1 гол сэдэв
Юу болов?
Хятадын интернет худалдааны гигант Alibaba бизнесээ зургаан хэсэгт хуваах болсноо зарлалаа. Бие даасан нэгжүүд нь бүгд өөрсдийн гэсэн гүйцэтгэх захирал, удирдлагын багтай байх бөгөөд хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаагаа гаргах боломжтой байхаар төлөвлөгджээ. Энэ нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байна.
Яаж хуваагдсан бэ?
- Cloud Intelligence Group: Alibaba-ийн CEO Д.Жангийн тэргүүлэх энэ компани үүлэн технологи, хиймэл оюуны үйл ажиллагаанд төвлөрнө.
- Taobao Tmall Commerce Group: Дотоодын худалдааны эргэлтийн дийлэнхийг бүрдүүлэгчTaobao, Tmall зэрэг онлайн худалдааны сайтуудыг багтаана.
- Local Service Group: Хоол хүргэлтийн Ele.me дээр суурилсан дотоодын үйлчилгээний энэ нэгж газрын зураг хөгжүүлэлтийг мөн гүйцэтгэнэ.
- Cainiao Smart Logistics: Тээвэр, ложистикийн Cainiao дээр суурилсан уг компани дэлхийг хэрсэн агуулах, ложистикийн сүлжээг үүсгэнэ.
- Global Digital Commerce Group: AliExpress, Lazada зэрэг платформууд дээр суурилсан олон улсын худалдааны нэгжүүд нь бие даан салж байна
- Digital Media and Entertainment Group: Alibaba-ийн стриминг болон киноны бизнесийг удирдана.
Одоо яах вэ?
Тус компанийн үүсгэн байгуулагч Ж.Ма удтал олны нүднээс далд байсны эцэст Бээжинд эргэн ирсэн нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна. 2020 оны аравдугаар сараас хойш 600 тэрбум доллараар үнэлгээ нь буураад буй тус компани финтек түнш Ant-ийн IPO-той холбоотой эрх баригчдын хяналт, хоригт ороод байсан юм. Шинэ мэдээллийн дараагаар компанийн үнэлгээ 14%-аар нэмэгджээ.
ICYMI: China's Alibaba plans to split its business into six units covering e-commerce to cloud in the biggest restr… https://t.co/Oa4vW6unu3
Sun Apr 02 20:25:00 +0000 2023
2 чухал тоо
1000 - Twitter байгууллагын албан ёсны баталгаажуулсан тэмдгийг сарын 1000 доллараар зарна гэдгээ зарлалаа. Гэхдээ хамгийн их дагагчтай 10,000 байгууллага болон хамгийн их сурталчилгаа явуулдаг 500 байгууллагад энэ үнэ хамаарахгүй, төлбөргүй байх гэнэ. Үүнтэй зэрэгцэн NYTimes, Цагаан ордон, Л.Жэймс зэрэг хэрэглэгчид төлбөр төлөхгүй гэдгээ зарлаад байсан билээ.
1 - Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга боллоо. Хамгийн сүүлд 2017 онд Азийн аварга болж байсан манай баг шигшээд Австралийн хүчтэй багийг буулгаж авсан юм. Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Д.Дэлгэрням тодорчээ.
3 онцлох өгүүлбэр
I. Хиймэл оюуны хөгжүүлэлтийг зогсоохыг уриаллаа.
- Технологийн салбарын 1000 гаруй нөлөө бүхий лидерүүд нээлттэй захидлаар дамжуулан AI-ийг эзэмших өрсөлдөөнд түр завсарлага авахыг уриаллаа. Тэд өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж буй хиймэл оюуны хөгжүүлэлт нь хүн төрөлхтний ирээдүйд ноцтой заналхийлэл учруулж болохуйц хэмээн тодотгожээ.
- Энэ захидалд ChatGPT-г бүтээгч OpenAI-ийн анхны үүсгэн байгуулагчдын нэг, Цахиурын хөндийн хамгийн алдартай энтрепренерүүдийн нэг И.Маск гарын үсэг зурсан байна. Тэрчлэн Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг С.Возниак, Skype-ийг эхлүүлэгч Я. Таллинн зэрэг эрхэмүүд багтжээ.
