Нийгмийн хөгжлөө даган шинэ асуудлууд ундарч, түүнд зориулсан шийдлийг санал болгогч энтерпренерүүд төрөн гарсаар байдаг. Улаанбаатарын хотын хүн ам өсөж, хил хязгаараа тэлж, албан байгууллагуудын тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн цэвэр цэмцгэр байдлыг хангах нь чамгүй их хүн хүч шаарддаг ажил болжээ. Өглөө кофегоо барин оффистоо ирэхэд цэвэрхэн шал, тоосгүй ширээ, тохь тухтай орчин биднийг угтдаг. Харамсалтай нь үүнийг дийлэнх маань төдийлөн анзаардаггүй. Гэвч эдгээрийн цаана мэргэжлийн баг, олон цагийн хөдөлмөр, нарийн төлөвлөгөө, үйлчилгээний менежмент байдаг аж. Энэ зах зээлд баталгаат үйлчилгээг 5 жилийн туршид санал болгосоор ирсэн Урбан линк ХХК болон Steppe Link компани хамтран хөгжүүлсэн "Urban Service Worker" аппликейшныг онцолж байна.

Facebook хуудас: Urban Service
Албан ёсны веб хуудас: Urbanservice.mn
Апп татах: App Store, Play Store

ЯАГААД urban service worker апп хэрэгтэй гэж?

Нэг оффисын цэвэрлэгээг зохион байгуулах, олон байршилд ажиллаж буй багуудыг удирдах хоёр ойролцоо мэт боловч эрс ялгаатай. Үйлчилгээний байршил нэмэгдэхийн хэрээр ажлын хуваарь давхцахгүй байх, зааврыг хүн бүрд хүргэх, хийсэн ажлыг шалгах, мэдээллийг цаг тухайд нь солилцох зэрэг менежментийн ажлууд ч дагаад нэмэгддэг. Энэ бүхнийг зөвхөн утас, багийн чат болон менежерүүдийн гар ажиллагаанд тулгуурлан удирдах нь мэдээлэл тархай бутархай болох, шаардлагатай мэдээллийг эргэн олоход цаг алдах, улмаар үйл ажиллагааны хяналт сулрах эрсдэлийг бий болгодог.

Товчхондоо энд технологиор шийдэх боломжтой асуудал байна.

Урбан линк ХХК нь оффис, худалдаа үйлчилгээний төв, спортын байгууламжийн тогтмол цэвэрлэгээнээс гадна олон хүн оролцсон арга хэмжээний цэвэрлэгээ, үйлчилгээний зохион байгуулалтыг хариуцан ажилласан тав гаруй жилийн туршлагатай. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлагадаа үндэслэн уг аппликейншнээ хөгжүүлжээ.


НЭГ ДОРООС БҮГДИЙГ УДИРДАХ СИСТЕМ

Urban Service Worker-ийг цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг бүрэн удирдахад зориулсан дижитал удирдлагын систем гэж ойлгож болно. Уг системийн гол зорилго нь ажилтан, үйлчилгээний менежер болон удирдлагын хоорондох өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээлэл, гүйцэтгэл, хяналтыг нэг дор төвлөрүүлэхэд оршино.

Ингэснээр ажилтан өдөр тутмын ажил үүргийн хуваариа авах боломжтой бол менежер ажлын гүйцэтгэлийг хянах, үйлчилгээний явцыг шалгахад туслах юм. Өөрөөр хэлбэл, Urban Service Worker-ийн зорилго нь цэвэрлэгээний ажлыг технологиор орлуулах бус, олон байршилд ажиллаж буй хүмүүсийг нэг мэдээлэл, нэг стандарт, нэг удирдлагын системээр холбох юм.

Мөн түүнчлэн ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг стандарт нь байгууллагад заавал аппликэйшн ашиглахыг шаарддаггүй. Харин процессоо хяналттай удирдах, мэдээлэл болон гүйцэтгэлийг хэмжих, шаардлагатай бүртгэлийг хадгалах, ажилтны чадамжийг хангах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах зарчмыг шаарддаг. Энэхүү аппликэйшн нь эдгээр шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаанд илүү бодитой, хурдан, хялбар хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаагаараа мэргэжлийн онцлогтой шийдэлд тооцогдож байна.

АПП ДОТОР ЮУ БАЙДАГ ВЭ?

Өглөө ажил эхлэхэд хамгийн түрүүнд тодорхой байх ёстой зүйл бол тухайн өдрийн хуваарь, хийх ажил. Urban Service Worker нь ажлын төлөвлөлт, хуваарийг нэгтгэхийн зэрэгцээ ямар ажил, хаана, хэзээ, хэнээр гүйцэтгэгдсэнийг бүртгэж, чеклистийн дагуу ажлын гүйцэтгэлийг хянах боломжийг бүрдүүлдэг.

Жишээлбэл, нэг байршилд үйлчилгээ дутуу хийгдсэн тухай мэдээлэл ирлээ гэж бодъё. Менежер тухайн өдрийн ажлын бүртгэл, чеклистийн гүйцэтгэлийг эргэн харснаар хэн ажилласан, ямар ажил төлөвлөгдсөн, аль ажил гүйцэтгэгдсэн талаарх мэдээллийг шалгаж болно. Ингэснээр асуудлыг зөвхөн аман тайлбарт тулгуурлан бус, системд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн тодруулах боломж бүрдэнэ.

Олон байршил хариуцдаг багийн хувьд энэ нь зөвхөн өдөр тутмын хяналтын хэрэгсэл биш. Өмнөх ажлын түүхийг хадгалах, давтагдаж буй асуудлыг илрүүлэх, шаардлагатай сургалтыг тодорхойлох, цаашлаад үйлчилгээний чанарыг бодит мэдээлэлд тулгуурлан сайжруулах мэдээллийн сан болж хуримтлагдах давуу талтай.

ХЭНД ЯМАР ҮНЭ ЦЭНЭ ӨГӨХ ВЭ?

Urban Service Worker нь Урбан линк ХХК-ийн цэвэрлэгээний ажилтан, үйлчилгээний менежер болон удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг нэг системээр холбож байна.

Ажилтан: Тухайн өдрийн хуваарь, хийх ажил, заавар болон сургалтын материалаа нэг дороос авах боломжтой.
Үйлчилгээний менежер: Олон байршилд ажиллаж буй багийн ажлын явц, гүйцэтгэл, чеклист болон шаардлагатай мэдээллийг нэг дороос хянах боломж бүрдэнэ.
Удирдлагын хувьд систем: Хуримтлагдсан мэдээллийг ашиглан үйл ажиллагааны явцыг харах, давтагдаж буй асуудлыг илрүүлэх, цаашид үйлчилгээний процессоо бодит мэдээлэлд тулгуурлан сайжруулах суурь бий болно.

Харин энэхүү дотоод өөрчлөлтийн эцсийн үр өгөөжийг үйлчилгээ авч буй харилцагч байгууллагууд хүртэнэ. Ажилтан солигдсон ч үйлчилгээний стандарт алдагдахгүй байх, олон байршилд ижил шаардлага мөрдөгдөх, асуудал гарсан үед бүртгэгдсэн мэдээллийг эргэн харах, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах боломж нь үйлчилгээний чанарыг илүү тогтвортой, хяналттай байлгахад чиглэнэ.

Өөрөөр хэлбэл, Urban Service Worker нь харилцагчийн шууд ашиглах апп биш. Харин тэдэнд хүрч буй мэргэжлийн цэвэрлэгээний үйлчилгээний ард ажиллах удирдлага, стандарт, сургалт, хяналтыг нэг системд холбосон дижитал дэд бүтэц юм.