1 гол сэдэв
Юу болов?
Монгол Улсын 35 дахь ерөнхий сайдаар Ням-Осорын Учрал сонгогдлоо. Хаврын чуулган эхэлснээс хойш гацаанд ороод байсан улс төрийн үйл явц маш хурдацтай өрнөж, Г.Занданшатар огцрох өргөдлөө өгч, МАН-ын дарга Н.Учрал халааг нь авснаар үргэлжлэв. Өдгөө 39 настай Н.Учралын хувьд 2016 оноос хойш УИХ-д сонгогдон ажиллаж буй. Сүүлийн гурван кабинетэд цахим хөгжил, хэрэг эрхлэх газар, эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр өнгөрсөн намар МАН-ын даргаар сонгогдсон. Тиймдээ ч түүний хувьд ерөнхий сайдын суудалд сууна гэдэг цаг хугацааны асуудал болоод байсан гэж хэлж болно.
Хэн сайд болов?
Даваа гарагт ерөнхий сайдаар сонгогдсон тэрээр баасан гарагийн үдэш л засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа. Түүнд хэдийнээ талцаж, хуваагдаад буй намаа нэгтгэж, фракцуудын эрх ашгийг хангах хүндхэн сорилт тулгарсан нь тодорхой.
Эвсэгчид: Н.Учралын хувьд ХҮН намаас гадна Үндэсний эвслийг засгийн газартаа урьжээ. Эвслийн дарга Н.Номтойбаяр одоо онцгой байдал, бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдаар ажиллах болжээ. Ингэснээр адилхан дөрвөн суудалтай ИЗНН засгийн газраас гарч байна. ХҮН намын хувьд урьдчилан таамаглаж байсанчлан хоёр суудлаа хадгалж, Т.Доржханд шадар сайдын ажлаа үргэлжлүүлж, Б.Найдалаа Эрчим хүчний сайдаар ажиллана. Өөрөөр хэлбэл, тэд эрчим хүчний реформд бүх бооцоогоо тавихаар шийдсэн нь энэ.
Улирагчид: Өмнөх засгийн газрын бүтэц өөрчлөгдөхгүй гэдэг нь тодорхой байсан тул хэдэн сайд улирах вэ гэдэг асуулт олны анхаарлын төвд байлаа. Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан нар гурав дахь ерөнхий сайдынхаа багт багтан ажиллах болов. Г.Занданшатарын кабинетээс Ж.Энхбаяр, Д.Батлут, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Аубакир нар өмнөх ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Харин Б.Энхбаяр ЗГХЭГ руу, Э.Батшугар Эрүүл мэндийн яам руу шилжин ажиллахаар улирав. Боловсролын сайдаар зарлагдсан ч томилогдож амжаагүй байсан Л.Энх-Амгалан энэ удаад харин жинхэнээсээ тангаргаа өргөлөө.
Нэгдэгсэд: Н.Учралын өмнө засгийн газрыг тогтвортой хадгалж үлдэхийн тулд намын дотоод эв нэгдлийг хангах юу юунаас чухал асуудал болоод буй. Тиймдээ ч тэрээр “30-ын бүлэг”-тэй тохиролцож, таван сайдын суудлыг хуваарилсан байна. Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан С.Амарсайхан, Ч.Номин нар эргэн ирж, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан, Ц.Идэрбат нар сайдын суудалд анх удаа томилогдлоо.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд олон улсын нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хүнд, гашуун шийдвэрүүд гаргахаас айхгүй гэдгээ хэд хэдэн удаа дурдсан. Тэрээр УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ танилцуулж байсан “Чөлөөлье” аянаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
УИХ яасан бэ?
Улсын их хурлын 15 дахь даргаар Сандагийн Бямбацогт сонгогдлоо. 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдон ажиллаж буй тэрээр санал хураалтад оролцсон 114 гишүүнээс 76%-ийн дэмжлэг авчээ. Өдгөө 52 настай тэрээр өмнө нь дөрвөн ч засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, хууль зүй, зам тээвэр, батлан хамгаалахын салбарыг тэргүүлж байсан туршлагатай. Хамгийн сүүлд, Г.Занданшатарын засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
Гэхдээ түүний томилгоо тийм ч амар байгаагүй. Өмнөх дарга Н.Учрал ерөнхий сайдаар сонгогдсоноор хоосорсон суудлын төлөөх тэмцэл 126 гишүүнтэй парламентыг чамгүй сорилд оруулав. Экс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй эрх баригч намын “цөөнхийн бүлэг” уг албан тушаалыг ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гишгүүр болгон ашиглахын эсрэг байна гэдгээ мэдэгдэж, С.Бямбацогтыг дэмжихгүй хэмээн хэсэг гүлдийсэн нь томилгоог чамгүй удаашруулав. Мөн тэд АН-аас санаачилсан “УИХ-ын дарга нь нам бус байх” хуулийн төслийг дэмжсэн нь цаашдын улс төрийн өрнөлд онцгой нөлөө үзүүлэх болно.
