1 гол сэдэв

Юу болов?

NASA анх удаа астеройдын дээжийг эх дэлхийдээ хүлээн авлаа. 2016 онд хөөрсөн OSIRIS-REx хөлөг 7 жилийн дараа 250 грамм орчим хөрсний дээжийг Бенну хэмээх астеройдоос тээвэрлэн буусан нь энэ юм. Өөрөөр хэлбэл бид 2 тэрбум км-ийн зайг туулсан илгээмжтэй болсон гэсэн үг.

Ямар ач холбогдолтой вэ?

Эрдэмтэд эндээс нарны аймгийн эхэн үеийн тухай судлах боломжтой гэж үзэж байгаа. Бүр цаашлаад, органик биетийн ул мөрийг илрүүлж, амьдралын эх үүсвэрийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой. Бенну астеройд нь дэлхийгээс 500 сая жилээс өмнө үүссэн хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Одоо яах вэ?

NASA-ийн хувьд энэхүү дээжээ нээлттэй судалгаанд ашиглана гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнээс өмнө Японы сансрын агентлагийн Hayabusa хөлөг 2 удаагийн хөөрөлтөөр Рюүгү хэмээх астеройдоос 5 грамм орчим хөрс авчраад байсан юм. Эдгээр нь одон орон судлалд үлэмж нөлөө үзүүлэх боломжтой хэмээн тэд үзэж байна.

2 чухал тоо

60.000.000.000 - Disney ирэх 10 жилийн хугацаанд паркаа өргөтгөх, шинэчлэн сайжруулахад 60 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдлээ. Тэд жилд 100 сая зочин хүлээн авдаг Disney Park-ийн хүчин чадлыг 7 дахин өргөтгөх амбицтай байгаа юм.

92 - Дэлхийн медиагийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг Руперт Мюрдок өөрийн эзэмшдэг Fox, News Corp-ийн албан тушаалаасаа бууж байгаагаа зарлалаа. Өдгөө 92 настай тэрээр 70 гаруй жилийн карьерынхаа хугацаанд телевиз, хэвлэлийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, орчин үеийн медиаг тодорхойлсон хэмээн үнэлэгддэг. Тэрээр удирдах албаа өөрийн том хүү Лакландаа хүлээлгэн өгөх гэнэ.


3 онцлох өгүүлбэр

I. Microsoft Surface эвент явагдлаа.

- Microsoft-ийн биет төхөөрөмжийн арга хэмжээний гол дүр нь "Surface Laptop Studio 2" байв. "Хамгийн хүчирхэг" хэмээх тодотголтой уг загвар нь 2000 долларын үнэтэй байх бөгөөд 13-р үеийн Intel Gen i7-оор тоноглогджээ. Харин Surface Laptop Go 3-ийн хувьд өмнөхөөсөө 88%-аар хурдан болж, 15 цагийн батарейн чадалтай болов.

- Энэ долоо хоногт томоохон шинэчлэлттэй байгаа Windows 11-ийн хувьд AI туслах буюу Windows Copilot-ийг бүрэн ашиглах боломжтой болсон нь онцлох мэдээ байлаа. Мөн дууны тохиргоо, гэрлийн тохиргоог удирдах шинэ самбаруудыг нэвтрүүлж байна. Microsoft 365 харин 11-р сараас эхлэн Copilot-ийг үйлчилгээндээ нэвтрүүлнэ гэнэ.

- Surface-ийн өөр нэг төхөөрөмж ухаалаг дэлгэц Surface Hub мөн шинэ загвараа танилцууллаа. 3-р үеийн Hub-ийн хувьд 50, 85 инчийн дэлгэцийн сонголттой гарах бөгөөд график үзүүлэлт нь 160%-аар хүчирхэгжжээ.


II. Amazon-ийн эвент мөн явагдлаа.

- Жил бүрийн 9-р сард Amazon биет төхөөрөмжийн зах зээлд хийж буй шинэчлэлүүдээ танилцуулдаг. Гэхдээ энэ жилийн хамгийн анхаарал татсан зарлал нь Alexa-ийн AI шинэчлэл байлаа. Хамгийн түгээмэл ашиглагддаг ухаалаг туслахуудын нэг Alexa одоо олон үйлдэл зэрэг гүйцэтгэж, харилцан яриаг үргэлжлүүлэн өрнүүлэх чадвартай болжээ.

- Amazon-ийн хувьд ухаалаг гэрийн төхөөрөмжийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Тиймдээ ч Echo, Ring, Eero, Blink зэрэг брэндүүдийнхээ шинэ ухаалаг дэлгэц, камер, хонх зэргийг зарласан. Гэхдээ эдгээр олон төхөөрөмжөө нэг дороос удирдах боломж олгох Echo Hub нь хэрэглэгчдийн удтал хүлээсэн бүтээгдэхүүн байв.

- Fire-ийн хувьд илүү хурдтай, ухаалаг стриминг төхөөрөмжөө танилцуулав. Ердөө 50 долларын үнэтэй уг төхөөрөмж нь 4К стрим хийх боломжтой болжээ. Мөн Amazon Fire TV 120 долларын үнэтэй шинэ дууны төхөөрөмжийг худалдаанд гаргав.


