсон байна. Үүний ачаар тоглоомын дүрслэл улам сайжирсан бөгөөд шинэ үеийн Vapor Chamber хөргөлтийн системийг суурилуулсан байна. Батарены хувьд 5000 mAh ба 31 цаг тасралтгүй бичлэг тоглуулах чадалтай. Мөн түргэн цэнэглэгчээр нь ердөө 15 минутад 75 хувь хүртэл цэнэглэх боломжтой.
- NPU +39%
- CPU +19%
- GPU +24%
EARBUDS 4
Шинээр танилцуулагдсан Earbuds 4 чихэвч дуу, хөгжмийн өндөр чанартай дуугаралтыг санал болгохын сацуу орчны дуу, чимээг арилгаж, яриаг тод сонсгох функ нь шат ахьжээ. Дизайны хувьд хэрэглэгчийн чихэнд хамгийн тухтай байдлаар зохион бүтээсэн гэдгийг онцлов. Мөн чихэвчээ ашиглан AI агентаа дуудаж ажиллуулах боломжтой.
Earbuds 4 Pro: Хар, цагаан, ягаан $249
Earbuds 4: Хар, цагаан $179
ШИНИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ
Samsung-ийн хувьд технологийн компаниуд дундаас эрсдэл үүрч, шинэ инновацийг түрүүлж зах зээлд нэвтрүүлж чаддагаараа ялгардаг.
- Galaxy Note Edge: Анхны хажуу тал нь нумарсан дэлгэц.
- Galaxy S edge: Хоёр хажуу тал нь нумарсан дэлгэц.
- Galaxy Note: 5.3 инчийн том дэлгэц.
- Galaxy Fold: 7 жилийн өмнө анхны эвхэгддэг дэлгэцтэй утсаа танилцуулж байв.
- Galaxy Z TriFold: Гурав эвхэгддэг дэлгэц.
Энэ жилийн тухайд дэлгэцийн технологид шинэ инновац нэвтрүүлж, олон жил зөвхөн наалт наан шийддэг байсан асуудалд шийдэл олжээ. Мөн хиймэл оюуныг андройд үйлдлийн системд Google-тэй хамтран хамгийн үр өгөөжтэй байдлаар нэвтрүүлсээр буй. Ухаалаг гар утасны чансааг камер, процессор илэрхийлдэг байсан цаг ард хоцорч, өдгөө AI-тай хэрхэн хослон ажиллаж буйгаар нь тодорхойлох болжээ.
Сэтгэгдэл бичих