2 чухал тоо
30: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ Иранд явуулж буй цэргийн ажиллагааг 2-3 долоо хоногийн дотор дуусгана хэмээн амалжээ. Түүний хувьд дайныг дуусгахын тулд Ирантай заавал тохиролцох шаардлагагүй, харин цөмийн зэвсгийн үйлдвэрлэл явуулах чадамжгүй нөхцөлд оруулахад хангалттай хэмээн үзэж байгаа юм.
10.000.000.000: Microsoft Японы хиймэл оюуны экосистемийг дэмжих зорилгоор 1.6 их наяд иен буюу 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийх болжээ. Тэд Softbank болон Sakura Internet компаниудтай хамтран Японы клоуд технологийн дэд бүтэц, дата төвийн байгууламжуудыг шинэ түвшинд гаргах амбицтай байгаа юм.
3 онцлох өгүүлбэр
I. Сарыг эзлэх Артемис төлөвлөгөө эхэллээ
- Хүн төрөлхтөн хамгийн сүүлд хагас зуун жилийн өмнө л саран дээр газардсан. Үүнээс хойш завсардаад байсан сарны хөтөлбөрөө NASA 2019 онд эргэн сэргээхээ зарлаж, улмаар Artemis төслийг эхлүүлээд байгаа билээ. Энэ төслийн хамгийн чухал даалгавруудын нэг болох жолоодлоготой хөлгийг сарны тойрог замд оруулах Artemis II хөлөг амжилттай эх дэлхийгээс хөөрлөө.
- Анхны төлөвлөгөө ёсоор Artemis II гуравдугаар сард дэлхийг орхих байлаа. Гэвч техникийн болон цаг агаарын шалтгааны улмаас хойшилсоор Лхагва гарагт Флоридагийн эргээс ниссэн нь энэ юм. Нийт 10 хоног үргэлжилж, 1.6 сая км замыг туулах “Orion” нэртэй хөлгийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч багтсан. Эдэн дундаас В.Гловер сарыг судлах хөтөлбөрт оролцож буй анхны африк гаралтай эрхэм болж буй бол К.Кох нь анхны эмэгтэй сансрын нисгэгч болж байгаа гэдгээрээ онцлогтой. Тэд 1972 оны Apollo 17-оос хойш сар луу хамгийн ойртсон хүмүүс болох юм. Мөн дэлхийгээс 406 мянган км-ын хол зайд очих нь хүн төрөлхтний хувьд хамгийн хол сансрын аялал болж, 1970 оны “Apollo 13” хөлгийн дээд амжилтыг шинэчлэх ажээ.
- Нийт 4 үе шатаас бүрдэх Artemis хөтөлбөрийн зорилго бол 2028 онд саран дээр газардаж, цаашлаад байнгын баазыг байгуулах юм. NASA-ийн хувьд уг төсөлд нийт 93 тэрбум долларыг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
II. SpaceX дэлхийн хамгийн том IPO-г зарлалаа
- Цуут энтрепренер Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX нээлттэй компани болох хүсэлтээ гаргалаа. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд доллараар хэмжигдэж байгаа бөгөөд 75 тэрбум долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Энэ бол хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн томд тооцогдох аварга тоо. Үүнээс өмнөх дээд рекордыг Саудын Арабын газрын тосны компани Aramco тогтоож байсан удаатай. Тэд 2019 онд 29 тэрбум доллар босгож байлаа. Тэрчлэн 2014 онд Alibaba 22 тэрбумыг, 2008 онд Visa 18 тэрбумыг тус тус босгож байжээ. Зөвхөн 2025 онд АНУ-ын зах зээлд 202 компани IPO хийсэн бөгөөд нийтдээ 44 тэрбум долларын санхүүжилт татаж байлаа.
- SpaceX-ийн IPO амжилттай болбол тэд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд топ 10-т бичигдэж эхлэх болно. Тэд IPO-ийн танилцуулгадаа саран дээр байнгын бааз байгуулах, сансарт дата төв байгуулах, Starship хөлгийг агаарт хөөргөх, пуужин хөөргөлтийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө босгож байгаа хэмээн тодотгожээ. И.Маскийн хувьд SpaceX-ийн IPO-г 6-р сард багтаан хийхээр хичээж байна. Энэ нь OpenAI, Antrophic зэрэг хиймэл оюуны компаниудаас өмнө зах зээлд гарах гэсэн оролдлого юм. Тэрээр оны эхээр өөрийн эзэмшдэг сошиал медиа платформ X болон Grok нэртэй AI моделийг хөгжүүлэгч xAI компаниа SpaceX-тэй нэгтгээд байгаа билээ. Үүнээс гадна SpaceX-ийн бүрэлдэхүүнд 10 мянга гаруй хиймэл дагуулын сүлжээг үүсгээд буй Starlink багтдаг билээ.
