1 гол сэдэв

Юу болов?

Apple-ийн нэгж хувьцааны үнэлгээ нь 193.97 долларт хүрч, зах зээлийн үнэлгээ дахин 3 их наядыг давав. Тэд энэ оны эхээр энэ амжилтыг үзүүлж байлаа. Одоогоор тэднээс гадна Microsoft, Alphabet, Amazon, NVidia гэсэн АНУ-ын дөрвөн компани 1 их наядаас илүү үнэлгээтэй байгаа юм.

Юу нөлөөлөв?

Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн CEO Т.Күүк хэрэглэгчдийн ашиглаж буй идэвхтэй төхөөрөмж, үйлчилгээнд бүртгэлтэй аккоунтын тоо нь бүх цаг үеийн рекордоо эвдсэнийг зарласан. Хэдий Mac, iPad-ийнх нь борлуулалт саарч байгаа ч саяхан зарласан 15 инчийн MacBook Air-ийн борлуулалт өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл өгч буй. Тэрчлэн тэдний энэ жил товтой байгаа iPhone 15-ийн хүлээлт ч өндөр байгаа нь тодорхой.

Цаашдаа яах вэ?

Гэхдээ үүнээс илүүтэй AR/VR технологид суурилсан цоо шинэ төхөөрөмж Vision Pro-ийн борлуулалт зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь сонирхол татаж байна. 3500 долларын үнэтэй энэхүү зүүдэг төхөөрөмжийн анхны загвар Apple-ийн өмнөх бүтээгдэхүүнүүд шиг амжилт үзүүлж чадвал тэдний үнэлгээ улам ч өсөх нь гарцаагүй. Wedbush Securities-ийн тооцоогоор Apple-ийн үнэлгээ 2025 онд багтан 4 их наядад хүрэх гэнэ.

2 чухал тоо

20: Гэр ахуйн бараа бүтээгдэхүүний худалдааны хамгийн том сүлжээний нэг Bed, Bath & Beyond дампуурлаа зарлаад удаагүй байгаа. Тэгвэл тус компанийн оюуны өмч, дижитал хөрөнгийг зарах дуудлага худалдаа болж, өрсөлдөгчдийн нэг Overstock 21.5 сая доллараар өөрийн болгосон юм. 20 жилийн түүхтэй ч даруухан намтартай Overstock тэр даруй онлайн худалдааны сайтын нэрээ өөрчилж, Bed, Bath & Beyond-ийг ашиглах болсноо зарласан нь тус компанийн хувьцааны үнэлгээг 20%-аар өсгөж, 1.3 тэрбум долларын үнэлгээтэй болгожээ.

25: Германы Берлин хотноо Тусгай Олимпын наадам зохион байгуулагдлаа. Дэлхийн 170 гаруй орны 7000 гаруй тамирчин 24 спортын төрөлд өрсөлдсөн уг наадамд манай улсаас нийт 44 тамирчин оролцсон юм. Манай тамирчид бадминтоны төрлөөс 3 алтан медаль, нийт 25 медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Virgin Galactic-ийн анхны арилжааны нислэг амжилттай боллоо.

- Цуут энтрепренер Ричард Брэнсоны 2007 онд үүсгэн байгуулсан Virgin Galactic анхны зорчигчтой нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Тэд дэлхийн агаар мандлын захад буюу далайн түвшнээс дээш 85 км-ийн өндөрт хүрч, нийт 72 цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.

- Galactic 01 нислэгийн анхны зорчигчид нь Италийн гурван иргэн байв. Италийн агаарын хүчин болон Үндэсний судалгааны хүрээлэн уг нислэгийг 2019 онд захиалсан бөгөөд бүх зорчигчид өөр өөрсдийн чиглэлээр бичил судалгааны ажил гүйцэтгэжээ.

- Сансрын аялал жуулчлалын чиглэлээр тэргүүлж буй тус компанийн нэг нислэгийн тийз 450,000 доллараас эхэлж буй. Одоогоор 800 гаруй хүн тасалбараа хэдийнээ захиалаад байгаа гэнэ. Virgin Galactic дараагийн нислэгэээ наймдугаар сарын сүүлээр үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2026 оноос эхлэн өдөр бүр зорчигч тээвэрлэх амбицтай байгаа юм.


II. MIT дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг тэргүүллээ.

- Цар хүрээ, чанар, чансаагаараа олон улсад толгой цохих QS-ийн "Дэлхийн шилдэг их сургуулийн чансаа" шинэчлэгдлээ. 2024 оны жагсаалтыг MIT тэргүүлжээ. Тэд 12 дахь жилдээ дараалан энэ чансааны манлайд бичигдэж байгаа нь энэ юм.

