1 гол сэдэв

Коронавирус аюулын харанга дэгдсэн өдрүүдийн онцлох сэдэв хөл хорио, онц байдал байв.

Нөхцөл байдал хэр байна вэ?

Муу бас сайн. Муу нь дотоодын халдварын тоо тасралтгүй нэмэгдсээр 193-д хүрэв. Зөвхөн Сэлэнгэ аймагт л гэхэд халдварын тоо 93 болоод байгаа бөгөөд Улаанбаатар, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгуудад голомт илрээд байна. Дийлэнх голомт төмөр замын ажилчдаар дамжин халдаж байгааг эх сурвалжууд мэдээлж буй. Сайн нь халдварын голомт хумигдаж байгаа нь. Тэг зогсолт зарласан Дархан шийдвэрээ цуцалж, Улаанбаатар хотод нийтийн тээврийн цагийг сунгаж, иргэдийг тодорхой хязгаартайгаар хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөн хөл хориогоо аажмаар зөөллөсөөр байна. Гэхдээ бэлэн байдлын зэргийг энэ сарыг дуустал сунгасан хэвээр буй.

Дэлхийд хэр байна даа?

Бас л тааруу. Дэлхий даяар, ялангуяа Европ, Латин Америкт халдварын хоёр, гурав дахь давлагаа ид дундаа үргэлжилсээр байна. ОХУ, Япон, Мексик дэх халдварын тоо түүхэн дээд хэмжээнд хүрч, дэлхий даяар халдвар авсан иргэдийн тоо 58 саяд, нас барагсдын тоо 1.3 саяд хүрлээ. Самоа улс анхны тохиолдлоо илрүүлснээр дэлхийн 218 улс, бүс нутагт уг вирус тархсан болов.

Сайн мэдээ байхгүй гэж үү?

Мэдээж бий. Сайн нь "Moderna"-ийн хөгжүүлж байгаа вакцины үр дүн 95 хувь гарсан нь байв. 25-37 долларын үнэтэй борлуулагдах төлөвтэй буй уг вакцин өмнө зарлагдсан "Pfizer"-ийнхтай харьцуулахад заавал хүйтэн, онцгой нөхцөлд хадгалах шаардлагагүй гэдгээрээ онцлог. Тэд 2021 оны дунд гэхэд олон улсад түгээх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Харин Оксфордын их сургуулийн вакцин 56-аас дээш насны ахмад настнуудад дархлаа тогтооход илүү үр дүнтэй байгаа талаар мэдээлэл гарчээ.

2 чухал тоо

890.000 - АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обамагийн намтар ном Хойд Америкийн зах зээлд худалдаанд гарсан эхний өдрөө 890 мянган хувь борлогдож, уран зохиолын бус төрөлд дээд амжилт тогтоолоо. 45 долларын үнэтэй уг ном эхэлж 6 сая хувь хэвлэгдсэн гэнэ. Түүний эхнэр М.Обамагийн "Becoming" ном нь эхний өдрөө 725 мянга, нийтдээ дэлхий даяар 14 сая хувь борлуулагдаад буй. Сонирхуулахад, 2007 онд хэвлэгдсэн Харри Поттерын цувралын сүүлийн ном "Deathly Hallows" 24 цагийн дотор 8.3 сая хувь зарагдаж түүхэн амжилт тогтоож байжээ.

10.300.000 - 162 жилийн түүхтэй, Японы томоохон компаниудын нэг "Marubeni" Монголын финтек стартап "And Global"-д 10.3 сая долларын стратегийн хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарлалаа. 2017 онд байгуулагдсан "And Global"-ийн хувьд Монголын зах зээлд "LendMn", "SuperUp", "Banana Mall" зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Шинэ санхүүжилтийн хүрээнд тус компани Зүүн өмнөд Азийн улсуудад финтек шийдлүүдээ нэвтрүүлэх зорилготой байгаа ажээ.

3 онцлох зүйл

"Apple"-ийн хишиг: "Apple" апп хөгжүүлэгчдэд оноодог "30 хувийн татвар"-аа хоёр дахин бууруулах болсноо зарлалаа. Тэд App Store-д байршуулсан апп-ий борлуулалтаас авдаг уг хураамжаа жилийн орлого нь нэг саяас доош хөгжүүлэгчдэд зориулан 15 хувь болгон багасгаж байгаа нь энэ. Уг шийдвэр "Fortnite" тоглоомыг бүтээгч "Epic Games" "Apple"-ийг монополь нөхцөл үүсгэж, өрсөлдөөнийг боомилж байна хэмээн шүүхэд зарга мэдүүлээд байгаатай давхцаж байгаа нь онцлууштай. Үүнтэй зэрэгцэн "Spotify", "Tinder", "Facebook", "Microsoft" зэрэг олон компани "Apple"-ийн бодлогыг буруутгаж, нөхцөлөө уян хатан болгохыг шаардсаар байсан юм. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 50 тэрбум долларын борлуулалттай ажилласан App Store-д одоогоор 28 сая хөгжүүлэгч аккаунт бүртгэлтэй байдаг бөгөөд үүний 98 хувь нь уг хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэнэ. Гэхдээ тэдгээр нь нийт борлуулалтын ердөө таван хувийг бүрдүүлдэг болохыг шинжээчид онцолжээ.


