Бид ээлжит нийтлэлээрээ робот таксинд суусан туршлагаа хуваалцаж байна.
Робо-такси буюу хүнээс хараат бус өөрийгөө жолоодох чадвартай ухаалаг таксины үйлчилгээ нь 2015 оноос АНУ болон БНХАУ-д нэвтэрч, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй. Одоогийн байдлаар АНУ-д Сан Франциско, Финикс, Лос Анжелес, Лас Вегас зэрэг дөрвөн хотод, Азид БНХАУ-д Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньчжэнь тэргүүтэй 16 хотод эрчимтэй ашиглагдаж байгаа юм.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: РОБО-ТАКСИ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний тусламжгүйгээр өөрийгөө бүрэн жолоодох чадвартай тээврийн хэрэгсэл бүтээх тухай хамгийн анх Леонардо да Винчи 15-р зуунд сэдэж байсан бол өдгөө тэр сэдэл нь зөвхөн автомашинаар зогсохгүй сансрын хөлөг болтлоо биеллээ олжээ.
Тэгвэл Робо-такси яагаад онцгой гэж?
Энэхүү тээврийн хэрэгслийг хүнээс хамааралтай байдлаас нь шалтгаалж зургаа ангилдаг ба юун түрүүнд хараат бус болон автомат гэсэн ойлголтуудыг ялгаж, салгах хэрэгтэй. Илүү тодруулбал, автомат систем нь тодорхой үйлдлийг хүний өгөгдлийн дагуу автоматаар гүйцэтгэдэг. Жишээ нь, цахилгаан шат дээшээ доошоо явах тодорхой үйлдлийг хүний удирдлагатайгаар (дээш доош явах товч дарснаар) хийдэг шүү дээ. Энэ бол автомат системийн хамгийн ойр жишээ.
Харин хараат бус буюу өөрийн удирдлагатай систем нь шийдвэр гаргах ухаантай гэдгээрээ онцлог. Тухайлбал, сансрын хөлөг Ангараг гараг дээр буулаа гэж бодоход дэлхийгээс ирэх ямар нэг удирлага, тусламжгүйгээр бие даан үйлдэл хийж чадна. Робо-такси яг л энэ зарчмаар ажилладаг гэсэн үг.
2016 онд 0.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан робо-таксины зах зээл 2030 онд 42 их наяд ам.долларын хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа нь энэ салбарын хөгжил хэр хурдацтай болоод өрсөлдөөнтэй өрнөж байгааг бэлээхэн илтгэж байна.
РОБО-ТАКСИНД СУУХ МЭДРЭМЖ ЯМАР БАЙСАН БЭ?
Миний хувьд энэ оны гуравдугаар сард Сан-Франциско хотод байрлалтай "Waymo" компанийн жолоочгүй робо-таксинд сууж үзсэн. Тус компанийн эзэмшигч нь бидний сайн мэдэх Google-ийн толгой компани Alphabet бөгөөд жолоочгүй автомашины туршилтыг Калифорни мужид 2009 оноос хойш хийж эхэлжээ. Улмаар 2015 онд Сан-Франциско хотод үйл ажиллагаагаа тэлж, туршилтаар цөөн тооны үйлчлэгчтэй ажиллаж эхэлсэн байна. Тийнхүү энэ оны зургаадугаар сард анх удаа үйлчлүүлэгч авсан аж.
Би "Jaguar I-PACE" нэртэй бүрэн цахилгаан загварт суусан. Гаднаас нь харахад тоноглол ихтэй, сүрдмээр ч гэлээ эдгээр нэмэлт нь хөдөлгөөн болон гэрэл мэдрэгч, камер, радарын үүрэг гүйцэтгэдэг ажээ. Одоогоор олон нийт энэхүү үйлчилгээг авах боломжтой байгаа ч зөвхөн Калифорни мужийн Сан-Франциско, Лос Анжелес хотуудад л тодорхой байршилд зорчих эрхтэй байгаа юм.
1. Шар гэрлээр давхигч
Гэрлэн дохионы шар гэрэл асахтай зэрэгцэн гарцны ард зогсохын оронд хурдаа нэмж, уулзвараар амжиж гарсан. Энэ үйлдэл нь илүү “хүн шиг” мэдрэмж өгсөн шүү.