- Ташрамд дурдахад, И.Маск энэ онд багтаан дэлхийн хамгийн анхны их наядын хөрөнгөтэй эрхэм болох төлөвтэй байна. Түүний одоогийн хөрөнгө 840 тэрбум доллараар хэмжигдэж буй. Тэрээр мөн их наядын үнэлгээтэй хоёр компанийг удирдах анхны эрхэм болох боломжтой. И.Маскийн удирддаг цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla-ийн зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд болоод байгаа юм.
III. Unilever хоолны бизнесээ тусад нь салгалаа
- 96 жилийн түүхтэй Unilever сүүлийн жилүүдэд стратегийн шинэчлэл хийж, гэр ахуй, гоо сайхны бизнестээ илүү төвлөрөх шийдвэрүүдийг гаргаж байгаа. Энэ хүрээнд тэд өнгөрсөн жил зайрмагны бизнесээ салгаж, Magnum Ice Cream нэртэй тусдаа компани болгосон. Мөн 2021 онд дэлхийд алдартай Lipton цайны бизнесээ 4.5 тэрбум доллараар зараад байсан билээ.
- Тэгвэл энэ удаад тэд 45 тэрбум долларын үнэлгээтэй хоол, хүнсний бизнесээ АНУ-д төвтэй McCormick-тэй нэгтгэж байгаагаа зарлалаа. Шинэ хэлцлийн хүрээнд McCormick 15 тэрбум долларыг Unilever-т төлж, компанийн 35%-ийг эзэмшихээс гадна менежментийн үйл ажиллагааг бүрэн хариуцах болжээ.
- Unilever-ийн хүнсний бизнесийн борлуулалтын 70% нь Hellmann, Marmite брэндийн майонезээс орж ирдэг. Харин Mccormick-ийн хувьд төрөл бүрийн хоолны амтлагч, соусны 100 гаруй брэндийг эзэмшдэг юм. Шинэ компанийн хувьд яг энэ чиглэлээр дэлхийн тэргүүлэгч болох бөгөөд жилийн 20 тэрбум долларын борлуулалттай нэгдлийг үүсгэх ажээ.
4 мэдүүштэй зүйл
Аварга тооллого: Энэтхэгт хүн амын тооллого эхэллээ. Дэлхийн хамгийн их хүн амтай улсын тооллого 1 жилийн турш үргэлжилнэ. Уг ажиллагаанд нийт 3 сая орчим төрийн албан хаагчид оролцох ажээ. 2021 онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан уг төсөл цар тахлын улмаас хойшилсоор энэ жил л эхэлж байгаа юм. Энэ удаад тус улсын нийгэм, улс төрийн амьдралд хамгийн чухал нөлөөтэй кастын мэдээллийг цуглуулах болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Мянга гаруй жилийн түүхтэй Энэтхэгийн кастын систем нь нийгмийн халамж, ажлын байрны квотыг хуваарилах чухал хүчин зүйл болдог онцлогтой. Ташрамд дурдахад, тус улсын хүн ам 2023 онд 1.4 тэрбумд хүрч, БНХАУ-ыг гүйцээд байгаа билээ.
Цэвэр олимп: WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Италийн Милан-Кортинад явагдсан өвлийн олимпын наадам 21-р зууны хамгийн “цэвэр олимп” болсныг зарлалаа. Наадмын үеэр болон наадмын өмнө нийт 2000 гаруй тамирчдаас авсан сорьцоос нэг ч допинг илрээгүй нь 1998 оны Наганогийн олимпоос хойшхи анхны тохиолдол болжээ. Допингийн шинжилгээг нийт тамирчдын 92%-аас авсан нь хамгийн өргөн хүрээтэй ажиллагаа болсныг WADA-аас онцолжээ. Ташрамд сонирхуулахад, WADA тамирчдын сорьцыг 10 жилийн хугацаанд хадгалдаг. Энэ хооронд шинэ технологи, аргачлал гарвал сорьцыг дахин шинжилж, допингийг илрүүлэхийг зөвшөөрдөг журамтай юм.