Маскийн үсрэлт: Э.Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхэллээ. Түүний үүсгэн байгуулсан "Tesla" Америкийн топ компаниудаас бүрддэг S&P 500-ийн жагсаалтад багтснаар хувьцааны үнэ нь 13 хувиар нэмэгдсэн нь Маскийн хөрөнгийг 15 тэрбумаар нэмэгдүүлж, 117.5 тэрбум долларт хүргэв. Ингэснээр тэрээр "Facebook"-ийн М.Зукербергийг ардаа хийж, ердөө "Amazon"-ийн Ж.Бэйзос, "Microsoft"-ийн Б.Гэйтс нарын ард л бичигдэх болсон гэсэн үг. "Tesla"-ийн хувьцаа энэ жил 500 хувиар өсөж, 400 тэрбум долларт хүрсэн нь "Toyota", "General Motors"-ийг ч давсан үзүүлэлт юм. Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Маскийн өөр нэг компани "SpaceX" олон улсын сансрын станц руу нисгэгч тээвэрлэсэн анхны хувийн компани болсон билээ.


Медиа нэгдэл: "Buzzfeed" гол өрсөлдөгчдийн нэг "HuffPost"-ийг "Verizon Media"-аас худалдан авч, эгнээндээ нэгтгэлээ. Ингэснээр дижитал медиагийн хамгийн өндөр хандалттай нэгдлийн нэг үүсэж байна. Хамгийн сонирхолтой нь, "Buzzfeed"-ийн үүсгэн байгуулагч, CEO Ж.Перетти 2005 онд "HuffPost"-ийг Ариана Хаффингтоны хамт эхлүүлж, улмаар AOL-д 315 сая доллараар зарж байсан түүхтэй юм. Үүнтэй зэрэгцэн Америкийн харилцаа холбооны тэргүүлэх компаниудын нэг "Verizon Media" "BuzzFeed"-д стратегийн хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарлажээ. Сошиал платформууд медиа редакцуудтай өрсөлдөх болсон сүүлийн жилүүдэд дижитал компаниудын хооронд нэгдэх үйл явц эрчимтэй явагдаж буй. Хамгийн сүүлд л гэхэд үүсгэн байгуулагч Э.Клайн нь компаниа орхиж байгаагаа зарласан "Vox Media" "New York Magazine"-ийг, "Vice Media" эмэгтэйчүүд рүү чиглэсэн контент үйлдвэрлэгч "Refinery29"-ийг тус тус худалдан авсан билээ.

4 мэдүүштэй баримт

Мэдрэгч бээлий: Корнеллийн их сургуулийн эрдэмтэд VR орчинд аливаа эд зүйлсийг хүрэлцэн мэдрэх боломж олгох мэдрэгч төхөөрөмжийг бүтээснээ зарлалаа. Энгийн холболт, LED, bluetooth болон батарей бүхий уг бээлий нь VR төхөөрөмжтэй хослон ажилласнаар виртуал орчинд илүү бодитой сэтгэгдлийг бүтээх потенциалтай гэдгийг бүтээгчид онцолжээ.

Хавдар устгагч: Израилийн судлаачид генийн инженерчлэлийн технологи ашиглан хорт хавдрын эсийг засах эмчилгээний арга боловсруулсан байна. Эрдэмтэд хамгийн хүнд хэлбэрийн илэрдэг гэгдэх өндгөвч болон тархины хорт хавдрын эсийг засах оролдлого хийсэн гэнэ. Хулгана дээр хийсэн туршилт нь үр дүнтэй болсон тус багийнхан хоёр жилийн дотор хүн дээр туршилтаа эхлүүлэх зорилготой байгаа аж.

Хиймэл алмааз: Австралийн эрдэмтэд лабораторийн орчинд зөвхөн солирын тогоо орчмоос олддог ховор төрлийн алмаазыг гарган авсан байна. Энэ туршилт нь асар хүчтэй даралт үүсгэх аргачлалын тусламжтайгаар энгийн өрөөний температурт хэдхэн минутын дотор хийгдсэнээрээ онцлог ажээ.