- Тэд AI технологитой холбоотой зайлшгүй гарах ёс зүй болон хэрэглээний журам, хязгаарлалтуудыг тодорхой болгох хүртэл хөгжүүлэлтээ түр зогсоохыг томоохон компаниудаас хүссэн байна. Тэд нийгэмд үзүүлэх эрсдэл, нөлөөг бүрэн тооцох хүртэл дор хаяж зургаан сарын хугацаа хэрэгтэй хэмээн тооцжээ.
II. Арслан зааны махыг гарган авчээ.
- Австралид төвтэй Vow хэмээх стартап хэдийнээ устаж мөхсөн арслан зааны ДНХ дээр суурилсан бөөрөнхий махыг лабораторийн орчинд гарган авснаа зарлалаа. Тэд хиймэл мах нь байгальд болон амьтдад ээлтэй гэдгийг харуулж, нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор энэхүү туршилтыг хийсэн гэдгээ мэдэгджээ.
- Гэхдээ тус компани зөвхөн үүнээс гадна имж, матар, бизон үхэр зэрэг 50 гаруй төрлийн уламжлалт бус амьтны махыг лабораторийн орчинд гарган аваад байгаа гэнэ. Тэд ойролцоогоор 4 кг орчим арслан зааны махыг гарган авсан бөгөөд зааны махтай төстэй хэмээн тодорхойлжээ.
- Тус компанийн бүтээсэн хиймэл мах энэ жилийн сүүлээс эхлэн Япон, Сингапурын зарим ресторанд зарагдахаар төлөвлөгдөж байгаа юм.
III. Нэрт хөгжмийн зохиолч Р.Сакамото таалал төгслөө.
- Японы алдарт хөгжмийн зохиолч Р.Сакамотог дэлхий нийт "Merry Christmas Mr.Lawrence", "Last Emperor" зэрэг хит бүтээлүүдээр нь мэднэ. Д.Боуви, Мадонна, Игги Поп зэрэг дэлхийн топ одуудтай хамтран ажиллаж байсан тэрээр электрон хөгжмийн анхдагч, үе үеийн сэтгэл зүрхийг эзэмдсэн шинэчлэгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ.
- 1992 оны Барселонагийн олимпын наадмын хөгжмийн бичиж байсан тэрээр 1987 онд Б.Бертолуччигийн найруулсан "The Last Emperor"-ийн хөгжмөөрөө Оскарын шагнал хүртэж байв. Энэ бүтээл нь түүнд Алтан бөмбөрцөг, Грэмми зэрэг топ шагналуудыг мөн авчирсан билээ.
- 2014 онд анх хорт хавдартай хэмээн оношлогдсон тэрээр энэ оны эхээр хамгийн сүүлийн бөгөөд 12 дахь бие даасан цомгоо "12" нэртэйгээр гаргаад байсан билээ.
4 мэдүүштэй зүйл
AI хориг: Итали улс ChatGPT-ийн хэрэглээг хориглолоо. Тэд хэрэглэгчийн хувийн дата мэдээллийн аюулгүй байдлыг хангах шалтгаанаар энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Европын холбоо AI-ийн ашиглаж буй дата, түүнийг үүсгэж буй хэрэглэгчдийн зөвшөөрлийн холбоосыг журамлахаар зэхэж байгаа билээ.
Видео бүтээгч: Apple видео засах, шахах үйл явцад хиймэл оюуны технологи ашиглагч WaveOne-ийг худалдаж авлаа. 2016 онд байгуулагдсан тус компанийг тэд стриминг үйлчилгээгээ илүү үр ашигтай болгоход хэрэглэх боломжтой юм.
AI загвар: Levi's энэ оны сүүлээс эхлэн шинэ хувцасны загвар бүтээхдээ хиймэл оюун ашиглана гэдгээ зарлалаа. Тэд эхний ээлжинд хэрэглэгчдэд онлайн худалдааны үеэр биеийн хэмжээ, загвар, өнгө зэргийг олон талт байдалтай ашиглах нөхцлийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
Нээлттэй алгоритм: Twitter хэрэглэгчдийн нүүр хуудсанд жиргээ санал болгодог алгоритмоо нээлттэй эх болгож байгаагаа зарлалаа. GitHub дээр тавигдсан алгоритмын эх код нь жиргээг эрэмблэх зарчмыг илүү үр дүнтэй болгоход бусад хөгжүүлэгчдийн оролцоог хангах боломжтой хэмээн тэд үзэж байна.
