1 гол сэдэв

Юу болов?

Antrophic дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй AI компани боллоо. Цахиурын хөндийн хамгийн инновцлаг компаниудын нэгт тооцогдож буй Antrophics өнгөрсөн долоо хоногт 65 тэрбумын шинэ хөрөнгө оруулалт татсанаа зарлалаа.

Хэд болов?

Ингэснээр тус компанийн үнэлгээ албан ёсоор 965 тэрбум болж, гол өрсөлдөгч OpenAI-ийг давлаа. OpenAI-ийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард түүхэн дэх хамгийн өндөр буюу 122 тэрбум долларыг хөрөнгө оруулагчдаас татахдаа 852 тэрбумаар үнэлэгдэж байв. Харин Antrophic-ийн хувьд энэ оны эхээр 380 тэрбумын үнэлгээтэй болсноо зарлаж байлаа. Ердөө хагас жилийн дотор тус компанийн үнэлгээ бараг гурав дахин өсөж, нэг их наядад дөхжээ.

Юу нөлөөлөв?

Antrophic-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүн бол IT-ийн мэргэжилтнүүд, хөгжүүлэгчдэд зориулсан Claude Code юм. Тус үйлчилгээг 2 сая хэрэглэгч төлбөр төлж ашиглаж байгаа гэсэн тооцоо бий. Харин нийт Claude-ийн хэрэглэгчдийн тоо хэдийнээ 30 саяд хүрчээ. Тус компанийг Дарио болон Даниела Амодей гэсэн ах дүүс 2021 онд байгуулсан. Тэд OpenAI-ийн анхны инженерүүд байсан бөгөөд илүү хариуцлагатай, илүү ёс зүйтэй хиймэл оюуныг хөгжүүлэх зорилгоор компаниа орхисон гэдэг.

2 чухал тоо

200.000.000: Европын холбоо Temu-г 200 саяар торгожээ. Европын холбооны зүгээс хүүхдэд аюултай хуурамч тоглоом, цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаагүй цэнэглэгч зэргийг борлуулсан, хэрэглэгчдийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлсэн хэмээн үзжээ. Тэд 2024 оны намраас эхлэн тус платформыг шалгаж эхэлсэн юм. Дэлхий даяар бараг хагас тэрбум хэрэглэгчтэй Temu-ийн хувьд зөвхөн Европын холбоонд 140 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэгддэг.

95: Дэлхийн нүүдэлчдийн наадамд 95 улс оролцоно. 6 дахь удаагаа явагдах уг наадам энэ жил Киргиз улсад зохиогдох юм. 2 жилд нэг удаа явагддаг тус наадамд одоогийн байдлаар 60 улс оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 95 орон оролцох төлөвтэй байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ. 9-р сарын эхний долоо хоногт явагдах уг наадам нь нүүдэлчдийн өв уламжлал, соёлыг хадгалсан 30 гаруй спортын төрлөөр явагддаг. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө Казахстаны Астанад явагдсан наадмаас Монгол Улс 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж байв.

3 онцлох өгүүлбэр

I. Blue Origin-ийн пуужин дэлбэрлээ

- Тус компанийн хөгжүүлж буй “New Glenn” пуужин туршилтын нислэгийн үеэр дэлбэрсэн харамсалтай үйл явдал боллоо. Дэлбэрэлтийн ул мөр Кеннедигийн сансрын төвөөс 200 км-ын зайд хүртэл мэдрэгджээ. Уг ослын хохирлын хэмжээг 1 тэрбум доллараар хэмжиж байна.

- Blue Origin бол Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын эзэмшдэг компани юм. Тэрээр ослын дараагаар “Бүх ажилчид, багийнхан маань аюулгүй, бэртэж гэмтээгүй. Маш хүнд өдөр байлаа” хэмээн сошиал хуудсандаа бичжээ. Түүний хамгийн гол өрсөлдөгч SpaceX-ийн И.Маск хүртэл түүнд урам өгч, харамсаж байгаагаа илэрхийлэв.

- Тэд New Glenn-ийг NASA-ийн сарны хөтөлбөрт зориулан бүтээж буй. NASA-ийн төлөвлөгөөгөөр уг хөлөг сарны бааз байгуулах болон сансрын нисгэгчдийг газардахад зориулсан төхөөрөмжүүдийг тээвэрлэх учиртай юм. Одоогоор ослын шалтгааныг тогтоох ажиллагаа явагдаж байна.


II. Мемори чип бүтээгчид 1 их наядын клубт элсэв

- AI-ийн тэсрэлттэй зэрэгцэн технологи хөгжүүлэгчдийн үнэлгээ улам бүр нэмэгдсээр байна. Мемори чип үйлдвэрлэлийн зах зээлийн “их гурвал” гэгддэг компаниудын үнэлгээ бүгд 1 их наядыг давсан нь үүний баталгаа юм.