2. Чадварлаг жолооч
Огцом тооромслодог эсвэл гэнэтийн эргэлт хийдэг найзуудын маань хажууд Waymo маш чадварлаг жолоодлоготой юм билээ. Явдлын хувьд ч зөөлөн болохоор тав тухтай аялал байсан.
3. Итгэл даахуйц мэдрэгч
Холоос хөдөлгөөн мэдэрч зорчигчийн аюулгүй байдлыг маш сайн хангаж байгаа нь робо-таксинд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Автомашинаа замын хажууд зогсоогоод хаалгаараа бууж байгаа хүнийг хэдэн метрийн өмнөөс мэдэрч, хурдаа багасган тухайн газрыг алгуурхан тойрсон нь аюулгүй байдлыг эрхэмлэж буй илрэл мэт санагдсан.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД: РОБО-ТАКСИНЫ АМЖИЛТ БА БҮТЭЛГҮЙТЭЛ ЮУ БАЙВ?
Бүтэлгүйтэл: Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхээр өмнө нь хэд хэдэн компани бүтэлгүйтэж байсныг дурдахгүй өнгөрч үл болно. Тухайлбал, Аpple компани 2014 оноос хойш автомат жолоодлоготой цахилгаан автомашин бүтээх зорилго өвөртлөсөн ч бүтээгүй. Мөн Америк дахь таксины хамгийн том үйлчилгээний компани болох Uber 2018 онд жолоочгүй автомашины туршилтын үеэр явган хүн дайрч, робо-таксины төслөө зогсоосон.
Амжилт: Одоогоор Waymo компаниас гадна Cruise Америкийн зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаагийн зэрэгцээ Tesla компани энэ оны наймдугаар сард өөрсдийн робо-таксины нээлтийг хийх өндөр хүлээлт үүсгээд буй. Харин Ази тивд “Хятадын Google” хэмээгддэг Baidu компанийн робо-такси мөн адил олны анхаарлыг татаж байгаа бөгөөд Apollo Go робо-такси нь энэ оны гуравдугаар сард Бээжин хотод үйлчилж эхэлжээ. Мөн ижил гуравдугаар сард Baidu хамгийн сүүлийн үеийн робо-таксигаа 28 мянган ам долларын өртгөөр Вухан мужид танилцуулсан юм. Энэ нь Waymo компанийн 200 мянган ам долларт үнэлэгдэх робо-таксинаас долоо дахин хямд үнэ. Хэдий автомашиныг зарахгүй зөвхөн такси үйлчилгээнд ашиглах боловч уг үйлдэл нь Baidu компанийн робо-таксиг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж чадсан юм. Нөгөөтээгүүр, Хятадын Засгийн газар робо-таксиг эрчимтэй дэмжиж, уг салбарт анхаарлаа хандуулж байгаагийн илрэл билээ.
СҮҮЛИЙН АСУУЛТ: ЯАГААД ЗААВАЛ РОБО-ТАКСИ ГЭЖ?
Одоогоор бусад жолоочтой такси үйлчилгээнээс үнэтэй боловч ирээдүйд хэрэглэгчдэд илүү хямд үнээр үйлчлэх нь гарцаагүй. Үүний зэрэгцээ дээр дурдсан бүтэлгүйтэл ахин давтагдах эсэх, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд хэрхэн аюулгүй жолоодох зэрэг хүчин зүйлээс үүдэн олон нийтийн итгэл буурч, хууль журам улам чангарч байгааг ч дурдууштай.
Гэсэн хэдий ч робо-такси нь бүрэн цахилгаан автомашин учраас урт хугацаандаа замын түгжрэл бууруулах, автомашинаас үүдэлтэй нүүрсхүчлийн хийг багасгах гол шийдэл болж чадах юм. Тиймдээ ч энэ давуу тал нь салбарын цаашид өсөж, тэлэх гол шалтгаануудын нэг болж буй.
Цахилгаан автомашинтай холбоотой эерэг тоон баримтуудаас дурдахад, 2022 онд дэлхий даяар нийт 22 сая бүрэн цахилгаан автомашин байсан бол 2024 онд 40 сая хүртлээ болж өсжээ. Мөн Норвеги улсын нийт автомашины 90 хувь, БНХАУ-ын 40 хувь нь бүрэн цахилгаан автомашин аж. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн дэвшлийг ашиглаж буй тод жишээ билээ.