- Топ 10-т Азиас зөвхөн National University of Singapore бичигдсэн байна. Тэд чансааны 8-рт эрэмблэгджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эхний аравт шинээр тэднээс гадна University of California, Berkley орж иржээ. MIT-ийн араас Их Британийн топ сургуулиуд болох University of Cambridge, University of Oxford бичигдсэн байв.

- Жагсаалтад нэрлэгдсэн топ 1500 сургуулийн жагсаалтад шинээр 85 сургууль орж ирсний талаас их нь Азиас байв. Эдгээрээс Бангладеш (11 сургууль), Индонези (10), Казахстан (4)-ийн амжилт анхаарал татав. Тэрчлэн Люксембург, Нигери, Этиопоос анх удаа топ жагсаалтад багтжээ. Энэ жилийн хувьд шинээр "тогтвортой хөгжил" гэсэн үзүүлэлт шинээр нэмэгдсэн бөгөөд University of California, University of Pennsylvania, University of Toronto эхний байруудад бичигджээ.

III. Reddit-ийн комьюнити тэмцэл үргэлжилсээр.

- Интернетийн хамгийн том комьюнити платформ Reddit сүүлийн өдрүүдэд асуудал ихтэй байлаа. Тэд гуравдагч этгээдүүд буюу бусад апп хөгжүүлэгчдэд олгодог API-аа төлбөртэй болгож байгаагаа зарласан нь энэ бүхний эхлэл байв.

- Удахгүй IPO хийхээр зэхэж байгаа Reddit-ийн хувьд жил бүр 10 сая долларын өртөг дагуулдаг API-ийн асуудлаа шийдэх үүднээс төлбөртэй үйлчилгээ нээж байгаагаа зарласан нь санамсаргүй хэрэг биш. Гэхдээ энэ нь Apollo, RIF, ReddPlanet зэрэг сая сая хэрэглэгчтэй апп-уудын хувьд "хэт өндөр" үнэтэй байсан нь тэднийг үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн юм.

- Үүнийг эсэргүүцэн Reddit-ийн 7000 гаруй топ хуудас эсэргүүцлээ илэрхийлж, модераторууд нь группээ хаалттай болгох, түр хугацаанд идэвхгүй горимд шилжүүлэх зэргээр тэмцсэн. Гэсэн ч Reddit-ийн зүгээс энэхүү тэмцлийг хүлээн зөвшөөрөхгүй, буулт хийхгүй гэдгээ эхний өдрөөсөө хойш мэдэгдсээр шийдвэрээ хэрэгжүүлж эхэллээ. Бүр зарим модераторуудын эрхийг хязгаарлах арга хэмжээ хүртэл авч амжив. 861 сая идэвхтэй хэрэглэгчтэй Reddit-д энэхүү шийдвэр хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

4 мэдүүштэй зүйл

Патент гэрээ: Nokia компани өөрсдийн эзэмшиж буй 5G технологитой холбоотой патентыг Apple-тай хуваалцах гэрээг байгуулжээ. Тэд зөвхөн энэ чиглэлээр 5500 гаруй төрлийн патент эзэмшдэг гэнэ. Өмнө нь хоёр компани гар утасны технологи хөгжүүлэлттэй холбоотой 2 ч удаа маргаж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байсан билээ.

Хаалттай улс: Google Канад улсад дотоодын медиа компаниудын бэлтгэсэн мэдээ, контентын линкийг хайлтаас хасах, хязгаарлах шийдвэр гаргалаа. Тус улсын хууль тогтоогчид "Online News Act" нэртэй хуулийг баталж, сошиал медиа компаниуд мэдээний линк ашигласны төлөө татвар төлөх ёстой болсон нь үүний гол шалтгаан. Үүнийг Meta, Google компаниуд эрс эсэргүүцэж хариу үйлдэл үзүүлж байгаа нь энэ юм.

Хувийн туслах: Хувь хэрэглэгч бүрийн онцлогт таарсан AI туслах хөгжүүлэх зорилготой Inflection 1.5 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Хөрөнгө оруулагчид дотор Microsoft, NVidia, Б.Гэйтс, Э.Шмидт зэрэг томчууд багтжээ. Сонирхуулахад тус компанийг Google-ийн эзэмшдэг DeepMind-ийг үүсгэн байгуулагч М.Сулейман эхлүүлсэн юм.