- Эхнийх нь БНСУ-ын топ чип үйлдвэрлэгч SK Hynix юм. Nvidia-ийн гол нийлүүлэгчдийн нэг гэдгээрээ алдартай тус компанийн хувьцаа зөвхөн 2026 он гарснаас хойш 250%-аар нэмэгдсэн нь энэ юм. Тэдний гол өрсөлдөгч, их гурвалын нэг Samsung өнгөрсөн долоо хоногт 1 их наядын үнэлгээг давсан билээ.

- Тэгвэл энэ мэдээтэй зэрэгцэн нөгөө нэг компани болох Micron-ийн үнэлгээ ч 1 их наядыг давлаа. 1978 онд байгуулагдсан тус компани бичил USB төхөөрөмж, мемори картуудаараа алдартай. Тэгвэл AI-ийн эрин үед тус компанийн хөгжүүлдэг HBS чипийн эрэлт эрс нэмэгдэж, нэгж хувьцааны ханш нь зөвхөн мягмар гарагт л гэхэд 19%-аар нэмэгджээ.


III. Ferrari анхны цахилгаан машинаа зарлалаа

- Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид шинэ загвараа домогт дизайнер Жонни Айвтай хамтран бүтээжээ. Жонни Айвийн хувьд Apple-д ажиллах үедээ iPod, iPhone, iPad-ийн дизайныг гаргаж байснаараа алдартай билээ.

- Ferrari Luce нэртэй уг машин нь 1050 морины хүчин чадалтай, 100 км/цагийн хурдыг ердөө 2.5 секундэд авах боломжтой гэнэ. Мөн бүтэн цэнэглэлтээр 530 км зайг туулах үзүүлэлттэй ажээ. Түргэн цэнэглэгчээр 20 минутанд л 80%-ийн цэнэгээ дүүргэнэ гэв.

- Энэ оны сүүлээс худалдаанд албан ёсоор гарах уг автомашины үнэ 530 мянган доллар байх ажээ.

4 мэдүүштэй зүйл

Онц байдал: Өнгөрсөн оны сүүлээр социалист үзэл баримтлалтай Эво Моралесийн 20 орчим жилийн засаглалыг унагаж, шинээр сонгогдсон Боливийн ерөнхийлөгч Родриго Пас хамгийн эхний сорилттойгоо нүүр тулаад байна. Хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид нийслэл Ла Паз хотын төв гудамжуудад эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, цагдаа нартай мөргөлдөн, эмх замбараагүй байдал үүсээд байна. Үүний улмаас нийслэл хотын бизнес, эдийн засгийн амьдрал тэг зогсолт хийж, сургууль цэцэрлэгийн хэвийн ажиллагаа доголджээ. Ерөнхийлөгч Р.Пасын хувьд улс орон даяар онц байдал зарлаж, цэргийн хүч ашиглахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр сонгуульд ялсан даруйд бүтцийн хэд хэдэн том шинэчлэл хийж, төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байсан билээ.

Шинэ мэр: Улс төрийн хүрээнд жил дамнан яригдсан ч ердөө хэдхэн өдрийн дотор албан ёсоор өрнөсөн үйл явдал эцэслэгдэж, Улаанбаатар хот шинэ даргатай боллоо. Тэр бол өдгөө 36 настай Б.Пүрэвдагва юм. Улаанбаатар хотын 37 дахь даргаар томилогдож буй Б.Пүрэвдагва уг албанд томилогдохоос өмнө МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр МУИС болон Австралийн Ньюкаслын их сургуулийг тус тус төгсчээ. Үүнээс гадна тэрээр МАН-ын залуучуудын холбоо буюу SDY-ийн ерөнхийлөгчийн албан тушаалтай. Уг байгууллагын өмнөх ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал ажиллаж байв.

Дрон халдлага: Оросын дрон Румынд унажээ. Уг дрон нь ОХУ-ын Украйн руу хийсэн ээлжит дрон халдлагын хүрээнд хөөрсөн байжээ. Дрон Галац хэмээх хотын орон сууцны барилга дээр унасан бөгөөд хоёр хүн хөнгөн гэмтэл авсан байна. Румыны талаас уг ослыг маш хариуцлагагүй үйлдэл боллоо хэмээн дүгнэж, шаардлагатай дипломат арга хэмжээг авна хэмээн мэдэгджээ. Тэрчлэн НАТО-оос дрон эсэргүүцэх систем шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэв.

