1 гол сэдэв

Юу болов?

Өнгөрсөн долоо хоногт технологийн компаниуд улирлын тайлангаа зарлалаа. AI-ийн төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсэж буй үед тек гигантуудын үзүүлэлт, төлөвлөгөө олны анхаарлыг татаж байв.

Google 2004 оноос хойшхи хамгийн амжилттай сараа үдлээ

Google-ийн хувьцааны ханш зөвхөн 4-р сард л гэхэд 34%-аар өссөн нь түүхэн дээд амжилт нь боллоо. Тус компанийн клоуд үйлчилгээний бизнесийн орлого 63%-аар нэмэгдэж, 20 тэрбум долларт хүрсэн нь өсөлтийн гол хөшүүрэг болов. Энэ бол Google Cloud-ийн өсөлтийн хурд гол өрсөлдөгчид болох Amazon Web Services болон Microsoft Azure-ээс илүү гарсан гэсэн үг. Тэрчлэн тэд зөвхөн энэ онд AI дэд бүтцэд зарцуулах зардлаа 20%-аар нэмэгдүүлж 190 тэрбумд хүргэнэ гэдгээ зарлалаа.

Amazon-ийн сурталчилгааны бизнес хамгийн өндөр өсөлттэй байлаа

Amazon-ийн клоуд бизнес зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, 37.6 тэрбум долларын борлуулалттай ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28%-аар өссөн гэсэн үг. Гэхдээ үүнээс илүүтэй тус компанийн зар сурталчилгааны бизнесийн орлого 23%-аар нэмэгдэж, 21 тэрбумд хүрсэн байна. Энэ бол тэд уг зах зээлд Amazon платформыг ашиглаж Google-тэй өрсөлдөх хэмжээнд хүрснийг илтгэж буй үзүүлэлт. Сонирхуулахад, тус компани өнгөрсөн оны сүүлээр буюу баярын улиралд 31 тэрбум долларыг зөвхөн тээвэр, хүргэлтэд зарцуулжээ.

Microsoft хиймэл оюуны дэд бүтцэд 200 тэрбум доллар зарцуулна

Microsoft өнгөрөгч улиралд Copilot AI үйлчилгээндээ 5 сая төлбөрт хэрэглэгчтэй болсон байна. Өөрөөр хэлбэл тэд Office, Teams, Windows зэрэг програм хангамжийн үйлчилгээндээ AI-ийг бүрэн нэвтрүүлж чаджээ. Azure-ийн орлого 40%-аар нэмэгдэж, 34.68 тэрбумд хүрлээ. Гэсэн ч дэд бүтцийн зардал нь бараг 60%-аар нэмэгдэж, 200 тэрбумд хүрэх төлөвлөгөө нь хөрөнгө оруулагчдад төдийлэн таалагдсангүй. Microsoft-ийн хувьцааны ханш 2026 он гарснаас хойш 12%-аар буураад байна.

Meta-ийн хувьцааны ханш 6%-аар буурлаа

Meta-ийн экосистемийн нийт хэрэглэгчдийн тоо 3.56 тэрбумд хүрсэн нь өмнөх жилээс 4%-аар өссөн үзүүлэлт. Борлуулалт ч 33%-аар нэмэгдэж, 56 тэрбум болжээ. Гэсэн ч тэдний VR болон төхөөрөмжийн нэгжийн алдагдал 4 тэрбум доллар байсан нь сөрөг үзүүлэлт боллоо. Мөн AWS, CoreWeave, Nvidia, Nebius зэрэг компаниудтай хийсэн үйлчилгээний гэрээний зардал бараг 150 тэрбум долларт дөхжээ.


2 чухал тоо

900.000.000.000: Өнгөрсөн долоо хоногт Google, Amazon-оос аварга хөрөнгө оруулалт татсан Antrophic дахин шинэ санхүүжилтийн роунд эхлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Дэлхийн топ хөгжүүлэгчдийн гол хэрэглээ болоод буй Claude-ийг бүтээгчид өдгөө 900 тэрбум доллараар үнэлэгдэх болжээ. Тэдний гол өрсөлдөгч OpenAI-ийн хувьд өнгөрсөн 3-р сард 852 тэрбумын үнэлгээтэйгээр 122 тэрбум долларыг босгосон нь түүхэнд бичигдэх үзүүлэлт болсон юм.