III. Азийн наадам эхэллээ.

- БНХАУ-ын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам эхэллээ. Цар хүрээгээрээ зөвхөн Олимпын дараа бичигдэх уг наадамд 45 улсын 12 мянга гаруй тамирчид өрсөлдөж байна.

- Монгол улс энэ наадамд түүхэн дэх хамгийн том багаа илгээсэн. Нийт 403 тамирчин 34 төрөлд өрсөлдөх учиртай. Тэмцээний эхний өдөр манай баг жүдо, буудлагын төрлүүдээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 9-рт жагсав.

- Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон тул энэ наадмын үеэр бокс, бадминтон зэрэг 9 төрөл олимпын эрх олгох юм. Сонирхуулахад, энэ тэмцээнд цахим спорт, бүжиг, спорт авиралтын төрөл анх удаа багтжээ.

4 мэдүүштэй зүйл

Хакерын хардлага: Хятад улс АНУ-ыг 2009 оноос эхлэн Huawei-ийн сервер систем рүү халдаж, цахим дайралтууд тогтмол хийж байсан хэмээн буруутгалаа. Үүнийг тэд дотоодын технологийн компаниудтай хамтран хийсэн урт хугацааны эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд илрүүлсэн хэмээн мэдээлэв.

Анхны туршилт: И.Маскийн үүсгэн байгуулсан Neuralink анхны туршилтанд орох хүмүүсийг сонгон шалгаруулж эхэллээ. Тэд тархи нугасны гэмтэлтэй эсвэл ALS оноштой хүмүүсийн тархинд бичил чип суулгах төлөвлөгөөтэй байгаа юм.

Супер компьютер: М.Цукербергийн эхнэртэйгээ эхлүүлсэн Chan Zuckerberg Initiative анагаах ухааны судалгаа шинжилгээнд зориулсан супер компьютер бүтээж эхэлснээ зарлалаа. 1000 гаруй GPU бүхий энэ төхөөрөмж нь тусгайлсан AI хөгжүүлэх суурь болж, улмаар ховор өвчний оношилгоог нарийвчлах, шинэ төрлийн эм бүтээх зэрэг ажилд төвлөрөх гэнэ.

AI зарга: Жорж Мартин, Жон Гришам тэргүүтэй 17 алдартай зохиолчид OpenAI-ийг шүүхэд өглөө. Тэд өөрсдийнх нь зохиолыг ашиглаж AI сургасан, түүндээ зөвшөөрөл аваагүй хэмээн тус компанийг буруутгаж байгаа юм.

5 сонин хачин

1. С.Сталлоне, Ж.Статхам зэрэг "ахмад" оддын цугларалт "Expend4bles" бокс оффист таамагласнаас доогуур амжилт үзүүлж, Хойд Америкийн зах зээлээс 3.2 сая доллар цуглуулсан байна. Харьцуулахад, 9 жилийн өмнө гарсан гуравдугаар анги нь эхний долоо хоногтоо 15 сая долларын орлого олж байжээ.

2. Toyota-ийн судалгааны институт AI ашиглан роботод өглөөний цай хийхийг сургаснаа зарлалаа. Тэд "роботын цэцэрлэг" хэмээн нэрлэсэн шинэ аргачлалаар роботыг богино хугацаанд хөдлөх, хүрэлцэх мэдрэмжийг сургаж, хоол хийх дарааллыг хөгжүүлсэн нь онцлог болжээ.

3. Meta залуу хэрэглэгчид рүү чиглэсэн AI чатбот хөгжүүлж байна. "Gen AI Persona" гэсэн дотоод нэртэй төслийн хүрээнд тэд сахилгагүй гэсэн тодотголтой зан характерийг хөгжүүлж, залуу хэрэглэгчдийн дотны найз хэмээх сэтгэгдэл төрүүлэх зорилготой байгаа гэнэ.

4. TikTok хайлтын самбартаа Google-ийн илэрцийг харуулах туршилт хийж байна. Гэхдээ тэд Google-тэй албан ёсны түншлэл үүсгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Үүний өмнө TikTok хайлтандаа Wikipedia-г нэвтрүүлээд байсан билээ.

5. Холливүүдэд 140 өдрийн турш үргэлжилсэн ажил хаялт зогслоо. 160 мянган гишүүнтэй Зохиолчдын нэгдсэн эвлэлээс томоохон медиа компаниудтай тохиролцоонд хүрч, цалин, ажлын нөхцөл зэргийг сайжруулахаар болсон байна. Үүний улмаас Disney, Netflix, Warner Bros.Discovery зэрэг томоохон студийн төслүүд зогсож, хэдэн тэрбумаар хэмжигдэх хохирол амсаад байсан билээ.

10 унших мэдээ

Сонжих: TikTok-ийн Америк аврагч /WSJ/

Сониучлах: Microsoft-ийн алдагдсан захидлаас онцлох нь /The Verge/

Сонирхох: Intel-ийн арга хэмжээгээр зарласан бүх зүйлс /The Verge/

Мэдэх: Instacart-ийн IPO-ийн ялагчид /Forbes/

Гайхах: Канад Энэтхэг юунаас болж муудав? /Morning Brew/

Анхаарах: Climate Week NYC-ийн эргэн тойронд /NYTimes/

Тайлбарлах: Карабахын хямрал юу болов?/Vox/

Ойлгох: Саудын Араб спортыг ашигласаар байна /CNBC/