5 сонин хачин
1. Дэлхийн хамгийн алдартай хөлөгт тоглоомоос сэдэвлэсэн "Dungeons & Dragons" дэлхий даяар 71.5 сая доллар цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. 150 сая долларын төсвөөр бүтээгдсэн уг киноны үнэлгээ маш эерэг байгаа нь шинэ франчайз, санааны эрэлд гараад байсан Холливүүдийн хувьд таатай мэдээ байв. Жагсаалтын дараагийн байруудад "John Wick", "Scream" бичигджээ.
2. Wikipedia аудио логогоо танилцууллаа. Технологийн хөгжлийн нөлөөгөөр ухаалаг туслах, аудио контентийн цар хүрээ өсөж байгаатай зэрэгцэн тэд "Хүн төрөлхтний бүх мэдлэгийн эгшиг" нэртэйгээр логогоо бүтээх шийд гаргасан юм. Олон нийтэд нээлттэй шалгаруулалтад 135 улсаас 3235 ая өрсөлдөж, шилдгийг тодруулжээ.
???? Wikimedians, are you ready? We are thrilled to announce that we have found the winning entry to The Sound of Al… https://t.co/BaC2y0cjR1
Tue Mar 28 12:59:51 +0000 2023
3. Microsoft Teams бүрэн шинэчлэгдлээ. Байгууллагын харилцааны зах зээлд тэргүүлэх болсон тус програм зөвхөн дизайны хувьд шинэчлэгдээд зогсоогүй. Шинэ хувилбар өмнөхөөс 2 дахин хурдтай болсноос гадна 70 хүртэл хувийн бага зай эзэлж, 50%-аар үр ашигтай ажиллах болсныг онцлов.
4. Apple удтал хүлээлгэсэн одоо аваад дараа төлөх (BNPL) үйлчилгээгээ нэвтрүүллээ. Apple Pay-ийг хэрэглэгчид одоо 1000 доллар хүртэлх барааг 6 долоо хоногийн хугацаанд 4 удаагийн төлөлтөөр ямар ч хүүгүйгээр худалдаж авах боломжтой болж байна. Энэ нэмэлт нь ийм чиглэлээр дагнасан финтек компаниудад хүнд цохилт болно хэмээн шинжээчид үзэж байна.

5. Домогт "X-Files" бүрэн шинэчлэгдэж, дахин хийгдэж магадгүй гэнэ. Бүтэн үеийг шинжлэх ухааны зөгнөлт жанрт дурлуулж, шинэлэг санаагаараа байлдан дагуулсан уг цувралыг бүтээгчид олон дүртэй байдлаар төсөөлж байгаа гэнэ. Уг төсөлд Black Panther, Creed-ийг бүтээгч Р.Күүглер оролцох магадлал өндөр байгаа бололтой.
Ryan Coogler is reportedly developing a new ‘THE X-FILES’ series. (https://t.co/z6EorlTMfX) https://t.co/s3s7FFXygT
Tue Mar 28 18:29:56 +0000 2023
10 унших мэдээ
Ажиглах: Инээдмийн баярын топ постууд /The Verge/
Үзэх: Яагаад кино улам бараан болж байна вэ? /Polygon/
Мэдэх: Финляндын ерөнхий сайд сонгуульд ялагдлаа /BBC/
Анхаарах: Трамп баривчлагдана /CNN/
Анзаарах: Тайванийн ерөнхийлөгч Америкт /Vox/
Гайхах: Орос блоггер дэлбэрэлтэд өртжээ /Reuters/
Хүлээх: Америк сэтгүүлч баривчлагджээ /Al Jazeera/
Хэрэглэх: Францад скүүтерийг хорив /DW/
Сонирхох: UFC WWE-г худалдаж авна /Deadline/

Сэтгэгдэл бичих