100.000.000.000: Японы тэргүүлэх технологийн компани AI-ийн өрсөлдөөнд дэд бүтцийн чиглэлээр өрсөлдөхөөр зэхэж байна. Тэд “Roze” нэртэй шинэ компанийг байгуулж, Nasdaq-т 100 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Softbank-ийн хувьд дата төвүүдийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгохын тулд роботын технологи нэвтрүүлэх амбицтай байгаа аж. Тэд өнгөрсөн оны сүүлээр OpenAI-д 30 тэрбум долларын хөрөнгө оруулж, ABB-ийн роботын бизнесийг 5 тэрбум доллараар худалдан аваад байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 17 байраар урагшиллаа

- “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс” зарлагдлаа. 2026 оны индексээр манай улс 17 байр урагшилж, 85-р байрт бичигдлээ. Тайланд дурдсанаар Монголын хэвлэл мэдээллийн орчинд “Хэвлэл мэдээллийн эдийн засгийн хараат байдал нэмэгдэж, улс төрийн нөлөөлөл болон өмчлөлийн төвлөрөл нь редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр, сэтгүүлчдийн аюулгүй байдал “шууд хүчирхийлэл”-ийн түвшинд биш ч шүүх, дарамт шахалт, нөлөөллийн хэлбэрээр хязгаарлагдах хандлага ажиглагдсан” хэмээн онцлов.

- Манай улсын үзүүлэлт 2 жил дараалан ахисан нь эерэг мэдээ мөн боловч 2020 онтой харьцуулахад ухралттай хэвээр байгааг шинжээчид онцолж байна. Тухайн үед манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 75-р байрт эрэмблэгдэж байв. Энэ нь Монгол Улс нь дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний дунд шатны, тогтворгүй ангилалд байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хангалттай ахиц гаргахын тулд улс төр, бизнесийн нөлөөллөөс редакцын хараат бус байдлыг хамгаалах шаардлагатай гэж дүгнэжээ. Өнгөрсөн оны хувьд Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарч, хэвлэл мэдээллийн салбарынхны дунд илт худал мэдээлэл тараахтай холбоотой энэхүү заалтыг хүчингүй болгох хүлээлт үүсээд байсан нь хэвлэлийн эрх чөлөөний мэдрэмжид эергээр нөлөөлсөн гэв.

- Индексийг тооцохдоо улс төр, эдийн засаг, хууль, нийгэм, аюулгүй байдлын индикаторуудыг харьцуулж гаргадаг юм. Манай улсын дундаж оноо өмнөх онтой харьцуулахад 3.22 функцээр нэмэгджээ. 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс дэлхий даяар түүхэн доод түвшинд хүрсэн нь анхаарал татав. Судалгаанд хамрагдсан 180 улсын 100-д нь хэвлэлийн эрх чөлөө уруудах хандлага ажиглагджээ. Мөн талаас илүү хувь нь “хүнд” болон “маш ноцтой” ангилалд багтсан байна.


II. Хятад Африкийн орнуудын татварыг тэглэжээ

- БНХАУ сүүлийн жилүүдэд Африк тивд ихээхэн анхаарал хандуулж, олон төрлийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Тэгвэл тэд тавдугаар сараас эхлэн Африкийн нэгээс бусад бүх орны бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх шийдвэр гаргажээ.

- 2028 он хүртэл үргэлжлэх уг шийдвэрт Тайвантай дипломат харилцаа тогтоосон Эсватини л багтсангүй.

- Африкийн орнууд Хятадад уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүн нийлүүлдэг юм. Шинэ нөхцөл байдал худалдааны тэнцвэрийг төдийлэн өөрчлөхгүй нь тодорхой. Шинжээчдийн тооцоолсноор 2025 онд Африк тивийн Хятадтай хийсэн худалдааны алдагдал 65 хувиар өсөж, 102 тэрбум долларт хүрсэн гэнэ.