Мега төсөл: Казахстан атомын цахилгаан станцтай болно. Уг төслийг тэд ОХУ-ын төрийн өмчит “Росатом” компанитай хамтран хэрэгжүүлнэ гэв. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тус улсад хийж буй айлчлалын үеэр талууд гэрээнд гарын үсэг зурж баталгажуулжээ. Төслийн нийт өртөг 16 орчим тэрбум доллар болох төлөвтэй байгаа юм. Сонирхуулахад, Казахстан 2024 онд бүх нийтийн санал асуулга явуулахад нийт иргэдийн 71% нь атомын цахилгаан станц байгуулахыг дэмжсэн юм.

5 сонин хачин

1. “The Mandalorian and Grogu” бокс оффисыг тэргүүллээ. Сүүлийн 7 жилд гарсан хамгийн анхны “Star Wars”-ийн ертөнцийн кино нээлтийн долоо хоногтоо 188 сая долларын орлого олсон байна. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болсон хэдий ч франчайзын бусад бүтээлүүдтэй харьцуулахад хамгийн сүүлд бичигдэх үзүүлэлт болжээ. Уг кино нь Disney+ дээр анхлан гарсан “The Mandalorian”-ийн түүхийн үргэлжлэл юм. Тухайн үед “The Mandalorian”-ийн үзэлт 1.3 тэрбум цаг болж, Диснейгийн стриминг платформын хамгийн их үзэлттэй бүтээл болж байв. Сонирхуулахад, Disney-ийн хувьд “Оддын дайн” цувралын зөвхөн мерч бүтээгдэхүүний борлуулалтаас жилд 1 тэрбум доллар олдог юм. Тэд шинэ кинонд зориулан зарим паркын тоглоомуудаа шинэчилж эхэлжээ.

2. Европын хөлбөмбөгийн клубын түвшин дэх хамгийн том тэмцээн “Аваргуудын лиг”-ийн аваргаар Францын ПСЖ клуб тодорлоо. Тэд тус тэмцээн бүтэц, нэрээ сольж, Аваргуудын лиг болсон 30 гаруй жилийн түүхэнд аваргаа хамгаалсан 2 дахь баг болж байна. Тэднээс гадна 2016-2018 онд дараалан гурав түрүүлсэн Реал Мадрид л энэхүү ховорхон амжилтыг эзэмшдэг. Энэ улирлын финалын тоглолт Унгарын Будапешт хотноо явагдлаа. ПСЖ-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Английн аварга Арсенал байв. Арсеналын хувьд 22 жилийн дараа лигтээ түрүүлж, 20 жилийн дараа Аваргуудын лигийн шигшээд шалгараад байсан нь энэ юм. Тэд тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж, ердөө 5 дахь минутаас тэргүүллийг авсан ч хамгаалж чадсангүй. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, ялагч торгуулийн цохилтоор тодроход ПСЖ 4:3-аар илүүрхжээ.

3. Meta AI төлбөртэй үйлчилгээ нэвтрүүллээ. Meta-ийн экосистемд багтах Facebook, Instagram, Threads, Whatsapp-тай нийцэн ажиллах AI үйлчилгээний суурь төлбөр сарын 7.99 доллар байх гэнэ. Харин хэрэглэгчдэд илүү хүчин чадалтай, илүү хурдан хариу өгч, олон автоматжуулсан үйлдэл санал болгох Meta One Premium үйлчилгээний төлбөр 19.99 доллар байх гэнэ. Тэд уг үйлчилгээг пэйж хөгжүүлдэг бизнесүүдэд төвлөрөн санал болгох бололтой.

4. Саяхан IPO хийхээ зарласан Oura өмнөх загвартай харьцуулахад 40%-аар жижгэрсэн ухаалаг бөгжөө худалдаанд гаргалаа. 399 долларын үнэтэй уг бөгж нь мэдрэгч, хяналтын үзүүлэлтээрээ өмнөх загвараас дутах зүйлгүй бөгөөд хэрэглэгчдэд илүү хөнгөн, загварлаг хийцлэлийг санал болгож байгаагаараа онцлогтой юм.

5. 1974 онд Америкийн худалдааны сүлжээ “7-Eleven” франчайзыг Японд анхлан нээж байсан Т.Сүзүки 93 насандаа таалал төгслөө. Тэрээр Японы конбини буюу конвениенс дэлгүүрийн зах зээлийг бий болгож, амьдралын хэв маягийн нэг хэсэг болгосон эрхэм хэмээн үнэлэгддэг юм. Сонирхуулахад, түүний компани 2005 онд Америкт төвтэй толгой компаниа бүрэн худалдаж авсан түүхтэй. Тус компани дэлхий даяар 80 мянга гаруй салбартай билээ.