Жигтэй тэмцээн: Австралийн энтрепрер А.Д'Соуза допинг зөвшөөрдөг тэмцээн зохион байгуулахыг хүсэж байна. 2024 онд хөнгөн атлетик, усанд сэлэлт, гимнастик, тулааны спорт, хүндийг өргөлт зэрэг спортын төрлөөр анхны тэмцээнээ зохиох гэнэ. Тэд допингийн ангилалд багтдаг амжилт нэмэгдүүлдэг бэлдмэлийг 100 хувь хүлээн зөвшөөрөх нь хүн төрөлхтний хязгаарыг тэлж, шинжлэх ухааны ололтыг спортын талбарт харуулах зорилготой хэмээн зөвтгөжээ.

5 сонин хачин

1. Домогт Индиана Жонсийн шинэ анги "Dial of Destiny" дэлхий даяар 130 сая долларыг цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Гэхдээ цувралын тавдугаар ангийг бүтээхэд нийт 295 сая доллар зарцуулсантай харьцуулахад энэ бол даруухан амжилт. Энэ зардал нь тэднийг бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй киноны нэг болоход хангалттай байв. 2008 онд хамгийн сүүлд гарсан өмнөх анги болох "Kingdom of The Crystal Skull" нь нээлтийн долоо хоногтоо зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 100 сая долларын орлого олж байжээ.

2. Spotify видеотой болохыг хүсэж байна. Тэд уран бүтээлчдийг өөрсдийн клип, видеог өндөр чанартайгаар бүтнээр нь апп дээрээ байршуулах сонголтыг бий болгохоор хэлцэл хийж эхэлсэн гэнэ. Энэ нь тэднийг Youtube, TikTok-той шууд өрсөлдөхөд хүргэх билээ.

3. TikTok онлайн худалдааны үйлчилгээгээ нээхэд бэлэн болжээ. Тэд апп-ын нэмэлт цэс болон нэвтрэх E-Commerce функцээрээ дамжуулан АНУ дахь шинэ хэрэглэгчдийн тоогоо нэмэхийг зорьж байна. Шинэ нэмэлтийн тусламжтайгаар брэндүүд болон контент бүтээгчид өөрсдийн хуудсаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ шууд борлуулах боломжтой болох юм. Тэд өнгөрсөн долоо хоногт улс даяар томоохон агуулахуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Amazon, Temu зэрэг гол өрсөлдөгчдийг нь сандаргаж эхэллээ.

4. Дэлхийн хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Glastonbury явагдлаа. 200 мянга гаруй оролцогчтой уг арга хэмжээний гол од нь амьд домог Элтон Жон байв. Өдгөө 76 настай тэрээр энэ тоглолтоо карьерынх нь хамгийн сүүлийнх байна гэдгийг зарлаад байсан юм. Ташрамд дурдахад, Guns N'Roses, Arctic Monkeys, Foo Fighters, Lil Nas X зэрэг мега оддын тоглосон Glastonbury-ийн тайзнаа Монголын The Hu хамтлаг мөн гарч тоглосон билээ.

5. Стриминг төхөөрөмж үйлдвэрлэгч Roku спортын шууд дамжуулалт хийх болсноо зарлалаа. Өөрийн төхөөрөмжийн үндсэн апп дээр үнэ төлбөргүй дамжуулах анхны тэмцээн нь Formula E байх гэнэ. Roku-ийн хувьд зөвхөн зурагтаас гадна хамгаалалтын камер, хаалганы хонх зэрэг ухаалаг гэрийн зах зээлд нэвтрээд байгаа билээ.

10 унших мэдээ

Мэдэх: Францад юу болж байна вэ? /DW/

Турших: Финлянд яагаад хамгийн аз жаргалтай орон гэж? /CNBC/

Тоглох: The Sims хэрхэн ажилладаг вэ? /Youtube/

Унших: Бүх цаг үеийн хамгийн шилдэг тек номнууд /The Verge/

Хэрэглэх: Австралид психеделик эмчилгээг зөвшөөрлөө /Morning Brew/

Гайхах: Мөргөлдөж буй галактикийн долгионыг илрүүлжээ /BBC/

Үзэх: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт /TenGer TV/

Хайх: Е.Пригожин хаана байна? /CNN/

Тайлбарлах: Дээд шүүх яагаад зээл тэглэхийг зөвшөөрөөгүй вэ? /Vox/

Ойлгох: Shein-ийн скандал /NYTimes/