III. “The Devil Wears Prada 2” бокс оффисыг тэргүүллээ

- Яг 20 жилийн дараа хийгдсэн тус киноны шинэ анги дэлхий даяар 233 сая долларын орлого оллоо. Энэ бол 2006 оны эхний ангийн нийт орлогыг талыг хэдийнээ давсан гэсэн үг.

- М.Стрип, А.Хатавэй, Э.Блант зэрэг гол дүрийн жүжигчид эргэн ирж, оригинал найруулагч, зохиолчдын ажилласан бүтээл шүүмжлэгчдээс ч эерэг үнэлгээ авч байна.

- Харин өнгөрсөн долоо хоногийн лидер “Michael”-ийн нийт орлого 400 саяыг давсан байна. Уг кино түүхэн дэх хамгийн амжилттай хөгжмийн намтарчилсан бүтээл болж, “Bohemian Rhapsody”-г давахад дахиад хагас тэрбум доллар хэрэгтэй. Ташрамд дурдахад, тус киноны хоёрдугаар анги хийгдэх болсныг уран бүтээлчид зарлаад байна.

4 мэдүүштэй зүйл

Хүлээлттэй хэлцэл: Иран, АНУ-ын талууд гал зогсоох зөвшилцөлд хүрээд бараг хорь хонож байгаа ч энхийн хэлэлцээрийн нөхцлөө тохирч чадаагүй л байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны сүүлийн саналд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь нөхцөл байдал тийм ч таатай биш байгаагийн илрэл болов. Трамп Ираны тал дотооддоо саналаа нэгтгэж чадахгүй байгаа гэж хүртэл мэдэгдээд амжив. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд АНУ-ыг тэнгисийн хөлгүүдээ Ормузын хоолойгоос татах, цөмийн хөтөлбөртэй холбоотой заалт оруулахгүй байх зэрэг хүсэлтийг тавьж байгаа бололтой. Одоогоор энхийн хэлэлцээрийг Пакистан улс ахлан зохион байгуулж байгаа юм.

Гэнэтийн шийдвэр: Дэлхийн газрын тосны нөөцийн 6%-ийг дангаар эзэмшигч Арабын Нэгдсэн Эмират улс газрын тос үйлдвэрлэгчдийн консорциум ОПЕК-ийг орхих шийдвэр гаргалаа. Тэд уг шийдвэрийг гаргахдаа Саудын Араб зэрэг гол түншүүдтэйгээ огт зөвшилцөөгүй гэнэ. АНЭУ-ын хувьд урт хугацааны стратегийн шинэчлэлийн хүрээнд илүү бие даасан байдлыг үүсгэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан бөгөөд хариуцлагатай нийлүүлэгч байна гэдгээ мэдэгджээ. Зах зээлийн нийлүүлэлт, үнэд чухал нөлөөтэй газрын тос үйлдвэрлэгчдийн консорциумд энэ бол том цохилт гарцааагүй мөн. Ормузын хоолой хаалттай хэвээр байгаатай тул нэг баррель нетфийн үнэ дахин нэмэгдэж 120 долларыг даваад байна.

Мөхснийг сэргээгч: Өнгөрсөн жил 10 мянган жилийн өмнө устаж үгүй болсон эртний чонын бэлтрэгийг ген засварын аргаар гарган авч шуугиан тарьж байсан Colossal дараагийн төслөө танилцууллаа. Тэд 200 жилийн өмнө Африкт амьдарч байсан сэлмэн эвэрт гөрөөсийг энэ онд багтаан дахин сэргээхээр төлөвлөж байна. Тус компани 2024 онд Шведийн байгалийн түүхийн музейгээс уг гөрөөсийн ДНХ-ийн дээжийг авч, судалгаандаа ашиглаж байгаа аж. Арслан заан, тасманийн бар, додо шувуу зэрэг устаж үгүй болсон амьтдыг сэргээх зорилготой тус компани одоогоор тэрбум орчим долларын санхүүжилт босгож, зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум долларт хүрээд байгаа билээ.