Үлэмж төсөв: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 2027 оны төсвийн төслөө өргөн барилаа. Тэрээр батлан хамгаалахын төсвөө 43%-аар нэмэгдүүлж, 1.5 их наяд долларт хүргэхээр зорьж байгаа нь олон нийтийн анхаарлыг татав. Харин эсрэгээрээ орон сууцжуулалт, боловсрол, жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн зардлыг 10%-аар бууруулжээ. Уг төслийг Конгресс хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
Дэд ерөнхийлөгч: Камеруны ерөнхийлөгч Пол Бияа 43 жилийн турш тус улсыг удирдаж байгаа. Дэлхийн хамгийн ахмад ерөнхийлөгч гэх тодотголтой тэрээр өнгөрсөн 10-р сард 8 дахь сонгуульдаа дараалан ялсан нь нийгмийн бухимдлыг ихэд төрүүлсэн үйл явдал болсон билээ. Тэгвэл тэрээр үндсэн хуульд өөрчлөлт хийж, анх удаа дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг үүсгэсэн байна. Шинэ хуулиар ерөнхийлөгчийн эрүүл мэндэд ямар нэгэн зүйл тохиолдвол дэд ерөнхийлөгч түүний үүргийг орлон гүйцэтгэх боломжтой болжээ.
5 сонин хачин
1. Үе үеийн хүүхэд залуусын хамгийн хайртай дүрүүдийн нэг Супер Мариогийн шинэ кино нээлтээ хийлээ. Тус кино 2026 оны хамгийн амжилттай нээлтийг хийж, дэлхий даяар 80 улсад зэрэг нээгдэж, улмаар 370 сая долларын орлого олжээ. “The Super Mario Galaxy Movie” энэ амжилтаараа өмнөх ангийнхаа тогтоогоод байсан Улаан өндөгний баярын долоо хоногийн дээд амжилтыг шинэчиллээ. Мөн энэ бол анимэйшн кинонуудаас зөвхөн "Zootopia 2", "Moana 2"-ийн ард л орох үзүүлэлт. Видео тоглоомоос сэдэвлэсэн бүтээлүүдээс тэдний өмнө "A Minecraft Movie" л бичигдэж байна. 2023 онд гарсан эхний анги нь бокс оффисоос нийт 1.3 тэрбум долларыг олсон юм. К.Пратт, А.Жой нарын дуу оруулсан шинэ анги уг амжилтыг давах төлөвтэй байна.
2. Европын хамгийн том хөгжмийн тэмцээн Eurovision анх удаа Азид зохиогдох болжээ. Тэмцээнийг зохион байгуулагч EBU-ийн хувьд эхний ээлжинд 10 орныг урилгаар оролцуулах бөгөөд финалын шалгаруулалт 11-р сард Тайландын Бангкок хотноо явагдана гэв . Азийн хувилбарт Бангладеш, Бутан, Камбож, Лаос, Малайз, Непал, Филиппин, БНСУ, Тайланд, Вьетнамын дуучид оролцоно. С.Дион, ABBA, Д.Билан зэрэг супер оддыг төрүүлсэн гэгддэг Eurovision-ийг өнгөрсөн жил л гэхэд 163 сая үзэгч үзэж сонирхжээ.

3. Энэ зун АНУ, Канад, Мексик дамнан явагдах хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 48 багийн нэр тодорхой боллоо. Сүүлийн эрхийн төлөөх тоглолтуудаас дэлхийн 4 удаагийн аварга Италийн баг Боснид торгуулийн цохилтоор хожигдсон нь хамгийн онцлох байв. Ингэснээр тэд гурван дэлхийн аварга дараалан өнжсөн анхны дэлхийн аварга баг болж байна. Үүний дараагаар шигшээ багийн дасгалжуулагч Г.Гаттузо болон хөлбөмбөгийн холбооны удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ.
4. Хиймэл дагуулын эрин үеийн тэргүүлэгч OpenAI-ийн үнэлгээ одоо 852 тэрбум долларт хүрчээ. Тэд Amazon, Nvidia, Softbank, Andreessen Horowitz тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 122 тэрбум доллар босгосон нь түүхэнд хамгийн өндөрт бичигдэх үзүүлэлт юм. 2022 онд гаргасан ChatGPT нь өдгөө 900 сая хэрэглэгчтэй болоод буй. Хэдий тэдний жилийн орлого 13 тэрбум доллар болсон ч одоог хүртэл асар их мөнгийг шатаасан хэвээр байгаа. Компанийн CEO С.Алтманы өмнө тасралтгүй нэмэгдсээр буй эрэлтийг хангах дэд бүтэц, ложистикийн сүлжээг үүсгэхээс гадна компаниуд болон хэрэглэгчдээс олох орлогоо нэмэгдүүлэх хүндхэн сорилт тулгараад байна.
5. Дэлхий даяар 800 мянган байгууллагын 79 сая хэрэглэгчтэй ажлын харилцааны платформ Slack AI-д суурилсан шинэ нэмэлтүүдээ танилцууллаа. Ирэх саруудад нэвтрэх шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид AI бот ашиглан имэйл бичин илгээх, уулзалт товлох, нээлттэй байгаа датан дээрээс бичиг баримт бэлдэх зэрэг 30 үйлдлийг хийх чадвартай болно гэнэ. Slack-ийн хувьд 2021 онд Salesforce-д 21 тэрбумаар зарагдсан билээ.