Пуужин хэвлэгч: 3D принтерээр сансрын пуужин бүтээх амбицтай "Relativity Space" 500 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татаж, үнэлгээ нь 2.3 тэрбум долларт хүрлээ. Пуужингийн эд ангийн 95 хувийг тусгайлан хөгжүүлсэн технологийн дагуу хэвлэж, 60 хоногийн дотор угсарснаар зардал болон цаг хугацааг үлэмж хэмнэх боломжтой гэгдэж буй тус стартапыг алдарт жүжигчин Ж.Лето болон М.Кюбан тэргүүтэй хөрөнгө оруулагчид санхүүжүүлдэг билээ.

5 сонин хачин

1. "Тwitter" энэ долоо хоногоос эхлэн сторитой боллоо. Энэ оны эхээр зарлаж, Бразил, Итали, БНСУ-д хийгдсэн туршилт нь хэрэглэгчдээс эерэг үнэлгээ авсан тул ийнхүү уг нэмэлтийг албан ёсоор гаргаж буй. 24 цагийн дараа устдаг "Fleet" нэртэй уг нэмэлт нь хэрэглэгчдийн жиргээнд өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлэх зорилготой билээ.

2. "TikTok"-ийн анхны 100 сая дагагчтай хэрэглэгч тодорлоо. Энэ бол Америкийн 16 настай сошиал од Чарли Д'Амелио. 2019 оны тавдугаар сард "TikTok"-д элссэн тэрээр саяхан өөрийн гэсэн подкастаа эхлүүлж, ном бичиж эхэлснээ зарлаад буй. Сонирхуулахад, "Youtube "нээгдээд 14 жилийн дараа анхны 100 сая дагагчтай хуудас бий болж байжээ.

3. Хятадын видео стрийминг платформ IQIYI дэлхийн анхны виртуал талент шоуг эхлүүллээ. "Dimension Nova" нэртэй уг реалити шоунд шилдэг 31 виртуал артист оролцож байгаа юм. 3D, 2D дүрслэл бүхий эдгээр артистууд өөрсдийн уран бүтээл, тоглолтоо хүргэж, дэлхийн шилдэг брэндүүдийн нүүр царай болох эрхийн төлөө өрсөлдөх ажээ. "Weibo" дэх уг шоуны мэдээ 690 сая хандалт авч, зургаан сая гаруй сэтгэгдэлтэй болсон нь олон нийт ч ихээхэн анхаарал хандуулж байгааг баталж байна.

4. "Huawei" залуу хэрэглэгчид рүү чиглэсэн дунд зэрэглэлийн гар утасны брэнд "Honor"-ийг зарж байгаагаа мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас бүрдсэн консорциум "Honor"-ийг 15 тэрбум доллараар үнэлж байгаа гэнэ. Тэд АНУ-ын Засгийн газрын тавьсан хоригтой холбоотойгоор "брэндийн урт хугацааны оршин тогтнох баталгааг хангах" үүднээс энэ шийдвэрийг гаргасан хэмээн онцолжээ.

5. Алдарт дуучин Тэйлор Свифтийн 2005-2019 оны хооронд туурвисан зургаан цомгийн мастер эрх 300 сая долларын үнэ хүрсэн байна. Өнгөрсөн оноос хойш Свифтийн каталогийг эзэмших болсон С.Браун эрхээ "Shamrock Holdings" хэмээх хөрөнгө оруулалтын санд зарсан нь энэ. А.Гранде, Ж.Бибер зэрэг оддыг төлөөлдөг Браунтай зохиогчийн эрхийн маргаан үүсгээд буй Т.Свифт энэ хэлцлийн талаар огт мэдээгүй байсан гэдгээ мөн мэдэгдээд байгаа юм.

10 унших мэдээ

Мэдэх: Хятад коронавирусийн эсрэг технологи ашигласан нь /CNBC/

Таних: NBA-ийн драфт явагдлаа /ESPN/

Унших: Элон Маскийн хамгийн амжилттай жил /Vanity Fair/

Алмайрах: Тархи, орчлон ертөнцийн бүтцийг адилтгах нь /Futurism/

Сонирхох: Скүүтер стартап "Bird" нээлттэй компани болно /Yahoo/

Харьцуулах: 2020 оны шилдэг нээлтүүд /Time/

Гайхах: Трампын сонгууль хулгайлах оролдлого /CNN/

Тооцох: "SoftBank"-д 80 тэрбум долларын бэлэн мөнгө бий /Reuters/

Талархах: Ж.Бэйзос сангийнхаа эхний тэтгэлгийг тараалаа /QZ/

Үзэх: Түүхэн дэх хамгийн нөлөөтэй 100 анимэйшн /Vulture/