Иргэний дайн: Өнгөрсөн долоо хоногоос эхлэн баруун Африкийн Мали улсад хэт даврагч бүлэглэлүүд цэргийн ажиллагаа зохион байгуулж эхэллээ. Аль-Кайда бүлэглэлийн дэмжлэгтэй босогчид хойд нутгийн Кидал хэмээх хотыг хяналтдаа авч, улмаар батлан хамгаалахын сайдын аминд хүрсэн байна. Үүний дараагаар засгийн газраас Нигер, Буркина-Фасогийн армийн дэмжлэгтэйгээр хариу довтолгоог зохион байгуулж, нийслэл хотоо хамгаалж авч чадсан. Одоогоор нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан гэж байгаа ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зэвсэгт халдлага тасралтгүй үргэлжилсээр байна гэв.

5 сонин хачин

1. Netflix апп-аа шинэчилж, богино видео үзүүлдэг боллоо. Clips нэртэй уг функц нь Netflix-ийн санд байгаа кино, цуврал болон подкастаас хамгийн анхаарал татсан хэсгийг тасалж харуулах гэнэ. Тэд эхний туршилтаа АНУ зэрэг 9 оронд хийх ажээ. TikTok-оос эхлэлтэй босоо форматын видео сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон. Гэхдээ одоогоор Netflix микро-драма хийх эсэх нь тодорхойгүй байна.

2. Такси захиалгын дэлхийн номер нэг тоглогч Uber-ийн супер апп болох зорилго нэг алхам урагшилж, зочид буудал захиалгын цэсийг нэмжээ. Тэд Expedia-тай хамтран хэрэглэгчдэд илүү хямд үнээр мөн хялбараар буудал захиалахыг санал болгож байна. Uber One-ийн хэрэглэгчид зарим тохиолдолд бүр 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой байх аж. Сонирхуулахад, Uber 2024 онд Expedia-г худалдан авах талаар хэлцэл эхлүүлж байсан удаатай.

3. Disney-ийн шинэ босс Жош Д’Амаро компанийн дижитал апп-уудыг нэгтгэх амбицтай байгаа гэнэ. Тэрээр хэрэглэгчдэд кино контент үзэж, паркын тасалбараа аван, усан онгоцны аяллаа захиалах цогц үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Disney-ийн хувьд өмнө нь ижил төстэй апп-ыг Их Британид туршиж байсан удаатай. Тухайн үед логистик болон технологийн хязгаарлалттай холбоотойгоор төслийг зогсоож байсан аж.

4. Кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадамд тооцогдох Оскарын шинэ дүрэм 2027 оноос эхлэн үйлчилж эхлэх юм. Шинэ дүрэмд олон нийтийн анхаарлыг татах хэд хэдэн өөрчлөлт багтжээ.

- Нэг жүжигчин нэг төрөлд хоёр өөр киногоор нэр дэвшиж болно
- Шилдэг гадаад киноны төрөлд нэг улсын хоёр бүтээл өрсөлдөж болно
- Шилдэг зохиолын төрөлд AI-ийн оролцоог хязгаарлана
- Шилдэг хөгжмийн төрөлд өрсөлдөхийн тулд киноны төгсгөлд заавал тоглуулагдах ёстой.

5. Өнгөрсөн 12-р сард Meta AI агентын зах зээлийн тэргүүлэгч Manus-ийг 2 тэрбум доллараар худалдан авч байгаагаа зарласан. Гэвч уг наймааг БНХАУ-ын зохицуулах байгууллагаас хориглож байгаагаа мэдэгджээ. Manus Хятадад анх үүсгэн байгуулагдсан, хятад үүсгэн байгуулагчтай компани. Гэвч тэд Meta-ийн хэлцлийг дуусгахын тулд оффисоо Сингапур луу нүүлгэж, шинэ компани бүртгүүлээд байжээ. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн Бээжин үзэж, удирдлагуудад хилийн хориг тавьсан байна.